Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 247

 

А.Соёлмаад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

шүүгч Д.Ганзориг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар, Б.Наранцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар магадлалтай, 201512000251 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Алтангэрэлийн Соёлмаа нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Соёлмааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар А.Соёлмааг 5 жил 1 сар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 16 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Соёлмаа, түүний өмгөөлөгч С.Төмөрбаатар нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэргийн талаар илтгэгч шүүгч Б.Батцэрэнгийн хийсэн танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч С.Төмөрбаатар, Б.Наранцэцэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...миний үйлчлүүлэгч энэ гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй, өөрөөр хэлбэл нүдийг нь сохлох санаа зорилго огт байгаагүй, нүдийг нь сохлох гэж данх санаатай авч шидээгүй, харин Батжаргалд гараа мушгиулсанаас болж өвдөлтөндөө түүнийг тавиулахын тулд гарт таарсан зүйлээ авч шидэж гараа тавиулсан. Түүний улмаас хохирогчийн нүдний зовхинд онож хүнд гэмтэл учруулсан боловч энэ нь өөрийн үйлдсэн хэргийнхээ учирч болох хор уршигт болгоомжгүй хандаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. А.Соёлмаад Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах боломжтой байтал анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийж чадсангүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Батжаргалын эмчилгээний үр дүнгийн талаар өмгөөлөгчийн хувьд судлахад хохирогч хараагүй болоогүй, түүний нүдний цөцгий ч гоожоогүй, харин цөцгийд цус хуралт үүссэн бөгөөд уг цус хуралтыг мэс заслын аргаар соруулаад хараа бүрэн эдгэдэг технологи Монголд нэвтэрч дээрх эмнэлэгт уг мэс ажилбарыг хийлгэсэн байх бүрэн боломжтой байна. Батжаргалын нүдэнд болор суулгасан нь түүний Инфинита эмнэлгийн историд бичээстэй байх бөгөөд уг бичгийн баримтыг шаардан гаргуулж хавтаст хэрэгт хавсаргах, нарийн мэргэжлийн нүдний эмч нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

Шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулахад хохирогч Батжаргалын амбулаторийн картыг шаардан гаргуулж хэрэгт хавсаргах, цаашлаад түүний биеийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад оролцуулж үзүүлэх хүсэлтэй байна.      

Хараагүй болсон хүнд болор суулгах боломжгүй, анх түүнийг үзэхэд нүдний торлог бүрхэвч гар хүрэхэд мэдэрч байсан, тиймээс нүдний мэс заслын өндөр технологитой эмнэлэг болох Инфинита эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж явуулсан, энэ талаар цагдаагийн байгууллага биднээс албан ёсоор мэдүүлэг авах ёстой гэж түүнийг анх үзэж байсан эмч Нарангэрэл болон мэс засал хийсэн эмч Мөнхзаяа нар ярьж байх юм. Иймд эдгээр эмч нарыг гэрчээр байцаалгах, өөрөөр хэлбэл хохирогчийн эмчилгээний үр дүн болон түүний нүд хараатай болон хараагүй эсэх, цаашид эмчлэх боломжтой, эсхүл боломжгүй талаар зайлшгүй байцаах шаардлагатай гэж үзэж байна.

Энэ бүхнийг шалгуулж шинжээчийн дүгнэлт гаргуулж тогтоосны эцэст А.Соёлмаад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх үүднээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн хэрэгт Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдол гаргасан. А.Соёлмаа нь А.Батжаргалтай юунаас болж маргалдсан нь тодорхой биш, хохирогч А.Батжаргал нь архийг хэтрүүлэн хэрэглэж, агсам тавьж эхнэртэйгээ ноцолдож, улмаар А.Соёлмааг ална гэж дайрч гарыг нь мушгисан үйлдэл хийсэн гэдгийг А.Соёлмаа мэдүүлдэг. А.Соёлмаа юуны учир данх авч чулуудах болов гэдэг асуудал ч тодорхой бус. Эдгээр асуудлыг мөрдөн байцаалтын шатанд тогтоож чадаагүйгээс А.Соёлмаад бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйлчлэлээр ял оногдуулж шийдвэрлэжээ. ... . А.Соёлмаа нь санаа сэтгэл нь цочирч энэ гэмт хэргийг үйлдсэн байх магадлалтай юм. А.Соёлмаад холбогдох хэргийг нэг талыг барьсан гэрч нарын мэдүүлгээр шийдвэрлэсэн байх тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. С.Төмөрбаатар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна” гэв.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр “Баянгол дүүргийн шүүхэд Ц.Соронзонболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан давхацсан тул А.Соёлмаад холбогдох хэргийн шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг /2-р хх-51/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зарын /2-р хх-53/ хамт Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн, мөн шүүгдэгч А.Соёлмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо өмгөөлөгч С.Төмөрбаатарын хамт шүүх хуралдаа орох хүсэлтээ илэрхийлсэн байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор, өмгөөлөгч заавал оролцох эрхтэй ба ийм хүсэлтээ бичгээр гаргасан бол заавал оролцоно” гэсэн заалтыг зөрчиж, шүүгдэгч А.Соёлмаагийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, А.Соёлмаад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын хэргийн зүйлчлэлийг эс зөвшөөрч гаргасан гомдлын талаар хяналтын шатны шүүх энэ удаад дүгнэлт хийх боломжгүй байна.

Шүүгдэгч А.Соёлмаа нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гардан авсан ба түүнтэй 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан өмгөөлөгч Д.Наранцэцэг 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хугацаа хэтрүүлж Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргажээ. Өмгөөлөгч Д.Наранцэцэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304, 342 дугаар зүйлд заасан “магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах” журмыг зөрчсөн бөгөөд гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй байх тул түүний гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатарын гомдлыг хэлэлцэлгүй орхисугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                     ДАРГАЛАГЧ,

                                                     ШҮҮГЧ                                                            Д.ГАНЗОРИГ

                                                     ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН