| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0055/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0055/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Б.Б, Ц.Ё нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ц.Ё нарт холбогдох 2039......дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б
Монгол Улсын иргэн, Ц.Ё
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Ё нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт Э.Б-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Ё нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт Б.Б-тэй маргалдаж, нүүр рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутагт Э.Б-той маргалдаж, хутгаар гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт нутаглах Даваасүрэн гэх айлын адууг маллаад 3 жил хэртэй болж байгаа юм. Даваасүрэн ахын адууг хариуцаж малладаг хүн нь Б ах юм. Б ахын удирдлаган дор Ё бид хоёр адууг нь мөн малладаг. Б ах болохоор гэр бүлээрэй, мөн үхэрчин Цэвэг ах мөн гэр бүлээрэй хардаг. Харин Ё бид хоёр хамтдаа нэг жижиг байшинд амьдардаг юм. Тэгээд одоогоос хоёр гурав хоногийн өмнө Улаанбаатарын Өлзийтийн зүчээ рүү 2 даага, 1 гүү ачиж явуулахаар Б, Ё бид хэд жолоочтой нь хамт шөнө адуу ачсан юм. Тэгээд 2 даагыг нь аччихаад гүүг нь ачих гэсэн нөгөө гүү эмнэг гүү байсан болохоор машины тэвшин дээр гарч өгөхгүй байхаар нь Ё нөгөө адууны толгой руу нь ороолгосон чинь Б ах уурлаад чи адууны толгой руу ороолголоо гээд тэр хоёр маргалдсан. Тэгээд тэр шөнө адуунуудаа ачиж явуулчихаад амарсан. Тэгсэн маргааш нь Б ах Батсүх ахынх руу адуу ачиж ирнэ гээд нэг хүний машинтай явсан. Тэгээд тэр өдрөө Б ах ч адуунд яваад ирээгүй. Ё бид хоёр адуугаа тэжээгээд урдах ажлаа хийгээд тэр өдөр амарсан. Тэгээд маргааш өглөө нь бид хоёрыг амарч байхад Б ах нэг хүнтэй согтуу цонхон доор ирчихсэн цонх балбаад байхаар нь бид хоёр хаалгаа нээгээд оруулсан юм. Тэгсэн Б ах чи гараад ачиж ирсэн морийг машинаас буулгаад өвс өгөөтөх гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Тэгээд Б ахын ачиж ирсэн морийг машинаас буулгаж өвс өгчихөөд гэр лүү орох гээд алхаж явсан байшингийн цонхны дотор талаас нэг юм шидээд хагалахаар нь би юу болж байгаа юм гээд байшин руу гүйгээд ортол Б ах ханан пийшингийн зүүн талд хутга барьчихсан Ё-ийг айлгаад зогсож байхаар нь би хөөе та болиоч гээд Б ахын хутгатай гарнаас бариад авсан чинь хутгатай гараа дээш болгохдоо миний баруун гарын эрхий хурууны дотор талд хутгаар зүсчихсэн. Тэгээд би хутгыг нь булааж аваад байж байхад Б ахын эхнэр болон Цэвэг ахын эхнэр тэр хоёр орж ирээд Б ахыг унтуулна гээд аваад гарсан. Тэгээд Ё бид хоёр зүчээний үүдэнд юм хийж байхад Б ах гэрээсээ мөн нэг жижиг тонгорог /хутга/ барьчихсан бид хоёр дээр ирээд зүчээний тэрүүгээр Ё-ийг ална гээд элдэж хөөгөөд байсан. Тэгээд нэг харсан чинь Б ах газар уначихсан Ё Б ахын дээр нь гарчихсан ганц нэг цохичихоод зүчээний урдуур гараад гүйгээд явчихсан. Тэгсэн Б ахын хөмсөгнөөс цус гарчихсан байхаар нь Б ахыг сугдаж яваад гэр лүү нь оруулж унтуулсан. ... Б ахтай хамт ажиллаад 3 жил хэртэй болж байгаа юм. Тэрнээс бол ямар нэгэн хамаатан садангийн холбоо байхгүй. Урьд нь хамт ажилладаг байхад Б ахын гэрт нь хамт амьдардаг. Би уул нь Б ахын үгнээс гардаггүй. Ё Б ахтай ажил дээрээсээ болж маргалдаад байдаг юм. ... Хоёр хоногийн өмнө Ё-тэй маргалдаад тэр асуудлаасаа болж архи ууж ирчихээд Ё-ийг айлгах гэж л согтуу ирчихээд хутга барьсан гэж бодож байгаа. Намайг гадаа адуу буулгачихаад байшин руу орж ирэхэд хутга барьчихсан байхаар нь би хутгатай гарнаас нь бариад авсан чинь гараа татахдаа миний гарыг эсэгчихсэн. Тэрнээс бол над руу хутга барьж дайрсан асуудал байхгүй. ... Миний баруун гарны эрхий хурууны дотор талд зүсэгдсэн шархтай, эмч 6 оёдол тавьсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
2. Ц.Ё-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би аавын ах Даваасүрэнгийн малыг Хэнтий аймагт хараад 4 жил хэртэй болж байгаа юм. Даваасүрэн ахын адуу, үхэр нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Баянмөнхийн ар гэх газар өвөлжиж байгаа юм. Адууных нь даамлаар Б ажиллаад Б ахын дор Б бид хоёр адуугаа маллаад амьдардаг юм. Харин үхрийг нь Цэвэг ах гэр бүлээрэй хардаг юм. Өвөлжөөн дээрээ Б ах гэр бүлээрэй амьдардаг юм. Харин Б бид хоёр тусдаа нэг байшинд амьдардаг юм. Тэгээд уржигдар зүчээнээс 3 гүү барьж аваад Улаанбаатар руу явуулна гээд шөнө Б ах Б, болон машины эзэн гээд хоёр хүнтэй хамт бид хэд 3 гүү машинд ачиж байсан юм. Тэгээд нэг гүү нь машин руу орохгүй болохоор нь би толгой руу нь бугуйлаараа ороолгосон чинь Б ах чи морины толгой руу ороолголоо наадахыг чинь өргөөд оруулъя гэхээр нь би яаж өргөж оруулах юм гээд Б ахтай маргалдаад Б ахыг би ална шүү гээд хэлчихсэн юм. Тэгсэн Б ах амандаа үглээд цаашаа явсан. Тэгээд тэр шөнөө адуугаа машинд аччихаад амарсан. Тэгээд маргааш нь буюу өчигдөр өглөө 10 цагийн үед Б ах Батсүх ахынх руу адуу ачиж ирнэ гээд нэг хүнтэй хамт тэр хүнийхээ машинтай явсан. Тэгээд Б ах тэр өдрөө ирээгүй. Б бид хоёр адууныхаа тэжээл энэ тэрээ өгөөд тэр өдрөө амарсан. Тэгээд өнөөдөр буюу 1 сарын 11-ний өглөө Б бид хоёр сэрчихээд босох санаатай орондоо хэвтэж байсан чинь Б ах нөгөө хамт адуунд явсан хүнтэйгээ цонхон дээр ирчихсэн цонх нүдээд хаалга онгойлго онгойлгохгүй бол ална шүү гээд орилоод байхаар нь би хаалга онгойлгосон юм. Тэгээд Б ах нөгөө залуутайгаа хамт 1 шил архи, 1 том пиво барьчихсан орж ирээд тэрийгээ задлаад жоохон ууснаа дээгүүрх хувцасаа тайлсанаа Бын хажууд суугаад өнөөдөр би чамтай харьцана аа, чи ачиж ирсэн адууг буулгаад өвсөнд оруул гэж хэлчихээд над дээр ирсэнээ миний хүзүүнээс тэвэрч авсанаа чам шиг бацаан ингэх болоогүй шүү гээд миний толгой руу хоёр удаа цохиод авахаар нь би яаж байна гээд Б ахыг орон дээр дараад унасан чинь Б ахын эхнэр гаднаас орж ирээд надтай хамт Б ахыг орон дээр даралцсан. Тэгээд эхнэр нь авч гарах гэсэн чинь эхнэрийнхээ үгэнд орохгүй шууд гал тогооны шүүгээн дээрээс заазуур аваад над руу шидсэн, харин заазуур намайг онолгүй миний хажуугаар өнгөрөөд цонх оноод унасан. Тэгэхээр нь би сандраад байшингаас гарах гэсэн чинь мөн гал тогооны шүүгээн дээрээс хүрэн иштэй жижиг хутга аваад над руу дайрсан. Тэгэхэд эхнэр нь сандраад гараад явчихсан. Эхнэрийнх нь хажуугаар Б зөрж орж ирээд та яаж байгаа юм бэ ингэж болохгүй гээд Б ахын барьж байсан хутгыг салгах гэж ноцолдож байгаад хутганд нь гараа зүсчихсэн. Тэгтэл манай үхэрчин Цэвэг ах эхнэртэйгээ орж ирээд тэр хэд Б ахыг унтуулна гээд аваад гарсан. Тэгээд Б гараа юмаар боочихоод бид хоёр үхрээ хөллөөд усанд явах гэж байхад Б ах буцаж ирсэнээ хоёр пизда минь нааш ир гээд дуудахаар нь харсан чинь Б ах мөн жижиг тонгорог барьчихсан ирэхээр нь би Б ахыг цохиод авсан чинь газар цасан дээр хальтраад унасан. Тэгээд би зүчээний урдуур гарч яваад Цэвэг ахынх руу ороод нөгөө Б ах чинь дахиад хутга барьчихсан явж байхаар нь би цохиод унагаачихлаа гэж хэлсэн. ... Би гараараа Б ахын баруун хөмсгөн дээр цохисон чинь хөмсөгнөөс нь цус гараад цасан дээр хальтраад унасан. Тэгэхээр нь би хаячихаад шууд Цэвэг ахынх руу явчихсан. ... Б ах нилээн согтуу байх шиг байсан. ... Би яг сайн хараагүй. Б ах хутга бариад над руу дайрахад Б гаднаас орж ирээд болиоч гээд Б ахын гарнаас барьж авч байсан. Тэгсэн дараахан нь л Бын гар зүсэгдчихсэн байсан. ... Бтой ч нээх муудсан юм байхгүй. Уржигдар адуу ачиж байгаад надтай муудсан юм. Тэгэхэд би Б ахыг ална шүү гээд хэлчихсэн юм. Тэгээд тэрэн дээр юм санаад л архи ууж ирчихээд намайг ална гээд хутга бариад над руу дайрч байсан юм. Тэгэхэд Б салгах гэж байгаад хутганд гараа зүсчихсэн байсан. ... Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/
3. Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Даваасүрэн гэх хүний адууг хараад 5 жил хэртэй болж байгаа юм. Би болохоор адууных нь даамлаар ажилладаг. Миний удирдлаган дор Б, Ё гээд хоёр залуу ажилладаг юм. Мөн Даваасүрэн ахын үхрийг нь хардаг Цэвэг гэх айл бид хэдтэй хамт өвөлждөг юм. Тэгээд уржигдар буюу 1 дүгээр сарын 09-ний шөнө Дорнод аймгаас адуу ачиж авч явна гээд нэг машин ирсэн юм. Тэр машинд 1 гүү, 2 даага явуулахаар болоод жолооч болон хоёр туслах Б, Ё нартай 2 даагаа аччихаад гүүг нь ачих гэсэн нөгөө гүү нь эмнэг гүү болохоор машин руу орж өгөхгүй байсан чинь Ё гүүний толгой руу бугуйлаараа ороолгохоор нь чи амьд амьтны толгой руу ингэж ороолгож болдоггүй юм гэж хэлсэн чинь намайг ална шүү пизда минь гэж хэлэхээр нь би тухайн үед энэ жоохон хүүхэд хүртэл ах захаа мэдэхгүй ална энэ тэр гэх юм гэж бодоод өнгөрсөн юм. Тэгээд өчигдөр би Батсүх манлай уяачийнхаас хоёр гүү авчирах ёстой байсан юм. Тэгээд Батсүх ахын гадаа очиж 1 морь ачаад Аажай бид хоёр Түмэнцогт сум руу бинзен авахаар явсан юм. Тэгээд суман дээрээс бинзенээ авчихаад хөдлөх гэсэн чинь Аажай айлаар ороод гаръя гэхээр нь Аажайтай хамт нөгөө айлд нь очсон юм. Тэгсэн нөгөө айл нь 1 том пиво гаргаж ирэхээр нь гэрийнх нь эзэнтэй нь хамт хувааж уусан. Тэгээд бид гурав тэр айлд дахиж 1 пиво, архи задлаад ууцгаагаад тэр айлдаа амарсан. Тэгээд Аажай бид хоёр өглөө айлаасаа гараад дэлгүүр орж 1 пиво, 1 шил архи аваад наашаа гарсан. Би замдаа авсан пивоо ганцаараа уугаад явсан. Тэгэхдээ би Аажайд Ё, Б хоёрыг жоохон айлгахгүй бол энэ хоёр бүр толгой дээр гарах нь гээд Аажайд хэлээд пиво уугаад явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдсэн тасарчихсан байсан. Гэртээ хэзээ нь ирээд Ё, Б хоёрын байшин руу ороод хутга энэ тэр барьснаа огт санахгүй байгаа. Нэг ухаан ороход л Ётэй маргалдаад Ё намайг цохих үед би нь би ухаан орж ирсэн. Тэгэхэд Ё намайг цохиод газар унахад хөмсөг рүү өшгөлчихсөн. Тэгсэн хөмсөг халуу дүүгээд цус гарч байсан. Тэгсэн эхнэр намайг орж унт гэж байх шиг байсан. Тэгээд хэзээ нь эмч ирээд миний хөмсгийг оёсоныг мөн мэдэхгүй байгаа. Ухаан орж гараад л байсан юм шиг байгаа юм. ... Би энэ талаар огт санахгүй байна. Түмэнцогтоос гараад явж байхдаа Аажайд хоёр бацааныг жоохон сургахгүй бол болохгүй нь ээ гэж хэлээд явж байснаа санаж байгаа юм. Тэгэхэд би Аажайгийн машинд авсан пиво уугаад явж байсан юм. Тэгээд тасарчихсан байна лээ. Тэр хоёрын байшин руу ороод хутга энэ тэр барьснаа санахгүй байна. Сүүлд сонсохнээ тийм зүйл болсон байна лээ. Тэр миний буруу. Хоёр хүүхдийг хүмүүжүүлнэ гэж дэмий юм бодож байгаад архины халуунд ийм асуудал гаргасан байна лээ. Ё намайг гадаа өшиглөхөд л би хэсэг зуур ухаан орсон. Тэгээд мөн дараа болсон зүйлийг огт санахгүй байна. Хэзээ нь эмч ирээд миний хөмсөгийг оёсоныг санахгүй байна. ... Өс санах нь ч юу юм бэ, Ё адуу ачиж байхад намайг ална гээд хэлчихээр нь жоохон бацаан хүртэл ах захаа мэдэхгүй ингэх юм гэж бодсон юм. Ё ер нь хурц ааштай, миний үгэнд жоохон орох нь муу. Уул нь би энэ хоёрыг хариуцаж ажил хийлгэх ёстой юм. ... Миний баруун нүдний хөмсөг сэтэрсэн, 4 ширхэг оёдол тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
4. Гэрч Б.Цэвэглхаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Баянмөнхийн-Ар” гэх газар Даваасүрэн гэх хүний үхрийг гэрээр малладаг юм. Даваасүрэнгийн адуу, үхэр цугтаа нэг өвөлжөөнд байдаг болохоор адууг нь Б, Ё, Б гэсэн 3-н хүн адууг нь хардаг. Манайх гэрээрээ байдаг. Б мөн гэрээрээ байдаг. Б болохоор Ё, Б хоёрыг хариуцаад адуу хардаг. Ё, Б хоёр нь баруун хойд байшинд хоёулаа байдаг юм. Өчигдөр буюу 01 дүгээр сарын 10-ны өдөр Б айлаас хоёр адуу авчирна гээд урд талын залууг машинтай нь гуйгаад явсан. Тэгээд өнөөдөр өглөө 08 цагийн үед босож байхад гадаа машин дуугараад байхаар нь би Бг ирж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд дараахан нь удалгүй байж байхад Бгийн эхнэр манайд орж ирснээ Б согтуу ирчихээд Ё, Б хоёртой зодолдоод байна гэхээр нь би нээх юм ярилгүй байж байхад манай эхнэр юу болоод байгааг нь очиж үзье гээд Бгийн эхнэртэй баруун хойд байшин руу явсан. Тэгээд би удалгүй араас нь очиход байшингийн гадаа бүгд гараад ирчихсэн Бын гарнаас нь цус гарчихсан зогсож байхаар нь юу болоод байгаа юм бэ гэж асуухад Б хутга бариад авахаар нь би хутганаас нь барьж аваад гараа зүсчихлээ гэж хэлсэн. Тэгээд Бг эхнэр нь болон манай хүн аваад гэр рүү нь оруулсан. Тэгээд би ч нээх юм бодолгүй эхнэртэй гэртээ орж ирээд сууж байхад Ё манайд орж ирснээ Б дахиад дургүй хүргээд байхаар нь би цохичихлоо гээд орж ирсэн. Тэгээд Бг нь харахад Бгийнх нь хөмсөг нь сэтэрчихсэн цус гарсан байсан. Ё, Б хоёр биеэ хамгаалж чадахгүй Бг яагаад цохиж байгааг мэдээгүй. Б нь уул нь энэ хоёрыгоо хариуцаж ажилладаг юм байна лээ. Бгийнхээ үгийг даахгүй нөгөө хоёр нь өөдөөс нь маргалдаад ийм асуудал болсон юм шиг байна лээ. ... Өчигдөр л айл руу адуунд явна гэж гараад өнөөдөр өглөө ирэхдээ л согтуу ирсэн байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
5. Гэрч М.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх гэрээрээ Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт Даваасүрэн гэх хүний үхрийг хардаг юм. Тэгээд өнөөдөр хойд айлын Бгийн эхнэр манайд орж ирээд Б Ё, Б хоёртой зодолдоод байна гэхээр нь Бгийн эхнэртэй Ё, Б хоёрын амьдардаг баруун хойд талын байшин руу очиход Ё, Б хоёр Бгээ орон дээр дарчихсан Б нь гараа барьчихсан Б сая хутгаар гарыг маань эсэгчихлээ гээд гарнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд Бгийн эхнэр бид хоёр Бг авч явах гэхэд Б нь Бг цохиод авахаар нь би Быг болно наадах чинь согтуу байхад яах гээд байгаа юм бэ гээд бид хоёр Бг аваад гэрт нь оруулж ирж хэвтүүлсэн. Тэгээд би гэртээ орж ирээд удаагүй байж байхад Ё манайд орж ирээд Б намайг зодох гээд байхаар нь би цохичихлоо гээд орж ирсэн. Тэгээд Бг нь харсан чинь Бгийн хөмсөг нь сэтэрчихсэн цус гарч байсан. ... Би яг юунаас болж муудсаныг нь мэдэхгүй байна. Уул нь Б нь энэ хоёрыгоо хариуцаж ажиллуулдаг юм байна лээ. Тэр хоёр нь Бгийнхээ шаардлагыг жоохон авахдаа муу юм шиг харагдсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/
6. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №54 дугаартай: “... Ц.Ёийн биед гэмтэл тогтоогдсонгүй... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 тал/
7. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №53 дугаартай:
1. Э.Бын биед баруун гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/
8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №52 дугаартай:
1. Б.Бгийн биед баруун хөмсгөнд шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 34-35 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Б, Ц.Ё нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 16, 47 тал/, /хх-ийн 48 тал/ гэсэн тул шүүгдэгч Б.Б, Ц.Ё нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа бусдад төлөх хохирол төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, Ц.Ё нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Ёийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Бд оногдуулсан 1.200.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 6 сарын дотор, шүүгдэгч Ц.Ёд оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 4 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б, Ц.Ё нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай шаргал өнгийн бариултай заазуур 1 ширхэг, 26 см урттай шаргал бариултай хутга 1 ширхэг, 21 см урттай хүрэн өнгийн бариултай эвхдэг хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Ц.Ё нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ