| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 105/2020/0223/Э |
| Дугаар | 252 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 252
2020 02 13 2020/ШЦТ/252
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч ЗЖнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн ЗЖд холбогдох эрүүгийн 2006 00528 0252 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
ЗЖ, Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн “Сайнцагаан” суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагын дээд сургуулийн дууны найруулагчийн 3 дугаар курсын оюутан , ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бурхантын 1 гудамжны 28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч ЗЖнь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсрол суваг телевизийн байранд иргэн Б.Энхтүвшинтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ЗЖнь 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Боловсрол суваг” телевизийн байранд иргэн Б.Энхтүвшинтэй маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч З.ЗЖ гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт ЗЖмэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн эмчилгээний зардалд 1 сая төгрөг нөхөн төлсөн” гэх мэдүүлэг[1],
2. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1581 дугаартай “...1. Б.Энхтүвшингийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо... 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт [2],
3. Гэрч Б.Эрхэмбаярын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдрийн он, сарыг санахгүй байна. Би тэр студид гэрэлтүүлэг тавиад, гэрэл янзалж байсан. Би Идэрбат, Энхтүвшин нартай гарч тамхи татчихаад буцаад зураг авч байгаа зааланд ороод ирэх үед Жаргалсайхан миний баруун талаар дайрч орж ирснээ шууд Түвшээгийн нүүр рүү баруун гараараа 1 удаа цохиод авсан. Тухайн үед Түвшээгийн хамарнаас цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Б.Бат-Идэрийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэр өдөр бид нар ажлаа хиж байгаад Эрхэмбаяр, Түвшээ, бид гурав гадаа гарч тамхи татчихаад, би гэрэл асаах гээд цонхоор ороод ирсэн чинь л найруулагч хөөш юу болцгоогоод байгаа юм бэ больцгоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би санд мэнд гараад харсан чинь Түвшээгийн хамарнаас нь цус гарчихсан хамраа гараараа бариад зогсож байсан...”[4]
5. Хохирогч Б.Энхтүвшингийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Тэр өдөр шөнийн 01 цагийн үед би “Боловсрол суваг” телевизийн байрны кино зураг авалтын заалан дотор өөрийнхөө гэрлийн ажлыг хийчихээд зураг авалт эхлэх гээд зогсож байсан чинь тэр газарт дууны найруулагч хийдэг Жаргалсайхан гэдэг залуу намайг чи цаад талын тэр паарыг унтраачихаад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би тоохгүй утсаараа хүнтэй харилцаад байж байсан чинь тэрээр дахиад “хөөе чи унтраачаад ир” гээд байсан. Тэгэхээр нь би урдаас нь чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь өөдөөс “айн” гээд байсан. Тэгэхээр нь би жинхнээсээ сонсохгүй байгаа юм болов уу гэж бодоод дахиад чадахгүй гэж хэлсэн. Тэгээд чи яасан гээд байгаа юм бэ гээд над дээр ирсэн. Тэгэхээр нь би урдаас нь чи өөрөө гар хөлгүй юм уу чи өөрийнхөө ажпыг өөрөө хий гэж хэлсэн. Тэгсэн чинь чи одоо юу гээд байгаа юм бэ би чиний дүү юм уу чиний дүү байснаа санахгүй юм байна лалар минь чи болоогүй шүү гэхээр нь би дахиад хэл дээ лалар минь гэж хэлсэн. Яг тэгээд байж байсан чинь зураг авалт эхэлсэн. Тэгээд зураг авалт эхлэж дуусаад 20-25 минутын дараа Жаргалсайхан дахиад над дээр хүрч ирсэн. Тэгээд дахиад юм яриад хэрэлдэх гээд ирж байгаа юм байхдаа гэж бодсон чинь шууд ирээд миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгээд тэнд байсан хүмүүс болиоч ээ шууд цохичихлоо шүү дээ гээд тэрийг салгаад цаашаа аваад явсан. Тэгээд манай найруулагч бацаануудаа ингэхгүй шүү, яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд би хамарнаас цус гарсан болохоор цаасаар дараад цусаа тогтоох гэж угаалгын өрөө ороод толинд харсан чинь миний хамар далийсан байсан” гэх мэдүүлэг[5] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч З.ЗЖ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардалд 1 сая төгрөг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч ЗЖэрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.ЗЖ нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.ЗЖг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан З.Жаргалсайханд анхааруулсан.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ЗЖыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ЗЖыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан З.ЗЖ цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан З.Жаргалсайханд анхааруулсугай.
5. Ялтан ЗЖнь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Ялтан З.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 15-16 дугаар тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар тал