Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/30

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Э.Идэрбат

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Энхболд

Шүүгдэгч Ч.С

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Мон Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.С, Б овогт Ц.Ц нарт холбогдох 192......2 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Нэг: Мон Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .....” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.. овогт Ч.С. /РД: ЖЕ..../,

Хоёр: Мон Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн .....” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б. овогт Ц.Ц. /РД: ЖЕ.../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.Ц нь Ч.С-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Д-ын өмчлөлийн малнаас 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ц.Ц нь Ч.С-тай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Д-ын өмчлөлийн малнаас 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Мон Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 192----2 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

            Гэрч Н.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүртгэлийн дэвтрээ харахад 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр улаан үхэр, хүрэн эрээн үхрийг С, Ц гэх 2 хүн ирж өгсөн байсан. Энэ 2 үхэр нь баруун чих хойноосоо до, зүүн чих давхар имтэй гэж бүртгэлийн дэвтэрт бичүүлсэн ба би тухайн үед их хүйтэн байсан болохоор имийг нь сайн тулгаж аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

           

            Хохирогч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэр баруун чих хойноос до, зүүн чих нь урдаас ухам имтэй байдаг бөгөөд С, Ц нар нь манай хоёр тооны үхрийг хулгайлж аваад зарахдаа зүүн чих имтэй байсныг өөрчилж давхар имтэй болгосон байсан. Үүнийг би Г-ийн утсан дээр байсан зурган дээрээс нь харсан зургийг харахад чихний имийг өөрчилж хайчилсан шинээр имнэсэн нь харагдаж байсан. ...алдсан үхрийнхээ хохирлыг С, Ц нараас гаргуулж авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би гэрээсээ өөрийн эзэмшлийн мотоциклийг унаад ******* сумын 2 дугаар баг ******* гэх газарт байх Ц-ын гэрт очсон ...тухайн өдрийн 20 цаг өнгөрч байхад ******* гэх газарт 4 тооны үхэр байхаар нь улаан, улаан эрээн зүсмийн 2 тооны үхрийг нь тууж буцаж хойшоо явж Т- гэх хүний эзэнгүй хашаанд хашаад шууд Ц-ын гэр рүү очиж машиныг нь асааж ирээд дээрх 2 үхрийг нядалсан ...Г- гэх хүнд 2 үхрээ зарсан ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт гэртээ байж байхад 20 цагийн орчимд С манай гэрт ...ирсэн ...С-ын хамтаар түүний гэр рүү явж байхад замд ******* гэх газарт 4 тооны үхэр тааралдсан ба С бид хоёр мөнгөтэй болъё гэж  ярилцаад дээрх 4 тооны үхрээс улаан болон улаан эрээн зүсмийн 2 тооны үхрийг нь тууж буцаж хойшоо яваад Т- гэх хүний эзэнгүй хашаанд хашиж орхисон. ...би гэрээсээ 2 ширхэг хар бариултай хутга, 1 ширхэг сүх авчирч ...дээрх 2 тооны үхрийг нядалсан ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

 

            Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 12, 15-18 дугаар хуудас/,

            Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 24 дүгээр хуудас/,

           

Шүүгдэгч Ц.Ц-ын хувийн байдлыг тогтоосон: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын маягт /хх-ийн 55, 58, 59, 60-61 дүгээр хуудас/,

 Шүүгдэгч Ч.С-ын хувийн байдлыг тогтоосон: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын маягт /хх-ийн 56, 65, 67, 68-72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 192-дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц, Ч.С нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 12-ны орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт бэлчиж байсан иргэн Д.Д-ын өмчлөлийн малнаас 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1400000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан гэрч Н.Г- /хх-ийн 27-30 дугаар хуудас/, хохирогч Б.Н-/хх-ийн 21-22 худаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн, шүүгдэгч Ч.С, Ц.Ц-ын нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10, 12, 15-18 дугаар хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 11, 24 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.С, Ц.Ц- нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс өөрийн өмчлөлийн малаа хараа хяналтгүй, хариулгагүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, амар хялбар аргаар мөнгөжих, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч нар хохирогч Б.Н-ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нар нь хамтран гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан, гэмт халдлагыг хамтын хүчин чармайлтаар санаатайгаар үйлдсэн нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн хамтран оролцох хэлбэрийн хувьд бүлэглэн гүйцэтгэгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.С Ц.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч нарыг тус бүр 300 цагийн нийтэд ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ч-ын С, Ц-Ц нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, мяндсан олс 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 2 ширхэгийн тогтоол хүчин төгөлдөр болцогт устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, бичгийн баримтаар хураагдсан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу “ ” маркийн улсын дугааргүй, дугаартай, улаан өнгийн мотоцикл 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц борлуулж улсын орлого болгохыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Мон Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогт Ч.С, Б овогт Ц.Ц нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С, Ц.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, мяндсан олс 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 2 ширхэгийн устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл буюу “ ” маркийн улсын дугааргүй, дугаартай, улаан өнгийн мотоцикл 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц борлуулж улсын орлого болгохыг Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.С, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН