| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/51 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ххолбогдох эрүүгийн 1938008070032 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед согтуугаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвд насанд хүрээгүй хохирогч Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед согтуугаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвд насанд хүрээгүй хохирогч Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008070032 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэргэл мөр орчим руу нэг удаа гараараа цохиод би зөрүүлээд нэг удаа нүүр орчим руу нь цохиход хойшоогоо унасан. Босч ирэх байх гэж бодоод дарж байгаад хоёр, гурван удаа дээрээс нь цохиж байхад цагдаа ирсэн...Би Тэргэлийн зодож гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Д.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед Рэнчинлхүмбэ сумын төвд ээж Болдмаа дээр очихоор ганцаараа явж байтал Б.Х гэж дууддаг нэртэй ах “Зүүн баян” дэлгүүрийн урд таарахаар нь та хаа хүрч яваа юм гэж асуутал намайг ахын дүү хоёулаа ийшээ явья гэж хэлэхээр нь дагаад явтал Төрийн банкны хажуу талд очоод чимээгүй зогсоод байхаар нь би хэсэг харж чимээгүй байж байгаад явлаа гэж хэлтэл байж бай гэж Б.Х ах хэлснээ миний толгойн зүүн хэсэг рүү цохисон. Тухайн үед Б.Х ах морьтой явж байсан. Би унаж явсан мориныхоо ташуураар цохисон юм болов уу гэж бодсон. Учир нь би нэг удаа цохиулаад ухаан алдаж унасан. Нэг мэдсэн намайг Б.Х ах чирчихсэн хашаа руу очиж толгойн ар хэсэг дагзаар минь хашаа мөргүүлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ө.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би эгч Отгоннямын дэлгүүр дээр очоод хамтдаа гэртээ харих гээд явж байтал Төрийн банкны хажуу талд хүн зодолдож байгаа чимээ гараад байсан. Яваад очтол хашааны буланд 2 хүн байж байсан. Тухайн хоёр хүний нэг нь нэгийнхээ дээр гарчихсан дороо оруулсан хүнээ цохиж зодож байсан. Дор нь орчихсон зодуулж байсан хүний нүд нь хавдсан нүүр ам нь цус болсон байдалтай хэвтсэн зодуулж байхаар нь Отгонням эгч дээр буцаж очоод саяны миний очсон газарт хүн хүнд зодуулчихсан хэвтэж байна гэж хэлээд цагдаагийн байр луу дуудлага өгөхөөр явсан. Миний харснаар зодуулж байсан Тэргэл гэж манай сургуульд сурдаг хүүхэд байсан. Тэргэлийг зодож байсан хүн нь Б.Х гэж ах байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,
Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед гэртээ харих гээд Нандинзаяа гэж сургуульд сурдаг охинтой хамт хоёулаа явж байтал Зүүнбаян дэлгүүрийн ойролцоо хүн зодолдоод байгаа бололтой нэг хүн нэг хүнийг май чи, май чи гэж хашгирч орилоод байсан. Би Нандинзаяад аав чинь хүнд арай зодуулж байгаа юм биш биз дээ гэж хэлтэл Нандинзаяа гүйгээд хүн орилж хашгираад байсан газар очсноо над дээр буцаж ирээд нэг хүн нэг хүнийг аймаар зодож байна. Зодуулж байгаа хүн нь огт хөдлөхгүй байна гэж хэлснээ цагдаагийн хэсэг рүү гүйгээд явсан. Нандинзаяа сумын цагдаа Хишигдаваатай хамт ирэхээр нь би дагаж тухайн газарт очтол манай сумын иргэн Б.Х гэж дууддаг залуу, Тэргэл гэж сургуулийн хүүхэд хоёр байсан. Б.Х нь Тэргэлийн дээр мордоод суучихсан Тэргэлийн толгой нүүр хэсэг рүү цохиод байсан. Хишигдаваа цагдаа салгаж болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мөнхжаргал над руу залгаад танай хүүг хүн зодсон байна гэхээр нь цагдаагийн байранд очиход Тэргэл хүнд зодуулсан шоконд орсон сууж байсан. Зодсон гэх Б.Хг сумын цагдаа аваад ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 505 дугаартай:
1. Д.Тбиед тархи доргилт, баруун зүүн алимны салстанд цус хуралт, дээд урууланд зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Д.Тбиед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтийн хуулбар /хх-ийн 19-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-29-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Т нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938008070032 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 18-ны орой 19 цагийн үед согтуугаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвд насанд хүрээгүй хохирогч Д.Тийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч Д.Т/хх-ийн 6-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч Ө.Нандинзаяагийн /хх-ийн 7-р хуудас/, гэрч Д.Отгоннямын /хх-ийн 9-р хуудас/, гэрч Д.Болдмаагийн /хх-ийн 10-11-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 505 дугаартай дүгнэлтийн хуулбар /хх-ийн 19-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Д.Т нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 35-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Х нь насанд хүрээгүй хохирогч Д.Тэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Б.Хг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Х нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Х нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938008070032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938008070032 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР