Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2080

 

 

С.Баттуулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Баттуулын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 109 627 300 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхамын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “Эйч Эс Би” ХХК-тай ОС-096/13 тоот орон сууц захиалгаар барих тухай гэрээгээр, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхоны N2-17 давхар орон сууцны 13 давхарт 67 тоот 76.3 м.кв орон сууц 3 өрөө байрыг, 1 м.кв тутамд 2 422 000 төгрөг нийт 179 254 642 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахад 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр нийт гэрээний үнийн 50 хувь болох 89 627 300 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөгийг нийт 109 627 300 төгрөгийг төлсөн. Гэвч өөрийн эрүүл мэндийн байдлаас болж төлбөрийг гүйцээж төлөх боломжгүй болсон тул гэрээг цааш үргэлжлүүлэх боломж байгаагаагүй, энэ тухайгаа гүйцэтгэгч талд мэдэгдэж байсан. Гүйцэтгэгч нь гэрээ ёсоор тус орон сууцыг худалдан борлуулсны дараа төлсөн төлбөрийг гаргаж өгөх ёстой байсан. Гүйцэтгэгч тал орон сууцыг бусдад шилжүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг одоог хүртэл буцаан шилжүүлээгүй байна. Иймд гүйцэтгэгч “Эйч Эс Би” ХХК-иас орон сууцны үнэнд төлсөн 109 627 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр С.Баттуул нь “Эйч Эс Би” ХХК-ийн барьсан Нарлаг Өргөө хотхонд орон сууц захиалж орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Нийт 76.3 м кв талбай бүхий орон сууц захиалсан бөгөөд 1 м.кв-г 2 422 000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 89 627 650 төгрөгийг С.Баттуул хугацаандаа төлсөн, нэмж 20 000 000 төгрөг төлсөн. 2013 оны 4 дүгээр сард барилгыг улсын комисс хүлээж авч ашиглалтад орсон. Ашиглалтад орсны дараа борлуулалтын ажилтнууд С.Баттуултай холбогдож чадахгүй болсон. С.Баттуул нь гадагшаа эмчилгээнд явсан гэсэн шалтгаанаар холбоогүй байж байгаад 2014 онд ирж үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болсон тул гэрээгээ цуцлах тухай санал гаргасан. Хариуцагч талаас гэрээгээ цуцалж байгаа тохиолдолд гэрээний хариуцлага хүлээнэ. Иймээс төлсөн төлбөрт оногдох орон сууц авна уу гэсэн санал тавьж, тохирч чадахгүй яригдсаар өнөөдрийг хүрсэн. Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 5 дугаар зүйлд гэрээний хариуцлага хэсэгт орон сууц ашиглалтад орсон байхад захиалагч гэрээ цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг буюу торгууль тооцохоор заасан. Иймээс Орон сууц захиалан бариулах гэрээ, Иргэний хуульд заасны дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10 хувь буюу 10 962 730 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. Бусад хэсгийг зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Эйч Эс Би” ХХК-иас 109 627 300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Баттуулаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 706 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас 706 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Баттуулд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бүжинлхам давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн эрх ашгийг зөрчин, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...Нэхэмжлэгчийн хувьд байрыг хугацаандаа хүлээж аваагүй бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй хариуцагч компанид хүндэтгэн үзэх шалтгаантай, гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдээгүй байдаг. Иймд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж алдангиас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан "...орон сууцыг хүлээн авахаас татгалзсан" тохиолдолд алданги тооцон авахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан "гэрээний талуудын чөлөөт байдлын" зарчим үйлчлэх ёстой. Шүүх үүнийг гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг анхаарч үзэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 962 730 төгрөг төлөхтэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул 10 962 730 төгрөг төлөх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Баттуул нь хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 109 627 300 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд зааснаар захиалагч гэрээг хугацаанаас нь өмнө үндэслэлгүйгээр цуцалсан тул 10 хувийн торгуульд 10 992 730 төгрөгийг хасч тооцно гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.Баттуул нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Нарлаг-Өргөө” хотхоны N-2-ын 17 давхар орон сууцны 13 дугаар давхарт 67 тоот, 3 өрөө 76,3 м.кв орон сууцыг 179 254 642 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд мөн өдөр 89 627 300 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 109 627 300 төгрөгийг хариуцагч “Эйч Эс Би” ХХК-д төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.

 

            Тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хэргийн 4-7 дугаар талд авагдсан Орон сууц захиалгаар барих гэрээнээс үзвэл нэхэмжлэгч нь орон сууцны үнийг гэрээ байгуулсан өдөр урьдчилгаанд 50 хувь, 2013 оны 2 дугаар улиралд 20 хувь, 2013 оны 3 дугаар улиралд 20 хувь, 2013 оны 4 дүгээр улиралд 10 хувь төлөх, хариуцагч нь уг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2013 оны 4 дүгээр улиралд хүлээлгэж өгөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийн үлдэх 50 хувийг төлөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, гэрээг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцалсан гэсэн тайлбарыг гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон нэхэмжлэгч өөрөө болон эцэг эх нь өвчтэй байсан хэргийн 34-47, 54-67 дугаар талд авагдсан нотлох баримтууд нь гэрээний хугацаанд хамаарахгүй байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр гэрээг цуцласан нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд хариуцагч учирсан хохирлоо шаардах эрхтэй бөгөөд хохирол нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаар тодорхойлогдох ба энэ хохирлын талаар хариуцагч шаардлага гаргаагүй.

 

Орон сууц захилгаар барих гэрээний 5.1 дэх хэсэгт “захиалагч гэрээгээр тохирсон төлбөрөө хавсралт-1-д заасан графикийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцож төлнө. Энэхүү хугацаа нь 15 хоног хүртэл үргэлжилвэл утсаар болон бичгээр мэдэгдэл хүргүүлж алданги тооцолгүйгээр гүйцэтгэгч гэрээг өөрийн санаачилгаар цуцлах бөгөөд байрыг худалдан борлуулсаны дараа төлбөрийг буцаан олгох ба энэ тохиолдолд төлсөн төлбөрийн 10 хувийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу уг орон сууцыг хадгалсан зардалд зориулж суутган авна” гэж талууд тохиролцсон төлбөрийн 10 хувийг суутган авах талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

Үүнээс дүгнэвэл орон сууц хадгалсан зардал гарсан байх ёстой бөгөөд хариуцагч нь ямар хугацаагаар орон сууцыг хадгалсан талаар баримтгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйл нь хугацаа хэтрүүлсэн тал нөгөө талд учирсан хохирол, хүү төлөх иргэний эрх зүйн хариуцлагын алийг тохирсон нь тодорхойгүй байна.

 

Иймд гэрээ цуцалснаас урьдчилгаа төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосон нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/06176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч “Эйч Эс Би” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ