Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/00853

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00395 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Г” ХХК

          Хариуцагч: “Э” ХХК

          Хариуцагч: “Л” ХХК нарт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 1.181.260 ам.доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.О, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч  шүүхэд  гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2016-06-09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 1,000,000 ам.долларыг нэг жилийн 18% хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээгээр “Л” ХХК-ийн Сүхбаатар дүүрэг, 5 хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах хамтран өмчлөлийн зориулалттай 3795 м.кв талбайтай, 5 давхар барилгыг 511 м.кв талбайтай газрын хамт, Э ХХК-ийн 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг тус тус барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа 2016-10-15-нд дуусах ёстой байсан ч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Гэрээний дагуу хүү төлөхөөс 15 723 ам.доллар төлсөн. Хариуцагчаас үндсэн зээл 1 сая ам.доллар, зээлийн хүү 158,309.4 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 22,951 ам.доллар, нийт 1,181,260.63 ам.доллар гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “Л” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү. И.С хөрөнгөөс батлан даалтын гэрээний дагуу гаргуулах шаардлагыг дараа нь тусдаа нэхэмжлэл гаргахаар татан авсан. 86.3 кг алтыг Далдын говь болон Э ХХК нь 2016-09-06-ны өдрийн гэрээгээр ирээдүйд олборлох алт барьцаалсан. Э ХХК нь 1,000,000 ам.долларыг алтны төсөлд зориулж авсан ч тухайн алтны төсөл нь алтаа олборлож чадаагүй учраас барьцаагаар хангуулах боломжгүй болсон, алт бий болоогүй учраас алтаар хангуулах шаардлагыг хэрэгжүүлж чадаагүй гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: 2016-06-29-ний өдөр Гтай зээлийн гэрээ байгуулж, 1.000.000 ам.долларыг жилийн 18 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн. Бидний зүгээс эдийн засгийн тодорхой шалтгаан, хүндрэлтэй улмаас зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлж чадаагүй, санаатайгаар гэрээний үүргээс зайлсхийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, валютын ханшийн тухайд гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 1 089 534.34 ам.доллар гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь ИХШХШтХ-ийн 62.1.5-д заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн үнийг мөн хуулийн 63 дугаар зүйлд зааснаар тодорхойлох ба гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож тодорхойлохыг зохицуулсан тул ИХШХШтХ-ийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Иргэний хуулийн 200.1, 202.1-д зааснаар гэрээний 2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 452.2-т “... үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болно” гэж заасан байтал зээлдүүлэгч нь гэрээндээ 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцно гэж оруулсан. Уг зохицуулалт нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, нөгөө талдаа илт хохиролтой байна. Үндсэн хүүгээс бид 53 244 ам.доллар төлөхийг зөвшөөрч байгаагаас 15 723 ам.доллар хүүд төлж, 37.521 ам.доллар төлөхийг зөвшөөрөхгүй. Зээлдэгч график зөрчсөн тохиолдолд зээлдүүлэгч нь өөрөө тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж буюу зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх болон үүрэг нь хууль тогтоомж болон гэрээгээр нэхэмжлэгчид нээлттэй байсан. Зээлийн гэрээний график 2016-06- 25-ны өдрөөс хойш зөрчигдсөн. Гны зүгээс 2016-09- 14-ний өдрөөс 2016-09- 29-ний өдрийн хооронд мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хариуцагч нарт мэдэгдсэн. Зээлдүүлэгч барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжтой байсаар атал ашиг олох зорилгоор санаатайгаар удаашруулсан нь хууль бус. Зээлийн гэрээний график зөрчигдсөн талаар 2016-09- 13-ны өдөр мэдэгдсэнээс хойш 2016-09 -23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний хүүг тооцох хууль зүйн үндэслэлгүй. 2016-09- 25-ны өдрөөс хүү шаардах эрхгүй. Энэ өдөр хүртэл ашигласан зээл 108 хоног, үүнд зээлийн хүүг бодоход үндсэн хүү 53 244 ам.доллар болж байгаагаас 15 723 ам.доллар төлсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах өдрийн болон гэрээ байгуулсан өдрийн ам.долларын ханш 500 орчим төгрөгийн зөрүүтэй тул зээлийн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй тул гэрээ байгуулах үеийн буюу 1.962 төгрөгөөр тооцох үндэслэлтэй гэжээ.

       Хариуцагч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Г ХХК болон Э ХХК нь 2016-06- 29-ний өдөр ЗГ8145100269 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Л” ХХК нь өөрийн өмчлөлийн үйЛилгээний зориулалттай 37.956 м.кв талбайтай 5 давхар барилга, 511 м.кв талбайтай газрын хамт барьцаалсан. Г ХХК-ийн шаардлагыг баталгаажуулах зорилгоор Э ХХК 86.3 кг алт, түүний борлуулалтын орлого, БД8145100269 тоот батлан даалтын гэрээгээр И.Сүхбат өөрийн хөрөнгөө барьцаалсан. Иймээс банк зээлийн гэрээний үүргийг Э ХХК-ийн 86.3 кг алт, түүний борлуулалтын орлого, И.Сүхбатын хөрөнгөөс хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд “Л” ХХК-ийн барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй юм. “Э" ХХК-ийн барьцаалсан 86.3 кг алт 9 595 643.542 төгрөг байна. Талууд гэрээгээр 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогыг зах зээл дээр түргэн борлогдох үнэ 6 790 400 000 төгрөг байхаар тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг 86.3 кг алт, түүний борлуулалтын орлогоор хангуулах бүрэн боломжтой тул “Л” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-с зээлийн гэрээний үүрэгт 1,181,260.63 ам.доллар буюу 2,939,555,265 төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан “Э” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд “Л” ХХК-ийн өмчлөлийн Ү-2203009663 дугаар улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 хороолол, Сөүлийн гудамжинд байрлах контор, үйЛилгээний зориулалттай 37.956 м.кв талбай бүхий 5 давхар барилга болон ГД-0172712 дугаартай Сүхбаатар дүүрэг, 5 хороонд байрлах нэгж талбарын 8004/0003 дугаар бүхий 511 м.кв газар эзэмших эрх зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 134 817.59 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15 134 817.59 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00395 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.5-д “Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөх график хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна, 2.1.1-д заасан хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэн төлөхөөр талууд харилцан тохиролцов” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 200.1-д заасан стандарт нөхцөлийн шинжийг агуулсан, хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаас үзэхэд зээлийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож болохоор заасан байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 2.5-д шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний гэж өөрт ашигтайгаар тодотгон тодорхойлсон зээлдэгчид хохиролтой, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэхэд 1-20 хувь хүртэл хэмжээний нэмэгдүүлсэн хүүг Монголбанкнаас гаргасан аргачлалын дагуу бодож тооцохоор байхад зээлдүүлэгч нь зээлдэгчид илт хохиролтойгоор буюу зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд шууд 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа нь Иргэний хуулийн 202.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна. Мөн хариуцагчийн зүгээс гэрээний үүргээс санаатай зайлсхийгээгүй ба санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалд орж, үйл ажиллагааны төлөвлөгөө тасалдсан ба энэ тухайгаа ч нэхэмжлэгч талд удаа дараа мэдэгдэж байсан болно. Иймд нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь буюу 22951.25 ам.долларыг буюу 57.102,088 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Г ХХК 2016-12-27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “Э” ХХК болон “Л” ХХК-с үндсэн зээл 1,000,000 ам.доллар, зээлийн хүү 158,309 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 22,951 ам.доллар, нийт 1,181,260.63 ам.доллар буюу 2,939,555,265 төгрөг  шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах /хх 1-ийн 1-2, 78, 94, 113, 159,183/-г хүссэн  байна.

  Хариуцагч “Э” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа “...нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй...ханшийг гэрээ байгуулах үеийн ханшаар тооцох ёстой...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна...” гэжээ. /хх 1-н 52/

       Хариуцагч “Л” ХХК шүүхэд тайлбар гаргахдаа “...үүргийн гүйцэтгэлийг манай эд хөрөнгөөс хангуулах шаардлага гаргасныг зөвшөөрөхгүй...зээлдэгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хангалттай...” /хх 1-68/ гэжээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байв.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      “Э” ХХК нь 1.000.000 ам.долларыг нэг жилийн 18 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлүүлэхээр 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ8145100269 дугаар  зээлийн гэрээ байгуулсан байна.

        Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан ч зээлийг буцааж төлөөгүй байх тул зээлдүүлэгч зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

        Хариуцагч тус шүүхэд хандахдаа “...талууд зээлийн гэрээний 2.5-д ...нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг төлөх ёстой үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээ...”-р тогтоосон нь  “...нэмэгдүүлсэн хүү ...үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй...” байх хуулийн шаардлагад  нийцээгүй гэж гомдсон байх тул энэ хэмжээнд шийдвэр, магадлалын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

        Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.5 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээнээс хэтрээгүй байна.

        Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ.   

       Хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ЗГ8145100269 дугаар гэрээ байгуулахдаа нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээтэй холбоотой саналыг нэхэмжлэгчид гаргаж байсан баримт хэрэгт байхгүй, нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний 2.5 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 189, 198, 200, 202 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй ба энэ тухай гомдол үндэслэлгүй  байна.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/02592 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2018/00395 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч Э ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 443.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ