Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

 

2020        01         21                                                2020/ШЦТ/37

                                   

                                        

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт С.Шд холбогдох эрүүгийн 2021000000016 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ..... дүгээр сарын .....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..........” ХХК-д бутлагч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийх ялаар шийтгүүлсэн,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар, мөн хуулийн тусгай  ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож шийдвэрлэснийг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан, .......н овогт С.Ш. /РД: ..................../

 

Шүүгдэгч С.Ш нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Дүүрэн” баарны гадаа согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн орчимд Н.Б-г зодож, өшиглөн зүүн хөлийн тахилзуур ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч С.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын ах нарын хамт шинэ жил тэмдэглэхээр гарсан. Тэгээд “Парис” баар руу орж архи уусан. Архи уугаад би нэлээд согтсон. Дараа нь “Дүүрэн” баар руу орсон. Би нэлээд согтсон болохоор тэнд архи уулгүй бүжиглэсэн. Би Б гэх залуутай муудсан. Тэр залуу намайг мөргөсөн тэгэхээр нь би цохисон. Тэр залуу унахдаа бэртсэн байх. Дараа нь би хохирогчтой уулзаж, эмнэлгээр дагуулж явсан. Бид хоёр хоорондоо учраа олсон...гэв.

           

            Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цаг өнгөрч байхад “Классик” нэртэй бааранд Энхмөрөн, Балжинням нарын хамт орж, 6 шил “Сэрүүн” пиво уусан. Баарнаас 22 цагийн үед гараад “Дүүрэн” бааранд орсон. Энхмөрөн ах эхнэр Отгонцэцэгийг дуудсан. Отгонцэцэг ирэхдээ найз Баярцэцэгийн хамт ирсэн бөгөөд бид нар бааранд 1 шил “Болор” архи, 3 шил “Сэрүүн” пиво уусан. Бааран дотор бүжиглэж байхад зүс таних С.Ш гэх залуу Баярцэцэгийг өдөж, хоргоогоод байхаар нь би С.Ш рүү очиж “чи яагаад миний найз охин оролдоод байгаа юм, гарч учраа олъё” гээд гарцгаасан. Баарны гадаа гарахад С.Ш намайг хавсарч унагаад дээрээс миний хөл рүү өшиглөсөн. ...Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 7-9 тал/

 

Гэрч А.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мөнх-Эрдэнэ бид хоёр Бат-Эрдэнийг салгаад авч явах гэж байтал 2-3 залуу Б муудалцаад С.Ш гэх миний зүс таних залуу Б-г хөл рүү ташиж унагаад дээрээс нь өшиглөж байгаад буцаад баар руу орчихсон. Тэгээд Б хөл өвдөөд байна гээд босож чадахгүй байсан ба цагдаа нар ирсэн...” гэжээ. /хх-ийн 11 тал/

 

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 тоот дүгнэлтэд:

1. Н.Б-ийн биед зүүн хөлийн тахилзуур ясны доод хэсэг /гадна хавчаар яс/-ийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 17 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18 тал/

- С.Ш-ий гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 14, 23-25 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ............ овогт С.Ш нь согтуурсан үедээ 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, “Дүүрэн” баарны гадаа хохирогч Н.Б-ийг өшиглөн зодож, эрүүл мэндэд нь “зүүн хөлийн тахилзуур ясны доод хэсэг /гадна хавчаар яс/-ийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч А.Отгонцэцэг, Б.Баярцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 56 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч С.Шд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч С.Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох бөгөөд энэ хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

 

Шүүгдэгч С.Ш-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Б нь шүүгдэгч С.Ш-тэй эвлэрсэн, гаргах гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч С.Шийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Ш нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Ш-ий .......... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ........... овогт С.Ш-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-ий хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч С.Ш-ий ............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ш-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ