Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/50

 

 

    

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                        

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мхолбогдох эрүүгийн 1915005400016 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг Алтан мөрөн гол ХХК-нд ажиллаж байгаад ажлын хөлсөнд авсан 156 ширхэг буюу 1.55 м.куб хэмжээтэй банзыг 12-58 УБД улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Х.М нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 12-58 УБД улсын дугаартай Бонго-3 маркын машинаар зохих зөвшөөрөлгүй 1.5-аас 2.5 метрийн урттай 156 ширхэг 1.55 м.куб хэмжээтэй банз мод тээвэрлэж экологи эдийн засагт 432.879 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1915005400016 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ажлын хөлсөндөө 150 орчим ширхэг зах банз авсан. Ингээд Батхуяг ахын Бонго-3 маркийн 12-58 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Хатгал тосгоны “Алтан мөрөн гол” ХХК-аас ачаад 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт явж байгаад гарал үүслийн гэрчилгээгүй мод тээвэрлэсэн гээд цагдаад шалгуулсан. Би зах банзаар Эрдэнэт хотод морины хашаа хийх гэж авч явсан юм. Намайг “Алтан мөрөн гол” ХХК-ны нярав Саранцэцэг эгч 1 хоног хүлээгээд гарал үүслийн гэрчилгээг авч яв гэж хэлсэн. Би хүлээж чадалгүй ажил гараад явчихсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,    

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 69-р хуудас/,

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хатгал тосгонд одоогоор 4 ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ дотор “Алтан мөрөн гол” ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн мэргэжлийн байгууллага нь бүх бичиг баримт бүрэн хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Тус мэргэжлийн байгууллага дээр ажиллаж байсан Х.М нь 2019 оны 10-р сард байх ажлын хөлсөндөө зах банз авч явж байгаад Булган аймагт баригдсан гэж дуулсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр байхаа би Орхон аймагт байхад Х.М манай бэр эгч Дэлгэрмаагийн нэр дээр байдаг Бонго маркийн машинтай зах банз тээвэрлэж яваад Булган аймгийн цагдаад түр саатуулагдсан байсан. Хатгал тосгоны Сарантуяа гэдэг хүний ойн мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаад хөлсөнд нь банз авсан байсан. Модныхоо гарал үүслийн гэрчилгээг авч явж чадаагүй байж байгаад ийм асуудалд орсон байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний эзэмшилд уг тээврийн хэрэгсэл байсан. Гэхдээ би уг тээврийн хэрэгслийг 2019 оны 09 сарын 20-ны өдөр Дэлгэрмаа гэдэг хүнд зарсан, шилжүүлгээ хийгээгүй байж байгаад сая 2019 оны 12 сарын 02-нд Дэлгэрмаагийн нэр дээр тээврийн хэрэгслээ шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн инженер  Б.Жавхлангийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжлэгдэж байгаа мод нь шинэс төрлийн нойтон мод байна.
  2. Тухайн банз нь мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж болохгүй. Учир нь Монгол улсын “Ойн тухай” хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар бол өөр аймаг, сум тэдгээрийн хооронд мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг авах ёстой.
  3. Уг 1,5-аас 2,5 метрийн урттай 156 ширхэг банзны нийт эзэлхүүн нь 1,55 м.куб болж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394-р тоот тушаалаар ой модны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг модон материалд шилжүүлэхэд ашигладаг итгэлцүүрээр зүсмэл материалыг 2,9-өөр үржүүлж бодно...гэх дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 48-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн үнэмлэхний хуулбар, малын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58-62-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1915005400016 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.М нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд үйл ажиллагаа явуулдаг Алтан мөрөн гол ХХК-нд ажиллаж байгаад ажлын хөлсөнд авсан 156 ширхэг буюу 1.55 м.куб хэмжээтэй банзыг 12-58 УБД улсын дугаартай Бонго загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Мын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ц.Б-ийн /хх-ийн 9-р хуудас/, гэрч Г.Б-ын /хх-ийн 15-р хуудас/, гэрч А.М-ийн /хх-ийн 16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 69-р хуудас/,

      Булган аймгийн Булган суман дахь Сум дундын ойн ангийн инженер  Б.Жавхлангийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 48-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Х.М нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.М нь 156 ширхэг буюу 1.55 м.куб хэмжээтэй банзыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн байна. Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа

гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Х.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1915005400016 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн /Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын журмын хашаанд/ 156 ширхэг буюу 1.55 м.куб хэмжээтэй банзыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Х.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1915005400016 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн 156 ширхэг буюу 1.55 м.куб хэмжээтэй банзыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1915005400016 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР