Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 757

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б ” ХХК 

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага:  “...2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Б ” ХХК-аас 9 хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст манай компани Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан нөхцөл журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүх материалыг нь бүрдүүлж өргөдөл өгсөн боловч 1 цэгийн үйлчилгээний хэсэгт манай өргөдлийг хүлээн авахаас хууль бусаар татгалзсан. Энэ талаар би өөрийн биеэр Кадастрын хэлтсийн дарга Д.М*******тай уулзаж асуудлыг тавьсан боловч мөн адил татгалзсан хариу өгсөн. Татгалзах гол үндэслэлээ манайх цаасаар өргөдлийг хүлээн авахгүй, харин цахим дугаараар өргөдөл авахаар зарласны дараа та болон танай компани өргөдөл гаргах эрхтэй талаар хэлсэн.

Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд цахимаар өргөдөл авах талаар ямар нэг заалт байхгүй бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн өргөдлийг авна, мөн гаргасан өргөдөл нь бүрдүүлбэрийн хувьд бүрэн байх ёстой бөгөөд өргөдөл авах талбайг Засгийн газраас баталсан байна гэсэн тодорхой шаардлага тавьсан байдаг. Төрийн албан хаагч буюу эрх бүхий албан тушаалтан тухайлбал, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б******* ч мөн адил манайх ямар нэг хууль зөрчсөн зүйл байхгүй. Тиймээс танай гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн албан бичгээр хариу өгсөн байна. Миний биe энэ бүгдийг хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь хууль дээдлэх бол төрийн үндсэн зарчим бөгөөд хуульд зааснаас өөрөөр тайлбар хэлэх буюу татгалзах нь хууль бус юм.

Хуулийг шууд утгаар нь ойлгож хэрэглэнэ, төрийн байгууллага хуульд зааснаас өөр журмаар хайгуулын зөвшөөрөл олгож болохгүй. Манай компанийн гаргасан өргөдлийг хүлээн авахгүй цахим дугаар ав гэж хуульд огт байхгүй зүйлийг шаардаж байгаа нь буруу юм. Өөрөөр хэлбэл хуулиас давсан хүчтэй Агeнтлагийн даргын шийдвэр тушаал буюу Засгийн газрын тогтоол байх ёсгүй. Хэрвээ байгаа бол энэ нь өөрөө хуулийн хүчин чадалгүй бөгөөд үүнийг баримтлах нь хууль бус гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Ашигт малтмалын асуудлаар төрийн холбогдох байгууллагуудын бүрэн эрхийг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуульд тодорхой заасан байдаг. Тухайлбал мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 болон 10.1.10-т тус тус заасан байдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Хуулиар олгогдсон дээрх бүрэн эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох тухай” 210 дугаар тогтоолыг баталсан. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр А/161 дүгээр тушаал гарсан бөгөөд уг тушаалд: “1. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, түүний эрх олгох үйлчилгээний хөлсний хэмжээг тус тус хавсралтаар тогтоосугай. 2. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/130 дугаар тушаалын хавсралтаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар”-ыг батлахдаа цахимаар дугаар олгох үйл ажиллагааг дэлгэрэнгүй зохицуулж өгсөн. 

Нэхэмжлэлийн “…нэхэмжлэгч нарын өргөдлийг хүлээн авсан боловч хуульд заагаагүй үндэслэлээр өргөдлийг хянан шийдвэрлэхээс татгалзсан хариу өгсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Улсын Их хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг баталсан бөгөөд уг бодлогын баримт бичигт нийцүүлэн Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулиар Ашигт малтмалын  хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль хүчингүй болсон. 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль /2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн/-аар тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхийг Монгол улсын Засгийн газарт олгосон бөгөөд Засгийн газар 2014, 2015, 2017 онуудад холбогдох тогтоол гаргаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоож нийтэд мэдээлж байсан. 

Төрөөс тогтоосон талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газрын хуралдаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 1/85 албан бичгээр танилцуулга хүргүүлсний үндсэн дээр шийдвэрлүүлсэн бөгөөд тэдгээрээс хэлэлцэж зөвшөөрсний дагуу Монгол улсын дэд бүтцийн хөгжил, ногоон хөгжлийн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал зэргийг харгалзан төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй олгох бодлогын хүрээнд 2015 онд нутаг дэвсгэрийн баруун, зүүн хэсэгт хуваан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэж байсан.  

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газраас тухай бүр хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд нээлттэй зарлан мэдээлж байсан бөгөөд уг мэдээллийг өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлж, сурталчилах ажлыг зохион байгуулсан. 

Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч цахимаар дугаар авахгүйгээр гаргасан өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хүлээн авч дарааллын дагуу бүртгэн, шийдвэрлэх ёстой бөгөөд нэхэмжлэлд дурдсан өргөдөл нь бичгээр гаргаж байгаа өргөдөл байхад 19 дугаар зүйлд заасан ажиллагааг Кадастрын хэлтэс явуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” чиг үүргийг Кадастрын хэлтэст хамааруулсан байх тул мөн хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан шийдвэрлэхээс гадна Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасны дагуу хүлээн авч бүртгэн, дарааллын дагуу шийдвэрлэж байгаа билээ.

Энэ 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Төрийн бүх байгууллага өргөдөл, гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг тогтоож, нийтэд мэдэгдэнэ...” гэж заасны дагу Ашигт малтмалын газраас 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгохыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэлийн бага хурал хийн мэдээлж, өөрийн цахим хаягт байршуулсан.

Гэтэл нэхэмжлэгч үүнийг мэдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд үүний өмнө нэхэмжлэгч нь хүсэлт хэлэлцэх шүүх хуралд цахим хэлбэрээр өргөдөл гаргасан боловч дугаар авч чадаагүй нь анхнаасаа цахимаар дугаар авч байгааг мэдэж байсан нь тогтоогдож байх тул Засгийн газрын өгсөн чиглэл болон хуульд заасан үндэслэлийн дагуу хийгдэж байгаа ажлыг тасалдуулах гэсэн үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

                                                      ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр “Б ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Б  ХХК-д 2016 оны 01 дүгээр  сарын 21-ний өдөр олгосон 9011595043  улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч Д.Д  нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд байх ба тэрээр 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмалын газрын гeологи, уул уурхайн Кадастрын хэлтэст гэж хаяглан Өмнөговь аймгийн Номгон , Баян-Овоо , Хүрмэн , Төв аймгийн Сэргэлэн сум , Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт  орших нэр бүхий 9 газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн өргөдлийн маягтыг бөглөн Ашигт малтмал, газрын тосны газрын нэг цэгийн үйлчилгээний цэгт өгөхөд “...өргөдлийг цахимаар гаргах ёстой...” гэх үндэслэлээр дээрх хүсэлтүүдийг хүлээж аваагүй байна.

 Улмаар тус компани 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын дарга Б.Б*******од “...хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэхийг даалгаж өгнө үү” гэж хандсан боловч тэрээр 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/5341 дугаар албан тоотоор “...Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаар тогтоолоор өргөдлийн журмаар олгох боломжтой солбилцлыг баталсан ба цахимаар өргөдлийн дугаар авсны дараа өргөдөл гаргах боломжтой...” талаар хариу мэдэгджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ашигт малтмалын тухай хуульд цахимаар өргөдөл авах талаар ямар нэг заалт байхгүй бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн өргөдлийг авах ёстой...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох  талбайг солбилцлоор тогтоож, нийтэд мэдээлэх” нь Монгол улсын Засгийн газрын бүрэн эрх байхаар, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын  бүрэн эрхийг “Гeологи, уул уурхайн салбарын хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, биeлэлтийг хангуулах”, 10.1.3-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, 10.1.4-т “тусгай зөвшөөрөл авах, хугацааг нь сунгах, шилжүүлэх…үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох”, 10.1.10-т “Ашигт малтмал хайх, ашиглах, боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих”, 11.1.15-д “...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох... ажиллагааг олон нийтийн хяналтан дор явуулах нөхцлийг бүрдүүлэх” гэж тус тус тодорхойлжээ.

Дээрхи хуульд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоол, уг тогтоолыг хэрэгжүүлэх асуудлаар хуралдсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 02, 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газарт “...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох систeмийг олон нийтэд танилцуулах сургалт, сурталчилгаа зохион байгуулахыг” “...тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахим хэлбэрээр авах..., нутгийн удирдлагатай нь зөвшилцсөний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрлийг зохих хууль тогтоомжийн дагуу олгох арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг” Уул уурхайн сайдад тус тус даалгажээ.

Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авахтай холбогдох мэдээллийг 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн цахим хуудсаараа олон нийтэд зарлаж улмаар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цахимаар хүлээн авах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 

Энэ нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуульд заасан Засгийн газар, Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Ашигт малтмалын газрын тус тусын эрх хэмжээний хүрээнд, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь хэсэгт “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх” гэж заасан Кадастрын хэлтсийн үндсэн чиг үүрэгт хамаарч байхаас гадна Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д Өргөдөл, гомдлыг цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно. Байгууллага бүр цахим хаягтай байна” гэж,  мөн хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” гэж заасантай нийцэж байна. 

Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын газарт гаргасан гэх өргөдөл, материалаас үзвэл нэр бүхий газруудад ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн байх ба энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасныг зөрчсөн, үүнийгээ “хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн маягтыг андуурч бөглөсөн...” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан хайхрамжгүй үйлдлийн улмаас хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй.

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож байгааг мэдэж байснаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудлыг журамласан Засгийн газрын тогтоол болон түүнтэй холбоотой бусад захиргааны актын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд “Б ” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн 9 өргөдлийг хүлээн авч бүртгээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.   

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11 мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.4 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б  ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “...2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б  ХХК-аас гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгон үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.ДУЛАМСҮРЭН