Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/49

 

 

 

  

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,  

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гхолбогдох эрүүгийн 1938006960474  дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Оархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чулуу шидэж зүүн нүдний доод хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Оархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чулуу шидэж зүүн нүдний доод хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006960474 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Д.О чулуугаар цохисноо хүлээн зөвшөөрч түүнээс уучлалт гуйсан байгаа. Мөн эмчилгээнд гарсан зардал болох 500.000 төгрөгийг дансаар шилжүүлж, барагдуулсан байгаа. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн үед Түнэл сумын 6 дугаар багт хүнсний дэлгүүрээр зайрмаг тарааж өгөөд явж байхад Д.Гийн эхнэр нь зайрмаг дэлгүүртээ авмаар байна гэхээр нь би дэлгүүрт нь Ариунгэрэлийн хамт очсон. Гаднаас Д.Г орж ирээд би хөлдүү мөсөө аваад яв гээд дэлгүүрээсээ хөөгөөд байсан. Тэгээд цагдаагийн байрны хажууд байсан дэлгүүрт зайрмаг тарааж өгөөд байж байхад гаднаас орж ирээд намайг хөлөөрөө бөгсрүү тийрээд би дэлгүүрийн лангуу толгойгоороо мөргөсөн. Тэгээд Д.Г бид хоёр бие, биеэ заамдаж аваад дэлгүүрээс гарсан. Д.Г гадаа гараад овоолсон шорооноос нэг чулуу аваад надруу шидсэн. Тэр чулуу нь намайг оноогүй харин дахин нэг чулуу аваад надруу шидсэн. Тэр нь миний зүүн талын нүдний доод талд оноод цус гараад хавдсан. Тэгээд би цагдаад хандсан. Би эмчилгээнд 500.000 төгрөг зарцуулсан ба Д.Г эмчилгээний мөнгө гэж 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/,

       Гэрч Ж.О-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хэд хоногийн дараа Оюунаа гэдэг эгч нөгөө Д.Г ирээд зайрмагны түгээгчийн залуу Д.Очулуугаар цохиж зодсон гэж надад хэлсэн. Би цагдаа дуудаад гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,

Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой миний найз Д.Оын хамт зайрмаг тараахаар хамт Бонго-3 маркын машинтай очсон. Д.О зайрмаг аваад дэлгүүрт орсон чинь гаднаас нэг шар залуу орж ирээд хэрүүл маргаан болсон. Дараагийн дэлгүүрт араас нөгөө залуу орж ирээд манай найзыг зайрмаг тараагаад сууж байхад нь араас нь Д.Г нь хөлөөрөө тийрээд дэлгүүрийн лангуу толгойгоороо мөргөсөн. Д.Г Д.О хоёр зууралдаад дэлгүүрээс гарсан. Нэг чулуу гараад бид хоёр луу шидсэн. Дараа нэг чулуу аваад найз Д.О луу шидсэн. Тэгсэн нөгөө чулуу нь Д.Оын зүүн шанаад нь цохиж харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 503 дугаартай:

1.  Д.Оын биед тархи доргилт, зүүн алимны салст, дух, зүүн чамархай, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, хоолой, баруун гуяанд цус хуралт, зүүн хацар зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Д.Оын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938006960474 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Оархи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ чулуу шидэж зүүн нүдний доод хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Оын /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч Ж.Отгончулууны /хх-ийн 12-р хуудас/,  гэрч Д.Ариунгэрэлийн /хх-ийн 16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 503 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хороондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Г нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирлоо нөхөн төлсөн ба хохирогч Д.О нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

Шүүгдэгч Д.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 1938006960474 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1938006960474 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР