Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хэргийн индекс:180/2020/278,9/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              Э.Мичидмаа

Улсын яллагч                                                           М.Гэрэлбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                   Д.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гэрэлбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Г холбогдох 1939003...................дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр  багийн нутаг болох Шар нуга гэх газарт алдуул 14 тооны адууг бэлчээрт байхад нь завшихыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Х өгсөн:..Би Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр багийн Засаг даргаар ажилладаг юм, тэгээд  2019 оны 05 дугаар сарын 20-доор намайг жирэмсний амралттай байх үеэр манай Батширээт сумын Ганбат  гэх хүн нь  Батширээт сумын  Онон 1 дүгээр багийн  нутаг Шар нуга гэх газраас  адуу ачих гэж байгаад цагдаад  баригдсан гэж дуулдаж байсан надад энэ хэргийн талаар өөр  мэдэх зүйл байхгүй. Тэгээд 2019 оны 08 дугаар  арын 01-ний  өдрөөс жирэмсний  амралтаа дуусгаад  эргэж ажилдаа ороод хэсэг  удсаны дараа  сумын Засаг дарга  маань цагдаагаас  албан бичиг ирсэн, чи 2019 оны 05 дугаар сарын 20-доор Г гэх хүний  адуу ачих гэж байгаад  цагдаад баригдсан  хэрэгт хохирогч,  иргэний нэхэмжлэгчээр оролц гээд захирамж  гаргасны дагуу  би энэ хэрэгт  хохирогч, иргэний нэхэмжлэгчээр  оролцож байна,  тэрнээс биш надад энэ хэргийн  талаар мэдэх  зүйл бол алга байна...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуу/

Гэрч Ч.Баярбатын  өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт  сумын  Онон 1 дүгээр багийн нутаг Живхээстэй гэх  газарт  гэртээ  ээж Цэцэгмаа, ах Баярсайхан нарын хамт  байж байхад ойролцоогоор  22 цагийн үед  манай хүргэн ах  Г  нь  над руу утсаар  яриад  надад хандан чи  өвөлжөөн дээрээ хүрээд ирээч  адуу ачилцаад өг гэж хэлсэн тэгэхээр нь би  тэгье  гээд өөрийнхөө өвөлжөөн дээр  мотоцикльтой ганцаараа  очиход  манай өвөлжөөн дээр  Г ах  миний танихгүй өөр 2 залуутай  хамт гурвуулаа  байж байсан бөгөөд  манай өвөлжөөний  саравчин дотор 10-аад тооны  адуу хашчихсан байдалтай байсан, тэгэхээр нь би Г  ахад хандан  энэ юун адуунууд юм бэ  гэхэд Г  ах надад  хандан энэ  хэдэн адуунууд  манай энэ хавиар 6-7 хоног эзэнгүй  яваад байгаа юм  энэ адуунуудыг энэ машинд ачихад туслаадах гэж  хэлсэн, тэгэхээр нь би тэгье гээд  манай өвөлжөөний  саравчин дотор  хашчихсан байсан адуунуудыг саравчны хаялган дээр  зогсож байсан портер  маркийн цэнхэр өнгийн  автомашин дээр  нь Г ах болон нөгөө 2 залуугийнх нь  хамт 4-үүлээ ачих гээд байж байхад гэнэт  баруун талаас прожектортой гэрэлтэй  автомашин гараад ирсэн тэгэхэд Г ах  зугатаарай гэж хэлсэн, тэгэхээр нь бид хэд  бүгдээрээ  зугатаад  бургас руу орцгоосон, тэгээд  уг машинтай хүмүүс автомашинаа зогсоогоод  бид нарт хандан гараад ир ээ  гээд  хашгираад байсан, тэгээд уг хүмүүс  цагдаа дуудлаа гээд  цагдаа дуудсан бөгөөд  удахгүй манай Батширээт сумын  цагдаа Санчир нь  манай өвөлжөөн  дээр хүрээд ирсэн тэгээд бид нарт хандан гараад ир гээд хашгирсан, тэгээд би бургаснаас  гараад Санчир цагдаа  дээр очиход  Г ах нөгөө  2  залуугийнхаа хамт  гараад ирчихсэн байсан, тэгээд байж байхад  манай хүргэн ах Г уг газраас зугатаад яваад өгсөн...тухайн үед манай өвөлжөөний  саравчин дотор нийтдээ 14 тооны  адуу хашчихсан байсан, уг 14 тооны адуу нь нэг азрага, 6 нь гүү, 1 нь байдас, 1 нь шүдлэн үрээ, 4 нь даага 1 нь унага байсан бөгөөд  3 дааганы 2 нь эр, 1 нь охин  байсан. Уг адуунууд нь ямар нэгэн  тамга гэх зүйл байхгүй шиг байсан бөгөөд  зарим гүүнийх нь сүүлийг  хайчилсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/

Гэрч Б.Эрдэнэхуягийн өгсөн:...Би Хэнтий аймгийн төвд  Энхбаатар гэх  хүний адууны тэжээл  өгдөг ажил хийдэг юм, тэгээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ойролцоогоор  06 цагийн үед би Энхбаатарын адуунд нь  тэжээлийг нь өгөх гээд  Энхбаатарын гэрт нь  очиход Энхбаатар  надад хандан  хоёулаа Батширээт  сум руу  хамт яваад  хүнээс адуу аваад ирье  би чамд бензинийг чинь  хийгээд 100.000 төгрөг өгье  гэж хэлсэн.  Тэгэхээр нь би зөвшөөрөөд  Энхбаатар бид хоёр миний портер  маркийн  цэнхэр өнгийн  машинтай Хэнтий аймгаас ойролцоогоор 14 цагийн  үед Батширээт сум руу  гарсан, тэгээд  ойролцоогоор 21-22 цагийн үед Батширээт сумын  Онон 1 дүгээр багийн нутагт  байх эзэнгүй айлын  өвөлжөөн дээр  ирэхэд уг газарт  Батширээт сумын Г  гэх хүн  саравчин  дотроо ойролцоогоор 10 гаран  тооны адуу хашчихсан байсан бөгөөд  уг адуунаас 3 тооны адууг нь  Энхбаатар бид 2 ачиж авч явахаар  болоод байж байхад Г гэх хүний  дүү нь гээд 1 залуу бид  хэд дээр  ирсэн,  тэгээд бид дөрөв  миний автомашины тэвшин дээр  уг адуунуудыг  яг ачих гэж  байхад  бид хэдийн баруун талаас прожектортой гэрэлтэй  автомашин гэнэт гараад  ирсэн, тэгэхээр нь  бид хэд сандараад  бүгдээрээ бургас руу зугатаасан, тэгэхэд уг машинтай хүмүүс зогсоод  бид нарт хандан  та нар гараад ир гэж хэлсэн, тэгэхээр нь би гарахгүй  бургасан дотроо  Г хайж яваад Г хамт гарах гэсэн боловч Г  олдохгүй байхаар нь  бургасан дотроо нилээн явж байгаад  бургаснаасаа гараад  уг хүмүүс дээр очсон, тэгэхэд уг  хүмүүс дээр  цагдаа ирчихсэн байсан. Тэгээд байж байхад Г  уг хүмүүсээс  нуугдаж байж байгаад  зугатаагаад яваад өгсөн...Г автомашин ирсэний дараа зугтахаар нь л хүний адуу байсан юм байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Ж.Энхбаатарын өгсөн:...Би Хэнтий аймгийн Батширээт сумын Г гэх залууг 2018 оны 08 дугаар сараас хойш мэднэ, би тухайн үед  Г гэх залууд  өөрийн хязаалан насны үрээгээ  3.500.000 төгрөгөөр  зарсан юм. Тэгээд Г ах тухайн үедээ  надад мөнгөө  өгөөгүй бөгөөд энэ өвөл чадахгүй ба 2019 оны хавар мөнгийг нь өгье  гэж хэлээд  миний хязаалан насны үрээг  маань худалдаж авсан, ингэж л би Г ахыг  мэддэг  болсон юм.  Тэгээд 2019 оны 05-р сарын 21-ний өдөр  Г нь над руу  утасаар яриад надад хандан үрээнийхээ  өртгийг  авах уу  манайд хүрч ирж чадах уу  гэж хэлсэн, тэгэхээр нь  тэгье яваад очьё  гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 05-р сарын 22-ны өдөр  би өөрийн найз Эрдэнэхуягийн хамт үүрийн үед яг  цагийг нь  тодорхой хэлж мэдэхгүй  байна Хэнтий аймгийн Батширээт сум руу Эрдэнэхуягийн  цэнхэр өнгийн портер маркийн  автомашинтай нь гарсан, тэгээд ойролцоогоор 21-22 цагийн үед Батширээт суманд ирээд Г утсаар ярьж уулзах газраа тохироод эзэнгүй байсан өвөлжөөний саравчин дээр очсон, тэгээд Эрдэнэхуяг бид 2-ыг  уг өвөлжөөний саравчин дээр очиход  Г уг газарт  ганцаараа байж байсан бөгөөд  саравчин дотроо  ойролцоогоор 10-аад тооны адуу хашчихсан байсан тухайн үед Эрдэнэхуяг  бид хоёр уг  өвөлжөөний саравчтай газрыг  Ганбатаар  заалгаж ирсэн юм, тэгээд би Г зарсан үрээнийхээ  өртгийг авах гээд  байж байхад  Г дүү нь гээд  нэг залуу  мотоцикльтойгоо  бид хэд дээр  хүрээд ирсэн.  Тэгээд машины маань тэвшин дээр адуугаа  ачих гэж  байхад  бид хэдийн баруун талаас гэнэт автомашинтай хүмүүс  гараад ирсэн тэгэхэд Г нь морио үлдээгээд  зугатаад яваад өгсөн бөгөөд явахдаа бид нарт хандан бургас руу ороод байж бай  гэж хэлсэн тэгэхээр нь Эрдэнэхуяг бид хоёр  бургасан дотор  ороод  байж байхад Г буцаж ирээд уг машинтай хүмүүстэй уулзсан бөгөөд  удахгүй Батширээт сумын цагдаа хүрээд ирсэн тухайн  нэг ийм л асуудал болсон...Ганбатыг морио хаяад зугатаад  явахаар  нь л  хүний адуунууд юм байна гэж мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Гэрч В.Чулууны өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ойролцоогоор 23 цагийн үед Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг руу  сумын хурлын дарга Гансүрэн, иргэний танхимын ажилтан Ууганаа, Нямсүрэн, Болдбаатар нарын хамт айл  руу  очихоор явсан юм, тэгээд очих гээд явж байхад Батширээт сумын Онон 1 дүгээр багийн  нутаг Шар нуга гэх  газарт  арал дотор  автомашины гэрэл  гараад байсан, тэгэхээр нь бид хэд машинтайгаа уг  газарт  очиход манай сумын Баярбат гэх залуугийн өвөлжөөний саравчин дотор ойролцоогоор  10 гаран тооны  адуунуудыг хашчихсан байсан, тэгэхээр нь бид  хэд яг хулгай хийж байна гээд  автомашинаа зогсоогоод  машинаасаа бууцгаахад  байшингийн цаанаас хүмүүс  пижигнэлдээд  зугатааж байсан, тэгээд бид хэд уг  хүмүүст хандан хэн бэ та нар гараад ир гэж хэлсэн, тэгэхэд уг  хүмүүс гарч ирэхгүй байсан тул  хурлын дарга Гансүрэн нь утасаар цагдаа дуудсан,  тэгээд бид  хэдийг цагдаа ирэхийг хүлээгээд  байж байхад  манай сумын Г гэх ах  морьтойгоо хаанаас ч юм бэ гарч ирээд  бид нартай уулзаад хашаатай байсан адуунуудыг  манай адуунууд  байгаа юм аа, энэ хавиар бэлчээд байгаа юм гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/

Гэрч Б.Ууганбаярын өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ойролцоогоор 22-23 цагийн  үед  Батширээт сумын Онон 1 дүгээр багийн нутаг руу  сумын хурлын дарга Гансүрэн, 2 дугаар багийн засаг дарга Чулуун, Норовлин 4 дүгээр багийн иргэд болох Болдбаатар, Нямсүрэн нарын  хамт  Гансүрэн даргын машинтай  явсан юм, тэгээд  бид хэдийг  явж  байхад Батширээт сумын  Онон 1 дүгээр багийн  нутаг  Онон голын арал  дотор яг газар  усных нь нэрийг  бол хэлж  мэдэхгүй байна, автомашины гэрэл гараад  байсан, тэгэхээр  нь бид хэд  юун гэрэл гараад  байдаг  билээ гэж  бодоод  уг газарт  очих гээд машинтайгаа явахад нөгөө харагдаад байсан автомашины гэрэл маань харагдахаа  больчихсон, тэгэхээр нь бид хэд уг  гэрэл хааччихдаг бил ээ гэж бодоод  ойр хавиараа  гэрэлтүүлээд явахад эзэнгүй  айлын өвөлжөөний саравчин дотор  ойролцоогоор 10 гаран  тооны адуунууд  хашаатай байсан, тэгэхээр нь  бид хэд  хоорондоо  энд юун  адуунууд  байдаг билээ, хүмүүс хулгай  хийгээд байгаа  юм биш биз гэж ярилцаад ойр  хавиараа дахин гэрэлтүүлж  явахад саравчны  ертөнцийн зүгээр  зүүн талд  байх байшингийн хойд  талд  бүхээгтэй портер маркийн автомашин байж байсан, тэгэхээр нь  уг автомашин руу  гэрэлтүүлэхэд ойр хавьд  хүмүүс байх шиг байсан,  тэгэхээр нь бид хэд  уг автомашин руу очиж үзье гээд машинтайгаа  очиход  тэнд байсан хүмүүс  пижигнэлдээд зугатаагаад бургас руу  орцгоосон, тэгээд  бид хэд  нэг л биш байна гэж сэжиг төрөөд  сумынхаа цагдаад энэ  талаар мэдэгдчихээд байж байхад  манай сумын Ганбат ах морьтойгоо бургасан дотроос гараад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Д.Г яллагдагчаар өгсөн:...Тухайн үед  гэрийн маань ойролцоо 10 гаран тооны   эзэнгүй алдуул мал харагдахаар нь уг адуунуудыг ойр хавиараа  харж байгаад Энхбаатарт өгөх  ёстой байсан 3.500.000  төгрөгийнхөө өртөгөнд  заримыг  нь өгөөд  явуулчихья  гэж бодсон юм, тэгээд би тухайн үед Энхбаатарт энэ талаар  хэлж яриагүй бөгөөд  өөрийнхөө  адуунаас  хэдэн адуу  өгье гэж  л Энхбаатарыг дуудсан, мөн Баярбатыг би ахдаа адуу ачилцахад  туслаад өгөөч гэж л дуудсан тухайн үед Баярбат нь уг  адуунуудыг  ямар учиртай  адуунууд болохыг нь мэдээгүй, ер нь  энэ асуудалд Энхбаатар, Баярбат гэх хүмүүс ямар ч холбоогүй шүү дээ...Би Хэнтий аймгийн Батширээт  сумын Онон 1 дүгээр багийн  нутаг Улаан бургас гэх газарт  нутаглаж байсан юм, тэгээд 2019 оны 05 дугаар сарын 10-даар  манай гэрээс ертөнцийн  зүгээр  зүүн  урагш  Хулганы  гол дагаад  ойролцоогоор 4-5 км-т  10 гаран тооны  эзэнгүй  адуунууд харагдах болсон юм тэгэхээр нь би малдаа явах  зуураа уг  адуунуудыг  хүн ирж авах нь уу гэж байнгын хардаг байсан бөгөөд  уг 10 гаран  тооны адуунууд  нь лав  манай ойролцоо  айлуудын  адуунууд биш байсан, тэгээд уг  адуунуудыг  хүн асууж  сураглаж ирэхгүй, хайхгүй болохоор нь би  уг 10 гаран  тооны  адуунаас 3 тооны адууг  нь авчихья  гэж бодсон юм тэгээд  би 2019 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Хэнтий аймгийн  төвд байдаг Энхбаатар гэх  залуу руу  утсаар  яриад Энхбаатарт хандан би чамд өгөх ёстой байсан 3.500.000 төгрөгийнхөө  өртөгөнд 3 тооны адуу өгье чи ирээд авчих  гэж хэлсэн, тэгэхэд Энхбаатар  нь тэгье  гээд зөвшөөрсөн, тэгээд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр  Энхбаатар нь  өөрийн найз  Эрдэнэхуяг гэх залуутай орой харуй  бүрий болсон үеэр Батширээд суманд  маань  ирсэн бөгөөд би Энхбаатарт өөрийн хадам дүү болох Баярбатын өвөлжөөг  нь зааж өгөөд өвөлжөөн дээр нь хүрээд ир  гэж хэлсэн, тухайн үед  ойролцоогоор 21-22 цагийн үе л байсан байх гэж бодож байна, тэгээд би Энхбаатар, Эрдэнэхуяг нарыг  Баярбатын  өвөлжөөн дээр нь ирэхээс  өмнө  манай гэрийн  ойролцоо үзэгдэх болсон  эзэнгүй цавьдар  азаргатай 10 тооны  адуунуудыг Баярбатын өвөлжөөний  хашаан дотор нь хашсан, тэгээд байж байтал Энхбаатар, Эрдэнэхуяг нар нь Баярбатын  өвөлжөөн дээр  ирсэн, тэгээд  би утсаараа  өөрийн  хадам дүү болох  Баярбат руу  утсаар  яриад  чи ахдаа  хэдэн адуу  ачилцаад  өгөөч, ах нь танай өвөлжөөн дээр байна гээд дуудсан тэгэхэд Баярбат нь тэгье гээд зөвшөөрсөн, тэгээд байж байтал  удалгүй  Баярбат нь мотоцикльтойгоо  хүрээд ирсэн, тэгээд бид дөрөв  Энхбаатарын унаж ирсэн   автомашин нь дээр нь  Энхбаатарт өгөхөөр  болсон 3 тооны адууг  нь ачих  гээд  байж  байхад гэнэт л  баруун талаас гэрэл тусгасан машин  гараад ирсэн,  тэгэхээр  нь би Энхбаатар,  Эрдэнэхуяг, Баярбат нарт хандан зугатаарай гэж хэлээд  бургас руу орчихсон юм,  тэгээд намайг бургасанд дотор байж байхад  уг машинтай хүмүүс гэрлээ  асаачихаад  явахгүй байгаад байхаар нь би бургаснаасаа гараад уг хүмүүстэй очиж уулзсан,  тэгэхэд уг хүмүүс  надад хандан энэ юун адуунууд юм бэ гэж хэлсэн, тэгэхээр нь би  уг хүмүүст  хандан миний  адуунууд байгаа юм аа гэж худлаа хэлсэн, тэгээд байж байтал нэг их удалгүй  шиг санагдаж байна, яг сайн хэлж мэдэхгүй байна, манай  Батширээт сумын  цагдаа хүрээд ирсэн, тухайн үед нэг ийм л асуудал болсон...Уг адуунууд  манай тэр хавийн  айлын  адуунууд бол биш ээ, мөн  манай  Батширээт  сумын адуу ч биш  байгаа юм, би бодохдоо уг адуунуудыг  хойноос буюу  Оросын холбооны улсаас түймрийн үеэр орж ирсэн адуунууд байх л гэж бодоод байна яагаад  гэвэл уг  адуунууд нь биерхүү, өндөр, урт хүзүүтэй адуунууд байгаа юм. Мөн дээр нь уг адуунуудад ямар нэгэн тамга гэх  зүйл байхгүй байсан...Уг адуунууд нь цавьдар  азрагатай  адуунууд  байсан бөгөөд  азраганаасаа  гадна 6 тооны гүү, 3 тооны даага, 1 тооны шүдлэн үрээ, 2 тооны шүдлэн байдас, 1 тооны унага нийтдээ 14 тооны  адуу байсан, уг адуунуудад ямар нэгэн  тамга гэх зүйл бол  байгаагүй...Би гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө хээр  зүсмийн бүдүүн морь, бугуйл, хазаар зэргийг ашигласан...миний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  хээр зүсмийн бүдүүн морь маань одоо  адуунд маань байгаа, харин бугуйл, хазаар  зэрэг эд зүйлс нь  алга болоод  дууссан бөгөөд  уг эд зүйлс нь  одоо байхгүй...Би бусдын эзэнгүй алдуул  адуунуудыг  завших гэж байсандаа  гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 92-94 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 4-9 хуу/

14 тооны адууны нийт үнэлгээг 9.250.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны  өдрийн №Х19-21 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34 хуу/

Яллагдагч Д.Г гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан хээр зүсмийн адууны үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоосон Хэнтий аймгийн Батширээт сумын үнэлгээ тогтоох комиссын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн акт /хх-ийн 112 хуу/

Д.Г иргэний үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 158 хуу/

Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134 хуу/

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136-139 хуу/

Д.Г нь 2018 оны жилийн эцсээр 85 толгой мал тоолуулсан тухай тооллогын баримтын хуулбар /хх-ийн 156-157 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 174-177 хуу/ Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн хохирогч Д.Х  гаргасан “гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 210 хуу/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр  багийн нутаг болох Шар нуга гэх газарт байсан алдуул 14 тооны адууг бусдад төлөх өрөндөө өгөх зорилгоор хашаанд хашиж,  автомашинд ачих гэж байгаад баригдсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.        

Шүүгдэгч Д.Г нь “уг адуунуудыг эзэн нь ирж авахгүй болохоор өрөндөө өгөх зорилгоор хашаанд хашиж, автомашинд ачих гэж байсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлэг нь  гэрч  Ж.Энхбаатарын “Г нь намайг адуу зарсан өртөгийг чинь өгье гэж дуудсан” гэх мэдүүлэг, гэрч В.Чулуун,   Б.Ууганбаяр нарыг өгсөн “шөнө айлын өвөлжөөнд адуу хашсан байхтай тааралдсан, Ганбат  миний адуу гэж хэлсэн” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдлын хувьд маргаагүй болно.

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд тухайн тохиолдолд ямар нэгэн бодит хохирол учраагүй тул гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан. Мөн уг алдуул адуунуудыг хилийн 0287 дугаар ангийн 1 дүгээр заставын дарга, дэслэгч А.Цэен-Ойдовт хүлээлгэн өгсөн, сумын Засаг дарга эрхээ бичгээр шилжүүлээгүй байхад орлогч нь захирамж гарган тус хэрэгт хохирогчоор багийн Засаг даргыг оролцуулахаар томилсон нь  буруу, хохирогчийг эрэн сурвалжилж  олж зөв тогтоох ёстой гэжээ.

Шүүгдэгч Д.Г нь  мэдүүлэг өгөхдөө “ уг адуунуудыг 10 орчим хоног  эзэн нь ирж авахыг харж байгаад, ирэхгүй болохоор нь 3 тооны адууг нь өрөө төлөх зорилгоор бусдад өгч явуулах гэж хашаанд хашсан” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч нь уг адуунуудыг хашаанд хашсанаар захиран зарцуулах боломж бүрдсэн бөгөөд түүний хүсэл зоригоос хамаарахгүй шалтгаанаар буюу гэрч В.Чулуун, Б.Ууганбаяр нар хэргийн газарт очсоноор гэмт хэрэг төгсөөгүй байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Г “14 тооны нийт 9.250.000 төгрөгийн үнэ бүхий алдуул адууг өрөө төлж, бусдад өгч явуулах зорилгоор хашаанд хашсан”  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа бөгөөд шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй байна гэж дүгнэв.

 

Хэнтий аймгийн Батширээт сумын Засаг даргын орлогчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/93 дугаартай захирамжаар /хх-ийн 77 хуу/ тус хэрэгт Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн Засаг дарга Д.Х оролцуулахаар томилсны дагуу мөрдөгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тогтоолоор Д.Х хохирогчоор тогтоосныг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн  31.1.2 дахь заалтад сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байна гэж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө, гэж Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1,  43.3 дахь хэсгийн 43.3.1 дэх заалтад байгууллагын даргын албан үүргийг түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд түр орлон гүйцэтгүүлэх тухай шийдвэр гаргах шаардлагагүй байхаар заажээ.

Мөн уг 14 тооны адууг эд мөрийн баримтаар тооцож, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хилийн 0287 дугаар ангийн 1 дүгээр заставын дарга, дэслэгч  А.Цэен-Ойдовт хүлээлгэн өгч/ хх-ийн 13 хуу/, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчоор тогтоогдсон Д.Х 13 тооны адууг хүлээлгэн өгсөн /хх-ийн 75 хуу/ байх бөгөөд нэг гүү тууварлах явцад үхсэн болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт болон гэрэл зургуудаар /хх-ийн 61-63 хуу/  тогтоогджээ. Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх,  мэдээлэх журам”-ын 2.11 дэх хэсэгт Алдуул малын арчилгаа, маллагаа, эмчилгээг баг, хорооны Засаг дарга болон мал эмнэлэг, үржлийн тасаг зохион байгуулж, хяналт тавихаар заасан байх тул уг адуунуудыг багийн Засаг дарга Д.Хонгорзулд хүлээлгэн өгсөн нь зүйтэй байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч Д.Г нь уг 14 тооны адууг анх 2019 оны 05 дугаар сарын  10-ны орчим харсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд үүнээс хойш 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл эзэн нь ирж аваагүй, уг адуунууд нь ямар нэгэн тамгагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эзнийг нь эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад хохирогчоор тогтоогдвол зохих этгээд тогтоогдоогүй зэргээс үзэхэд уг адуунуудыг алдуул мал гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх журамд зааснаас үзэхэд алдуул малыг бүртгэж, зарлан мэдээлэх, эзнийг нь олох ажиллагаа явуулахыг нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн малын бүртгэлийн мэргэжилтэн, цагдаагийн байгууллага хариуцахаар заажээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгч нь гэм буруугүй тухай  болон хохирогчоор Д.Х тогтоосон нь буруу гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүгдэгч  Д.Г 2019 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө  Хэнтий аймгийн Батширээт сумын Онон 1 дүгээр  багийн нутаг болох Шар нуга гэх газарт нийт 9.250.000 төгрөгийн үнэ бүхий алдуул 14 тооны адууг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас Д.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Хохирогч Д.Х нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан /хх-ийн 210 хуу/ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олж авсан 14 тооны адууг хураан авч хохирогчид /холбогдох албан тушаалтанд/ хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь Д.Г нь Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний  өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хэрэг зөрчилд холбогдохгүй байж, оршин суух газар, сургуулиа өөрчлөх,  зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байх үедээ буюу тэнссэн хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж,  шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасны дагуу уг ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.                     

Шүүгдэгч Д.Г нь  гэмт хэрэг үйлдэхдээ өөрийнхөө хээр зүсмийн бүдүүн морийг унаж ашигласан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх тул уг морийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ  хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  цайвар дэлтэй, цавьдар зүсмийн азарга, өсгий цагаан хээр зүсмийн эр даага, бор зүсмийн шүдлэн байдас, цавьдар зүсмийн шүдлэн байдас, хүрэн халзан зүсмийн гүү, цавьдар зүсмийн шүдлэн үрээ, хойд 2 хөл цагаан хээр зүсмийн гүү, хар зүсмийн эр даага, хар зүсмийн охин даага, хүрэн зүсмийн  хоёр гүү, хар зүсмийн гүү, хүрэн зүсмийн унага зэрэг 13 тооны адууг Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх,  мэдээлэх журам”-ын 2.12 дахь хэсэгт заасны дагуу  орон нутгийн малын бүртгэлийн мэргэжилтэнд бүртгүүлсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн боловч уг малын эзэн олдоогүй бол орон нутгийн өмчлөлд шилжүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хээр зүсмийн морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Г 9.250.000 /есөн сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийн үнэ бүхий алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшихыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан  Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас Д.Г холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Д.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг  6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон,  450.000 төгрөгөөр торгох ялыг 30 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногоор тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г оногдуулсан 1 /нэг/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 13 тооны адууг Хууль зүйн сайдын 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/190 дүгээр тушаалаар батлагдсан “Алдуул болон хулгайлагдсан малыг бүртгэх мэдээлэх журам”-ын 2.12 дахь хэсэгт заасны дагуу алдуул малыг орон нутгийн малын мэргэжилтэн бүртгүүлсэн өдрөөс хойш 1 /нэг/ жил өнгөрсөн боловч уг малын эзэн олдоогүй бол орон нутгийн өмчлөлд шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүдэгч Д.Г гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нэг сая төгрөгийн үнэ бүхий хээр зүсмийн нас гүйцсэн морийг хурааж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц уг морийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялын хугацааг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс тоолсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ