Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 195

 

“Засаг чандмань” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалтай, “Засаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Засаг чандмань” ХХК-ийн захирал П.Инж-Улбаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Засаг чандмань” ХХК нь “Оюу толгой” ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрөл болон хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээ, мэдээлэл худалдах, худалдан авах тухай 64 тоот гэрээ байгуулан Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д заасны дагуу Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах тухай хүсэлтээ Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан юм.

Гэтэл кадастрын хэлтсээс манай өргөдлийг бичиг баримтын бүрдэл дутуу хэмээн хүлээн авахаас татгалзсан тул нэмэлт баримт материалыг бүрдүүлэн дахин хүсэлтээ өгөхөд 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон гэсэн үндэслэлээр манай хүсэлтийг хүлээн авахаас мөн татгалзсан.

Манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дээрх хууль бус эс үйлдэхүйг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр “Засаг чандмань” ХХК-ийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, тус компанийн гаргасан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Ашигт малтмалын кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон билээ.

Ингээд “Засаг Чандмань” ХХК нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруйд 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад хандсан боловч кадастрын хэлтсээс ...7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2004 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр олгосон байх бөгөөд 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа дуусгавар болсон ба дээрх тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр “Оюу Толгой” ХХК бүртгэгдсэн. Иймд “Засаг чандмань” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэх хариуг ирүүлсэн болно.

 “Засаг чандмань” ХХК-иас 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 24 тоот албан бичгээр ... 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглосон шийдвэр цуцлагдаж хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгож эхэлсэн тул 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг “Засаг чандмань” ХХК-ийн нэр дээр шилжүүлж, хугацааг тооцож өгөх тухай хүсэлт гаргасан боловч Ашигт малтмалын кадастрын хэлтсээс 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 6/165 тоот албан бичгээр ... Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрөл нь “Оюу Толгой” ХХК-ийн эзэмшилд байсан ба 2013 оны 08 дугаар сарын 19-нд кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн байна. Иймд, хүчин төгөлдөр бус тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргасан компанид шилжүүлэх хуулийн үндэслэл байхгүй талаар мэдэгдсэн.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид албан бичгээр тусгай зөвшөөрлийг сэргээж, “Засаг чандмань” ХХК-ийн нэр дээр гаргаж өгөхийг хүссэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаад байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс бидний анх гаргасан хүсэлтийг хуульд заасанчлан зохих журмын дагуу шийдвэрлэж өгсөн бол тусгай зөвшөөрлийн хуулиар олгогдсон 9 жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө тусгай зөвшөөрлөө өөрийн нэр дээр шилжүүлэн авах бүрэн боломжтой байсан.

Ашигт малтмалын дээрх хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийн энэхүү нөхцөл байдалд хүрсэн байх тул Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 258 дугаар шийдвэрээр нэгэнт манай эзэмшлийн тусгай зөвшөөрөл болох нь тогтоогдсон ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хуулийн хугацааг нь сэргээж, манай компанийн нэр дээр шилжүүлэн өгөх учиртай.

Иймд, Ашигт малтмалын газар нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон бүртгэл хийх ёстой байсан боловч уг журмыг хэрэглэлгүй “Засаг чандмань” ХХК-ийн хүсэлтийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 69 дүгээр тушаалын дагуу Ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон уг тусгай зөвшөөрлийг “Засаг чандмань” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж буйг нотлох баримт бичиг, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч буйг нотлох баримт бичиг, байгаль орчныг нөхөн сэргээхэд шаардагдах зардлыг энэ хуулийн 38.1.8, 39.1.9-д заасан дансанд төвлөрүүлсэн тухай санхүүгийн баримт, хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тухай баримт, үйлчилгээний хөлс төлсөн баримтыг хавсарган өгөхөөр хуульчилсан байна.

Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн тусгай зөвшөөрлийн шилжүүлэг хариуцсан мэргэжилтэн “Засаг чандмань” ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэх өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул өргөдөл гаргасан этгээдээс “Оюу толгой” ХХК-ийн захирал Мөнхбатад тусгай зөвшөөрөл шилжүүлэх эрх олгосон итгэмжлэл эсвэл тус компанийн захирал мөн гэсэн тодорхойлолт, тусгай зөвшөөрлийн хавсралтын хөдөлгөөнийг нөхөн бичүүлэх, “Оюу толгой” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг сунгуулж авчирахыг хүсэн, өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаасан байна.

“Оюу толгой” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байх хугацаанд “Оюу толгой” ХХК, “Засаг чандмань” ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүй байна.

Иймд, Ашигт малтмалын газрын хууль бус эс үйлдэхүйн улмаас тусгай зөвшөөрөл шилжээгүй, дуусгавар болсон гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрлах Жирэмийн элс нэртэй 17930.77 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийг анх “Айвенхоу майнз монголия инк” ХХК-д 2004 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр олгосон байна.

“Оюу толгой” ХХК-ийн нэрээр бүртгэлтэй байсан ашигт малтмалын хайгуулын 7226Х дугаартай тусгай зөвшөөрлийн 9 жилийн хугацаа 2013 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах харилцааг зохицуулдаг.

Дээрх хугацаа дуусгавар болсон байх тул уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлэх боломжгүй юм. Иймд “Засаг чандмань” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 49 дүгээр зүйлд заасныг баримтлан 7226Х дугаартай ашигт малтмалын хайгуулийн тусгай зөвшөөрлийн хугацааг сэргээж, Засаг чандмань ХХК-ын нэр дээр шилжүүлэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 905 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нэхэмжлэлийн талаар бичгээр тайлбар гаргах, захиргааны хэргийн шүүхээс шаардсан нотлох баримтыг гаргаж өгөх” үүрэгтэй хэдий ч энэхүү үүргээ биелүүлээгүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Мөн хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд биечлэн, амаар тайлбар өгсөн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-д заасны дагуу үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй ба энэ нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх учиртай.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасны дагуу Ашигт малтмалын газар болон түүний Кадастрын хэлтэс нь нэг нь нөгөөдөө захирагддаг албан тушаалтан, байгууллага байх ба Ашигт малтмалын газар нь Кадастрын хэлтсийн хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллагааг зөвтгөх, гаргасан шийдвэрийг хянах, хүчингүй болгох бүрэн эрхтэй байгууллага юм. Өөрөөр хэлбэл, кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын газрын нэгж нь бөгөөд Ашигт малтмалын газар тухайн нэгжийнхээ хэрэгжүүлж буй үйлдэл, үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд учир энэ хэргийн жинхэнэ хариуцагч юм. Тиймээс анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Ашигт малтмалын асуулдал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон байх ба энэ зүйлийн 11.2-д “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 -11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12,  кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ.’’ гэж заасан байна. Хуулийн 11.1.13- 11.1.23 дахь хэсэгт заасан Кадастрын хэлтсийн эрхлэх асуудалд шүүхэд маргаантай байх хугацааг хасч тооцох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг шилжүүлэн бүртгэх нь хамааралгүй байна.

Мөн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” журамд бүртгэл хөтлөх асуудлыг Кадастрын хэлтэст хариуцуулсан, түүний дангаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх ийнхүү хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасны дагуу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.

Иймд, дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байна.

“Тусгай зөвшөөрлийн маргаантай байх хугацааны бүртгэл хөтлөх тухай” Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр тушаалаар төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу хязгаарласантай холбоотойгоор шүүхийн журмаар эрхийг нь сэргээхээр шийдвэрлэсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрхийг зогсоосон үеэс эрхийг сэргээх хүртэлх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийг 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасан нийт хүчин төгөлдөр байх хугацаанаас хасч тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтлөхийг эрх бүхий этгээдэд даалгажээ.

Дээрх тушаалыг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхийг хүссэн ашигт малтмалын хайгуулын 7226Х тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанаас шүүхэд маргаантай байсан хугацааг хасч тооцон бүртгэл хийх ёстой хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  тодорхойлж, “ ... уг журмыг хэрэглэлгүй бүртгэл хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, ... ашигт малтмалын хайгуулын 7226Х тусгай зөвшөөрлийг “Засаг чандмань” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Ашигт малтмалын газарт даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.  

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулснаас гадна нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч, мөн шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелэгдэх боломжийг харгалзан хариуцагч байгууллагын чиг үүргийн дагуу хариуцагчийг тодорхой болгоход анхаараагүй зэргээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Эдгээр зөрчлийг арилгалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ...” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ               

                                ШҮҮГЧ                                                       Л.АТАРЦЭЦЭГ