Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 18

 

             Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун даргалж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа, шүүгч Г.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

             Нэхэмжлэгч: ........... аймгийн ........... сумын ....... дугаар багийн иргэн Э-ын И-ийн нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй” байгааг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх, ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад Э.Идэрцэцэг миний биеийг “Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ээр томилохыг даалгах, Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгох, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.И, түүний өмгөөлөгч У.Болдхүү, хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням, иргэдийн төлөөлөгч Б.Оюунтуяа, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Э.И шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.И миний бие 2013 оноос эхлэн Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс /хуучин нэршлээр/ одоогийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, ажиллах хугацаандаа байгууллагын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээ “А” үнэлгээгээр дүгнүүлж байсан. Мөн тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагын аварга ажилтнаар хүртэл шалгарч үр бүтээлтэй ажиллаж ирсэн.

            Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь аймгийн Засаг даргын 2013 оны А/154 дүгээр захирамжаар 14, 2015 оны А/262 дугаар захирамжаар 16, 2017 онд А/58 дугаар захирамжаар 17 орон тоотой болж, бүтэц орон тооны хувьд тэлж ирсэн. Гэвч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Балжинням нь бүтэц хийгдэхээс өмнө буюу ямар орон тоо нь хасагдах, ямар нь хэвээр хадгалагдан үлдэх нь тодорхойгүй байх үед, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бүх ажилчдад мэдэгдэл хүргүүлж, хариу тайлбар ирүүлэхийг шаардсан.  Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрийн захиргааны менежерээр мэргэшсэн тул байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ингээд миний хүсэлтэд хариу өгөхгүй явсаар 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамж гарснаас хойш 2 хоногийн дараа  2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ингээд надад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааны алийг ч эдлүүлээгүй. Хэдийгээр надад 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгох талаар тушаал дээрээ заасан ч би уг асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Миний бие ажил мэргэжлийн хувьд өөрийн байгууллагадаа өөр албан тушаалд шилжин ажиллах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь дээр дурьдсанчлан манай байгууллагын бүтэц орон тоо өмнөхөөсөө нэмэгдсэн бөгөөд урьд ажиллаж байсан төрийн 4 албан хаагчаас гурвыг нь, төрийн үйлчилгээний албан хаагч нэгийг нийт дөрвөн хүнийг ажлаас чөлөөлсөн байгаа юм. Миний бие тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа орон нутагтаа олон удаагийн хүүхэд гэр бүл хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсээр ирсэн. 2017 оны 7 дугаар сард Сүхбаатар аймагт зөвхөн хүүхдийн оролцоогоор төдийгүй, гэр бүлийн сургалт мэдээллийг маш үр дүнтэй өгсөн. Мөн тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа салбар салбарын залуучуудыг нэгтгэж, залуучуудын холбоог байгуулж байсан ба орон нутагтаа зохион байгуулсан хамгийн том арга хэмжээ нь 50 цэрэгтэй плашмобыг зохион байгуулсан. Би төрийн албан хаагчийн үндсэн үүргээ хэрэгжүүлэхийг хүсч байна.

             Иймд шүүхээс хүсэхэд Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй” байгааг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх, ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ”Ажилд томилох тухай” 11 дүгээр тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад Э.Идэрцэцэг миний биеийг “Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтэн”-ээр томилохыг даалгах, Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгох, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүсч байна гэв.

             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Болдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.И нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд тухайн хүсэлтэд байгууллагын зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заагаагүй үндэслэлээр ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөхгүй, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд тэргүүн ээлжинд өөр ажил албан тушаалд шилжин ажиллах, хоёрдугаарт Төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар мэргэших, энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалын цалин хөлс авах баталгаагаар хангагдах эрхтэй бөгөөд дээрх баталгаагаар хангагдах боломжгүй тохиолдолд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож, ажлаас чөлөөлөх зохицуулалтыг захиргаа хэрэглэх эрх зүйн зохицуулалт тусгагджээ.

             Дээрх байгууллагын зүгээс нэхэмжлэгчид Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан төрийн албан хаагчийн нэмэлт баталгааг эдлүүлээгүй эс үйлдэхүй харагдаж байна. Э.И-ийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бүтцийн өөрчлөлт болон орон тоо хасагдсан гэх үндэслэлээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргын 05 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан заалтыг ажил олгогч нэхэмжлэгчид хангаж өгөөгүй. Э.И нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан үндэслэлийг хангасан төрийн албан хаагч байсан юм. Тус байгууллага нь төрийн захиргааны албан хаагчийн ажлын байрны тоо 4 байсныг 6 болгож өөрчилсөн. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нь Э.И-ийг ажлаас чөлөөлөхдөө гурван төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн. Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллага сонгон шалгаруулалт зарлах тухай хүсэлтийг аймгийнхаа Төрийн албаны зөвлөлд хүргүүлэх ёстой байсан боловч мөн дээрх үйлдлийг зөрчсөн. Түүнчлэн төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэнийг төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалд томилох ёстой боловч дээрх ажиллагааг хэрэгжүүлэлгүйгээр дур мэдэн шаардлага хангаагүй иргэдийг ажилд авсан байдаг. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхийн өмнө мэдэгдэх хуудсыг тухайн ажилтанд өгөх ёстой байдаг боловч мөн тухайн ажиллагаа хийгдээгүй. Э.И нь ажлаас чөлөөлөгдөөд удалгүй өөр албан тушаалд намайг томилж өгнө үү гэсэн утга бүхий саналыг бичгээр даргадаа явуулсан байдаг. Сүхбаатар аймгийн Засаг даргын тушаалаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог баталсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27.6-д зааснаар сонсох ажиллагаа явуулна гэж заасан байгаа боловч тухайн ажиллагааг хийгээгүй байдаг. Ажил олгогчийн зүгээс хуульд өөрөөр заагаагүй бол зорилгодоо нийцүүлэн тушаал гаргах ёстой гэж зааж өгсөн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл харагдаж байна. Э.И-ийг ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд томилоогүй байдал нь өөрөө эс үйлдэхүй юм.

             Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон асуудлыг хууль бус гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6, 48.2.2-т ...бусад этгээдийн эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн бол хүчингүй болгуулах тухай заалтууд орж ирсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн албан хаагчийн ангиллыг зааж өгсөн байдаг. Мөн төрийн захиргааны албан хаагчийг төрийн үйлчилгээний албан тушаалтнаар цалинг нь бодож олгосон байдал нь өөрөө хууль зөрчсөн асуудал. Дээрх тушаалтай холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дээрх ажилчид хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орох ёстой байсан. Мөн хэрэгт авагдсан ажлын байрны ангиллыг харж үзэх юм бол шүүх үнэлэлт дүгнэлт өгөх байх. Э.И-ийг Соёл, урлаг, соён гэгээрүүлэх ажиллагааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулахыг шүүхээс хүсч байна. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын даргын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй” байгааг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад Э.Идэрцэцэгийг “Соёл, урлаг соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах”, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

            Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс нь зөвхөн хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр үйл ажиллага явуулдаг байсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орсноор Гэр бүл, залуучууд, хүүхдийн асуудлаар тус тусын хүрээнд мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах шаардлагатай болсон. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг зөрчлийн тоо сүүлийн жилүүдэд өсч, гэмт хэрэг харгис хэрцгий болсноос гадна арга хэлбэр нь нарийсч эхэлсэнд төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг мэргэжлийн түвшинд ажиллуулж, соён гэгээрүүлэх ажлыг нийт ажлынхаа 90 хувь байхаар эрчимжүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах талаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/77 тоот албан бичгээр үүрэг чиглэл ирсэн. Манай аймагт сүүлийн 5 жилд хүүхдийн эсрэг гэмт хэрэг хүчирхийллийн тоо өссөн дүнтэй байгааг харуулсан статистик судалгаа байгаа нь энэ байгууллага үүргээ гүйцэтгэж чадаагүй нь мэргэжлийн бус хүмүүс ажиллаж, мэргэжлийн ур чадвар дутсан учраас ийм үр дагаварт хүрсэн гэж үзэж байна. Э.И нь би сайн ажиллаж байсан, байгууллагын аварга болж байсан гэж бичсэн байсан. Тухайн үед Хүүхэд, гэр бүлийн хэлтэс нь 4 мэргэжилтэнтэй учир жил жилээр ээлжлэн аварга болж байсан нь хүн цөөнтэй байгууллагын нийтлэг дүр төрх юм. Гэр бүлийн хүчирхийллийн тоо, хүүхдийн эрхийн зөрчил, гэмт хэргийн тоо буурснаар сайн ажилласан гэж дүгнэхээс байгууллагын дарга өөрийн үзэмжээрээ нэг ажилтандаа шагнал олгосныг сайн ажилласны баталгаа гэж үзэх үндэсгүй юм. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 15.2-т Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн нийгмийн ажилтны ажлын шалгуур үзүүлэлтийг хүүхдийн эрхийг хангах талаар явуулсан ажил үйлчилгээний “үр дүнгээр үнэлнэ” гэсэн шалгуурт нийцэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 тоот тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосны дагуу аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж бүтэц зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдсөн. Иймд аймгийн Засаг даргын А/58 дугаар захирамж гарч, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц орон тоог баталсан. Өмнө нь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст “Гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн” байгаагүй бөгөөд хүүхдийн мэргэжилтэн гурав ажиллаж байсан. Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтэн гэж бүтэц өөрчлөгдсөн тул Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын мэргэжилтнээр 1 хүн ажиллах болж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу Сэтгэл зүйч, оношлооч мэргэжилтэй тухайн байгууллагад 10 жил ажилласан  Д.Энхнаран ажлын туршлага мэргэжлийн хүний хувиар энэ шалгуурт тэнцэж уг орон тоон дээр ажиллахаар үлдсэн юм.

             Энэ байгууллагын хаалгаар анх ороход л эдгээр хүмүүсийг ёс суртахууны доголдолтой байна гэдгийг сайн ойлгосон. Намайг үзэн ядаж гадуурхах үйл ажиллагааг эдгээр хүмүүс өөрсдөө эхлүүлж, ажлаа авахад өрөөний минь хаалгыг хүртэл гаднаас нь цоожлоод явж байсан удаатай. Энэ байдлыг нь хурал дээр ёс суртахууны доголдолтой байгааг засах хэрэгтэй хэмээн хэлж байсан. Би өмнө нь олон газар ажиллаж байсан боловч нэг ч хүнийг ажлаас халж байгаагүй. Энэ байгууллагад дандаа мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсан учир дээд газраас танай байгууллага мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүл хэмээн чиглэл ирсний дагуу зарим нэг төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн хүмүүсийг нэг нь Э.И юм. Ажлаас чөлөөлөгдөөд явахдаа албаны компьютер дээрх байгууллагын албан хэрэгцээний мэдээлэл бүхий баримтуудыг устгаж, олон нийтийн сүлжээгээр намайг гүтгэн, нэр төрийг гутаан доромжилж байгаа энэ хүн соён гэгээрүүлэх үйл ажиллагааны зорилго чиглэлийг мэргэжлийн түвшинд мэдэрдэггүй, ёс суртахууны доголдолтой нэгэн болохоо харуулж байсан гэж үзэж байна.  Харин Л.Нарантуул нь тухайн үед жирэмсэн байсан хэдий ч дээрх албан тушаалын ...хуульд заасан үндэслэлийг хангасан мэргэжлийн хүн байсан юм. Манай байгууллагад мэргэжлийн хүн ажилд орсны үр дүнд манай клубын нэг хүүхэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдсан “Уран жиргээ” наадамд амжилттай оролцож хоёрдугаар байранд шалгарсан. Сүүлийн 5 сарын байдлаар манай аймагт хүүхдийн хүчирхийлэл буурсан үзүүлэлттэй байгаа.  Л.Нарантуул тухайн ажлыг хүлээн авснаар гэмт хэргийн гаралт буурч сайн, үр дүнтэй ажиллаж байгаа юм. Төрийн албан хаагчийн нэмэлт баталгаагаар хангаагүй гэж байна. Э.И-т ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг 3 сараар олгох шийдвэр гарсан байгаа юм. Э.И-ийг “Соёл урлаг соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилох шаардлага хангаагүй гэж үзсэн. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгох боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

             Гуравдагч этгээд Л.Нарантуул шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 оноос 2006 онд Соёл урлагийн их сургуулийн “Соёл урлагийн удирдлага, менежерийн ангийг дүүргэсэн. 2006-2012 онд аймгийн Хөгжимт жүжгийн театрт Соёл урлагийн менежерээр, 2012-2014 онуудад Уулбаян сумын Соёлын төвд эрхлэгчээр ажиллаж байгаад, 2014 оны 02 дугаар сараас эхлэн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст “Зохион байгуулагч” гэсэн орон тоон дээр ажиллаж байгаад, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан ажилтан”-аар томилогдон ажиллаж байна.

            Миний бие зохион байгуулагчаар ажиллаж байх хугацаандаа аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан хөгжлийн тэмцээн уралдаан, соёл урлагаар дамжуулан иргэд, хүүхэд багачуудад нөлөөлөх соёл урлагийн арга хэмжээг гардан зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэж ирсэн билээ. Мөн өөрийн байгууллагын урлагийн зааланд болсон арга хэмжээг гардан зохион байгуулж, байгууллагын туслах үйл ажиллагааны орлогыг ч нэмэгдүүлэн ажиллаж ирсэн. Хүүхдийн авьяасыг нээж, олон нийтэд хүргэх, тэдгээрийг дэмжин урамшуулах зорилгоор зохион байгуулагдаж ирсэн “Дуулах өв”, “Уран жиргээ”, “Би эстрадын дуучин”, “Яргуй наадам”, “Шувуухай наадам”, “Хүрэл тулга”, “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ, “Мөрөөдлийн шинэ жил” ”Авьяаслаг Сүхбаатарчууд” зэрэг аймагт зохион байгуулагдсан хүүхдийн хөгжлийн уралдаан тэмцээнүүдийг гардан ерөнхий зохион байгуулагчаар ажиллахаас гадна шүүгч, хөтлөгчөөр ажиллаж ирсэн. Харин Э.И нь хүүхдийн оролцооны байгууллагыг хариуцан ажиллаж байсан, Миний бие соёл урлагийн ажлыг гардан зохион байгуулж байсан бөгөөд одоо ч энэ ажилд үргэлжлүүлэн ажиллаж байгаа болно. Иймд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан ажилтан” гэсэн ажлыг хэвээр хадгалж өгнө үү гэжээ.

                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Э.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа

             1. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох

             2. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй” байгааг тогтоолгох

             3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох

             4. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад, Э.И-ийг Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгах

              5. Ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл олгох

               6. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” гэж тодруулан тодорхойлсон болно.[1]   

             1. Нэхэмжлэгч Э.И-ийн, “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 

            Нэхэмжлэгч Э.И нь 2013 оноос Сүхбаатар аймгийн /өмнөх нэрээр/ Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст Хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд хариуцагч Сүхбаатар аймгийн /шинэ нэрээр/ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалаар “орон тоо хасагдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. [2]

            Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд нийт 22 хэрэгжүүлэгч агентлаг ажиллахаар тогтоосны нэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бөгөөд Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог баталсан байна.[3]

            Ийнхүү хариуцагч байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөгдсөн ба өмнөх бүтцээр Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь хүүхдийн асуудал хариуцсан 3 мэргэжилтэнтэй, тухайлбал, а/ хүүхдийн эрх, гэр бүлийн асуудал хариуцсан, б/ хүүхэд хамгааллын, в/ хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан тус бүр нэг мэргэжилтний орон тоотой байсан бол шинэ бүтцээр хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтний орон тоо 1 байхаар батлагдсан  нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон холбогдох нотлох баримтаар тогтоогдож байна[4].

             Иймээс  тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн гэж үзэх бөгөөд үүнтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт зааснаар зохицуулагдах үндэслэлтэй[5].  Хариуцагч  Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням нь хуулийн дээрх заалтын дагуу, уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчдын мэргэжил, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан мэргэжилтнээр Д.Энхнаранг томилсон гэж тайлбарласан ба нэхэмжлэгч Э.И нь энэ асуудлаар маргаагүй болно.

            Нэхэмжлэгч Э.И нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох” гэх шаардлага бичсэн боловч уг шаардлагынхаа талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр тодруулахдаа, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр болох хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар тушаалын талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага /хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох г.м/ гаргахгүй гэж тайлбарласан тул шүүх уг захиргааны актын талаар дүгнэлт хийх үндэслэлгүй байна. 

            2. “Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгох” шаардлагын тухайд,

            “...цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” тухай заалт Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт тусгагдсан байдаг. Уг заалтаар, төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн албан хаагчид эдлүүлэх хэд хэдэн нэмэгдэл баталгааны талаар зохицуулсан.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “албан тушаалын орон тоо хасагдсан”, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн, гэх ойлголтууд нь тус тус өөр утга агуулгатай бөгөөд үүнтэй уялдан, нэмэгдэл баталгаа, авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь өөр өөр байхаар хуульчлагдсан.

            Нэхэмжлэгч Э.И-ийн эрхэлж байсан, “Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтэн” гэсэн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэвээр үлдэж, харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

             Ийнхүү хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал, оролцоо хариуцсан албан тушаалын орон тоо хасагдсан зүйлгүй, өөрөөр хэлбэл, “үгүй болоогүй”  тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг хэрэгжүүлэх, тухайлбал,  “цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэж байна. 

             Иймд нэхэмжлэгч Э.И-ийн, “цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжүүлэн томилоогүй хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй  байна.

              3. “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажилд томилох тухай” 11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Э.И-ийг Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

             Сүхбаатар аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын бүтэц, орон тоог батлах тухай” А/58 дугаар захирамжаар, тус газар нь дарга-1, мэргэжилтэн-6, төрийн үйлчилгээний албан хаагч-10, нийт 17 орон тоотой байхаар баталжээ. Үүнд:

             - Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан

             - Хүүхдийн эрх, хамгаалал, оролцоо хариуцсан

             - Залуучуудын хөгжил, соёл, боловсрол хариуцсан

             - Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан

             - Зорилтот өрхийн хөгжил, хамгаалал хариуцсан

             - Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан тус бүр нэг мэргэжилтэн ажиллахаар тогтоосны дагуу хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тушаалаар, тус газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд гуравдагч этгээд Л.Нарантуулыг томилсон байна.[6]

            Уг албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтоос үзэхэд, дээд боловсролтой,  соёлын менежер, соёл, урлагийн ажилтны мэргэжил, мэргэшилтэй байх, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, бусдыг сургах, удирдан зохион байгуулах чадвартай байх зэрэг ерөнхий болон тусгай шаардлагууд тавигдсан[7] бөгөөд үүний дагуу Соёл урлагийн их сургуулийг “Соёл урлагийн удирдлага, менежер” мэргэжлээр төгссөн, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст зохион байгуулагчаар ажиллаж байсан Л.Нарантуулыг, мэргэжил, мэргэшил, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан, Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилсон талаар хариуцагч тайлбарлаж байгааг буруутгах үндэслэлгүй байна. 

            Нэхэмжлэгч Э.И нь “төрийн албанд ажиллаж байсан туршлага, хэрэгжүүлж, гүйцэтгэж байсан ажил үүрэг, төрийн захиргааны менежрээр мэргэшсэн зэргээрээ Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд шилжин ажиллах боломжтой байсан” гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь албан тушаалын орон тоо нь хасагдсан зүйл байхгүй тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасан “өөр ажил, албан тушаалд шилжих” асуудал яригдахгүй.      

            Мөн тухайн албан тушаал, (ажлын байр)-ын тодорхойлолтоос үзэхэд, нэхэмжлэгч Э.И-ийн эрхлэн гүйцэтгэж байсан Хүүхдийн хөгжил, оролцооны мэргэжилтний албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаал (ажлын байр)-д хэвээр хадгалагдан үлдсэн гэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь Засагт хан дээд сургуулийг “Төрийн захиргааны удирдлага” мэргэжлээр төгссөн тухай баримт[8] хэрэгт авагдсаныг дурдах нь зүйтэй.

             Гуравдагч этгээд Л.Нарантуулыг Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тушаалаар нэхэмжлэгч Э.И-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйлгүй байна.

            Иймд, уг тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,  Э.И-ийг Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд томилуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хангаагүй, хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул  ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх талаарх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэлгүй болно.   

            Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө “Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд,

            Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болж, бүтцийн хувьд өөрчлөгдөхөөр болсон, энэ талаар хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Балжинням нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгууллагын бүх албан хаагч нарт танилцуулж, мэдэгдэл хүргүүлэн, тэдгээрээс санал, тайлбар авсан  байх тул “сонсох ажиллагаа”-г явуулаагүй гэж үзэхээргүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох, нэхэмжлэгч Э.И-ийн “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль бусаар чөлөөлөгдсөнийг тогтоолгох,  цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэн томилоогүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгааг тогтоолгох, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Л.Нарантуулыг томилсон 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өөрийг нь Соёл урлаг, соён гэгээрүүлэх ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр томилохыг хариуцагчид даалгах, ажилгүй байсан үеийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.И-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ОЮУН

                        ШҮҮГЧИД                           Н.БАЛЖМАА

                                                                       Г.БАЯСГАЛАН

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 93-р хуудас

[2] Хавтаст хэргийн 11-р хуудас

[3] Хавтаст хэргийн 43-44-р хуудас

[4] Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 7  дугаар сарын 28-ны өдрийн А/262 дугаар , 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжууд

[5] Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2010.04.26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1, 15.1.2 дахь заалтуудад энэ талаар тусгасан.

[6] Хавтаст хэргийн 101-р хуудас

[7] Хавтаст хэргийн 60-р хуудасны арын нүүр

[8] Хавтаст хэргийн 72-р хуудас