Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0017

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Д.О, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 40 дүгээр зүйлийн 40.4-д тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаартай дүгнэлтийг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 61 дүгээр шийдвэрийг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлал яамны ажлын хэсэг болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах, эсхүл эс цуцлах асуудлыг шийдвэрлэсэн захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон гурав хүртэлх сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаартай дүгнэлт болон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай 61 дүгээр шийдвэрийг хүчингүй болсонд тооцож,

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “Шүүх нэхэмжлэгчээс маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тайлбар, нотлох баримтыг аваагүй.

        ... Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн хурлын 3 дугаар тогтоол болон Засаг даргын албан бичиг нь “байгалийн унаган төрхийг алдагдуулж болзошгүй талаар ард иргэдийн санал бодлыг илэрхийлсэн хүсэлт, байгаль орчинд хортой нөлөө үзүүлж болзошгүй талаар гаргасан санал” гэж үзэхээргүй байна. ... Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолд “нутгийн захиргааны байгууллага” гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших, сум, дүүрэг, аймаг нийслэлийн Засаг дарга, түүнчлэн энэ хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ” гэж тайлбарлажээ.

         ... Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/402 дугаар тушаалаар батлагдсан “Ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд мөрдөх журам”-д зааснаар саналыг ирүүлэлгүй саналыг сумын Засаг даргын орлогч хүргүүлсэн. Мөн шүүх нотлох баримтуудыг үнэлэх үүргээ гүйцэтгээгүй.

        ... Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс сонсох ажиллагаа явуулаагүй, энэ шалтгаанаа Кадастрын хэлтэс нотлох үүрэгтэй. ... Кадастрын хэлтэс нь илэрхий алдаатай хууль зөрчсөн яамны дүгнэлтийг шууд даган биелүүлэх үүрэггүй.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

        Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: ““Г” ХХК нь уг тусгай зөвшөөрлийн талбай нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсэгт үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд эдгээр 2 хэсэгт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө тайланг ирүүлээгүй. Өөр үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримталсан тул усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай  гэх үндэслэл нь үүнд хамаарахгүй.

        Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 2020/05 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгчийг байгаль орчинд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй үйл ажиллагаа явуулсныг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэл болгосон, кадастрын хэлтэс нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагагүй гэж үзсэн тул тусгай зөвшөөрлийн эрхийг цуцалсан.

        Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/05 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 61 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор сумын 3 дугаар багийн “Их тойруу” нэртэй газарт эзэмшиж буй “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай саналыг эрх бүхий байгууллагад уламжилж, “Г” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Э И” ХХК-ийн ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоожээ.

        Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлахаар зохицуулсан.

        Дээрх дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийн хүрээнд, мөн захиргааны байгууллага болохын хувьд Захиргааны ерөнхий хууль, түүний дотор 24 дүгээр зүйлийн 24.4-д заасны дагуу шийдвэр гаргахад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зайлшгүй гүйцэтгэх ёстой.

        Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам маргаан бүхий дүгнэлтийг Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол, 03 дугаар тэмдэглэл[1], Галуут сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/04 дүгээр албан бичиг[2] зэргийг үндэслэн гаргасан нь хуулийн дээрх шаардлагыг хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

        Тухайлбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулаагүй, нөхөх олговор авах хүсэлтээ 2012 онд гаргасан“, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “үйл ажиллагааны бэлтгэл ажлын явцад үүссэн нуур, тунгаагуур хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй“ гэх мэдээлэл[3], хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “”Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын МВ-011917 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Засгийн 2015 оны 289 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй хэсэгчлэн /254.58 га/ давхцалтай“ гэх 8/2478 дугаар албан бичиг[4] зэргээс үзвэл “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн “Их тойруу” нэртэй, ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайн усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхацсан хэмжээ, үүний зэрэгцээ нэхэмжлэгч “Г” ХХК, эсхүл туслан гүйцэтгэгч өөр компаниар уг хамгаалалтын бүстэй давхацсан, давхцаагүй аль нэг хэсэгт үйл ажиллагаа явуулсан эсэх, хайгуулын, ашиглалтын үйл ажиллагаа явуулсан бол нөхөн сэргээлт хийсэн эсэх зэрэг нь тодорхой бус байна.

        Дээрх нөхцөл байдлыг тодруулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “ ... байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, ... нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй” асуудлаар дүгнэлт гаргах эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

        Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны төв байгууллагын маргаан бүхий захиргааны актын үндэслэл тодорхой бус, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул анхан шатны шүүх маргаан бүхий 2020 оны 2020/05 дугаар дүгнэлт, түүнд үндэслэн гарсан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 61 дүгээр шийдвэрийг захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй.

        Иймд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын “эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тул дахин тодруулах шаардлагагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

        Үүнээс гадна хэрэгт авагдсан Ашигт малтмалын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/797 дугаар албан бичигт “Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших ашигт малтмалын MV-011917 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Их тойруу” нэртэй алтны шороон ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Техник-эдийн засгийн үндэслэл хэлэлцэх салбар хуралдаанаар хэлэлцэгдээгүй” талаар, Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын “”Г” ХХК 2017 онд “Тулгажаргалант” ХХК-тай туслан гүйцэтгэгчээр ажиллуулах гэрээ байгуулсан” гэх 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/59 дүгээр албан бичиг, Баянхонгор аймгийн Галуут сумын 3 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор ““Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-011917 дугаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд туслан гүйцэтгэгч “Э И” ХХК ашиглалт, олборлолтын үйл ажиллагааг зогсоосон” гэх асуудлуудыг тодруулах нь ач холбогдолтойг дурдах нь зүйтэй.

        Маргаан бүхий захиргааны актууд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/402 дугаар тушаалаар баталсан “Аймаг, нийслэлийн Засаг дарга нараас ашигт малтмалын тухай хуульд заасан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлэхэд мөрдөх журам”-аас өмнө гарсан тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол дүгнэлт өгөх шаардлагагүй.

        Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

    3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                                ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                                ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ

                                                ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

 


[1] Хэргийн 47-50 дахь талууд.

[2] Хэргийн 82 дахь тал.

[3] Хэргийн 128 дахь тал.

[4] Хэргийн 98 дахь тал.