| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0031/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0031/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ариунболд,
Шүүгдэгч Б.Х, Ч.Т нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Ч.Т нарт холбогдох 193900.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Х
Монгол Улсын иргэн, Ч.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Х, Ч.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутгаас иргэн Б.Э-ийн 1 тооны бярууг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х, Ч.Т нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сард Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутгаас иргэн Б.Э-ийн 1 тооны бярууг хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай мал Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт Э гэдэг хүнд байдаг юм. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орчимд Энхзул 1 тооны хар бяруу хулгайд алдчихлаа гэж мэдэгдэж байсан. Тэгтэл малчин Э-ын зүүн хойд талд 1-2 км орчим зайд амьдарч байсан Б.Х хулгайлаад өөрөө махыг нь идшинд хэрэглэсэн байсан. Би Б.Х-ээс хохирлоо бүрэн барагдуулж авсан. ... Би бяруугаа 1.500.000 төгрөгөөр үнэлнэ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-11 тал/
2. Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 10-ны орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг “Хулахцай” гэх газарт Э гэх хүний үхрийг маллаж байгаад 1 тооны хар бяруу хулгайд алдсан. Тэгтэл Х гэдэг хүн ажиллаад идчихсэн байсан... 2013 оноос хойш 60-70 орчим тооны үхэр маллаж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/
3. Гэрч Б.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг анх томилогдоод очиход Х-ийнх өвлийн идшээ идсэн байсан. Адуу бол намайг байхад байгаагүй. Угаасаа цөөхөн 7-8 тооны адуутай. Үхэр намайг байхад нэг хар зүсмийн мухар, жижгэвтэр биетэй, их махтай шүдлэж байгаа бол уу гэмээр үхрийг 2018 оны 04 дүгээр сарын 10-13-ны хооронд нядалсан. ... Би хоньтойгоо орой 17 цаг орчимд хонио хариулаад гэрт ирэхэд Х-ийн гадаа хар голдуу 10-аад тооны үхэр зүүн урагшаа хөдөлж байсан. Тэгээд Х мотоцикльтой араас нь хөдлөөд үхрийг малын хашаа руугаа шахсан. Дараа нь Х-ийн эхнэр Н-ийн эгчийнх нь хүүхэд А гээд дүү нь уг мухар хар үхрийг уургаар барьсан. Э гэх айлын адуучин Т намайг ногтлоодох гээд би очиж ногтлоод Х-ийн гэрийн зүүн талд байх хаваржааны зүүн талын хашааны шонгоос А бид хоёр очиж уясан. ... Би орой 22 цаг гээд унтсан. Намайг унтах хүртэл тэр үхрийг бол нядлаагүй. Өглөө намайг босоход Х-ийн цэнхэр өнгийн портерийн ачаан дээр үхрийн махыг берзентээр хуйлаад тавьсан байсан. ... Яг тухайн үед юу ярьж байсныг нь би санахгүй байна. Үхрийг нь би барьж уячаад тэгээд хонины морио аргамжчихаад Х-ийн гэрт ороход Т, Х, А нар дундаа 0.75 литрийн Улаанбаатар архи уугаад сууж байсан. Тэгээд Т нь шөнө 1 цаг өнгөрөөгөөд үхрээ нядалчихая гэж байсан. Намайг бас ахын дүү хүн амьтан чамаас үхэр энэ тэр асуувал мэдэхгүй гээд байгаарай гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/
4. Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Х гэх айлд унтах санаатай очсон. Тэгсэн Х манайх хоолгүй болоод байгаа гэж хэлсэн. Тэгээд Х хашаандаа мухар хар төмстэй бяруу уясан байсан. Тухайн үед гэрт нь танихгүй цэрэг, эхнэр Н болон өөр хүн байгаагүй. Тэгээд 22 цаг өнгөрч байхад гэрийн гадаа нөгөө хар бяруугаа ажилласан. Тэгэхэд тэр төмстэй байсан. Эхнэр Н нь гэдсийг нь цэвэрлэсэн. Тэгээд тэнд хоноод өглөө нь адуундаа явсан. Өдөр ирэхэд тэр бярууны махыг яснаас нь шулаад хэдэн хэсэг болгоод хөлдөөсөн байсан. Надад багцаагаар ясгүй шулсан 10 гаран кг мах өгсөн. Би анх өөрийн үхэрнээс алж байгаа юм байх гэж бодож байсан. Тэгээд мэдээгүй. Х надад хэлээгүй. Тэгээд хэд хонож байсан чинь Э төмстэй бяруу сураад байсан. Тэгээд тэр бярууг Э-ын бяруу гэдгийг нь мэдсэн. Х өөрөө сүүлд нь тэр ажилласан бяруу Э-ын бяруу байна. Та тэр Э-д мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би хэлээгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/
Ч.Т-ын 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сард би малд явж байгаад орой 18 цагийн орчимд Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэх газар Х-ийн гэрт ирсэн. Намайг ирэхэд Х гэрийнхээ гадаа нэг бяруу ажиллаж байсан. Тэгэхээр нь би тус болоод хажуунаас нь илбэлцэж өгөөд явах гэтэл жоохон мах аваад яв гээд өгсөн. Тэгтэл бүр сүүлд зунаар цагдаа нар ирээд уулзтал Х-ийн ажиллаж байсан бяруу нь хулгайн бяруу байсан юм байна лээ. ... Мухар хар бяруу байсан. Би имийг нь анзаарч хараагүй. ... Тэр үед бяруу алдсан Э-ын гэр Х-ийн гэр хоорондоо 1.5 км зайтай байсан. Намайг Х-ийнд очих үед гэрт нь нэг цэрэг байсан. Тэр мэдсэн байх... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/
5. Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг Бага цагаан толгой гэх газарт хаваржиж байхад буюу 2018 оны 04 дүгээр сарын 10-даар байх яг өдөр хоногийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр цас шуурч байсан болохоор хойд талаасаа 10 гаран тооны үхэр шуурганд уруудан манай хаваржиж байгаа газарт ирсэн. Тэгээд би тэр үхэр дундаас хар зүсмийн бяруу барьж аваад гэрийн зүүн талдаа нядалсан. Би үхэр нядлахдаа Э-ийн адуучин болох Т бид хоёр нядалсан. Харин манай гэрт Ц гэх цэрэг байсан. Ц нь бол тэр үхрийг нядлалцаагүй. Харин би 10 гаран тооны үхэрнээс хар зүсмийн үхэр барихдаа Ц гэх хүнээр бариулсан. Нядалсан хар зүсмийн үхрийн махаа борц болгон идшинд хэрэглэсэн. Толгой, арьс гэдэс, ширийг нь бол Э-ийн малчин Т гэх хүн авч хаясан. Би яг хаана үхрийн толгой, ширийг нь хаясанг мэдэхгүй байна. Үхрийн махнаасаа Т гэх хүнд 10 гаран кг үхрийн мах өгсөн. Үлдэгдэл үхрийн махыг нь би хэрэглэсэн. Тэр хар зүсмийн бярууны им, тамгийг нь би сайн хараагүй. Имгүй үхэр байна гэж бодсон. Харин эр бяруу байсан. Тэгээд би тэр 10 гаран тооны үхэрнээс нэг тооны хар зүсмийн бярууг нь барьж аваад бусад үхрүүдийг нь гэрийнхээ хойш нь гаргуулсан. Хаашаа явсаныг нь мэдээгүй. ... Би тэр үхрийн эзнийг нь мэдэхгүй байна. Хойноос шуурганд уруудаж ирсэн л үхэр. ... Би болон Т гэх хүнтэй хамт нядалсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр л байсан. ... Тийм ээ намайг тэр айлын 10 гаран тооны үхэрнээс барьж авахад Т гэх хүн байсан. Тийм болохоор Т гэх хүн хулгайн үхэр гэдгийг мэдэж байгаа. ... Миний малын А дансад бод 8, бог 120 орчим тооны бог мал байгаа. ... Тэр хар зүсмийн бярууг нядлахад тэр цэрэг болох Ц гэх хүн ямар нэгэн хамаарал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/
Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт Т, А, Ц, Н нар байсан. Тэгтэл тэр өдрийн үдээс хойш 15-17 цагийн орчим хойноосоо цас шуурч байхад 10 гаран тооны үхэр манай гэрийн хажууд ирсэн. Манай гэрийн гадна Т бид хоёр тэр үхрийг харсан. Тэгээд тэр үхрийг харахад Б.Э-ийн малчин Э-ын маллаж байсан үхэр шиг харагдаад Т-оос “ энэ Э-ын үхэр биш үү?” гэж асуухад Т надад хандан биш байх аа гэхээр нь би Т-д хандаж хар бярууг нь барьчих уу? гэж хэлтэл Т тэгье гэж зөвшөөрсөн. Тэгээд би гэрээс А, Ц нарт миний үхэр байгаа юм гэж хэлээд бариулсан. Тэгээд тэр бярууг хашаанаас уяад орхисон. Нар жаргасны дараа Т-ын хамтаар тэр бярууг ажиллаад махыг нь Т-той хувааж авсан... Тухайн үед Т надад тэр бярууг авчихад зүгээр гэж хэлж байсан. Тэгээд л Т-ын хамтаар хулгай хийчихсэн. Ер нь бол манай гадаа ирсэн байсан болохоор хар бярууг нь барьчихсан юм. ... Би өөрийн үхрээс 1 тооны хар бяруугаа ажиллаж байгаа юм гэж хэлээд тэр хар бярууг ажилласан тул А, Ц, Н нар мэдээгүй. Би тухайн үед хар голдуу үхэр малладаг байсан учир тэд нар мэдээгүй. ... Б.Э-ийн малчин Э-ын маллаж байсан үхэртэй тухайн үедээ адилхан харагдаж байсан. ... Би Э-д хар бярууны хохирлыг бүрэн төлж гомдолгүй болгосон. ... Т-ын хамтаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/
6. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №381 дугаартай: “... Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны нутгаас иргэн Б.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хулгайд алдсан 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 39 тал/
7. Яллагдагч Ч.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр малд явж байгаад Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэх газарт Х-д очсон. Очиход цас шуурч байсан. Тэдний гэрийнх нь хойноос 10 гаран тооны бараан үхрүүд шуурганд уруудаж ирсэн. Надаас Б.Х энэ хэний үхрүүд вэ? гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Б.Х энэ Б.Э-ийн малчин Э-ын үхрүүд биш үү? гэхээр нь би бас мэдэхгүй гэсэн. Тэгээд Б.Х нэг хар бярууг нь барьчих уу? гэхээр нь би тэгье гэсэн. Б.Х гэрт байсан Ц, А нараар өөрийнхөө үхэр байгаа юм гэж хэлээд хар бярууг нь бариулж хашаанд уяуулсан. Нар жаргасны дараа хар бярууг Б.Х бид хоёр ажилласан. Тэгээд махыг нь хувааж авсан. Ийм гэмт хэрэг үйлдсэн. ... Б.Х бид хоёр хоёулаа хоорондоо ярьж тохироод хамтдаа хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Би гэм буруугаа маш их гэмшиж ойлгож байна. Дахин хэзээ ч ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч Б.Э-ийн хохирлыг Б.Х бид хоёр бүгдийг төлж хохиролгүй болгосон байгаа. Тухайн үед манай гэр Б.Х-ийн гэртэй ойрхон байсан учир алхаад очсон юм... Баруун талын чих нь ац, зүүн талын чих нь ухам имтэй байсан байх. Тухайн бярууны хоёр чих нь хөлдөөд мөлүү болчихсон байсан. Гэхдээ тиймэрхүү имтэй юм уу гэж харагдсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
8. Яллагдагч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх 2018 оны 04 дүгээр сард Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгоны “Цагаан толгой” гэх газарт хаваржиж байсан. Гэтэл 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр цас шуургатай байхад хойноосоо 10 гаран тооны бараан үхрүүд манай гэрийн гадаа ирсэн. Энэ үед манайд Ч.Т ах ирсэн байсан учир би энэ үхэрнүүд хэний үхэрнүүд вэ? гэхэд Ч.Т ах мэдэхгүй гэсэн. Би Б.Э-ийн малчин Э-ын үхэрнүүд биш үү? гэж дахин Ч.Т ахаас асуухад бас мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь хоёулаа нэг хар бярууг нь ажилчих уу? гэхэд Ч.Т ах тэгье гэсэн. Тэгэхээр нь би гэрт байсан А, Ц нарт манай үхэрнүүд байгаа юм. Тэр хар зүсмийн нэг бярууг бариад уячих гээд уяуулсан. Тэгээд орой нар жаргасны дараа Ч.Т ахын хамтаар нэг бяруугаа гэрийнхээ зүүн хэсэгт ажилласан. Арьс ширийг нь тухайн үед би гэрээс холдуулж хаясан. Одоо чухам яасныг мэдэхгүй. Харин махыг нь Ч.Т ахтай хувааж авсан. Ийм асуудал болсон. Ч.Т ах бид хоёр нийлээд Б.Э гуайд нэг үхэр өгч хохирлыг төлж барагдуулсан. ... Ойролцоогоор хоёр настай, хар зүстэй, эр бяруу байсан. Хоёр чихнийх нь имийг сайн анзаараагүй, хоёр чих нь хөлдөөд үзүүр хэсэг нь им нь мэдэгдэхгүй байсан. ... Би тухайн үед идишний махтай болох гээд л ийм гэмт хэрэг үйлдчихлээ. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгож, хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Х, Ч.Т нарын бүлэглэн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-д 550.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 10-11 тал / гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн хариуг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х, Ч.Т нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х, Ч.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Ч.Т нарт тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Х, Ч.Т нарт анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Х, Ч.Т нарын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Х, Ч.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ