Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 712

 

Б.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Алтанцэцэг,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор Б.Т-д холбогдох эрүүгийн 2017 2501 2170 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б.Т, 1978 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамж, 83 дугаар байрны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /;

Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорека” нэртэй караоке бааранд Б.М-тай маргалдан түүний хүзүү болон цээж хэсэгт маажиж, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Т давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хор арилсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас хохирогч гомдолгүй, өргөдөл гомдлоо буцаан авах талаар өргөдөл гаргасан, миний зүгээс хохирогчоос уучлалт гуйж хохирлоо бүрэн барагдуулсан, хийсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг минь харгалзан үзнэ үү.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж гарсан гэж үзэж байна. Ялтны гаргасан гомдлыг шүүх бүрэлдэхүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хангах боломжтой байх тул хуульд зааснаар ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Б.Т нь 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хорека” нэртэй караоке бааранд Б.Мөнхзаяатай маргалдан түүний хүзүү болон цээж хэсэгт маажиж, уруул хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.М-гийн “...манай дүү Д.А тухайн эмэгтэйд хандаж “эгч таниас зөндөө уучлалт гуйлаа, та одоо больчих” гэтэл тэр эмэгтэй намайг үг дуугүй гэнэт миний толгой руу зүүн гараараа 1 удаа цохиод, дахиж стаканд архи дүүргэж уусан. Тэгэхэд дүү Д.А тухайн эмэгтэйг “та одоо боль” гээд хойшоо болгох гэтэл тухайн эмэгтэй намайг заамдаж аваад миний цээжин хэсгийг маажиж, өмсөж явсан цагаан цамцны зах хэсгийг урсан. Мөн миний уруул хэсэг рүү гараараа цохисон...” /хх-17-20/,

гэрч Д.А- “Б.М, Б.Т хоёр маргаад байсан. Учир нь Б.М “танай найз Б.Т архи уухгүй, усны саванд архи хийгээд байна” гэж хэлэхээр нь уснаас нь уугаад үзэхэд архи амтагдаж байсан. Тэгээд би “ус биш байна архи байна” гэж хэлэхэд Б.Т, Б.Мөнхзаяа хоёр биенийгээ хэл амаар доромжлоод байсан бөгөөд хэрэлдэж маргалдаж байх үед Б.Т Б.М-г түлхээд буйдан руу унагаасан. Түүнээс өөр ямар нэгэн маргаан болоогүй бөгөөд Б.М-гийн биед учирсан гэмтлийг Б.Т түлхэж унагаахдаа учруулсан байх. Учир нь Б.М-гийн цамцны энгэр, зах хэсэг нь урагдсан байсан...” /хх-24-26/,

гэрч Ю.Б-ын “...архи талдаа орж байхад манай эхнэр Б.Т, Б.М нар хоорондоо “чи архи уусан, уугаагүй” гэж маргаж байсан бөгөөд тухайн үед би Дэлгэрмаа, Болдоо хоёртой ариун цэврийн өрөөнд ороод ирэхэд эхнэр Б.Т, Б.Мөнхзаяа хоёр хоорондоо маргаад барьцалдаж авсан гэж Д.Амарсайхан хэлж байсан...” /хх-27-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Мөнхзаяагийн биед уруулд өнгөц шарх, баруун шилбэ, гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн үед үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 7328 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-30-34/,

Хохирол төлсөн баримт /хх-44/, ялтан Б.Т-ын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Т-ын гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

Ялтан Б.Т-ын “...2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчтой сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хор арилсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасан, хохирогч Б.Мөнхзаяа нь “Б.Т нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гомдол саналгүй байх тул өөрийн гаргасан гомдлоо буцааж авах хүсэлтэй байна” гэж бичгээр тайлбар гаргасан /хх-45 дугаар тал/ байх хэдий ч хохирогч Б.Мөнхзаяа нь Б.Т-тай сайн дураараа эвлэрсэн гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байх тул ялтан Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Б.Т-д шүүхээс оногдуулсан ял шийтгэл ялтны хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 460 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ