| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0020/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 22
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: А.Са,
Иргэний нэхэмжлэгч: Г.Ө, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч: Г.М,
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгч: Э.Ам,
Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Ам-д холбогдох 1928001740126 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Оршдос ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Э-ийн Ам, регистрийн дугаар:..................................,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр багийн нутаг морь бариа явах засмал зам дээр Тоёота Ланд Круйзер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Г.Ө-ийн эрүүл мэндэд хөнгөн, З.Ж, Х.Ит, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн, Н.Га, А.Са нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Ам-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Ам шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Са шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед өөрийнхөө биед учирсан гэмтлийн зардлыг авчихсан байгаа. Хүүхдээ үзүүлж харуулаад төлбөр мөнгийг нь авчихсан байгаа. Эрүүл мэндийн хувьд тархины гэмтэл нь одоогоор илрэхгүй ч гэсэн цаашдаа илрэх магадлалтай гэж үзэж байгаа.
Иргэний нэхэмжлэгч Г.Ө шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Одоо авсан болон аваагүй нэхэмжлэлүүдээ ярьж нэхэмжилнэ. Нийт тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 11 дүгээр сарын 20-ны сүүлийн дүгнэлтээр 2.201.000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон байгаа. Эмчилгээ, эм тариатай холбоотой 249.250 төгрөгийн зардал гарсан. Шүүхийн шинжилгээний төлбөр 8000 төгрөг, эмчлүүлэхтэй холбоотой гарсан шатахууны зардал 63.720 төгрөг, ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор хохирол учирсан. Миний ажил онцлогтой. Өглөө очоод нэг байгууллага дээр суудаггүй. Өдөрт 25-30 дэлгүүр хэсэж, маршрутын дагуу явдаг. Энэ талаар байгууллагын захиргаа хүний нөөцийн газрын дарга тодорхойлолт хийлгэж хэрэгт өгсөн. Мөн тухайн байгууллагатай ажиллаж байгаа. Ажил үүргээ явуулж байгаа гэдгээрээ 2019 оны нийгмийн даатгалаа бүрэн эхээр нь Түц машинаас гаргуулж өгсөн. Машин түрээслэхгүй бол миний ажил нэг ч өдөр явах боломжгүй. 07 дугаар сарын 10-ны өдөр осол гараад Говийн нүүдэлчний өргөө баазад очсон. Тэнд манай төвөөс захирал ирсэн байсан учир би албан үүргээ гүйцэтгэж явсан. Цаашаа бааз дээр очиход манай эгч ирчихсэн байсан. Маргааш нь ажлаа хийх гэхэд надад машин байхгүй учир эгчийнхээ машиныг өдрийн 20.000 төгрөгөөр тохироод өнөөдрийг хүртэл унаж байгаа. Түрээсийн зардлын мөнгийг 4 баримтаар гаргаж өгсөн байгаа. Эхний удаа 09 дүгээр сарын 10-нд 1.200.000 төгрөг төлсөн. 07 дугаар сарын 21 хоног, 08 дугаар сарын 31 хоног, 09 дүгээр сарын 10 хоног гээд 62 хоногийг би 07 дугаар сарын 10-наас 09 дүгээр сарын 10-ныг хүртэл гэж хэлэхэд 2 хоног дутуу байна гэсэн асуудал гарсан. 10 дугаар сарын 10-нд төлсөн мөнгөн дээрээ 09 дүгээр сарын үлдсэн 20 хоног, 10 дугаар сарын 10 хоног гээд 32 хоногийн 640.000 төгрөг төлсөн. Тэгээд 11 дүгээр сарын 20-нд 40 хоногийн мөнгө гээд нийт 3.740.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байгаа. Надад нийт учирсан хохирол 6.261.970 төгрөгийн хохирол учирснаас 2.200.000 төгрөгийг Ам надад өгсөн байгаа. Одоо 4.061.970 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс гадна үнэлгээгээр тогтоогдоогүй зүйл үлдсэн байгаа. 2 дахин үнэлгээ хийлгэхэд машины үнэлгээг бүрэн тогтоогоогүй. Одоо хүртэл миний машин засвараас гараагүй. Сүүлийн хамтарсан үзлэгээр гар хугарсан байна гэсэн. Гарыг нь хийлгэхэд машин зүгээр болно гэж надад хэлсэн. Би гарыг нь олж ирээд хийлгэхэд тэнхлэг нь мурийсан гарыг нь холбох боломжгүй гэсэн. Одоо ч миний машины нэг гар нь сул тавиатай байгаа. Ам надад би өөрөө тэнхлэгийг нь авчраад солиод өгье гэсэн. Тэнхлэгийг нь солиод өгчихвөл машин бүрэн бүтэн болчих болов уу гэсэн бодолтой байна. Машин чухал хэрэгтэй байсан хүнийг унаагүй болгоод, бие маш их өвдсөн. Одоо ч толгой байнга өвчтэй, байнга өвчин намдаах эм ууж явж байгаа. Маш их гомдолтой байгаа.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Иргэний нэхэмжлэгчийн хувьд ямар нэг нэхэмжилсэн зүйл байхгүй. Иргэний хариуцагчийн хувьд Ө-ийн хохирлыг манай компаниас төлөх хүсэлгүй байгаа. Би Ам-гийн гэр бүлийн хүн. Бид 2 хамт Ө-тэй үнэлгээний газар очиж уулзсан. Таныг хохиролгүй болгоно, таны машиныг шинэ юм шиг болгож, сэв зураасгүй, шинэ сэлбэг авч өгье хурдан шуурхай янзалж өгье гэж хэлсэн. Хэрвээ тэр үед янзлуулчихсан байсан бол журмын хашааны мөнгө болон машин түрээслэх мөнгө хамаагүй бага гарах байсан байх. Тиймээс тэр мөнгийг бүрэн төлөх хүсэлгүй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Га мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар 10-ны өдөр байх өөрийн эзэмшлийн Приус 10 маркийн 16-39 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр манай бэр А, Агийн охин Са, мөн Са-ын 11 сартай Ж, 3 настай Ма, О гэдэг миний төрсөн дүү, 8 настай И нарын хамт Хүрмэн сумаас хамт гараад Даланзадгад сумын Дундсайханы 8-43 тоотод хүү А-ын гэрээр орж уулзчихааад Баяндалай сум руу явдаг засмал замаар ууланд очиж амрах гээд үдээс хойш 18 цагийн үед явж байсан. Тухайн үед Пост арай ороогүй байсан. Тэгтэл яг миний урдаас урсгал сөрөөд хар бараан өнгийн жийп машин яг мөргөх гээд ирэхээр нь би замын баруун гар тал руугаа шахаад зогсож байтал өөдөөс ирж байсан хар бараан өнгийн жийп авто машин миний машины зүүн гар талаас хамж мөргөөд явсан. Тэгээд би сандраад буугаад хартал миний машины ар талд бас нэг машиныг мөргөөд засмалын баруун гар талд гараад зогсчихсон байсан. Миний машины зүүн гар талын хаалга, кирло, копуд гэх мэт эд ангиуд эвдрэлтэй байсан. Цаг агаар нартай хэвийн үзэгдэх орчин сайн байсан. Миний эмчилгээнд нийт 305.000 төгрөгийн зардал гарсан. Энэ эмчилгээг Ам төлсөн байгаа. 3.500.000 төгрөг өгч миний машины хохирлыг Ам бүрэн барагдуулсан. Надаа гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 22-24-р хуудас/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Са мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байх ойролцоогоор 20 цагийн үед намайг Дундсайханы 8в-10 тоот гэртээ байж байхад манай аавын эгч Г өөрийн Приус-10 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай ээж А, Га эгчийн дүү От, мөн И гээд хүүхдийн хамт ирээд тэгээд би бага хүү 11 сартай Ж, манай том охин Маг аваад Га эгчийн машинд суугаад ууланд очиж нэг хоног амрахаар явсан. Тэгээд бид нар Даланзадгад сумаас Баяндалай сум явдаг засмал замаар явж байхад Ланд маркийн жийп машин урсгал сөрж орж ирээд бид нарын сууж явсан машиныг мөргөсөн. Тухайн үед хэсэг зуур самгардаад яг хаана яаж мөргөсөн гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд зам тээврийн ослын дараа миний бага хүүхэд Ж-ын толгойноос нь цус гарчихсан байсан. Миний 3 хавирга хугарсан, мөн толгой хөдөлсөн. Одоо биеийн байдал гайгүй, хааяа хавирга бага зэрэг өвдөнө. Манай хүү Ж тархины гавлын ясандаа цууралттай байсан. Одоо биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Манай том охин М-гийн уруул нь жоохон хөхөрчихсөн байсан. Өөр бэртсэн зүйлгүй байсан. Нийт 400.000 орчим мянган төгрөгийн эмчилгээ болон эм тариа авсан. Ж-ын эмчилгээний болон эм тарианы зардлыг Ам-гийн талаас гаргасан болохоор тэрийг би сайн хэлж мэдэхгүй байна. Миний хохирол болох 400.000 орчим мянган төгрөгийг барагдуулаад мөн Ж-рыг хүүхдийн эмчид үзүүлээд дахин нарийн шинжилгээ болон эмчилгээ хийх шаардлагагүй гэх юм бол надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Эмчилгээний зарцуулсан зарлагын баримт байгаа, эм тарианы зарлагын баримт байхгүй. /хх-ийн 27-28-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний унаж явсан авто машин Даа хүрээ техникийн захаас 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 18.800.000 төгрөгөөр худалдаж авсан машин байсан учраас би засуулмааргүй байна. Миний хувьд би тэр машиныг засуулж авмааргүй байна. Өөрийн 17-93 УБА улсын дугаартай Toyota Rush маркийн тээврийн хэрэгслийн 18.800.000 төгрөгийг Ам-гаас гаргуулж аваад машинаа Ам-д өгнө. Бас 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс эхлээд одоог хүртэл манай төрсөн эгч Г.Ц-д өдөрт 20.000 төгрөг өгч түрээсэлж байгаа мөнгөө нэхэмжилнэ. Одоогоор энэнээс өөр зүйл байхгүй байна. Тухайн осол болох үед толгойгоороо машин доторх зүйлийн аль нэгийг нь мөргөснөөс болоод толгой өвдөж байна. Мөн гар хөхөрчихсөн байсан. Одоо шуугаар дагаж өвдөнө. Тэгээд дандаа өвчин намдаах эм тариа хэрэглэсэн. Мөн зүрх өвчтэй учраас зүрхний эм тариа хэрэглэсэн. Тэр баримтуудаа гаргаж өгнө. /хх-ийн 36-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Өл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай ломбардаас 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Га-ийн төрсөн хүү Г нь манай компаниас 1.800.000 төгрөгийн зээл аваад 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлээ төлж дуусгаад зээлээ төлж дуусгасан гэсэн албан бичиг аваад явсан. Тэгээд одоо хүртэл нэрээ шилжүүлж аваагүй юм байна. 16-39 ӨМҮ улсын дугаартай авто машинаа барьцаалан тавьсан зээлээ бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 221-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Захирал Эрдэнэсүх Ам-гийн төрсөн эцэг, Туяа гээд зөвлөх инженер, Энхтуяа ХАБ-н инженер, цахилгааны инженер Оюунгэрэл тэгээд би байгаа. Туяа гээд зөвлөх инженер нь Ам-гийн төрсөн ээж, Энхтуяа гээд ХАБ-н инженер нь Ам-гийн ээжийнх нь төрсөн дүү. Цахилгааны инженер Оюунгэрэл нь ямар нэгэн хамааралгүй манай компанид давхар ажил хийдэг хүн байдаг. Уг 58-30 ӨМА улсын дугаартай Ланд-105 маркийн авто машиныг Ам хариуцаж унадаг. Тэглээч манай компанийн захирал Л.Э нь Ам-гийн төрсөн эцэг. Манай захирал 3 удаа харвачихсан сайн ярьж чаддаггүй хүн байдаг. Тэгээд Ам үйл ажиллагааг нь явуулдаг болохоор манай компанийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 223-р хуудас/
Иргэний хариуцагч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Баяндалай суманд манай компани нэг тоглоомын талбай хийж байсан болохоор газар шороо тэгшлэх хүмүүстэйгээ уулзах гээд явж байсан. Ам манай “Оршдос” ХХК-д 2010 оноос эхлэн ажиллаж байгаа. Ам бид хоёр хамт амьдраад 12 жил болж байгаа. Эхнэр нөхрийн харилцаатай. /хх-ийн 226-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б. А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Миний хохирол болох 185.650 төгрөгийг төлж барагдуулсан. Зүүн нүд хавдсан, баруун нүдний торлог нь зүсэгдсэн байсан тэгээд одоо бол миний биеийн байдал хэвийн байгаа.Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр бид нар хамаатан садангуудаараа ууланд очиж хонох гэж байсан тэгээд Даланзадгад сумаас Баяндалай руу явах засмал замаар явж байтал гэнэт нэг юм хүрж ирээд мөргөх шиг тэгээд бүгд хэсэг хугацаанд шоконд орсон байсан тэгээд удалгүй бид нарын араас ирж байсан нэг машин эмнэлэг рүү явсан. Би жолоочийн арын суудалд суугаад явж байсан. /хх-ийн 30-31-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Одоогоор хүүхэдтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Яваандаа уг ослын улмаас ямар нэгэн биед нь өөрчлөлт орвол тухайн үед нэхэмжлэл гаргана. Ам эм тариа болон үзүүлсэн бүх мөнгийг нь гаргасан болохоор хүүхдийн эмчилгээний төлбөртэй холбоотой баримт байхгүй. /хх-ийн 34-р хуудас/
Хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Е.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжлэх зүйл байхгүй. Ам Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардлыг бүгдийг нь гаргасан болохоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. /хх-ийн 41-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Х.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Га эгч, О ах, Са эгч, А эгч бас хүүхдийн хамт Даланзадгад сумаас уул руу очиж хонохоор явж байтал нэг машин бид нарын сууж явсан машиныг мөргөсөн. Тэгээд тэрнээс хойших зүйлийг сайн мэдэхгүй байна. Хамраас цус гоожоод байсан. /хх-ийн 39-р хуудас/
Гэрч Т. О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын дундуур нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг барих тендерийн ажлыг хариуцан авсан. Баяндалай сумын тендерийг би зарлаж шалгаруулаад манай ажлыг хариуцан авсан учраас Ам-тай ажил хэргийн харилцаатай болсон. Ам нь 2010 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед Баяндалай суманд ирж нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид хийгдэх талбайн газар тэгшлэх ажил дээр ирж санал солилцож ногоон байгууламжийн ажил ямар байдалтай явж байгаатай танилцаад 17 цаг өнгөрч байхад буцаад явсан. /хх-ийн 42-р хуудас/
Гэрч Н.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Ган, Са хоёр хүүхэдтэйгээ, И, А, бид нар 20 цагийн үед ууланд очиж амрахаар Г эгчийн машинтай явж байхад пост орохоос өмнө хар хөх өнгийн жийп машин урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Тэгээд миний ухаан санаа балартаад хэсэг хугацаанд шоконд орчихсон байж байгаад ухаан орсон чинь бид нарыг мөргөсөн машин ард бас нэг машин мөргөсөн замын хажуу руу буугаад зогсчихсон байсан. Г машин барьж явсан. Са, Ж-рын хамт урд талын суудал дээр, А жолоочийн ар талын хамгийн захад, түүний хажууд Са-ын охин Ма сууж явсан. Магийн хажууд би сууж явсан миний хажууд И сууж явсан. /хх-ийн 43-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №432 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4. С.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 51-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №516 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4.5. Н.О-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 72-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ө-гийн биед тархины доргилт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид гэмтэл нь хөнгөн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №430 дугаар шинжээчийн дүгнэлтэд: З. Ж-ын биед тархины доргилт, гавлын баруун талын чамархай-зулай ясанд цууралт, толгойн орой, дагз, дух, баруун шанааны зулгаралт, дээд уруулын салстын язрал, баруун бугалга, дахь цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 55-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №434 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.И-ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхгүй. /хх-ийн 57-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07дугаар сарын 19-ний өдрийн №435 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б. А-гийн биед тархи доргилт,баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүсчээ. Баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтлийн улмаас нүдний хараа VOD=0.4 болж буурчээ. Дээрх гэмтэл нь хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Баруун нүдний эвэрлэг гэмтлийн улмаас 0.4 болж буурсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.3.34 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. /хх-ийн 64-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Са-ын биед тархи доргилт, баруун талын 3 хавирганы хугарал, цээж, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, зүүн шуу, гуяны жижиг эсгэгдсэн шарх гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхгүй. /хх-ийн 66-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Г-гийн биед өвчүүний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 68-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-А. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Тоёота ланд крузер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Ам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. Мөн дүрмийн 3.7 а/ дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөний осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.
Хариул-Б. Хавтаст хэрэгтэй танилцахад Тоёота ланд крузер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э овогтой Ам нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а дахь заалтуудыг зөрчсөн байна.
Хариулт-В. Хавтаст хэрэгтэй танилцахад Тоёота приус маркийн 16-39 ӨМА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Н овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.
Хариулт-Г. Хавтаст хэрэгтэй танилцахад Тоёота rush маркийн 17-93 УБА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г овогтой Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.
Хариулт-Д. Зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. /хх-ийн 69-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 844 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Prius-10 маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 2.610.000 төгрөг гэжээ. /хх-ийн 59-62-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 852 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Rush маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 1.813.000 төгрөг гэжээ. /хх-ийн 74-77-р хуудас/
Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 461 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Rush маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 2.201.000 төгрөг гэжээ. /хх-ийн 230-232-р хуудас/
Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 461 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota land cruiser 105 маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 1.645.000 төгрөг гэжээ. /хх-ийн 234-236-р хуудас/
АТҮТӨВ Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-а. Toyota Rush маркийн 17-93 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түр саатуулах хашаанд очиж нүдээр үзлэг хийхэд: зүүн гар талын урд болон хойд кирлон зүүн гар талын хоёр хаалга, кобудын урд хэсэг, урд губерын гол хэсэгт хонхойж хагарсан, хойд тэнхлэгийн зүүн гар талын гүүшингийн суурь ханзарч салсан, зэрэг эвдрэл гэмтлүүд ажиглагдлаа. б/ Уг зам тээврийн ослын улмаас 1793 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд: зүүн гар талын урд болон хойд кирлон зүүн гар талын хоёр хаалга, кобудын урд хэсэг, урд губерын гол хэсэгт хонхойж хагарсан, хойд тэнхлэгийн зүүн гар талын гүүшингийн суурь ханзарч салсан, зэрэг эвдрэл гэмтлүүд үүссэн гэж үзэж байна. /хх-ийн 159-р хуудас/
АТҮТӨВ Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11/03 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Хариулт-а. Toyota Rush маркийн 17-93 УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нүдээр үзлэгийг дахин хийхэд: зүүн талын урд болон хойд кирлон зүүн талын хоёр хаалга дундуураа зурагдсан, хонхойсон, кобудын урд хэсгийн голд хонхойсон, урд губерын гол хэсэгт хагарсан, хойд тэнхлэгийн зүүн талын пүршний суурь буюу гарны втулкны гогцоо сэнж тасарсан зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. /хх-ийн 228-р хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд: Э.Ам нь 1,94 хувийн согтолттой байсан. /хх-ийн 96-р хуудас/
Шүүгдэгч Э.Ам мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед Даланзадгад сумаас өөрийн эзэмшлийн 58-30 ӨМА улсын дугаартай Ланд-105 маркийн авто машинаар Баяндалай сум руу Ц гээд “Дарданговь” ХХК-н менежертэй уулзахаар яваад очтол байхгүй байхаар нь би Баяндалай сумын тамгын дарга О-тай уулзаж ажил ярьчихаад Баяндалай сумын овоон дээрээс би аймаг руу От сум руугаа явсан. Тэгээд би аймаг руу ирж явах замдаа осол болохоос 15 орчим км-ийн өмнө машинд байсан 4 пиво байсныг бүгдийг ууж дуусгачихаад тэгээд би Даланзадгад сум руу явж байгаад пост өнгөрөөд утсаа оролдож байгаад унагаагаад утсаа авах гээд хажуу тийшээгээ болтол би машин мөргөсөн тэгээд би мөргөлдсөнөөсөө хойш сайн санахгүй байна. Нэг ухаан ороод хартал 2 машин мөргөлдсөн байсан. Ганцаараа 0.5 литрийн лаазтай пиво уусан.Тиймээс би хохирлоо бүрэн барагдуулсан. Ө-гээс бусдыг нь барагдуулсан. Ө нь үнэлгээгээр гарж ирсэн хохирлыг барагдуулаад өгье гэсэн боловч Ө би засвартай машин унахгүй чи миний машиныг авсан үнээр нь худалдаж ав гэсэн. Надад тухайн машиныг худалдан авах боломж байхгүй байгаа учраас хохиролтыг нь барагдуулаагүй байгаа. Осол болсны дараа 3 билүү 4 хоногийн дараа нэг уулзсан бас Ашид билгүүн үнэлгээний газар дотор уулзсан. Би өөрийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гаргасандаа харамсаж байна гэхдээ би хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг барагдуулсан харин Өлзийсүрэнгийн үнэлгээгээр гарсан хохирлыг төлөх хүсэлтэй байна. /хх-ийн 92-93-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-15-р хуудас/
Эвлэрлийн гэрээ /хх-ийн 117, 121, 125-р хуудас/
Автомашин түрээслэх тухай гэрээ /хх-ийн 139-р хуудас/
Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 118-120, 122-124, 127-128, 192-200-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 94, 100-106, 109-112, 131, 133- 134, 191, 246-247-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Ам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр багийн нутаг морь бариа явах засмал зам дээр Тоёота Ланд Круйзер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7а, 1.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Н.Гангаамаа, А.Са нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота ланд крузер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Ам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”. Мөн дүрмийн 3.7 а/ дахь хэсэгт “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөний осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна. Тоёота ланд крузер маркийн 58-30 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэсүх овогтой Ам нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 3.7 а дахь заалтуудыг зөрчсөн /хх-ийн 69-р хуудас/ гэснээр шүүгдэгч Э.Ам нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Га, А.Са нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 429 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Н.Г-гийн биед өвчүүний далд хугарал гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 68-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.Са-ын биед тархи доргилт, баруун талын 3 хавирганы хугарал, цээж, зүүн бугалга, баруун шилбэний цус хуралт, зүүн шуу, гуяны жижиг эсгэгдсэн шарх гэмтлүүд үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 66-р хуудас/ гэснээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промил (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Э.Ам нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ уг гэмт хэргийг үйлдсэн болох нь: Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд: Э.Ам нь 1,94 хувийн согтолттой байсан. /хх-ийн 96-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Ам-гийн үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Г.Ө, З.Ж, Х.И, Б.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 433 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Ө-гийн биед тархины доргилт, баруун тохойн зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 53-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 430 дугаар шинжээчийн дүгнэлтэд: З. Ж-ын биед тархины доргилт, гавлын баруун талын чамархай-зулай ясанд цууралт, толгойн орой, дагз, дух, баруун шанааны зулгаралт, дээд уруулын салстын язрал, баруун бугалга, дахь цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 55-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 434 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Х.И-ийн биед хамар ясны хугарал, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 57-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 435 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б. Агийн биед тархи доргилт,баруун нүдний эвэрлэгийн урагдсан шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын цус хуралт гэмтэл үүссэн. Баруун нүдний эвэрлэгийн урагдал гэмтлийн улмаас нүдний хараа VOD=0.4 болж буурчээ. Дээрх гэмтэл нь хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байна. Баруун нүдний эвэрлэг гэмтлийн улмаас 0.4 болж буурсан гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.3.34 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. /хх-ийн 64-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Ө, З.Ж, Х.И, Б.А нар нь эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь эрүүгийн гэмт хэргийн шинжгүй зөрчлийн хэргийн шинжтэй байх боловч эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн С.Б, Н.О нарын эрүүл мэндэд гэмтэл тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 432 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4. С.Б-ын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 51-р хуудас/ гэснээр, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 516 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.2.3.4.5. Н.Отгон-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 72-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шаардах эрхтэй байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Га нь мөрдөн байцаалтын шатанд “... Миний эмчилгээнд нийт 305.000 төгрөгийн зардал гарсан. Энэ эмчилгээг Ам төлсөн байгаа. 3.500.000 төгрөг өгч миний машины хохирлыг Ам бүрэн барагдуулсан. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-ийн 22-24-р хуудас/ гэснээр шүүгдэгч Э.Ам-г хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Га-д төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Са нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед өөрийнхөө биед учирсан гэмтлийн зардлыг авчихсан байгаа. Хүүхдээ үзүүлж харуулаад төлбөр мөнгийг нь авчихсан байгаа. Эрүүл мэндийн хувьд тархины гэмтэл нь одоогоор илрэхгүй ч гэсэн цаашдаа илрэх магадлалтай гэж үзэж байгаа” гэж мэдүүлж байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Са нь өөрийн хүүхэд Б.Жавхланбаярын эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарах зардлыг гэм буруутай этгээд болох Э.Ам-гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч Е.Ту, Б.А нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Э.Ам-г иргэний нэхэмжлэгч Е.Ту, Б.А нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Га-гийн эзэмшлийн Тоёота приус-10 маркийн автомашинд 2.610.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 844 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Prius-10 маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 2.610.000 төгрөг гэжээ. /хх-ийн 59-62-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Г.Ө-гийн эзэмшлийн Тоёота rush маркийн автомашинд 2.201.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 461 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota Rush маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 2.201.000 төгрөг гэжээ. /хх-ийн 230-232-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Иргэний нэхэмжлэгч Г.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн төлбөрт 6.261.970 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод И-ээр үнэлж, иргэний нэхэмжлэгч Г.Ө-гийн иргэний нэхэмжлэлээс 1.673.720 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт шүүгдэгч Э.Ам, иргэний хариуцагч “Оршдос” ХХК нараас 1.836.550 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулан олгохоор шийдвэрлэв. Учир нь:
Шүүгдэгч Э.Ам нь Оршдос ХХК-нд инженерээр ажилладаг болох нь Оршдос ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт Эрдэнэсүх овогтой Ам нь Оршдос ХХК-д барилгын инженерээр ажилладаг нь үнэн болно.” /хх-ийн 139-р хуудас/ гэх албан тоотоор тогтоож байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгээр “...шүүгдэгч Э.Ам нь байгууллагын албан ажлаар явж байсан гэх тайлбар гаргасан зэргийг үндэслэн бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт ...ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ...” гэж заасны дагуу иргэний хариуцагч Оршдос ХХК-иас гэм хорын хохирлыг тодорхой хэмжээгээр гаргуулж, шүүгдэгч Э.Ам нь энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн өөрийн гэм буруутай үйлдэл байх тул иргэний нэхэмжлэгч Г.Ө-гийн хохирол хор уршгийн төлбөр 1.836.550 төгрөгийг шүүгдэгч Э.Ам, иргэний хариуцагч “Оршдос” ХХК нараас тэнцүү хэмжээгээр гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Хавтаст хэргийн 139 дүгээр хуудсанд Автомашин түрээслэх тухай гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Түрээслэгч машиныг дараах зорилгоор ашиглана: Өдөр тутмын албан ажлын хэрэгцээнд ашиглана” гэж заасан байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Өмнөговь аймагт 3 дахь өдөр архи согтууруулах ундааны зүйл зарахыг хориглосонтой холбоотойгоор би амардаг” гэсэн мэдүүлэг өгсөн тул 7 хоногийн ажлын 4 хоногоор тооцож түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлтэй байна.
Үүнд: 7 дугаар сард 12 хоног, 8 дугаар сард 22 хоног, 9 дүгээр сард 20 хоног, 10 дугаар сард 22 хоног, 11 дүгээр сард 19 хоног, 12 дугаар сард 20 хоног, 1 дүгээр сард 28 хоног, нийт ажлын 143 хоногийг 20.000 төгрөгөөр бодоход 2.860.000 төгрөгийн түрээсийн төлбөр гарч байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслүүдийг 08 дугаар сарын 06-ны өдөр хохирогч нарт буцаан олгох боломжтой гэсний үндсэн дээр хураагдсан тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарыг буцааж авахыг шаардсан. Тухайн өдөр бусад хохирогч нар машинаа хүлээж авсан боловч иргэний нэхэмжлэгч Г.Ө нь “машинаа би буцааж авахгүй шинэ машин авна” гэх үндэслэлээр журмын хашаанд тодорхой хугацаанд авахгүйгээр байлгасан ба иргэний нэхэмжлэгчийн хувьд журам зөрчсөн үйл ажиллагаа учир өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдад учруулж байгаа төлбөрийн тодорхой хувийг хариуцах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж 08 дугаар сарын 06-наас 11 дүгээр сарын 19-ний хоорондох түрээсийн төлбөрийг ажлын 73 хоногоор тооцож, 20.000 төгрөгөөр бодоход 1.460.000 төгрөгийн түрээсийн төлбөр гарч байх бөгөөд үүнийг шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь 50 /50 хувиар буюу тэнцүү хэмжээгээр хариуцаж тус бүр 730.000 төгрөгийн төлбөрийг хариуцах нь зүйтэй гэж үзэн, 2.860.000 төгрөгийн түрээсийн төлбөрөөс 730.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч хариуцах нь зүйтэй гэж үзсэн тул хасч шийдвэрлэв.
Мөн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс эм тарианы 249.250 төгрөг, шүүхийн шинжилгээний 8000 төгрөг, нотариатын зардал 15800 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзсэн ба Г.Өгийн машины журмын хашааны төлбөрт дээрх хугацаанд төлсөн төлбөр болох 566.500 төгрөгийг нийт төлбөрөөс хасч шийдвэрлэсэн болно.
Иймд илүү нэхэмжилсэн сар бүрийн түрээсийн төлбөр 1.610.000 төгрөг, эмчлүүлэхтэй холбоотой гарсан бензиний 63.720 төгрөг нь өрхийн эмнэлэгт үзүүлсэн цаг хугацаатай тохирохгүй ажлын бус шөнийн цагаар бензин авсан төдийгүй уг бензинийг иргэний нэхэмжлэгч Г.Ө авсан гэх нотлох баримт байхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч нар нь машины тэнхлэг засах шаардлагатай байгаа бөгөөд уг асуудлыг хоорондоо зохицсон гэх үндэслэлээр тайлбар гаргасан учир шүүх энэ асуудалтай холбогдуулж шийдвэр гаргаагүй болно.
Тоёота приус маркийн 16-39 ӨМА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Н.Га, Тоёота rush маркийн 17-93 УБА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г.Ө нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болох нь: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тоёота приус маркийн 16-39 ӨМА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Нанжид овогтой Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Тоёота rush маркийн 17-93 УБА улсын дугаарын тээврийн хэрэгслийн жолооч Г овогтой Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Зам тээврийн осол гарахад зам, замын байгууламж нөлөөлөөгүй байна. /хх-ийн 69-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Оршдос ХХК-ийн эзэмшлийн Toyota land cruiser 105 маркийн тээврийн хэрэгсэлд 1.645.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 461 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайланд: Toyota land cruiser 105 маркийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоосон дүн: 1.645.000 төгрөг гэжээ. /хх-ийн 234-236-р хуудас/ гэснээр тогтоогдож байх бөгөөд иргэний нэхэмжлэгч Г.М нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Иргэний нэхэмжлэгчийн хувьд ямар нэг нэхэмжилсэн зүйл байхгүй” гэснээр шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Г.Ми-д төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ам-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө завсарлага авч, иргэний нэхэмжлэгч Г.Ө-д 1.673.720 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Оршдос” ХХК болон шүүгдэгч Э.Ам нар нь тус бүр тэнцүү хэмжээгээр буюу 918.275 төгрөгийг тус тус төлж, бүрэн төлж барагдуулсан тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, “Оршдос” ХХК-нд инженерээр ажилладаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагч: Шүүгдэгч Э.Ам-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь ял шалгах хуудсаар тогтоогдож байгаа. Мөн 1.2-т гэмт хэрэг үйлдэгдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн. Энэ нь хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, эвлэрлийн гэрээгээр тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Иймд манай үйлчлүүлэгчийн хувийн байдал болон хохирол төлбөрөө барагдуулсан, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал гаргав.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал буюу тухайлбал үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасны дагуу шүүгдэгч Э.Ам-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №485098 дугаартай B, C ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахыг даалгаж, шүүгдэгч Э.Ам нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Амд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Ам-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.Ам-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ам-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ам нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Ам-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №485098 дугаартай B, C ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахыг даалгасугай.
5. Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч Өлзийсүрэнгийн нэхэмжлэлээс 1.673.720 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Ам-гаас 918.275 төгрөг, иргэний хариуцагч “Оршдос” ХХК-иас 918.275 төгрөг тус тус гаргуулан шийдвэрлэснийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нар төлсөн, шүүгдэгч Э.Ам машин эвдэрсний зардал 2.200.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Г.Ө-д төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Са нь өөрийн хүүхдийн эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Э.Ам нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч болон иргэний хариуцагч нар нь хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ам-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА