Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00851

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

     Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 216/МА2018/00001 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “У” ХХК

          Хариуцагч: “Ш” ХК-д холбогдох

          Гэрээний үлдэгдэл төлбөрт 29.702.758 төгрөг, алданги 9.646.855 төгрөг, хохирол 503.300 төгрөг, нийт 39.852.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ХК нь манай байгууллагатай 2016-11- 23-ны өдөр ШО-16-133 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу У ХХК нь 2017 оны 02 дугаар сард ажлаа дуусгасан. Ажил хүлээлцэж тооцоо нийлснээр Ш ХК нь ажлын хөлс төлөх үүрэгтэй боловч үүргээ биелүүлээгүй өдий хүрлээ. Нийт тооцоо нийлсэн актаар 66 000 025 төгрөг гэж гарсан байгаа. Уг тооцоонд НӨАТ-ийн баримтын үнэ ороогүй гэж тодорхой заасан байгаа. Ш ХК-ийн нягтлан бодогч нь манай байгууллагатай утсаар яриад танай байгууллага НӨАТ-ын төлбөрөө төлчих гэж хэлсэн учраас манай байгууллага 72 600 000 төгрөг дээр 6 600 002 төгрөгийн НӨАТ-ыг төлсөн баримтаа хэрэгт өгсөн. 66 000 002 төгрөг нь дээр 10 хувийн НӨАТ-ийг нэмэхээр 72 600 027 төгрөг болж байгаа. У ХХК гэрээнд зааснаар нийт 72 600 027.50 төгрөгийн төлбөр авахаас 2016-11-29-ний өдөр 12,100,000 төгрөг, 2016-12- 31-ний өдөр 79 024.27 төгрөг, 2016-12- 31-ний өдөр 531.81 төгрөг, 2017-01- 31-ний өдөр 317 712.93 төгрөг, 2017-02- 22-ны өдөр 15 сая төгрөг, 2017-07- 16-ны өдөр 15 400 000 төгрөг, нийт 42 897 269 төгрөгийн төлбөр авсан. Ш ХК-д манай байгууллага удаа дараа хүсэлт тавьж байсан. 2017-03- 28-нд 40/17 дугаартай албан бичиг, 2017-02- 15-нд 12/17 дугаартай албан бичиг, 2017-02- 07-нд 08/17 дугаартай албан бичиг, 2017-01- 17-нд 02/17 дугаартай албан бичиг, 2017-05- 29-нд 54/17 дугаартай албан бичиг, 2017-05- 16-нд 52/17 дугаартай албан бичиг, 2017-05- 04-нд 50/17 дугаартай албан бичиг, 2017-04- 04-нд 42/17 дугаартай албан бичиг   явуулсан. Энэ удаа дараагийн албан бичигт хариуцагч тал нэг ч удаа хариу өгөөгүй. Захиралтай нь утсаар ярьж манай байгууллага асуудлаа албан бичгээр тавьсан, танай байгууллага манайд асуудал байвал албан бичгээр хандаачээ гэж хэлж байсан. Байгууллага хооронд гэрээгээ дүгнээд акт гаргаад бүх төлбөр тооны асуудлыг 2 талын санхүү нийлсэн гэрээ дүгнэсэн акт, тооцооны үлдэгдлийг шүүхэд нотлох баримтаар гаргаад өгсөн учраас баталгаатай гэрээ дүгнэсэн акт нь дээр үндэслэж нэхэмжлэх бодож гаргаж байгаа. Энэ бодитой гэрээг дүгнэсэн акт нь гэрээний хамгийн сүүлчийн хувь заяаг шийдэх асуудал мөн гэж манай компани үзэж байгаа. Хариуцагч тал манай байгууллагатай ярихдаа өвөлжилт хүндэрлээ Улаанбаатар хот хөлдөх гээд байна гэж ярьж манай компанийн машин техник, хүн хүчийг хөлсөлж өөрсдийн хөрсийг хуулуулж ажлаа хийлгэчхээд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй хохирол учруулж байгаа нь хариуцагч талын ёс зүйтэй холбоотой гэж үзэж байна. Шүүхэд хүсэлт гаргасан нь хариуцагч талын гэрээтэй ямар ч холбоо байхгүй. Манай компанитай адилхан Хомын тал ХХК-ийг авч ажиллуулсан байсан. Тэгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар оруулаад хурдан энэ ажлыг хийе гэдэг үндэслэлээр энэ ажлыг хийлгэсэн. Хомын тал ХХК-д хариуцагч тал урьдчилгаа мөнгийг илүү өгч байсан. Өнөөдрийн байдлаар Хомын тал ХХК-д ямар ч өр төлбөргүй болсон. Тэгтэл манай компанийн мөнгийг өгөхгүй байгаа нь зүй зохисгүй зүйл гэж үзэж байгаа. Мөн удаа дараа хүсэлт тавьж байхад нэг ч удаа албан бичгээр хариу ирүүлээгүй. Хариуцагч талын гаргаж байгаа баримтан дээр тамга байхгүй. ...Мөн гарын үсэг зураагүй. Манай компани нь гэрээ дүгнэсэн актыг гэрээний эцсийн байдлаар шийдэх баримт гэж үзэж байгаа. Үлдэгдэл 29 702 758.49 төгрөг, гэрээний 5.2-т заасан алданги 4 510 329.03 төгрөг, Ш ХК-иас өр төлбөрөө нэхэж гаргасан зардал 226 250 төгрөг, нийт 34 439 337.52 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийт зардлын хэмжээ 503 300 төгрөг болж өссөн. Гэрээний үүргийн 5.2-д зааснаар алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй гэсэн заалтыг У ХХК баримтлан анхны нэхэмжлэлд шаардсан 4 510 329.03 төгрөгийн алдангийн хэмжээг тооцохдоо 2017-02- 08-ны өдрөөс 2017-07- 03-ны өдөр хүртэл хугацаагаар тооцоо нийлсэн актанд дурдсан үлдэгдэл 45 102 758.53 төгрөгөөс 10 хувиар бодож гаргасан нь Ш ХК-ийн төлбөр төлөөгүй нийт хоногийн хугацааг хамруулаагүй тооцоо болсон байна гэж үзсэн. 2016-11- 23-нд байгуулсан гэрээний үүргээ У ХХК нь 2017-02- 07-ны өдөр гэхэд 100 хувь биелүүлж, гэрээ дүгнэсэн акт гаргасан байхад Ш ХК нь үүнээс хойш 8 сар буюу 245 хоног өнгөрсөн байхад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй манай компанийн ажилд хохирол учруулсаар байна. Ш ХК-д ажил гүйцэтгэсэн ажилтнууд цалингаа гүйцэд авч чадахгүй одоо хүртэл хохирч улмаар манай компаниас цалин, алданги нэхэмжилж байгаа. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-д Энэхүү гэрээгээр нарийвчлан зохицуулаагүй харилцааг Иргэний хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно гэж заасныг үндэслэн хуульд тогтоосон хэмжээгээр хохирлоо нэхэмжлэх нь зүйд нийцнэ гэж үзсэн. Гэрээний үүргийн дагуу Ш ХК-иас нэхэмжилж буй хохирлын хугацааг тооцохдоо гэрээ дүгнэсэн өдрөөс хойш 10 хоногийн дараах өдөр буюу 2017-02- 17-ны өдрөөс эхэлж гэрээний 5.2-д зааснаар хоног тутам 0.1 хувиар алданги тооцсон болно. ...Иймд У ХХК-д Ш ХК-ийн учруулсан дараах бодит хохирлыг нэхэмжилж байна. Төлбөр төлөхийг шаардаж удаа дараа Ш ХК-ийн байрлаж буй газарт томилолтоор ажилтан явуулахад зарцуулсан хохирол 503 300 төгрөг, Гэрээний үүргээ биелүүлээгүй үлдэгдэл төлбөр 29 702 758.49 төгрөг, нийт алданги 9 646 855.07төгрөг, бүгд 39 349 613 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш ХК, У ХХК-ийн хооронд 2016-11- 23-ны өдрийн ШО-16-133 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна. Уг ажил гүйцэтгэх гэрээг 2017-02-07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэснээс хойш Ш ХК-ийн нийт 42 897 269 төгрөгийн төлбөр төлж барагдуулсан бөгөөд 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоо байгаа болно. Ш ХК-ийн зүгээс 29 702 758 төгрөгийн үлдэгдэл тооцоог У ХХК-тай харилцан тохиролцох замаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. У ХХК нь гэрээний үүргийн дагуу хөрс тээвэрт өөрийн техникүүдийг явуулж эхэлсэн болно. У ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т “Ажил гүйцэтгүүлэгч нь төлбөрийн 20 хувийн урьдчилгаа олгоно”, 2.4-д “Ажил гүйцэтгүүлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс гэрээний 2.2, 3.6, 3.8-д заасан суутгалыг хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ.” Гэрээний 3.6-д “Ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг ажиллаж дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно...” 3.8-д “Гүйцэтгэгчийн ажилтнуудыг өдрийн хоолоор хангах бөгөөд өдрийн хоолны зардлыг түрээсийн төлбөрөөс суутган тооцно” гэж заасан байна. Ажил гүйцэтгэх гэрээг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дүгнэж, ажлын гүйцэтгэлийг 66 000 025 төгрөгөөр дүгнэсэн байна. Гэрээ дүгнэсэн актын дүнд гэрээний 2.4-д заасан суутгалууд хасагдаагүй бөгөөд зөвхөн У ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын дүнг гаргасан тооцоо юм. Ш ХК нь төлбөрт нийт 42 897 269 төгрөгийг төлсөн байна. Гэрээний 3.6-д заасан дизель түлшний үнэ 38 156 424 төгрөгийг хасвал У ХХК-д ямар ч төлбөргүй бөгөөд харин ч авлагатай байна. У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаа 39 852 913 төгрөг болгон нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш ХК-ийн зүгээс үндсэн төлбөрт 29 702 758 төгрөг, алдангид 9 646 855 төгрөг, нааш цааш зарцуулсан хохиролд 503 304 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэрээний дагуу НOWA маркийн 5 ширхэг машиныг 30 хоногийн хугацаанд гэрээний зааврын дагуу ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Эдгээр 5 ширхэг НOWA маркийн техник хэрэгслийн 30 хоногийн ажлын хөлсөнд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т ажил гүйцэтгүүлэгч нь урьдчилгаа олгоно гэж заасан. 2016-11- 29-ний өдөр 12 100 000 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд гэрээг тайлбарлах гэж байдаг бөгөөд гэрээг үгийн шууд утгаар нь тайлбарлахаар заасан байна. Уг гэрээ нь дээр гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс 2.2, 3.6, 3.8-ыг хасна гэж заасан бөгөөд манай байгууллагын хооронд үүсээд байгаа гол асуудал нь дизель түлшний төлбөр тооцооны асуудал байгаа. У ХХК-ийн зүгээс дизель түлшийг манай дээр тооцоо нийлсэн, үүнийг манайх төлөх ёсгүй гэсэн тайлбар хийгээд суутгал шууд хийх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манай компани гэрээний 3.6-д заасан үүргээ биелүүлсэн. Ажлын байран дээр ирсэн учраас авсан гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтуудаар тогтоогдож байгаа, 11 988 литр буюу 38 756 424 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг олгосон байна. Мөн тос тосолын зардал болох нэхэмжлэлд дурдагдсан 3 удаагийн гүйлгээг У ХХК нь зөвшөөрсөн байдаг. Харин дизель түлшний суутгалаа хийхгүй байгаа. Энэ дээр маргаан үүсээд байгаа юм. У ХХК нь урсгал төлбөрт 12 100 000 төгрөг, дизель түлшний төлбөрт 38 756 420 төгрөг, тос тосолд 79 024 төгрөг, эм эмийн хэрэгсэлд 531 төгрөг, тос тосолд 317 712 төгрөгийн зардлуудыг Ш ХК-иас авсан байна. Мөн 2017-02- 22-ны өдөр 15 сая төгрөг, 2017-07- 16-ны өдөр 15 400 000 төгрөг, нийт гүйцэтгэлээр Ш ХК нь У ХХК-д 81 653 691 төгрөгийн төлбөрийг төлчихсөн байна. У ХХК-тай Ш ХК нь 2017-02- 07-ны өдөр гэрээг дүгнэж акт үйлдсэн байдаг бөгөөд энэхүү дүгнэлтийн 07 дугаар зүйлд заасан байгаа 5 машины дугаар бичигдсэн байх бөгөөд 2 дугаарт бичигдсэн 32-03 гэсэн дугаартай машин нь гэрээнд дурдагдсан машин биш байдаг учраас төлбөр тооцоо нэхэгдэж байна. Мөн гэрээний дүгнэлтийн 08 дугаар зүйлд “Гэрээний гүйцэтгэлийг 100 хувийн гүйцэтгэлээр хааж гүйцэтгэнэ” гэж заасан байна. Ингээд төлбөр тооцоо хийхэд татгалзах зүйлгүй гэсэн байгаа. Нийт гүйцэтгэл 66 000 025 төгрөг бөгөөд Ш ХК нь У ХХК-д энэ мөнгийг төлөх ёстой байхад манай компани өнөөдөр 15 сая төгрөг илүү төлчихсөн явж байна. Манай байгууллага төлөлт хийчхээд байхад төлбөр авах ёстой гээд акт явуулаад байгаа учраас манайх хариу өгөхгүй байгаа. Мөн гэрээний 5.2-т заасны дагуу У ХХК нь алданги нэхэж байгаа нь дээрх тайлбарт дурдсанаар үндэслэлгүй байна. Мөн манай компаниас НӨАТ төлсөн дүн буюу 66 000 002 төгрөг биш 72 627 000 төгрөг гээд байгаа. Гэвч гэрээ өөрөө НӨАТ-ын дүнгүйгээр бичигдсэн. Хаанаас яагаад 6сая төгрөг гаргаж ирээд байгааг ойлгохгүй байна. НӨАТ төлсөн баримт хавтаст хэрэгт өгсөн гээд байна. Төлөгдсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл хавтаст хэрэгт байхгүй байгаа нь энэ 6 000 002 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ш ХК нь эдгээр 7 төрлийн зардлыг нэмэхэд 81 653 691 төгрөг төлчихсөн байгаа дээр нь илүү 15 сая төгрөг төлчхөөд байхад алданги төлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Ш ХК нь гэрээний үүрэг зөрчөөгүй бөгөөд үүрэг биелсэн тохиолдолд үүргийн зардлыг нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй учраас У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан У ХХК-ийн Ш ХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431.717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 216/МА2018/00001 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ш ХК-иас  нийт 25,413,032 төгрөгийг гаргуулж У ХХК-д олгож, нэхэмжлэлээс 14,439,881 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431.717 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХК-иас 285.015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У ХХК-д олгосугай” гэж нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Давж заалдах шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс үзэхэд ажлын хөлсний үнийн дүнг тодорхой тохирсон байх боловч бусад зардлууд буюу гэрээний үнийн дүнд хамаарах зардлын талаар тодорхой үнийн дүнгээр тохиролцоогүй тул зөвхөн ажлын хөлсийг гэрээний үнийн дүн гэж үзэж гэрээний 3.6-д зааснаар шатахууны зардлыг түүнээс хассан нь гэрээг буруу тайлбарласан буюу анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 198.1, 198.2-т нийцэхгүй байна” хэмээн дүгнэжээ. Давж заалдах шатны шүүхээс “Ш” ХК, “У” ХХК-ийн хооронд 2016-11- 23-ний өдөр ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” Иргэний хуулийн 343.1-д заасны дагуу байгуулагдсан хэмээн үзсэн байна. Иргэний хуулийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 344.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” хэмээн заасан байна. “Ш” ХК болон “У” ХХК-ийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-д “ажил гүйцэтгүүлэгч нь үлдэгдэл төлбөрийг гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс гэрээний 2.2, 3.6, 3.8-д заасан суутгалыг хасаж тооцож, үлдэгдэл төлбөрийг ажлын 10 хоногийн дотор шилжүүлнэ.” гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээг 2017.02.07-ны өдөр 66.000.025 төгрөгийн гүйцэтгэлээр гэрээг дүгнэсэн болно. Иргэний хуулийн 198.1-д “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” мөн хуулийн 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.” гэж заасан. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 2.4, 3.6, 3.8-д заасан заалтууд нь өөр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнээс үүсэх төлбөрийг хэрхэн барагдуулахыг зохицуулсан талуудын тохиролцоо болно. Ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т “ажил гүйцэтгүүлэгч нь төлбөрийн 20 хувийн урьдчилгаа олгоно” 3.6-д “Ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник, тоног төхөөрөмжүүдийг ажиллах дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно...” гэж тохиролцсон байна. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343.1-д заасан заалтыг “Ш” ХК нь “У” ХХК нарын хооронд байгуулсан 2016-11-23-ний өдөр ШО-16-133 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд тусган тайлбарлахдаа “гэрээний үнээс” гэрээний 3.6-д заасан зардлыг хасна гэж байхад “анхан шатны шүүх гэрээний ажлын хөлснөөс хасч тооцсон” нь буруу болжээ. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 198.1, 198.2-т нийцээгүй хэмээн Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Учир нь: Иргэний хуулийн 343.1-д “...захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан “Шивээ- Овоо” ХК “У” ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын хөлсийг хэрхэн яаж төлөхөө бүрэн тохиролцсон. Гэрээний гол нөхцөлийн дагуу хийсэн ажлын, гүйцэтгэлийг хүлээн авч хөлсийг төлөх нөхцөлийг тодорхойлсон нь “гэрээний үнийн дүн” Иргэний хуулийн 343.1-д зааснаар “хэлэлцэн тохиролцсон хөлс” байхаар зохицуулалттай. Энэ нь Иргэний хуулийн 344.1-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэснээр тодорхойлогдоно. Гэрээний 2.1-д гэрээний ажлын хөлсийг тодорхойлж ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн актаар гэрээний нийт үнийн дүн буюу ажил гүйцэтгэх гэрээний “ажлын хөлсний үнийн дүнг” тодорхойлсон байна. Ажил гүйцэтгэх гэрээнд “гэрээний үнийн дүн” гэх ойлголтыг “хэлэлцэн тохиролцсон ажлын хөлс” байхаар зохицуулсан. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг тайлбарлахдаа “Иргэний хуулийн 198.1, 198.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн” “гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасныг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй. Зөвхөн ажил гүйцэтгэх гэрээнд “гэрээний үнийн дүнгээс” гэж бичсэн байна...ажлын хөлснөөс гэрээний 3.6-д заасан зардлыг хасч тооцохгүй хэмээн тайлбарласан нь Иргэний хуулийн 198.2-т заасан “гэрээний...бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэснийг зөрчжээ. Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 198.2-т зааснаар “гэрээний...бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэснээр ойлговол “У” ХХК-нд олгосон дизель түлшний үнийг “ажлын хөлснөөс буюу гэрээний үнийн дүнгээс” суутгахаар тодорхойлогдож байна. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээний 3.6-д заасан заалтыг Иргэний хуулийн 198.2-т зааснаар гэрээний агуулгатай зөв тодорхойлж тайлбарласан бол давж заалдах шатны шүүх гэрээг ерөнхий утга агуулга, бусад нөхцөлтэй холбож тайлбарлалгүйгээр Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс болж “Ш” ХК-нд 38.756.424 төгрөгийн хохирлыг шууд учруулж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 2.4, 3.6-д “... гэрээ дүгнэж акт үйлдсэнээс хойш гэрээний үнийн дүнгээс ... суутгал зардлыг хасаж тооцож үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ” гэсэн заалттай. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүн Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ 31-р бүлэгт зохицуулагдсанаар “хийж гүйцэтгэсэн ажлын хөлс” байх зохицуулалтаар орсон байна. Давж заалдах шатны шүүх “ажлын хөлс дангаараа гэрээний дүнг тодорхойлохгүй бөгөөд дээрх гэрээнд заасан шатахууны үнэ, ажил гүйцэтгэгчийн талын байр, хоолны зардал гэм мэт нийлж гэрээний үнийн дүн болох учиртай” хэмээн үзсэн нь хэт өрөөсгөл ойлголт болно. Ажил гүйцэтгэх гэрээний зардлууд нь өөрөө гэрээний үнийн дүнг бүрдүүлэх ёстой гэсэн утгыг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь гэрээний үнийг тодорхойлох, гэрээг тайлбарлах зөрчлийг бий болгосон болно. Талуудын байгуулсан гэрээнд ажлын хөлсийг тодорхойлж, гэрээ дүгнэхээр тохиролцсон, гэрээ дүгнэсэн үнийн дүнгээс гэрээнд заасан зардлуудыг суутган тооцохоор зохицуулсан нь Иргэний хуульд заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга, гэрээний үнийн дүнг тодорхойлох үндсэн зохицуулалттай тохирч байна. Гэрээний үнийг ажлын хөлсөөр тодорхойлох ерөнхий утга талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд алдагдаагүй бөгөөд гэрээг тайлбарлан хэрэглэх Иргэний хуулийн 198.1, 198.2-т заасан агуулгатай харшлахгүй байгаа болно. Ажлын хөлс, зардал нийлж байж гэрээний нийт үнийн дүнг бүрдүүлэх ёстой гэсэн хуулийн ямар нэг тайлбар, гаргалгаа байхгүй байна хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие үзэж байна. Харин ч ажил гүйцэтгэх гэрээний Иргэний хуульд заасан ерөнхий зохицуулалтын дагуу талууд чөлөөтэйгөөр ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг гэрээгээр тодорхойлж тогтоосон байна. Ажлын хөлсний хэмжээ, түүнийг төлөх арга, журам, хугацаа тодорхойлогдсон учир гэрээнд тохиролцсон зардлыг ажлын хөлсний нийт дүн буюу гэрээний нийт үнийн дүнгээс суутгах тооцох нь Иргэний хуулийг зөрчсөн үйлдэл болохгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд бусдын эрхийг зөрчсөн талуудын тохиролцоог үгүйсгэсэн зүйл тогтоогдоогүй, нэхэмжлэгч тал гэрээ байгуулагдсан асуудал болон гэрээний нөхцөлөөр маргаан үүсгэдэггүй. Харин ч гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлдэг болно. “Ш” ХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан бөгөөд гэрээний 2.2-т заасан нөхцөлийн дагуу 12.100.000 төгрөгийг 2017-11- 29-ний өдөр шилжүүлсэн. Гэрээний 3.6-д заасан үүргийг биелүүлж “У” ХХК-ийн техникүүдэд нийт 1 1988 литр буюу 38.756.424 төгрөгийн үнэ бүхий дизель түлш олгосон. Гэрээний 2.2, 3.6-д заасны дагуу “Ш” ХК “У” ХХК-д 12.100.000+38.756.424=50.856.424 төгрөгийн төлбөр барагдуулсан байна. Гэрээний 2.4-д заасан үүргээ биелүүлж 2017-02- 22-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017-07- 16-ны өдөр 15.400.000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний явцад олгосон 397.267 төгрөгийг нэмбэл “Ш” хувьцаат компани нийт 81.653.691 төгрөгийн төлбөрийг “У” ХХК-нд төлсөн байна. Гэрээг дүгнэж тооцоо нийлсэн актанд 66.000.025 төгрөгөөр ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн “У” ХХК-нд олгосон 81.653.691 төгрөгөөс уг дүнг хасвал 15.653.666 төгрөгийг “Ш” ХК “У” ХХК-нд илүү төлсөн байгаа болно. Иймд дээрх үндэслэлээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

      У ХХК 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ш ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, гэрээний үндсэн үүрэг 29,702,758 төгрөг, алданги 9,646,855 төгрөг, гаргасан зардал 503,300 төгрөг нийт 39,852,913 төгрөг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, хариуцагчаас 25,413,032 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. 

       Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

        2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ШО-16-133 дугаар гэрээгээр талууд 5 техник хэрэгслийн 30 хоногийн ажлын хөлсийг нийт 55,000,000 төгрөг /11,000,000х5/-р тохирсон  гэх боловч хариуцагч ямар хугацаанд техник хэрэгслийг ажиллуулсан буюу гэрээний нийт үнийн дүн тодорхой бус байхад анхан шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас төлбөр гаргуулсан нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

       Гэрээний 3.6 дахь хэсэгт “...ажил гүйцэтгүүлэгч нь ажиллах техник тоног төхөөрөмжүүдийг ажиллах дизелийн түлшийг хариуцна. Гэрээ дүгнэж, тооцоо нийлэхэд дээрх зардлыг гэрээний үнийн дүнгээс хасаж тооцно...” гэж заасан бөгөөд түлшийг  зохигчийн хэн нь хариуцах нь маргаантай үлджээ.

    Нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхэд ажлын хөлс, гэрээний үнийн дүн, ажил гүйцэтгэхэд зарцуулсан түлшний хэмжээ тус бүр тодорхой байх шаардлагатай байна.

     Хэргийн бодит байдал тогтоогдоогүйгээс хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2017/00191 дүгээр шийдвэр, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 216/МА2018/00001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 285.015 төгрөгийг Ш ХК-д захирамжаар буцааж олгосугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ