| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 176/2020/0043/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/44 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Гансувд |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/44
2020 01 31 2020/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,
Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т С Н-д холбогдох эрүүгийн 2034000700049 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т С Н, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 1 дүгээр багийн Бөмбий гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, 86031706 регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Н-гийн өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн төрсөн дүү Хорлоо, түүний хүү Гансүх нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сум руу явахаар Драгон орж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу явах Истана маркийн машинд суусан. Тэгээд Лүн сум өнгөрөөд 172 км заалтын орчим нөхөр Энхбатын эгчийн хүүхэд Лхагва-Очироор тосуулж авахуулсан. Жолооч ах ачаа буулгаж өгсөн би шуудайтай ачаагаа бариад зам хөндлөн гарсан миний араас Хорлоо хүүхдээ хөтлөөд гарч ирсэн. Би мотоцклийн ард суугаад авч явсан ачаагаа голдоо тавиад хөдлөх гэтэл Лхагва-Очир та хэдийн машинаас буусан газар дөрвөлжин зүйл байна та хоёрын ачаа юм уу гэж асуухаар нь би зам хөндлөн гараад үзэхэд саарал өнгөтэй гол хэсгээр нь скочоор ороосон чемодан байсан. Тэгээд гэр лүүгээ аваад харьсан. Хорлоо хүүхдээ хөтлөөд өөрийн жижиг цүнхтэй зүйлээ бариад араас алхаж байсан бөгөөд намайг гэрт буулгасны дараа манай нөхөр Энхбат эргээд Хорлоог авахаар мотоциклтой явсан тэр хооронд би чемодантай зүйлийг задлаад үзсэн. Манай хоёр хүү дотор нь байсан хүүхдийн тоглоомоор нь тоглосон, дотор нь байсан чихрийг нь идсэн. Уг чемодан дотор эмэгтэй, эрэгтэй хүний хувцас, нярай хүүхдийн хувцас, шинэ адууны арьсан гутал, богино түрүүтэй хар гутал, хүн өмсөж байсан гутал пүүз, ногоон куртик байсан. Тэгээд 2 цагийн дараа жолооч ах гэрт ирээд чемодантай ачаа асуухаар нь би айсандаа мэдэхгүй гээд хэлчихсэн. Манай хүүхэд дотор нь байсан тоглоомоор тоглоод чихрийг нь идсэн, доторх эд зүйлийг гаргаад эмх цэгцгүй болгосон болохоор санаа зовоод гаргаж өгөөгүй. Миний буруу надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргийг маань хуулийн дагуу түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг,
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:
Хохирогч Б.Сүхдуламын өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сум руу явахаар Улаанбаатар хотын Драгон гэх газраас Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу явна гэсэн саарал өнгөтэй 0035 ӨВР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Уг машинд суухдаа хоёр саарал өнгийн том, жижиг чемодан авч явсан. Уг машины жолооч ах миний ачааг арын том хаалга онгойлгоод хийсэн. Лүн сум өнгөрөөд 172 км заалтын шон гэсэн байх миний хажууд сууж байсан хоёр эгч буусан. Тэгээд арын хаалгыг онгойлгоод ачаагаа аваад байсан. Тэгээд цааш яваад Эрдэнэсант сум оролгүй хоёр хүн замын хажууд буусан. Рашаант сум руу ороод би буусан юм ачаагаа авах гэтэл миний нэг чемодан байхгүй байхаар нь жолооч ахаас миний ачаа байхгүй байна гэж хэлэхэд Лүн сум өнгөрөөд хамгийн түрүүнд буусан хоёр зорчигч миний ачаа гэж хэлээд аваад буусан байх тэнд л арын хаалгаа онгойлгосон гэж хэлсэн. Тэгээд би жолооч ахаас ачаагаа авий гэж нэхсэн. Тэгээд эргээд хоёр хүүхэн буусан газар очиж үзье гэж хэлээд шөнө эргээд Өндөрширээт сумын нутаг, Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан 172 км заалтын орчим очиж замын урд байсан айлд очиход бид хэдтэй хотоос цуг ирсэн хоёр эгчийн гэр мөн байсан. Тэгээд миний ачаа хаана байна та хоёр аваад буусан юм биш үү гэж хэлэхэд би мэдэхгүй та хэд хүн гүтгээд байна гэж хэлсэн. Чемодан дотор 1 сая төгрөгний гэрийнхэндээ авсан хувцас болон дүүгээ хуурах чихэр, тоглоом байсан. Би БНХАУ-ын Хөх хотод сурч байгаа бөгөөд өвлийн амралтаараа гэртээ ирж амрах гэж явсан. Би алга болсон чемоданаа оруулахаар Цагдаагийн байгууллагад хандсан. Н гэх хүн миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би хавтаст хэрэгтэй танилцахгүй мөн шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг /хх 13-16/,
Гэрч Д.Эрдэнэжаргалын өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 12-ний 16 цагийн үед Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум руу явахдаа Драгон дээрээс 8 хүн суулгасан. Ихэнх хүмүүс нь Лүн сум өнгөрөөд бууна гэсэн. Тэгээд би Лүн суман дээр нэг эрэгтэй зорчигч буулгаад Өндөрширээт сумын засмал замын 172 км заалтын орчим хоёр эмэгтэй хүн буулгасан. Тэгээд ачааг нь буулгахдаа хүний чемодан мөн үү гэж асуухад мөн мөн гэж улаан куртиктэй хүүхэн хэлсэн. Тэгээд би буулгаад үлдээгээд явсан. Тэгээд зам дагуу хүмүүсээ буулгаад Сансар дээр нэг охин буух гээд машинаас ачаагаа авах гэтэл миний чемодантай ачаа алга байна та олж өг гэж хэлсэн. Тэгээд би санаа зовоод эргээд анх суусан хоёр хүүхний газар ирсэн 172 км заалтын шон дээр уг газарт ачаа нь байхгүй байсан тухай өдөр гадаа сартай цэлмэг алсын бараа харагдаж байсан зүүн урд зүгт нохой хуцаад айлын бүдэг бараа харагдахаар нь уг айлд очиход надтай хотоос ирсэн хүмүүс байсан. Би ачаагаа алдсан гэх охинтой гэрт нь ороход бид хоёр мэдэхгүй аваагүй гэж хэлсэн. Тэгээд бид хэд эргээд сум руу яваад Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх 16-17/,
Гэрч С.Хорлоогийн өгсөн: Лүн сум өнгөрөөд 172 км заалтан дээр эгч Н манай хүү бид гурав буусан тэгээд машины жолооч ах бид хэдийн ачааг гаргаж өгсөн. Тэгээд жолооч ах бид хэдийн ачааг гаргаж өгөөд тэгэхдээ миний цүнхийг энэ чиний цүнх мөн үү гэж хэлсэн би мөн гэж хэлээд миний цүнхийг хүзүүнд зүүж өгсөн. Манай эгч шуудайтай ачаагаа аваад замын урд гаргаж тавьсан би хүүхдээ хөтлөөд хоёр жижиг цүнхтэй ачаагаа бариад замын урд гарсан. Тэгээд бид хэдийн сууж ирсэн машин хөдлөөд явсан би хүүтэйгээ үлдээд бид хэдийг тосож авахаар манай эгчийн нөхөр дүү Лхагва-Очир нь мотоциклтой ирсэн байсан. Тэгээд мотоцикл дээр манай эгч суугаад ачаагаа голдоо хийгээд явах гэтэл Лхагва-Очир та хэдийн машинаас буусан газар дөрвөлжин юм байна гэж хэлсэн. Манай эгч Н явган зам хөндлөн гараад уг дөрвөлжин юмыг чирээд ирсэн. Тэгээд хархад саарал өнгөтэй гол хэсгээр скочоор ороосон чемодан байсан тэгээд Лхагва-Очир мотоциклоо унаад эгч араар нь суугаад голд нь чемодан хийгээд дээр нь шуудайтай зүйлээ тавиад явсан. Тэгээд би араас нь хүүгээ хөтлөөд хоёр цүнхтэй ачаагаа бариад цүнхээ үүрээд алхсан. Тэгээд алхаад 2 км орчим явсан байх өмнөөс манай хүргэн ах Энхбат мотоциклтой ирж авсан. Энхбат ахын гэрт ороход хүмүүсийн үлдээсэн чемоданыг задлаад доторх зүйлийг нь гаргачихсан байсан. Энхбат ахын хоёр хүүхэд нь дотор нь байсан тоглоомыг нь гаргаад тоглож байсан чихрийг нь бас идэж байсан. Тэгээд би ороод сууж байгаад уг чемодан дотор байсан хувцсыг нь үзэхэд эмэгтэй хүний өмд, хар шинэ үстэй гутал, хүүхдийн хувцас байсан. 2-3 цагийн дараа байх бид хэдийг зам дээр буулгасан жолооч ах Энхбат ахын гэрт ирээд та хэд чемодан авсан уу гэж асуусан. Тэгтэл манай эгч Н нь би мэдэхгүй гэж хэлсэн хүргэн ах бас мэдэхгүй манай эхнэр дүү хоёр ирэхдээ чемодантай ирээгүй гэж худал хэлсэн. Тэгээд ирсэн хүмүүс буцаад яваад. Чемоданыг ахын зүүн талд байсан жижиг гэрт оруулсан. Манайд ирсэн хүмүүс цагдаагийн байгууллагад хэлнэ гээд явсан гэх мэдүүлэг /хх 18-19/,
Гэрч Э.Лхагва-Очирын өгсөн: Зам дээр Н, Хорлоо эгч хоёрын буусан газар нэг дөрвөлжин зүйл байсан. Би та хэдийн ачаа тэр мөн юм уу та хэдийн зогсож байсан газар дөрвөлжин зүйл байна гэж хэлэхэд Н эгч буугаад зам хөндлөн хараад уг дөрвөлжин зүйлийг чирээд ирсэн. Тэгээд голдоо тавиад явсан уг зүйл нь хүнд саарал өнгөтэй чемодан байсан. Би эхлээд Н эгчийг суулгаад голдоо тавиад явсан уг зүйл нь хүнд саарал өнгөтэй чемодан байсан. Би эхлээд Н эгчийг суулгаад голдоо чемодан тавиад дээр нь шуудайтай зүйл тавиад Н эгчийн гэрт очсон. Энхбат ах хоёр хүүхдийн хамт байсан. Н эгч уг чемоданыг хүний ачаа байгаа юм гэж хэлж байсан. Хоёр хүүхэд нь дотор нь байсан тоглоомыг нь гаргаж тоглосон мөн чихрийг нь идсэн би чавганаас идсэн гэх мэдүүлэг /хх 22/,
Гэрч Б.Энхбатын өгсөн: Би Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын малчин юм манайх энэ жил отроор Төв аймгийн Өндөрширээт сумын Зөөлөнгийн ар гэх газарт нутаглаж байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 12-нд манай эхнэр Н нь хотоос ирсэн ирэхдээ саарал өнгөтэй чемодантай ирсэн. Тэгээд эхнэрийг авчирсан чемоданыг манай хүүхэд задлаад дотор нь байсан тоглоомоор тоглосон, эхнэр дотор нь байсан хувцасыг нь гаргаад үзсэн. Тэгээд илүү гэртээ оруулж тавьсан. Шөнө машин ирээд чемодан асуусан би мэдэхгүй, манай эхнэр аваагүй гэж хэлсэн. Уг хүмүүсээс санаа зовоод хэлсэн. Тухайн үед дотор нь байсан эд зүйлийг нь гаргаад эмх цэгцгүй болгоод чихрийг нь идсэн байсан гэх мэдүүлэг /хх 23/,
Өндөрширээт сумын засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн үнэлгээний: Б.Сүхдуламын эзэмшлийн саарал өнгийн чемодан дотор байсан эд зүйлийн үнэ нь үнэлгээний өдөр болох 2020 оны 01-р сарын 21-ний байдлаар 1 425 000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг болно.” гэжээ /хх 29-30/,
Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-8/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/, С.Н-ийн хохирлоо төлж барагдуулсан тул хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53/, хүсэлт хангасан прокурорын тогтоол /хх 57/ зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Н нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр, бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 1 425 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Н нь Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Зөөлөнгийн ар гэх газарт байх асфальтан зам дээр 0035 ӨВР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээс гээгдүүлсэн иргэн Б.Сүхдуламын өмчлөлийн 1 425 000 төгрөгийн үнэ бүхий саарал өнгийн чемодантай эд зүйлийг авсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сүхдулам /хх 13-16/, гэрч Д.Эрдэнэжаргал /хх 16-17/, гэрч С.Хорлоо /хх 18-19/, гэрч Э.Лхагва-Очир /хх 22/, гэрч Б.Энхбат /хх 23/, Өндөрширээт сумын засаг даргын тамгын газрын Үнэлгээний комиссын 2020 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн үнэлгээ /хх 29-30/,
хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-8/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-11/ зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн нотолсон, улсын яллагчийн шүүгдэгчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Н-г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Хохирогч Б.Сүхдуламын "Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн С.Н-тэй сайн дурын үндсэн дээр эвлэрч баталгаа гаргаж байна. Иймд С.Н д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх 53/-ээр шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Н, хохирогч Б.Сухдулам нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж С.Н-д оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталсан байна.
Шүүгдэгч С.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т "Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно." гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 500 000 төгрөгийн торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн 2034000700049 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т С Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н-д оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 166 667 /нэг зуун жаран зургаан мянга зургаан зуун жаран долоо/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Эрүүгийн 2034000700049 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Н нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ