Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/25

 

2020        01         14                                               2020/ШЦТ/25

                                   

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт Ч.С-д холбогдох эрүүгийн 1921008350389 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй, Дорнод аймгийн .................... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, .................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ................ овогт Ч.С. /РД: ......................../

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ч.С нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” караоке дотор иргэн Б.М-тай үл ялих зүйлээс шалтаглан маргаж улмаар тус төвийн гадна талбайд түүний нүүрэн тус газар гараараа цохих, унагах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Ч.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байгүй...” гэв.

 

            Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 14 цагийн үед найз *******, *******, *******, ******* нарын хамт Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “*******” караокед орж хүний 4 ширхэг 0.5 литрийн Нийслэл пиво ууцгаасан. Бид нарыг ууж байхад ******* найз Ч.С гэх залуу ирээд бид нартай хамт суусан. Тухайн үед Ч.С бид нарт “Би барилддаг сумын заан цолтой” гээд томроод байсан. Тэгэхээр нь би Ч.С-д “чи тийм сайн барилддаг юм уу, чамайг мэдэхгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж эхэлсэн ба бид хоёр гараад зүүн урагшаа очиж сагсан бөмбөгийн талбайд муудалцсан. Тэнд бид хоёр зодолдож байх шиг байсан. Би тухайн үед архи уусан болохоор болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Ямар ч байсан “*******”-ын үүдэнд Ч.С надтай зодолдоё гээд өрөлт аваад зогсож байсан бөгөөд миний нүүр рүү цохиж аваад унагаад өшиглөж байсан. Тухайн үед нүд харанхуйлаад ухаан балартсан. ...Эмчилгээний мөнгө 4.000.000 төгрөг нэхэмжилнэ. Энэ мөнгө буйландаа шүд суулгах мөнгө юм. ...Зодуулсандаа гомдолтой байна. ...1.000.000 төгрөг Ч.С-гээс авсан...” гэжээ. /хх-ийн 8-12 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн орчим манай нөхөр Б.М намайг ажлаас дуудаад байна гэж хэлээд гараад явсан. Өдөр би нөхөр рүүгээ утсаар ярьсан боловч нөхөр маань ерөөсөө утсаа аваагүй юм. Тэгээд орой 21 цаг 45 минутад нөхөр гаднаас нүүр нь цус нөж болсон орж ирсэн. Тэгээд би нөхрөөсөө юу болсон талаар асуухад надад юм хэлээгүй...” гэжээ. /хх-ийн 16-17 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 21 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг, “*******” караокед өөрийн ажлаа хийгээд байж байхад нийтийн заалны 5 дугаар ширээнд сууж байсан өндөр ах, намхан ах хоёр муудалцаад байсан. Удалгүй тэр хоёр 00 дотор муудалцаад байхаар нь жижүүр эгч хөөж гаргасан. Тэр хоёр эхэлж сагсны талбайд барьцалдаж байгаад дараа нь манай караокены урд талд гэрэлний доор ирээд зодолдсон. Жижиг биетэй ах нь том биетэй ахын нүүр рүү цохиж унагаад газар хэвтэж байх үед нүүр рүү нь 3 орчим удаа өшиглөсөн. Дараа нь бас толгойных нь дагз хэсгээс дахин нэг өшиглөсөн. Тэр үед хүмүүс айгаад тэр зодоон хийж байгаа хүн рүү ойртож чадахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 764 тоот дүгнэлтэд:

1. Б.М-ын биед зүүн гайморын өмнөд ханын хугарал, зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, духны зулгаралт, хуйханд баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун, зүүн хацар, дээд уруулын дээрх зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын язарсан шарх, зүүн дээд төвийн болон захын үүдэн шүд /21, 22/-ний булгарал, баруун дээд төвийн үүдэн шүд /11/-ний эмтрэл, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Зүүн гайморын өмнөд ханын хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 21-22 тал/

- Ч.С-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-15, 28-31 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч .... овогт Ч.С нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” караоке дотор хохирогч Б.М-тай үл ялих зүйлээс шалтаглан маргаж улмаар тус төвийн гадна талбайд түүний нүүрэн тус газар гараараа цохих, унагах, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “зүүн гайморын өмнөд ханын хугарал, зүүн ухархайн дээд, доод ханын хугарал, духны зулгаралт, хуйханд баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, баруун, зүүн хацар, дээд уруулын дээрх зулгаралт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын язарсан шарх, зүүн дээд төвийн болон захын үүдэн шүд /21, 22/-ний булгарал, баруун дээд төвийн үүдэн шүд /11/-ний эмтрэл, баруун сарвууны ар гадаргын зөөлөн эдийн няцрал, зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Б.М, гэрч , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 764 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч Ч.С-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ч.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.

 

Шүүгдэгч Ч.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.С-гийн үйлдлийн улмаас хохирогч Б.М-н биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 1000.000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 4000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд энэ талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд ирүүлээгүй байх тул шүүгдэгч нь хохирогчид 1000.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Ч.С-гийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.С нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Ч.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ч.С-гийн ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч Б.М нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАТСАЙХАН