Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0028/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                   Э.Мичидмаа,

Улсын яллагч                                               Б.Бямбасүрэн,

Хохирогч                                                          Н.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Оюунцэцэг,

Шүүгдэгч                                                       Г.Н нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох 193900........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Н нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.М-ыг байнга буюу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт охиныг маань загналаа гэх шалтгаанаар түүний хөлийн шилбэ рүү хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг руу аялалд явж байх үед надтай хамт зураг авахуулсангүй, халамж тавьсангүй, чамаас болж цагдаад торгуулчихлаа гэх шалтгаанаар түүний хоолойг машины бүсээр боох, толгойн ар хэсэг рүү цохиж, зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт архи их уулаа гэж загналаа гэх шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 58 дугаар байрны 1-7 тоотод байранд нь засвар хийж байсан Гантогтохтой хардсаны улмаас түүний нүүр, хацар хэсэгт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 58 дугаар байрны 1-7 тоотод бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Н.М-ыг 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт хөлийн шилбэ рүү өшиглөж,

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг руу аялалд явж байх үед надтай хамт зураг авахуулсангүй, халамж тавьсангүй, чамаас болж цагдаад торгуулчихлаа гэх шалтгаанаар түүний хоолойг боох, толгойн ар хэсэг рүү цохиж,

2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын нутагт архи их уулаа гэж загналаа гэх шалтгаанаар толгой руу нь гараараа цохиж,

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 58 дугаар байрны 1-7 тоотод байранд нь засвар хийж байсан Гантогтохтой хардсаны улмаас түүний нүүр, хацар хэсэгт нь гараараа цохиж,

2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөн 58 дугаар байрны 1-7 тоотод бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар түүний толгой руу гараараа цохих зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

1. Хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би нөхөр Г.Н-той 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж одоог хүртэл нэг гэрт хамт амьдарч байгаа. Миний охин Г.Маралмаа нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн. Одоо  4 настай болоод байна. Гэтэл Н бид хоёр гэр бүл болж нэг гэрт хамт амьдарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл гэгч зүйлийг үйлдэж эхэлсэн бөгөөд энэ үйлдэл нь манай гэрээр орж гарсан эрэгтэй хүн болгонтой харддаг болсон. ...2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөөх гэрээсээ Бэрх хотын төв рүү явах гэхэд охин маань заавал өмсөж байсан хувцасаа сольж явна гэж зөрүүдлээд би охиноо аргадаад гэртээ охинтойгоо ярилцаад зогсож байхад нөхөр Г.Н над руу хүрч ирээд охиныг маань загналаа гээд гуталтай хөлөөрөө миний зүүн хөлийн шилбэ орчимд нэг удаа өшиглөхөд хөлийн шилбэ маань тухайн үед хавдаж хөхөрсөн гэмтэл авч байсан. Үүнийг тухайн үед манай гэрт миний нөгөө ихэр болох Мягмарсүрэн, ээж Даваасүрэн нар ирж миний хөлийн шилбэ хавдсан байхыг харж байсан. Мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн ах Очир, Нямсүрэн, хүргэн ах Ганпүрэв, Базарсад нар болон манайх гэр бүлтэйгээ, миний нөгөө ихэр гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй бид нар ах, дүү, төрөл садангаараа Хөвсгөл аймаг руу аялалд явсан юм. Тухайн үед миний зүүн хөлийн шилбэнд үүссэн хаван шарх эдгэрээгүй байсан юм. Гэтэл аялалд явж байхдаа Н нь “чи муу надтай хамт зураг авахуулсангүй, сайхан харьцсангүй, халамж тавьсангүй, машинаа бариад хурдан явсангүй, машинуудын хамгийн сүүлд явлаа” гэж уурлаж аашилж байгаад намайг нэг удаа машин жолоодоод явж  байхад миний суудлын бүсээр хоолойг маань бооход нь би машинаа зогсоож байгаад боолтыг нь тавиулж байсан юм. Энэ үйлдлийг машинд сууж явсан Мягмарсүрэн мэдэж байгаа. Тэгээд аялалаас буцаж явах замдаа Н машин жолоодож Төв аймгийн нутагт явж байх замдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдэг үндэслэлээр цагдаад торгуулсан учраас миний ихрийн өрөөсөн Мягмарсүрэн машин жолоодож цааш явж байх замд Н “чамаас болж аялалд явж байгаад цагдаад торгуулчихлаа” гэж надад уурлаж гараа зангидаж байгаад толгойн ар хэсэг, дал, мөр орчимд хэд хэдэн удаа цохиод байсан учраас Мягмарсүрэн машинаа зогсоож Н-ийн намайг цохиж зодох үйлдлийг болиулж байсан юм. Би энэ үйл явдал хэдний өдөр болсон гэдгийг санахгүй байна. Энэ үйлдлээс болж Н-д цохиулсан биеийн хэсэг газруудад хөндүүрлэж байсан юм. Бэрх хотод байрандаа засварын ажил хүнээр хийлгэж байгаад 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Н бид хоёр хөдөөх гэр лүүгээ харих гэж би машинаа жолоодож явж байх замдаа би Н-ийг “чи Хэнтий аймаг руу явчихаад яасан их уддаг юм бэ, эрт ирэхгүй яасан юм бэ” гэж хэлэхэд Н уурлаад намайг ааштай, араншинтай гэж хэлээд гараа зангидаж байгаад миний толгойн зүүн хэсэгт 2-3 удаа цохиж байсан. Ингэж цохиулсанаас болж миний толгой тухайн үед өвдөж хөндүүрлэж байсан. Хүний нүдэнд ил харагдах гэмтэл шарх үүсээгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай байранд засвар хийж байсан Гантогтох гэдэг ах гэртээ харьчихаад ирье гэж хэлээд манайхаас гарсаны дараа Н “Гантогтох шөнө чам дээр ирнэ гэж байна” гэж хардаж уурлаад миний хоёр шанаа, хацар орчимд гараараа ээлжлэн 4-5 удаа алгадаж зодсон юм. Энэ байдлаас болж миний хоёр хацар, шанаа орчимд хүрэн улаан туяа үүсч хавдаж байсан. Алгадуулах явцад хоёр чихний ээмэг мултран унаж хоёр чихний ээмэгний нүх нь хувилан шархалж байсан. Энэ байдлыг манай гэрт маргааш өглөө нь орж ирсэн бэр эгч Нурыза, түүний найз Баярмаа нар харсан. 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Бэрх хотын төвд гэртээ Н найз Ууганбаяртайгаа пиво хувааж ууж байхад Ууганбаяр нь намайг наашаа суугаач юм ярьж сууя гэснээс болж түүнтэй намайг хардаж уурлаад охиноо аваад гэрээс зайл гэж хөөсөн. Би түүнийг хөөлөө гэж гэрээсээ явалгүй гэртээ хоноход энэ шиг тэнэг хүүхэнтэй суусандааа харамсаж явдаг юм гэх зэрэг үгсээр хэлж доромжилж хоносон. Тэгээд маргааш өдөр нь хөдөөх гэрийнхээ ажилд туслуулах гэж Азаа гэдэг хүүхдийг аваад Н, охин бид дөрөв хөдөөх гэртээ очсон юм. Тэгээд шөнө унтах гээд орондоо орж хэвтсэний дараа 23 цагийн орчимд Н надтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан ч тэр үед Азаа болон манай охин унтаагүй сэрүүн байсан учраас бэлгийн харьцаанд орох боломжгүй байна гэж хэлэхэд Н надад уурлаж, чи яагаад надтай бэлгийн харьцаанд орохгүй байгаа юм бэ, чи өөр хүнтэй болчихсон юм уу, явдал суудалтай хүүхэн гэж хэл амаар доромжилж гараараа миниий толгой руу олон удаа цохиж зодсон. Яг хэдэн удаа цохиулснаа мэдэхгүй байна. Энэ үед хамт унтаж байсан охин маань айгаад уйлсан учраас би охиноо тэврээд сууж байхад Н намайг цохих цохилтод нь охин маань ч гэсэн өртөж байсан юм. Энэ байдлаас болж миний толгойн хуйх хэсэгт хөндүүрлэж байсан. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Н хөдөөх гэрээс Бэрх хотын төвд байдаг гэрт ирээд өдөржингөө надтай дуугарч юм ярихгүй гар утсаараа оролдож сууж байгаад орой болгосон учраас би түүнд “орой боллоо, хөдөө мал эзэнгүй” гэж хэлэхэд тэр уурлаж “чиний өмсөж байгаа хувцас, гар утас чинь бүгд минийх, байрны түлхүүр өгөөд хүүхдээ аваад зайл”  гэж гэрээс хөөгөөд над руу давшилж зодох гээд байсан учраас би бэр эгч Нурызаг дуудаж гэртээ авчирсан чинь түүнийг хүн гэж тоохгүй над руу дайрч давшлаад “чи чаддаг юм бол шүүхээр заргалдаад эд зүйлээ аваарай” гээд байсан учраас би айгаад хөдөөнөөс төрсөн ах Нямсүрэнг дуудаж авчирсан юм. ... Би Н-д зодуулчихаад нэг ч удаа эмнэлэгт үзүүлж байгаагүй. Мөн цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Н нь архи огт уудаггүй гэхэд болно. Энэ бүх үйлдэл авирыг дандаа архи уугаагүй, эрүүл байхдаа гаргадаг байсан. Маш их хартай, энэ бүх үйл явдал нь намайг хийсвэрээр эрэгтэй хүнтэй хардсанаас голдуу болдог юм. Гэрт эрэгтэй хүн орж ирээд цай аягалж өгсөнөөс л харддаг. Иймээс би энэ хүнтэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэж үзээд цагдаагийн байгууллагад болон шүүхэд өргөдөл гаргасан юм. ...Би Н-д зодуулсанаас болж биед маань үүссэн эдгэрээгүй байгаа шарх, гэмтэл гэж байхгүй. Тухайн үед хөлийн шилбэ рүүгээ өшиглүүлснээс үүссэн цайрсан сорив байгаа. Толгой өвддөг болсон. ...Н нь надтай хэрүүл маргаан үүсгэж, надад гар хүрэх асуудал нь сард 3-4 удаа байдаг болов уу гэж бодож байна. Үүнийг нарийн сайн мэдэхгүй байна. Н-д өөрт нь ямар нэгэн дарамт байдаггүй учраас намайг хайраа, ханиа гээд гүйгээд байдаг. Тэгсэн мөртлөө үл ялих зүйлээс болж надад уурлаж, цохиж зодоод байдаг юм. ...Би Н-ийг миний хань энэ зан авираа засаад хүн шиг хүн болчих оо. Би чамайг энэ зан авираа засах болтол чинь хүлээж чадна гэж хэлээд олон жил хүлээсэн боловч энэ байдал нь засагдахгүй байгаа учраас миний тэвчээр алдагдаж шүүхэд салах өргөдлөө гаргасан юм. Н-д гомдолтой байгаа. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17 тал/

2. Гэрч Л.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Н.М нь миний төрсөн охин байгаа юм. Г.Н нь миний охин Н.М-ын нөхөр нь буюу манай хүргэн хүү байгаа юм. Би гэрчийн мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. ...Миний бага охин болох Н.М, Н.Мягмарсүрэн нар нь ихэр охидууд байгаа юм. Охин М маань 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат Г.Н гэдэг залуутай гэр бүл болж Хэнтий аймгийн Баянхутаг сумаас зүүн тийш хөдөө тусдаа гэр барин гарч хурим найр хийсэн юм.  Гэр бүл болсноосоо хойш Н нь миний охинд гар хүрч зоддог байсан юм шиг байна лээ. Хурим найр хийснээсээ хойш 1 жилийн дараа охин маань өөрийнхөө гэрээс манай гэрт хүрээд ирсэн. Н-ийг гар хүрч зоддог талаар охин маань надад тэр үед огт хэлээгүй. Харин би хүмүүсийн ам ярианаас энэ талаар сонсдог байсан. Тэгтэл Н нь эхнэрийнхээ араас 2015 оны 08 сараас 09 дүгээр сарын үед гэрээ машинд ачаад малаа туугаад Бэрх хотын хөдөө хэсэгт “Уртын гол” гэх газарт нүүгээд ирсэн юм. Гэтэл Н-ийнх хөдөө манайхтай айл өвөлжилж байхдаа 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр намайг үнээгээ саагаад сууж байхад миний охин М, зээ охин Маралмаа нар уйлж, чарласан чимээ гарахаар нь би сандраад сааж байсан үнээгээ орхичихоод тэдний гэрт ороод ирэхэд Н нь эхнэрээ ангийнхаа хүүхдүүдтэй архи уусан гэж хардаж уурлаад эхнэр М руугаа ширээн дээр байсан нүүрэнд түрхэдэг хуванцар дугуй савтай тосыг авч шидэхэд уг шидсэн зүйлд нь охиных нь духны зүүн дээд хэсэг оногдож тухайн үедээ маш том хэмжээтэй хавдчихсан М охиноо тэврээд уйлаад сууж байсан. Мөн 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөдөө манайхтай саахалт нутаглаж байхдаа Н нь охиныг маань загналаа гээд эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэ орчимд нь хөлөөрөө өшиглөсөн гээд хөл нь хавдсан байдалтай М манай гэрт ирсэн учраас би Н-ийн гэрт нь очиж “чи охиныг маань битгий зодоод бай, яагаад зодоод байдаг юм бэ” гэхэд огт үг дуугардаггүй юм. Манай хүүхдүүд гэр бүлээрээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг руу аялалд яваад ирсэн юм. Аялалд явж ирснийхээ дараа миний охин Н.Мягмарсүрэн надад хэлэхдээ “энэ Н чинь аймар хүн байна ш дээ, аялалд явж байх замдаа уурлаад эхнэрийнхээ хоолойг араас нь суудлын бүсээр боож толгойны ар хэсэг рүү нь гараараа цохиж, зодоод байсан” гэж ярьж байсан. Чухам юунаас болж ингэж зодсон талаар нь би мэдээгүй юм. Н, М нар нь Бэрх хотын төвд 58 дугаар байрны 7 тоот байрыг худалдаж аваад 2019 оны 07 дугаар сараас эхлэн засвар хийж байгаа. Одоо болтол засварынх нь ажил дуусаагүй байгаа. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байранд нь засвар хийж байсан Гантогтох гэдэг хүнтэй Н нь эхнэрээ хардаж М-ын хоёр хацрыг нь хүрэн улаан туяа суутал нь алгадаж зодсон байсныг тухайн үед нь миний бэр охин Нурыза харсан юм байна лээ. Энэ байдлыг уг явдал болсоноос хойш хэд хоногийн дараа Нурыза надад хэлж байсан юм. Би 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хөдөөх гэртээ байхад манай гэрээр Н-ийн найз Ууганбаяр нь мотоцикльтой ирж Н-ийг хаана байгаа талаар нь надаас сураглахаар нь би түүнийг Бэрх хотын төвд байрандаа засвар хийлгэж байгаа гэж хэлсэн юм. Тэгтэл Ууганбаяр нь Н-ийн гэрт очиж найзтайгаа уулзсан гээд тэр хоёр пиво ууж байх явцдаа Н нь эхнэрээ Ууганбаярын хажууд ирж зогслоо гээд хардаж уурлаад гэрээсээ хөөж туусан гэж уг явдал болсоноос хойш 1-2 хоногийн дараа М надад өөрөө хэлсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шиг санаж байна. Намайг хөдөөх гэртээ байхад М охин Маралмаагийн хамт ирж хонох гээд хувцсаа тайлахад нь миний охины гуя хэсэгт нь хөхөрсөн байсныг хараад, наад гуя чинь яагаад хөхөрчихөөд байгаа юм бэ гэж асуухад Н зодоод оо гэж хэлчихээд өөр зүйлийг надад хэлээгүй юм. Энэ үед Н-ийн гэрт нь Азаа гэдэг хүү Бэрх хотын төвөөс гэрийнх нь ажилд туслахаар ирсэн байсан учраас тэр хүүхэдтэй эхнэрээ хардаж зодсон юм байхдаа гэж би дотроо бодсон. Миний мэдсэн зүйлүүд гэвэл эдгээр зүйлүүд байна даа. Өөр миний мэдэхгүй зүйлүүд байдаг юм шиг байгаа юм. Охин маань нөхөртөө зодуулсан талаараа надаас нуугаад тэр болгон хэлээд байдаггүй юм шиг байна лээ. ...Н нь маш их хартай хүн байна лээ. Гэрээр нь орж гарсан эрэгтэй л хүн байвал хэнтэй ч хамаагүй хардаж уурлаж байдаг юм. Хардсанаас л болж зодоод байдаг юм шиг байна лээ. Түүнээс биш энэ хоёр чинь залуу гэр бүл учраас уурлаж уцаарлах зүйл бараг л байхгүй баймаар юм. Мөн залуу хүмүүс чинь гэртээ инээд хөөр, баяр баясалтай, халуун, дулаан уур амьсгалтай баймаар юм. Тэгэхэд гэрээр нь орж очиход огт ийм зүйл ажиглагддаггүй. Байнга уурлаж, уцаарласан байдалтай ярвайгаад сууж байдаг юм. Миний охин М нь Н-той гэр бүл болохын өмнө маш их дөлгөөхөн зантай охин байсан чинь одоо юм л бол уурлаж, уцаарлах гээд байдаг болсон нь надад анзаарагдаад байгаа. ...Надад санал, гомдол гээд байх зүйл байхгүй. Би Н-д урьд өмнө нь чи миний охиныг битгий зодоод бай, чиний гарын аясыг яаж даах юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс огт үг дуугардаггүй юм. Охин маань цаашид энэ хүнтэй амьдарч чадахгүй гээд шүүхэд гэр бүл салах өргөдлийг гаргаад байгаа гэсэн. Н нь эхнэрийнхээ биеийг хөхрөөх, хавдаах зэрэг байдлаар гар хүрч зоддог юм. Харин шарх, сорив үлдээхээр зоддоггүй юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/

3. Гэрч Х.Нурызагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Г.Н нь эхнэр Н.М-аа зодож байхыг нь би харж байгаагүй. 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байх аа. Н.М нь надад “өчигдөр орой Н манай байранд засвар хийж байгаа Гантогтох гэдэг хүнтэй намайг хардаж уурлаад хацар луу маань гараараа алгадахад би толгойгоороо хана мөргөчихсөн чинь толгой маань өвдөөд байна” гэж хэлж байсан. Түүний нүүрэнд ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Үүний өмнө 2019 оны 07 дугаар сард нөхөр Н нь М-ын хөл рүү өшиглөж түүний хөл нь хавдаж байсан гэж М өөрөө надад хэлж байсан. Би энэ хүмүүсээс тусдаа амьдардаг болохоор нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Гэр бүл болоод Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт хөдөө амьдарч байгаад хоорондоо таарч нийлэхгүй байна гээд М нь хүүхдээ аваад Бэрх хотод ээж дээрээ ирсэн чинь нөхөр Н нь араас нь гэрээ нүүлгээд хүрээд ирсэн байсан. М-ын хэлж байгаагаар нөхөр Н нь түүнийг эрэгтэй хүнтэй байнга харддаг, хардсанаас болж гар хүрдэг гэж ярьж байсан .Мөн манай хадам ээжийн хүүхдүүд нь гэр бүлээрээ 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг руу аялалд явж байхдаа Н нь эхнэртээ уурлаад эхнэрийнхээ хоолойг араас нь суудлын бүсээр боож толгойны ар хэсэг рүү нь гараараа цохиж зодоод байсан гэж аялалд явж ирснийхээ дараа ярьж байсан. Манай нөхөр Нямцэрэн бид хоёр энэ аялалд яваагүй юм. Энэ бүхнийг би М-с өөрөөс нь сонсож байсан уу гэхээс өөрийн нүдээр үзэж, харж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Нөхөр Н нь архи, тамхи хэрэглэдэггүй юм байна лээ. Эхнэрийнхээ ах, дүү нартай муудалцаад байгаа зүйл огт ажиглагддаггүй... “  гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

4. Гэрч Г.Гантогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын сүүлч үеэс эхлэн Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын 58 дугаар байрны 1-07 тоотод амьдардаг Н.М, Г.Н нарын байранд засвар хийж цонхнуудын амалгааг хийж, өрөөнүүдийн баркетан шалыг шахаж өгсөн юм. Уг ажлыг 10 гаруй хоногийн хугацаанд хийгээд 2019 оны 08 дугаар сарын 10-ны үед дууссан шиг санаж байна. ... Намайг байранд нь засварын ажил хийж эхлэх үед энэ хоёр хүн нь хоёулаа хөдөөх гэрээсээ ирж очиж байдаг байсан. Харин намайг засвар хийх үеийн сүүлчийн хэд хоногт Н нь хөдөөнөөс ирээгүй. Надаар байрандаа засвар хийлгэхдээ миний хажууд Н, М нар нь хоорондоо огт хэрэлдэж, муудалцдаггүй байсан. Н эхнэрээ зодож байгаагүй. ... Би энэ өдөр баркетан шал шахаж байгаад гэртээ харьчихаад ирье, тэгээд энэ шөнө шалаа шахаж дуусгана гэж тэр хоёрт хэлж гэр лүүгээ яваад хувийн ажил гарсан учраас тэр орой эргэж очиж чадаагүй юм. Тэгээд маргааш өглөө нь очиж байрны шалыг үргэлжлүүлэн шахахад М гэртээ байсан. Тэр нөхөр нь надтай хардаж зодсон гэж огт юм яриагүй, би М-ын биеийн ил харагдах хэсэгт нь ямар нэгэн шарх, гэмтэл учирсан байсан эсэхийг ажиглаж хараагүй учраас энэ талаар мэдэх зүйл байхгүй байна.... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

 5. Гэрчээр Г.Н-ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх хотын хөдөө хэсэгт Бэрх хотын төвөөс баруун зүгт хөдөө “Уртын гол” гэх газарт хувийн мал маллаж оршин суудаг юм. Эхнэр Н.М бид хоёр 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хаалгын хөндий” гэх газарт шинэ гэр барьж хурим хийж гэр бүл болж байсан юм. Үүнээс хойш 2016 оны намар би гэрээ нүүлгэж малаа туугаад Бэрх хотод хөдөө ирж амьдрах болсон юм. Эхнэр бид хоёр сард 2-3 удаа хоорондоо хэрэлдэж ам зөрөлдөх үе гардаг юм. Би тэр болгонд түүнийг зодоод байдаггүй юм. Манай эхнэр ангийнхаа хүүхдүүдтэй 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Бэрх хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн 60-н жилийн ойн баяраар нийлж архи уусан гэдгийг хүнээс сонсож мэдсэн байсан учраас 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр энэ асуудлыг нь эхнэртээ хэлж, ангийнх нь залуучуудтай хардаж бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би эхнэртээ уурласан уурандаа ширээн дээр байсан нүүрэнд түрхдэг тосны хоосон савыг авч эхнэр лүүгээ чулуудсан чинь М-ыг онолгүй гэрт байсан охиныхоо духны зүүн дээд хэсэгт нь чулуудчихсан учраас тухайн үед дух нь хавдсан байсан. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эхнэр, охин хоёр маань хөдөөх гэрээсээ Бэрх хотын төв рүү явах гэж байхдаа охин маань хувцсаа сольж өмсөнө гэхэд ээж нь солихгүй гэж загнаад охиныг уйлуулахаар нь тухайн үед би гэрт хойд талын орон дээр сууж байгаад охин уйлууллаа гээд уур маань хүрч босож очоод хөлөөрөө эхнэрийнхээ зүүн хөлийн шилбэ рүү нь нэг удаа гуталтай хөлөөрөө өшиглөхөд түүний хөлийн шилбэ нь хавдаж гэмтсэн юм. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би хадам ах, эгч нар болон тэдгээрийн гэр бүлийн хүмүүстэй хамт өөрийн гэр бүлийг авч Хөвсгөл аймаг руу аялал зугаалганд явсан юм. Үүний өмнө би эхнэрийнхээ хөлийн шилбийг өшиглөж хавдаасан учраас энэ аялалд явж байх үедээ эхнэр бид хоёр бие биендээ тунирхаж уурласан байдалтай байсан учраас аялалаас буцах замдаа машины урд талын суудал дээр эхнэр сууж би түүний арын суудал дээр сууж явж байгаад би суудлаасаа босох гэж урд талын суудлын бүснээс гараараа татсан чинь суудлын бүсийг бүслээд явж байсан эхнэрийн маань хоолой боогдож, хөөе чи миний хоолойг боогоод байна ш дээ гэж хэлэхээр нь би түүний хоолойг санаатай боогоогүй учраас эхнэрийнхээ хэлсэн үгэнд нь зөрүүдэлж дахин суудлын бүснээс нь татаад эргэж тавьсан юм. Тэгээд нааш явах замдаа би машин жолоодож Төв аймгийн нутагт “Аглаг бүтээлийн хийд”-ээс гараад явж байх замдаа эрхийн үнэмлэхгүй машин жолоодсон гээд цагдаад торгуулсан учраас эхнэртээ уурласан юм. Учир нь би аялалд явахгүй гэж байхад эхнэр маань намайг авч явсан болохоор чамаас болж цагдаад торгуулчихлаа гэж эхнэртээ уурлаад түүний араас нь дал, мөр орчим руу нь 2 удаа гараараа цохисон юм. Би 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн төвөөс хөдөөх гэртээ ирчихээд орой гэгээ тасрахын өмнө Бэрх хот руу машинтай ирж эхнэр, охин хоёроо авчихаад эргэж хөдөөх гэртээ буцах гэж явж байх замдаа эхнэр маань “чи яасан орой ирдэг юм бэ, ирэхдээ Мягмарсүрэнгийн машиныг унаж ирлээ, яах гэж энэ машиныг унаж ирсэн юм бэ” гээд надад уурлаад үглээд байхаар нь миний уур хүрээд түүнийг араас нь зүүн талын хацар орчимд нь гараараа 1 удаа алгадсан юм. Энэ үед эхнэр маань машин  жолоодоод явж байсан юм. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би Бэрх хотын төвд байрандаа Гантогтох гэдэг хүнээр засвар хийлгэж байсан учраас би өөрөө гал тогооны өрөөний таазны шохойг нь хусаад байж байхдаа эхнэртээ хандаж “чи дансанд байгаа мөнгөө яах гээд байгаа юм бэ, данснаасаа надад авч өг л дөө, би тэр мөнгөөрөө малчны зээлээ дармаар байна, мөнгө өгөхгүй дансандаа байлгаад байх юм” гэж  хэлэхэд эхнэр маань  “чи явалддаг хүүхэнтэй болсон юм уу, тэр мөнгийг авч явалддаг хүүхэндээ өгөх гээд байгаа юм уу” гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл үүссэн юм. Яг энэ үед манай байранд засвар хийж байсан Гантогтох гэдэг ах орой эргэж ирж шалаа шахна гэж хэлээд манайхаас гарсан байсан учраас би эхнэртээ уурласан уурандаа “Гантогтох шөнө чам дээр ирнэ гэж хэлээд гарсан” гээд түүнтэй эхнэрээ хардаж баруун гараараа эхнэрийнхээ зүүн хацар орчимд нь нэг удаа алгадсан юм. ... Миний найз Ууганбаяр манай гэрт ирж бид хоёр пиво хувааж уугаад би маш их согтсон учраас энэ үед юу болсныг санахгүй байна. Ямар ч байсан эхнэр, хүүхдээ зодож цохиогүй байх. Маргааш нь манай эхнэр “чи охин бид хоёрыг гэрээс хөөсөн” гэж хэлж байсан. Энэ явдал болсоны маргааш өдөр нь хөдөөх гэртээ очиж шөнө унтах гээд орондоо орчихоод хэвтэж байхдаа эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орох гэсэн чинь эхнэр маань намайг хажиглаад байхаар нь түүний нүүр лүү нь нэг удаа алгадаж хөлөөрөө гуя руу нь нэг удаа тийрсэн юм. Энэ үед Бэрх хотын төвөөс бид нартай хамт манай гэрт Азаа гэдэг сургуулийн хүүхэд гэрийн ажилд туслах гээд ирчихсэн байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би хөдөөх гэрээс Бэрх хотын төвд байдаг гэрт ирээд байж байхад эхнэр маань намайг хөдөө гэр лүүгээ зайл гэж хөөгөөд уурлаад загнаад байхаар нь би гар утсаараа оролдож зөрүүдлээд хөдөө явахгүй суугаад байсан юм. Тэгтэл эхнэр маань намайг зайл гэж хөөгөөд байсан учраас би уурлаад, чи намайг хөөж байгаа бол би виза карт, гар утас, байрны түлхүүр зэргийг аваад явъя гээд түүнд ойртож гар утсыг нь булааж авахад эхнэр маань гэрээс гараад явчихсан чинь төрсөн ах Нямсүрэнгээ хөдөөнөөс дуудаж ирүүлсэн байсан. Хүний амьдралд хоорондоо ам зөрөлдөх үе зөндөө гардаг. Би тэр болгонд эхнэрээ зодоод байгаагүй. ... Би архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Жилд 1-2 удаа л пиво уудаг юм. ... Би эхнэрээ байнга эрэгтэй хүнтэй хардаад байдаггүй юм. Жилд 2-3 удаа эхнэрээ хардаж хэрүүл маргаан үүсгэж байсан нь үнэн. Фэйсбүүкээр хүнтэй чат бичиж хоорондоо харьцсан юм уу, аль эсвэл өөр эрэгтэй хүнтэй хардуулах байдлаар үйлдэл гаргасан тохиолдолд би эхнэрээ харддаг юм. Түүнээс би ямар ч шалтгаангүйгээр эрэгтэй хүнтэй хардаж уурлана гэж байхгүй... Би эхнэртэйгээ хэрэлдэж маргалдах үедээ уурлаж хэд хэдэн удаа түүнийг алгадах, өшиглөх зэргээр биед нь халдсан, мөн эрэгтэй хүнтэй харддаг үйлдэл гаргадаг байсан нь үнэн. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-42 тал/

6. Гэрч Б.Ууганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адууны эрэлд явж байгаад Бэрх хотоос баруун зүгт хөдөө “Уртын гол” гэх газарт нутаглаж байсан багын найз Г.Н-ийн гэрт очиход тэр эхнэрийн хамт эзгүй байсан. Тэр хоёрыг Бэрх хотын төвд байгаа гэж түүний хадам ээж нь хэлсэн. Тэгээд би Бэрх хотын төв орж мотоцикльдоо бензин авчихаад эргээд хөдөө адууны эрэлд гарч явахад Бэрх хотын баруун талын даваан дээр найз Г.Н-той тааралдаж уулзсан учраас тэдний Бэрх хотын төвд байдаг гэрт нь очиж цай, хоол идэх гэж буцаж явсан юм. Бэрх хотын төвд 58 дугаар байрны 1 дүгээр орцонд байдаг байранд нь 20 цагийн үед очиж цай, хоол идчихээд хоёр найз уулзсан учраас 2,5 литрийн Сэрүүн нэртэй пиво 1 савыг хувааж уусан юм. Пиво ууж байх явцад Г.Н эхнэр Н.М-тай маргалдаад байсан. Ямар учраас хоорондоо маргалдаад байгааг нь би ойлгоогүй. Тэгээд нэг сав пиво хувааж уучихаад цаг орой болсон учраас тэдний нэг өрөөнд нь Г.Н бид хоёр унтсан. Нөгөө өрөөнд нь түүний эхнэр Н.М охины хамт унтсан. Намайг очиход тэднийх байрандаа засварын ажил хийж байсан. ... Г.Н эхнэрээ зодоогүй. Харин эхнэртээ уурлаад түүнтэй маргалдаад байсан. Юунаас болж хоорондоо маргалдсан талаар нь би мэдээгүй... Г.Н надтай эхнэрээ хардсан эсэхийг мэдэхгүй... Эхнэрээ надтай хардсан гэхээр зүйл ажиглагдаагүй... Би ч түүний эхнэртэй хардуулахаар зүйл болоогүй шүү дээ. Учир битүүлэг байдлаар хоорондоо хэрэлдэж, маргалдаад байсан. Надтай уулзахдаа Г.Н эрүүл байсан. Хувааж уусан пивондоо ч согтоогүй. Ер нь Н архи уудаггүй, тамхи татдаггүй юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/

7. Гэрч Н.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл манай гэр бүлийнхэн баруун аймгаар аялсан юм. Уг аялалыг дуустал нь М, Н нар хүүхэдтэйгээ миний машинд сууж явсан юм. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Дарханаас Улаанбаатарын чиглэлд би машинаа бариад миний хажуу талын суудал дээр М хүүхдээ тэврээд сууж байсан. Ард талын суудал дээр Н суугаад явж байсан. Тухайн үед юунаас болж хэрэлдэж маргалдсаныг нь би сайн санахгүй байна. Н арын суудал дээрээс эхнэрийнхээ гар мөрний хэсэгт гараараа цохиж  байснаа суудлын бүсээр хоолойг нь боосон. Ер нь уг аялалын туршид Н, М нар хоорондоо тийм сайн харьцаатай байгаагүй. Бага зэрэг ам зөрөх асуудал гарах тохиолдолд хувьс хийж уурлаад цохих зэрэг үйлдэл гаргаж байсан. Үүнээс өмнө би амралтаараа Бэрхэд очоод байж байх үед М-ын хөл нь хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед би юу болсон талаар асуухад Н нь өшиглөсөн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/

8. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №467 дугаартай: “... Н.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Н-ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-ын биед гэмтэл учраагүй бөгөөд  хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 21 тал/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-г  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Г.Н-д тэнсэгдсэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргүүдийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.  

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,  гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Г.Н-д анхааруулсугай.

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Г.Н-ийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ                          Д.ГАНЗОРИГ