Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 23

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Н.Ба, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н-н Бад холбогдох 1928001940146 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны ... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Өмнөговь аймгийн цэвэрлэх байгууламжийн барилгын талбайд туслах ажилтан хийж байсан, ам бүл 3, урьд өмнө Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 20 жил хорих ял оногдуулж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Шүүгдэгч Н.Ба нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн зүгт 5,8 километр зайд үйл ажиллагаа явуулах БИПИЭС ХХК-ний цэвэрлэх байгууламжийн гадна П.Б-тэй архи уулаа гэж маргалдан зүүн нүдэнд тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Ба-г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ба шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 13-нд цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байсан. Урьд өдөр нь талийгаач архи ууж хоносон. 08 дугаар сарын 13-ны өглөө ажилдаа гарах гэтэл талийгаач аймгийн төв рүү согтуугаар машин бариад явчихсан байсан. Би араас нь явсан чинь замд таараад архи уучихаад машин барилаа гээд маргалдсан. Тэрнээс болж над руу уурлаад, миний архи уухыг чи заах юм уу? гэсэн. Тэгээд би ажил төрөл шахуу байхад архи уугаад яваад байх юм гээд гарынхаа ар хэсгээр алгадсан. Тэгээд буцаад наашаа явахад би аймгийн төв рүү явна гэхээр нь үлдээчихээд явсан. Би тэгээд далангийн ард хараад байж байсан чинь ирээд намайг алгадсан гэж уурлаад надтай заамдалцаж аваад тавихгүй болохоор нь би нүдэн тус газар нь цохьсон, хөмсөгнөөс нь цус гарч байсан. Тэрнээс өөрөөр би санаатай зодож хохироосон зүйл байхгүй. Эхнэрт нь тухайн үед утсаар нөхөр чинь архи дарс уугаад байна гэж хэлсэн. Хамгийн гол нь миний уурласан зүйл бол аймгийн төв орж эхнэртээ мөнгө шилжүүлэх гэж байснаа энгэртээ 2 архи хийчихсэн, өөрөө согтуу ирсэнд нь уурласан. Тэр үйлдэлдээ их харамсаж байна. Цохьсоноос хойш орж ирээд 2 шил архиа уусан. Тэгээд унтаад маргааш өглөө нь босоод ажилдаа гарсан. Маргааш нь ажилдаа гарснаас хойш 3 хоногийн дараа нас барсан. Тухайн нас барах үед нь хажууд нь байгаагүй. Бие нь муудаад гээд түргэн дуудаад очиход нас барчихсан байсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.До мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Нас барахаасаа 2 хоногийн өмнө өглөө 10 цагийн үед Ба намайг зодчихлоо миний шүд амыг цөмлөөд хаячихлаа би энд үхэх юм шиг байна гэхээр нь би чи тэгвэл цагдаа дуудаач гэсэн чинь утас нь тасарчихсан. Тэгээд би Ба руу гурван удаа залгатал утсаа аваагүй. Тэгээд би дахиад залгатал Ба утсаа авсан. Би Бад чи яагаад хүн зодчихов шүд амыг нь цөмлөөд хаячихсан юм уу гэсэн  чинь надад Ба талийгаачийг аймаг явах гээд байхаар нь би нэг алгадаад түлхчихсэн гэж  хэлсэн. 2012 он бил үү, 2013 он  билүү сайн санахгүй байна. Ямар ч байсан Өвөрхангай  аймгийн Уянга суманд  талийгаач  Т гэдэг хүнд зодуулаад Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 21 хоног эмчлүүлж байгаад гарсан. Ямар ч байсан нүүр нь бараг тэгшхэн  болтлоо зодуулж байсан. Би  гомдолтой байна. /хх-ийн 26-27-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Оршуулгын зардал гэж 7.007.250 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлаа  төлүүлмээр байна. Өмнөговь  аймагт байх хугацаандаа ажилласан цалин гэж 600.000 төгрөгийн цалинг өгөөгүй байгаа. /хх-ийн 29-р хуудас/

Гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 30 минутын үед босоод цай  ундаа уучихаад 07 цаг өнгөрч байхад манай ажилчид ажилдаа гарсан. Би 16 цаг хүртэл ажлын талбай дээр байж байхад манай захирал намайг нэг босоо багануудыг услахад ус зөөх портер хөлслөөд олоод ир гэхээр нь Даланзадгадад суманд ирээд портер  хайгаад байж байтал 20 цагийн үед манай захирал Г Б ухаан алдчихлаа хурдан хүрээд ир гэхээр нь би яваад очтол эмнэлэг ирчихсэн  Б-г  нас барчихсан  байна цагдаа дууд гэсэн...Өглөө 09 бил үү 10 цагийн үед босоод П, З бид гурав урд орой уугаад үлдсэн тал шил архиа уучихаад бид нар хоолоо идсэн. Тухайн үед би жин цохих гэдэг өвчин тусчихаад халуураад байсан болохоор гэртээ ороод хэвтэж байтал талийгаач орж ирээд төв ороод ирээч гэхээр нь би явж чадахгүй миний бие өвдөөд байна гэсэн чинь гараад явсан. Тэгээд жоохон байж байгаад ахиад төв яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь та тэгвэл Хаянхярваагаар машин унуулаад яваад ирэхгүй юу гэсэн чинь гараад явсан. Тэгээд би хэсэг байж байгаад нөгөө гэр лүү яваад орсон чинь бүгд байхгүй байхаар нь бүгд төв рүү явсан юм байна даа гэж бодоод буцаад гэр лүүгээ ороод хэвтэж байтал манайхан ирэх шиг сонсогдсон. Тэгээд би нөгөө гэр лүү ортол П, Х, З эхнэртэйгээ хамт ирсэн байхаар нь цай хийгээд ууж байтал Ба архи уулаа та нар гээд уурлахаар нь за яадаг юм нэгэнтээ уучихсан юм чинь ганц өдөр амарчих зүйл байлгүй яадаг юм гэж хэлсэн. Тэгээд Ба-г орж ирснээс хойш удалгүй 10 минутын дараа талийгаачийн зүүн нүднээс жоохон цус гоожсон байдалтай, ам уруулаас нь цус гоожсон байдалтай шүд нь цус болчихсон гэрт орж ирэхээр нь би наад нүүр амаа яачихсан юм гэсэн чинь Ба намайг архи уулаа гээд зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд талийгаач Ба-г  чи яахаараа намайг зоддог юм гээд уурлаад байхаар нь Ба та өчигдөр уулаа өнөөдөр ууна  гэж юу байдаг юм гээд бид нарыг хамруулаад загнаж байгаад Ба, Ц ахаа хоёулаа гаръя гээд гараад явсан. Тэгээд жоохон байж байгаад гараад хартал манай гэрийн хажуу талын үерийн далангийн урд суугаад юм ярьж байгаа харагдсан. Тэгээд 15 минут орчмын дараа эвлэрсэн байдалтай инээж хөхрөөд ороод ирсэн. Тэгээд бид нар 2 шил архиа ууж байтал орой болчихсон байсан. Би гэр лүүгээ ороод унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь бостол талийгаач миний нүд яасан байна нэг хардаа гэсэн чинь нүдний дээд талд нь хавдаад шалбарчихсан бас улайсан байхаар нь за гайгүй байна гэсэн. Тэгээд өдөржингөө нэг хар шил зүүж явж байгаад өдрийн хоолон дээр хоолоо идэх гэж ирээд шилээ авсан чинь нүдийг нь тойроод жоохон улаан туяа суучихсан байсан. Надад бие нь өвдсөн талаар хэлж байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр миний жоохон толгой өвдөөд байх юм гэж хэлж байсан. /хх-ийн 42-45-р хуудас/

Гэрч Я.Го мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотоос  2019 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө  01  цагийн үед Өмнөговь аймгийн шинэ цэвэрлэх байгууламжийн барьж байгаа барилга дээр ирэхэд манай ажилчид аль хэдийнээ унтчихсан байсан. Тэгээд би шөнө ирээд ажилчдадаа сэрээлгүйгээр машиндаа унтаад өглөө 9 цагт боссон чинь манай ажилчид аль хэдийнээ ажилдаа гарчихсан байхаар нь би ажил юу болж байна гэж бодоод тэд нарыг шалгахад манай ажилчид тоосгон хана өрж байсан. Харин талийгаач прүс моднууд хадаж байсан. 13 цагийн үед манай ажилчид үдийн хоолонд орчихоод буцаж гараад ажлаа хийж байгаад орой 20 цагийн үед хоолондоо орчихсон. Ч, П, Х, Н, З, талийгаач Б нар нь гараад явсан.  Би гэртээ утсаа цэнэглээд үлдсэн. Тэгтэл удалгүй З орж ирээд Ц ах амралтынхаа гэр дотроо суугаагаараа орны хажууд уначихсан байна гэхээр нь З бид хоёр яваад очтол гэрийн зүүн талд байрлах орны хажууд суугаагаараа орны дундуур толгойгоо хийгээд уначихсан байхаар нь орон дээр хэвтүүлэхэд ам нь нээлттэй байсан. Тэгээд З-г нөгөө хэдийгээ дууд гэж хэлчихээд би түргэн рүү явж дуудлага өгсөн. Түргэн ч нэг их удалгүй ирээд нас барчихсан байна гээд эмч ирээд маарлаар амыг нь хаалгаад боосон. Тэгээд би цагдаа дуудсан. 2019 оны 08 дугаар 12-ны өдөр бил үү 13-ны өдөр намайг хотод байхад талийгаач залгаад би хүнд өртэй хэдэн төгрөг шилжүүлчих гээд байхаар нь талийгаач руу 250.000 төгрөг өөрийн данснаас шилжүүлсэн. Тэгтэл маргааш өдөр нь манай бригадын дарга Ба над руу залгаад энэ хүмүүс архи уугаад ажлаа хийхгүй байна гэхээр нь би утсыг нь чанга яригч дээр нь тавиулаад та нар архи уухаа болиод ажлаа хийгээч гэсэн утгатай юм ярьж байтал талийгаач Б би ганц өдөр архи ууж болдоггүй юм уу гээд хашхираад байсан тэгээд би за ерөөсөө очихгүй бол болохоо байлаа гэж бодоод Пүрэв гаригийн орой Улаанбаатар хотоос Даланзадгад сум руу гарсан. Манай Би Пи эс компанийн зүгээс талийгаач Б-гийн ар гэрийн хүмүүст өгсөн, эхлээд 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1 сая 700.000 төгрөгийг талийгаачийн төрсөн ах С гэх хүний данс руу шилжүүлсэн. Энэ нь ар гэрийнхнийг нь Улаанбаатараас Өмнөговь руу ирэх унааны зардал гэж өгсөн. Дараа нь 08 сарын 17-ны өдөр талийгчийн эхнэрийн дансанд буяны ажилд зориулж 400.000 төгрөг шилжүүлсэн, мөн 160.000 төгрөг шарил авч явсан 6 хүний хоол замын хүнсэнд гэж өгсөн, 08 дугаар сарын 20-нд талийгчийн эхнэрт замын зардалд 400.000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн, дараа нь сарын орчмын дараа байх талийгчийн цалин гээд 500.000 төгрөгийг эхнэрийнх нь дансад шилжүүлж өгсөн байгаа. Эдгээр шилжүүлгийн дансны хуулгыг өмгөөлөгч И.Оюунгэрэлд өгсөн. Түүнийг хэргийн материалд хавсаргах байх. Эдгээр мөнгөнөөс 600.000 төгрөгийг Багийн цалингаас суутгаж талийгчийн ар гэрт өгсөн байгаа. Миний зүгээс талийгаачийн ар гэрт өгсөн мөнгө нь буяны ажилд нь зориулж өгсөн болохоор би энэ мөнгийг нэхэмжлэхгүй. /хх-ийн 48-50, 189-р хуудас/

Гэрч Ч.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цагийн үед Ч, Ба, Х, Н , П, талийгаач Б бид нар ажилдаа гарсан. Тухайн өдөр талийгаач бид хоёр мод хөрөөдөөд хэмжээд хадаж байсан. Ч, П хоёр тоосго өрж байсан. Х, Н хоёр шавар зуурч, тоосго зөөж, Ба манай бригадын дарга учраас бид нарт зааварлаж байсан. Өдөр 13 цагт бид нар хоолондоо орчихоод 14 цагийн үед ажилдаа гараад хийдэг ажлуудаа хийж байгаад орой 19 цагийн үед хоолоо идчихээд ажилдаа буцаад гарцгаасан. Тухайн үед талийгаач хамгийн түрүүнд хоолоо идчихээд гараад явсан. Тэгээд Х бид хоёр 45 ширхэг паниар ковшны шанаган дээр аяглаад ухарч байхдаа сэтгэн хашаан дээгүүр гарчихсан байсан. Тэгээд нөгөө сэтгэн хашаагаа засах гээд талийгаач Б ахын байрладаг гэрээс лантуу авах гээд ортол хоёр орны дундуур хажуулдаад толгой нь баруун зүг рүү хараад уначихсан байхаар нь би буцаж гарж гүйгээд өглөө эрт ирсэн Г захирал руу очиж болсон зүйлийг хэлээд түргэн дуудсан. Тухайн үед захирал түргэний эмчтэй ярьж байгаад орон дээр гаргаад дээш нь харуулаад нурууныхан ард хөнжил ивээд хэвтүүлж байх хооронд манай ажилчид ороод ирсэн. Тэгээд удалгүй түргэний эмч орж ирж үзээд   нас барсан байна гээд явсан. Тэрний дараа ортол хойд талын орон дээр толгойгоор нь маарал ороочихсон хэвтэж байсан. 2019 оны  08 дугаар сарын 12-ны өдөр Ба  Ч, Х,  бид 4 Даланзадгад сумаас 120 тулгуур төмөр, 120 ширхэг прүс авчихаад ажил дээрээ буцаад очтол талийгаач ганцаараа архи уучихсан байхаар нь бид нар хаанаасаа архи олоод уучихсан юм бэ?  гэтэл ах нь төв явчихаад ирсэн юм гэсэн. Тэгээд орой 20 цагийн үед бид нар амрах гээд байж байтал талийгаач жоохон согтуу архи нь гараагүй шахуу ах нь төв орж мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би Чулуунтогтохын Приус маркийн авто машинаар аймгийн төв рүү ороод явж байтал нэг дэлгүүр таарсан. Тэгтэл талийгаач ахын дүү энэ дэлгүүрийн гадаа зогсчих ах нь тамхи аваадахъя гэхээр нь би дэлгүүрийн гадаа зогсоод талийгаач манай эхнэртэй хамт буугаад дэлгүүр орсон. Удалгүй манай эхнэр гараад ирсэн. Араас нь талийгаач гарж ирээд за за үдээс хойш болъё доо одоо буцацгаая гэхээр нь ажил руугаа буцаад явж байтал Ба машинтайгаа зогсож байхаар нь очоод уулзсан чинь Ба та нар яагаад төв яваад маяглаад байгаа юм ажил төрлөө хийхгүй гэсэн чинь талийгаач би явъя гээд дагуулаад явсан юм яадаг юм гээд уурласан чинь Ба талийгаачийг гарын ар хэсгээрээ алгадаад авсан чинь талийгаач нэлээн уурлаад байхаар нь Ба за за наадхаа орхи гээд ажлын талбайгаас 700 юм уу, 800 метрийн цаана үлдээгээд явцгаасан. Тэгээд 10 бил үү, 15  минутын дараа ирээд гэртээ нэлээн хэсэг байж байгаад архи уучихсан орж ирээд ах нь хоёр юм авчихсан байсан юм гээд хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд тэгээд бид нар ууцгаагаад тэр өдөр ажилдаа гараагүй. 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр буюу Бад цохиулдгийн маргааш нь намайг эхнэртэйгээ хамт гэрт байж байхад манай эхнэрээс толгойны эм байна уу толгой өвдөөд байна гэж асууж байсан. Мөн тэрнээс өмнө Даланзадгад суманд ирээд нэг их удаагүй байж байхад манай эхнэрээс бас толгой өвдөөд байна эм байна уу гээд эм авч ууж байсан гэсэн. /хх-ийн 53-58-р хуудас/

 Гэрч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өглөө би 05 цагийн үед босоод цай чанаад хуурай идэх юм бэлдсэн. Тэгээд манай ажилчид цай ундаа уучихаад 06 цагийн үед  ажилдаа гараад явсан. Би хоолоо хийж байгаад өдөр 13 цагийн үед ажилчдадаа хоолонд нь оруулчихоод оройныхоо хоолыг хийж эхэлсэн. Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд хоолоо идчихээд эргээд бүгд ажилдаа гарцгаасан. Тухайн үед би аяга, тавгаа угаагаад байж байтал манай нөхөр орж ирээд Г ахад Б ах ухаан алдчихлаа гэхээр нь би Г ахтай хамт гэр лүү нь яваад ортол талийгаач хоёр орны дунд суугаагаараа шахуу уначихсан байсан. Тэгээд түргэн дуудсан удалгүй түргэн ирээд энэ хүн нас барчихсан байна гээд түргэний эмч ам нь ангайчихсан байна гээд маарлаар шинээр ирсэн нэг ахаар боолгосон. Анх бид нар дээш нь харуулаад хэвтүүлэхэд ам нь ангайчихсан байсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед манай нөхөрт ах нь төв орж мөнгө  шилжүүлэх хэрэгтэй  байна гээд Ч-н Приус маркийн  авто машинаар  манай нөхөр, талийгаач, бид 3 аймгийн төв рүү ороод явж байтал нэг дэлгүүр таарсан тэгтэл талийгаач ахын дүү энэ дэлгүүрийн гадаа зогсчих би ороод  тамхи аваадахъя гэхээр нь би бас нөхөртөө тамхи 00 цаас аваад ирье гээд  дэлгүүр ороод тамхи болон хэрэгцээнийхээ зүйлийг аваад гарсан талийгаач намайг гарж байхад талийгаач ундаа тамхи авч байсан удалгүй талийгаач гарж ирээд  ирсэн  араас нь талийгаач гарж ирээд за за үдээс хойш болъё доо одоо буцацгаая гэхээр нь ажил руугаа буцаад явж байтал Ба машинтайгаа зогсож байхаар нь очоод уулзсан чинь Ба та нар яагаад төв яваад маяглаад байгаа юм ажил төрлөө хийхгүй гэсэн чинь  талийгаач би явъя гээд дагуулаад явсан яадаг юм гээд уурласан чинь Ба талийгаачийг гарын ар хэсгээрээ алгадаад авсан чинь талийгаач нэлээн уурлаад байхаар нь Ба за за наадхаа орхи гээд ажлын талбайгаас 700 юм уу, 800 метрийн цаана үлдээгээд явцгаасан. Тэгээд 10 бил үү, 15  минутын дараа  ирээд гэртээ нэлээн хэсэг байж байгаад архи уучихсан орж ирээд ах нь хоёр юм авчихсан байсан юм гээд хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд тэгээд бид нар ууцгаагаад тэр өдөр ажилдаа гараагүй. /хх-ийн 62-64-р хуудас/

Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг өнгөрж байхад босоод цай ундаа уучихаад 07 цаг өнгөрч байхад манай ажилчид ажилдаа гарсан. Ч, Х, З бид дөрөв өрлөг өрсөн. Харин талийгаач шалны хэвний паниар янзалж байсан. Ба наашаа цаашаа явж зааж зааварчлаад байж байгаад өдөр 13 цагийн үед хоолондоо орчихоод 14 цаг өнгөрч байхад эргээд тус тус ажилдаа гарсан. Харин талийгаач бид нартай хамт орой 19 цаг хүртэл өрлөг өрж байгаад бид нар бүгд хоолондоо орцгоосон. Тэгээд хоолондоо орж дуусаад Ч, Х бид гурав өрлөгөө өрөхөөр ажилдаа гараад өрлөгөө өрж байсан. Ойролцоогоор 20 юм уу, 30 минутын дараа Багийн 4 бил үү 5 дугаар ангийн хүүхэд нь Ц ах ухаан алдаад уначихлаа гээд бид нар дээр гүйгээд ирэхээр нь Ч, Х нар гүйгээд явсан. Би ойролцоогоор 10 минутын орчмын дараа талийгаач дээр очиход хамгийн зүүн талын гэрт хоймор дор орон дээр хэвтүүлээд Ч-ийн хөнжлийг дэрлүүлчихсэн ам нь ангайсан байдалтай хажууд нь Г, Ч, Х, манай тогооч Золоогийн эхнэр нар байж байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд нас барчихсан байна гэж хэлсэн. Тухайн өдөр 07 цаг өнгөрч байхад талийгаач бид хоёр өрлөгөө өрөөд үлдсэн. Харин Ч, Ба,З, Х нар Даланзадгад сумаас материал ачиж  ирэхээр явсан. Тэгээд бид хоёр ажлаа хийж байхад портероор 2 бил үү 3 босоо турба ирснийг нь талийгаач бид хоёр буулгасан. Тэгээд ойролцоогоор 18 бил үү 19 цагийн үед Ч, Ба, З, Х нар ирээд шууд гэр лүү орсон. Тэгээд удалгүй талийгаач бид хоёр тэд нарын орсон гэр лүү ороход нэг шил архи талаасаа арай дээгүүр болгочихсон уугаад сууж байхаар нь талийгаач бид хоёр хамт уугаад ямар нэгэн хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй нэгнийгээ шоолж байгаад унтаж амарсан. Өглөө 09 цагийн үед намайг босоход  Ч, З нар нэг шил 0.75  литрийн архи уугаад сууж байхаар нь би бас хамт нөгөө архийг нь ууж дуусгачихаад тэгээд ойролцоогоор 10 цагаас 11 цагийн хооронд  З эхнэртэйгээ, талийгаач Б бид 5  Даланзадгад сум руу Золоо, Ч-ийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бариад хамгийн эхэнд таарсан дэлгүүр лүү Золоогийн эхнэр, талийгаач хоёр орж 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи ундаа аваад гараад ирсэн. Тэгээд буцаад ажлын талбай руугаа явах замд хэдэн багана босгочихсон байсан. Газар Ба өөрийн машинтайгаа ирж зогсоогоод та нар архи ууж хүний машин уналаа гээд загнаж байгаад Ба талийгаачийг чи гэр орон луугаа мөнгө шилжүүлэн гэж авчихаад ажил дагуулж явж архи уулаа гээд загнахад нь талийгаач өөдөөс нь хэрэлдсэн чинь Ба машины хаалга онгойлгоод талийгаачийг татаж нэг алгадахаар нь З бид хоёр хоорондоо зодолдох гээд байх шиг байна гэж бодоод хорих санаатай буусан. Тэгтэл талийгаач тэгвэл би ахиад ч архи ууна гэтэл Ба та нар ажил руугаа яв гээд талийгаачийг аваад үлдсэн. Тэгээд бид нар очоод архиа ууж байхад ойролцоогоор 20 орчим минутын дараа Ба талийгаачийг үгэнд орохгүй байна цаашаагаа харина гээд яваад өглөө хаа хүрдэг юм гээд хүрж ирээд та нар одоо архиа болиод одоо ажлаа хий гэсэн чинь Ч нэг өдөр амрах юм байлгүй яахав өнөөдөр ажил хийж чадахааргүй байна гэсэн. Тэгээд бид нар эхний архиа дундаа орж байхад талийгаачийн хөмсөгнөөс нь цус гарчихсан, уруул шүд нь цус болсон байдалтай нэлээн ууртай гэрт ороод ирэхээр нь Ч наад нүүр амаа яасан юм бэ гэтэл Монтдораа буюу Ба цохисон гэж хэллүү ямар ч байсан нэг иймэрхүү л утгатай зүйл хэлээд талийгаач Ба руу уурлаад байсан. Гэтэл Ба, Ц ахаа хоёулаа хамт гарчихаад ирье гээд тэр хоёр гарчихаад 10 минутын дараа учраа олоод хоорондоо инээлдээд ороод ирсэн. Тэгээд би Ч, Ба, З талийгаач бид нар хамт суугаад архи ууцгаасан. Тэгээд бид эхний шил архиа ууж дуусгачихаад 2 дор шил архиа ууж байгаад унтаад өгсөн. Тэгээд орой хоолны үеэр сэрэхэд Ба талийгаач учраа олсон байдалтай инээлдээд сууж байсан.  Би босоод хоолоо идсэн чинь дотор муухай оргиод толгой өвдөөд байхаар нь шууд унтаад өгсөн. /хх-ийн 68-69-р хуудас/

Гэрч М.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул 17-14 тоотод байх гэртээ амарч байгаад 17 цагт БОЭТ-н түргэн тусламжийн тасагт 16 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Ойролцоогоор 20 цагийн үед Даланзадгад сумын шинэ цэвэрлэх байгууламжийн барилгын талбай дээр хүн ухаан алдсан гэсэн дуудлага ирсэн. Тухайн үед би Гурвансайхан гэр хороололд нярай хүүхэд халуураад байна гэсэн дуудлагын дагуу дуудлага нь дээр  очиж нярай хүүхдээ үзэж дуусгачихаад шууд  цэвэрлэх байгууламжийн  барилга дээр хүн ухаан алдаад үхчихлээ гэсэн  дуудлага дээр очиход 3 эгнээ 1 гэрийн 1 дүгээр эгнээний хамгийн цаад талын зүүн талын гэр лүү ороход гэр нь их харанхуй гар утасны гэрэл тусгачихсан 4 бил үү 5 хүн байсан. Харин хойд талын орон дээр хөнжил гудас овоолоод цээжийг нь өндөрлөсөн байдалтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би тухайн хойд талын орон дээр хэвтэж байсан хүнийг үзэхэд ам нь ангайсан байдалтай амьсгал нь зогссон, гүрээний судасны лугшилт мэдрэгдэхгүй байхаар нь чагнуураар зүрхний орой дээрх авиа сонсогдохгүй аль хэдийн амьсгал хураасан, зүрх судас нь бүрэн зогссон буюу нас барчихсан хүн байсан. Тэгээд манайхаас авах арга хэмжээ байхгүй байсан учир маарал тастаж байгаад ангайсан амыг нь боогоод цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. /хх-ийн 70-71-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг өглөө сэрэхэд  манай аав түрүүлээд сэрчихсэн ажлаа  хийж байсан. Тэгээд би машинаасаа буугаад гэр лүү ортол Ц эгч хоол хийчихсэн байхаар нь хоолноос нь идэж байхад аав орж ирээд би аавтай хамт ажлын талбай руу хамт яваад ажил дээр нь байж байхад аав Даланзадгад сум руу яваад өгсөн. Харин би хажуу айлын хүүхэдтэй хамт тоглож байгаад гэрт ороод оройн хоолоо идэж дуусаад гэрт байж байтал З ах орж ирээд Ц ах хажуу гэрт ухаан алдсан байна гэхэд Г ах З ахтай хамт хажуу айлын гэр лүү орсон чинь шүлсээ гоожуулсан хоёр орны хооронд газар хэвтэж байсан. Тэгтэл Г ах намайг Ч ахыгаа дуудаад ир гэхээр нь би ажлын талбай руу гүйж очоод Ч ахаа Ц ах ухаан алдчихлаа гэж хэлсэн чинь Ч ах шууд гүйгээд хамт гэрт хүрээд ирсэн. /хх-ийн 72-74-р хуудас/

Гэрч П.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач миний төрсөн дүү байсан. Ба бид хоёр Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн барилгын ажилд хамт 2 сар гаран ажиллахдаа танилцсан. Талийгаач архи жоохон уудаг хүн байсан. Талийгаач нэг уухаараа ахиад уух гээд байдаг. /хх-ийн 75-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач П.Бгийн цогцост их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн зулай, дух, чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсны доорх цусан хураа, зүүн чамархай, зулай, духны дэлбэнгийн зааг, зүүн чамархайн дэлбэнгийн суурь, духны зүүн дэлбэнгийн доод гадаргуу дахь аалзан хальсны доорх тархмал цус харвалт, зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт, цус хуралт, зүүн шанаа, нуруу, шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаатай ойролцоо цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтлүүд байна. Талийгаач нь ходоодны архаг үрэвсэл байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. /хх-ийн 80-82-р хуудас/

Шинжээч Г.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гавал тархины гэмтэл нь зүүн зовхинд шарх цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлийн улмаас буюу зүүн нүдний орчим хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Талийгаачийн баруун чамархайд тархины эдийн зөөлрөлт буюу хуучин гэмтэл байсан. Үүнээс өөр архаг өвчин байгаагүй. Дээрх гавал тархины гэмтэл нь сая дурьдсан хуучин гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Дээрх гавал тархины гэмтэл нь зүүн нүдний орчим нэг болон түүнээс дээш удаагийн мохоо хүчин зүйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачийн биед учирсан бүх гэмтлүүд нь нас барахаас 2-3 хоногийн өмнө ойролцоо цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. /хх-ийн 83-84-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний дөрийн 1327 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач П.Бгийн биед учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь болон орой хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх ба зүүн нүдэнд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна. Талийгаач П.Бгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ. Талийгаачид учирсан зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач П.Бгийн тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн голомтлог зөөлрөл нь их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтуудтай хавсарч үхлийн шалтгаан болохгүй. Талийгаач П.Бгийн их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт авсан үед хэдий хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахгүйгээр амьд явах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь тархийг дарж нас барах хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. Сэтгэл санааны тогтворгүй байдал, согтууруулах ундааны байнгын хэрэглээ, амралт, нойрны дутагдал зэрэг нь үхлийн шалтгаанд нөлөөлж болно. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №107 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. Талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас тархи дарагдаж нас барсан байна. Дээрх их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь цусны даралт ихсэх өвчин, тархи судасны өвчний үед үүсэх боломжтой. /хх-ийн 149-154-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны дөрийн 1482 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд 3-4 хоногийн өмнө үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Талийгаач нь тархины судас хатуурах өвчний улмаас их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харваж нас баржээ. Үхлийн шалтгаан нь гэмтэлтэй холбоогүй байна. Зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үхэлтэй шалтгаант холбоогүй. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №107-н 1-р хариултын тархины гэмтэл гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь хуйх, гавлын яс, тархины эдэд гэмтэл үүсээгүй, мөн их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтууд байрлал, цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Мөн 3-р хариулт үндэслэлгүй, шүүх эмнэлгийн 1327 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 169-173-р хуудас/

Шүүгдэгч Н.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Надад өмнө өгсөн мэдүүлгээсээ өөрчлөгдөх зүйл байхгүй. Би өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тэгэхдээ товчхон хэлэхэд талийгаачийг би зодож цохиод алчихъя гэж бодоогүй давраад архи уугаад байхаар нь би 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр цэвэрлэх байгууламжаас баруун урд зүгт 700-гаас 800 орчим метрийн зайд байх бохирын шугамын баганын хажууд маргалдаад ам руу нь нэг удаа гарынхаа ар хэсгээр алгадсан чинь уруул амнаас нь цус гарчихсан над руу уурлаад орилж хашхираад байхаар нь би багануудын хажууд орхиод амралтын гэрүүдээс зүүн урд зүгт 150 орчим метрийн цаана байх жижиг усны далангийн хажуу талд талийгаачийг хүлээгээд зогсож байтал талийгаач хүрч ирээд над руу уурлаад дайраад байхаар нь би баруун гараараа зүүн нүдэнд нь цохьсон чинь зүүн нүдний дээд талын хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан. Тэрнээс өөр зодож цохьсон зүйл байхгүй. Ажлаа хийхгүй архи уугаад яваад байхаар нь би нэг удаа алгадаад нэг удаа цохьчихсон юм. Надад сонгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байна гэж ойлгож байна. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 08 дугаар сарын 17-нд талийгаачийн эхнэрт 400.000 төгрөг өгсөн. Бас 08 дугаар сарын 20-нд 200.000 төгрөг, бас 12 дугаар сарын 09-нд 150.000 төгрөг тус тус өгсөн байгаа. /хх-ийн 88-89, 180-181-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-24-р хуудас/

Талийгаач П.Бгийн ар гэрт нь болон буяны ажилд нь Н.Багийн зүгээс 600.000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 184-188-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /126-131, 134-136, 177, 203-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ба нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймаг, Даланзадгад сумаас зүүн зүгт 5,8 километр зайд үйл ажиллагаа явуулах БИПИЭС ХХК-ний цэвэрлэх байгууламжийн гадна П.Бтэй архи уулаа гэж маргалдан зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 8-р сарын 13-ны өдөр шүүгдэгч Н.Ба нь хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба энэхүү өдрөөс хойш хохирогч П.Б нь өдөр тутмын ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, улмаар 2019 оны 8-р сарын 16-ны өдрийн орой 20 цагийн орчимд  хохирогч П.Б нь ухаан алдан унаж, эмнэлгийн түргэн тусламжийн эмч очиход амьсгал хураасан байдалтай байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч П.Бгийн амь нас хохирсон асуудалтай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад тусгай мэдлэгийн шинжээчдийн 3 удаагийн дүгнэлт гарсан ба бүрэлдэхүүнтэй шинжээчид дараах байдлаар дүгнэлт гаргажээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын Дүрс оношилгооны шинжээч, шинжээч эмч хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 14 дэх жилдээ ажиллаж байгаа, Анагаах ухааны магистр, докторант, цагдаагийн ахмад Сүхбаатарын Чулуунсүх, Шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Шагдарын Цэцэгмаа, Шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 7 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад Мөнхжаргалын Золжаргал нарын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1327 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач П.Бгийн биед учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь болон орой хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь нас барахаас 0-6 цагийн өмнө үүссэн байх ба зүүн нүдэнд үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна.

Талийгаач П.Бгийн биед зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл учирсан байна. Талийгаачид учирсан зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Талийгаач П.Бгийн тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эдийн голомтлог зөөлрөл нь их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтуудтай хавсарч үхлийн шалтгаан болохгүй.

Талийгаач П.Бгийн их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт авсан үед хэдий хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахгүйгээр амьд явах эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй ба тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь тархийг дарж нас барах хүртэлх хугацаанд амьд явах боломжтой.

Сэтгэл санааны тогтворгүй байдал, согтууруулах ундааны байнгын хэрэглээ, амралт, нойрны дутагдал зэрэг нь үхлийн шалтгаанд нөлөөлж болно. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №107 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна. Талийгаач нь их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтын улмаас тархи дарагдаж нас барсан байна. Дээрх их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт нь цусны даралт ихсэх өвчин, тархи судасны өвчний үед үүсэх боломжтой. /хх-ийн 149-154-р хуудас/ 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, мэргэжлээрээ 19 дэх жилдээ ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн хошууч цолтой Ц.Ганболд, тэргүүлэх зэргийн шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэшлээрээ 16 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад цолтой Ө.Сарангэрэл, шинжээч эмч, хүний их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байгаа, цагдаагийн ахмад цолтой Ц.Бадрал, шинжээч эмч, мэргэжлээрээ 10 дахь жилдээ ажиллаж байгаа, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн ахмад цолтой Б.Ганзориг, шинжээч эмч мэргэжлээрээ 6 дахь жилдээ ажиллаж буй, хүний их эмч мэргэжилтэй, цагдаагийн ахлах дэслэгч цолтой Ц.Оюун-Эрдэнэ нарын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1482 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид зүүн нүдний дээд зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, уруул, зүүн өвдөг, шилбэ, баруун шуу, шилбэ, нуруунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, доод уруул, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд 3-4 хоногийн өмнө үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

Талийгаач нь тархины судас хатуурах өвчний улмаас их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харваж нас баржээ. Үхлийн шалтгаан нь гэмтэлтэй холбоогүй байна.

Зүүн нүдний дээд зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үхэлтэй шалтгаант холбоогүй. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №107-н 1-р хариултын тархины гэмтэл гэсэн нь үндэслэлгүй байна. Энэ нь хуйх, гавлын яс, тархины эдэд гэмтэл үүсээгүй, мөн их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнгийн суурь хэсгийн нимгэн ялтаслаг хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн хэсэг, дух, чамархайн дэлбэнгийн суурийн хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалтууд байрлал, цаг хугацааны хувьд тохирохгүй байна. Мөн 3-р хариулт үндэслэлгүй, шүүх эмнэлгийн 1327 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 169-173-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүх дээрх шинжээчдийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Н.Баг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.   

Энэхүү шинжээчдийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий, мэдлэг, туршлага, чадвар бүхий хэд хэдэн шинжээчид дээрх  шинжилгээг хийж дүгнэлтүүдээ гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Энэ гэмт хэргийн улмаас амь хохирогч П.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өгсөн мэдүүлэгтээ болон шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “...7.007.250 төгрөгийн оршуулгын зардал авна, би гомдолтой байна” гэх боловч шүүгдэгч нь хүнийг алах гэмт хэрэгт бус, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ хохирол, хор уршиг төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “...өмнө нь 750.000 төгрөгийн хохирол төлсөн” гэх тайлбар гаргаж байгаа боловч шүүгдэгчийн зүгээс 600.000 төгрөг, “Би Пи Эс” ХХК-ийн зүгээс 150.000 төгрөгийн хохирол төлбөрийг дансаар шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг хохирлыг талийгаач Бгийн ар гэрт нь болон буяны ажилд нь зориулж өгсөн гэх тайлбарыг гаргаж байх тул шүүгдэгчийг талийгаач Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ хохирол төлбөр төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх үзэн, шүүгдэгчээс 1.000.0000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Н.Баг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө завсарлага авч, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д 1.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Багаас 1.000.000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан болох нь хэрэгт авагдсан хувийн байдлыг нь тогтоосон баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Улсын яллагч: Шүүгдэгч Н.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэх санал гаргав.

Шүүх шүүгдэгч Н.Бад ял оногдуулахдаа улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал болон шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...одоогоор цалин, мөнгө, орлогын эх үүсвэр байхгүй, хохирол төлбөр төлөх мөнгөгүй байгаа.” гэх мэдүүлгийг үндэслэн түүнд торгох ялыг оногдуулах нь тохиромжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Бад мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 24 /хорин дөрөв/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож үзэхэд 192 /нэг зуун ерэн хоёр/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биеэр эдэлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.

Энэхүү хугацааг шүүгдэгч Н.Бад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Н.Багийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 48 /дөчин найм/ цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ба нь шүүхээс оногдуулсан 48 /дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны гадна үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Ба нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 24 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн Н Баг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бад 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Багийн цагдан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож 192 /нэг зуун ерин хоёр/ хоногийн цагийг шүүгдэгч Н.Бад оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, шүүгдэгч Н.Багийн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 48 /дөчин найм/ цагийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ба нь шүүхээс оногдуулсан 48 /дөчин найм/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн цогцосны гадна үзлэгийг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий CD-1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Н.Ба нь 2019 оны 10 дугаар сарын 11-нээс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 24 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Багаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, ТЭЦ-2, ............ тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х овгийн Д-гийн Д-д /РД:............./-д олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА