Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 82

 

 

2020        01         23                                   2020/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч А.М , Д.Б ,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын  газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангин 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгорынхон овгийн А.М ,  мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар бат овгийн Д.Б  нарт холбогдох эрүүгийн 1811008280686 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт:

1. Хар бат овгийн Д.Б , 1991 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 6 сартайгаас 8 насны 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжны 968 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

2. Хонгорынхон овгийн А.М , 1994 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүүний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2-4 насны 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 15 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.М , Д.Б  нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март “ дэлгүүрт хувилж авсан түлхүүр ашиглан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл хулгайлсан,

Мөн шүүгдэгч А.М  нь “ЭММЭ” ХХК-нд худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 ооны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Шүүгдэгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 9/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-16/,

Мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 18/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-22-23/,

            Хохирогч Д.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Болорцэцэг манай ажилдуулдаг Кореа Март дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Болорцэцэг манай дэлгүүрийн гэр ахуйн тасагт худалдагчаар ажилласан. Сард үндсэн цалин 450.000 төгрөгөөр тохирч Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. 2017 онд Болорцэцэг найз Даариймааг манай хүнсний тасагт худалдагчаар оруулъя гэхээр нь ажилд авч 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Даариймаа нь мөнгө дутаагаад ажлаас халагдсан. Тэрнээс хойш Мөнхсайхан нь манай дэлгүүрийн борлуулалтын ажил хийж байгаад худалдагч болъё гэхээр нь хүнсний тасагт худалдагчаар ажилд оруулсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Манай дэлгүүр сард хоёр удаа тооллого хийдэг. Тэгтэл Мөнхсайханы хариуцан авсан тасгаас хэд хэдэн удаа дутагдал гарсан. Мөнхсайхан нь дутагдлаа хүлээн зөвшөөрч удахгүй өгнө гэж хэлээд өгч байсан. Гэхдээ удаа дараа дутагдал гаргасан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Мөнхсайханыг ажлаас нь халсан. ...Би 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр эмнэлэгт хэвтсэн хойно 2018 оны 3 дугаар сарын 15-ны шөнө манай дэлгүүрт хулгай орсон байсан. Энэ цаг үед худалдагчаар Болорцэцэг, Чимгээ хоёр ажиллаж байсан. Дэлгүүрийн гаднах хаалганы түлхүүр Болорцэцэгт байдаг. Мөн манай нөхөр Магнайжав бид хоёрт нэг нэг түлхүүр байдаг. Тэгтэл Болорцэцэг 3 дугаар сарын 14-ний өдөр ажлаасаа эрт 19 цагийн үед буугаад 3 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирэлгүйгээр танихгүй хүнээр манай дэлгүүрийн түлхүүрийг өгч явуулсан байдаг. Тэр өдөртөө ажилдаа ирээгүй, шөнө дэлгүүр рүү орсон байсан хяналтын камерын бичлэгийг харахад Болорцэцэг Мөнхсайхантай хамт орж ирсэн байдаг бичлэгийг харахад 20 минут дэлгүүр дотор байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-26, 110-111/,

            Гэрч Б.Чимэгээ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...манай ажил дээд, доод давхартаа тасагтай. Барааны тасаг 2 давхарт байдаг. Миний ажиллагдаг хүнсний тасаг нь гаднаа хаалгатай. Болорцэцэгт гаднах хаалганы түлхүүр байдаг байсан. Ажилдаа ирэх үедээ Болорцэцэгийг ирэхийг хүлээж байж байгаад ажил руугаа ордог байсан. ...Намайг анх ажилд орох үед 14 хоногт нэг тоолно гэж хэлж байсан. Тэрний дагуу сард 2 удаа тооллого хийж байсан. Харин Болорцэцэгийн хувьд хамт ажиллаж байх үед бараа ирэх ч юм уу бусад тохиолдолд дутаад байгаа зүйл ажиглагддаг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 37-38/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №195, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар  дүгнэлтүүд /1-р хх 50-53, 144-156/,

            Гэрч Г.Магнайжав нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн бичлэгт Д.Б  нь манай эхнэр Д.Энхцэцэг нь А.М ыг бараа  материал завшсан гэж ажлаас халж цагдаагийн байгууллагаар шалгуулах үед А.М ы ээж нь түүнээс хэдэн ширхэг бараа гаргаж өгөөч, нүүрний маск, вакус 3 боодол зэргийг авч гаргасан талаар хэлсэн. Тухайн барааг нь А.М ы ээж нь Тэсо төв дээр зарж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх 121/,

             Шүүгдэгч А.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Шөнийн цагаар дэлгүүр рүү орох болсон шалтгаан нь удахгүй болох гэж байгаа тооллогын үеэр Д.Б ийн надаас авсан барааны мөнгийг нь олох гэж хурдан зарагддаг бараанаас багахан хэмжээтэй авах байсан юм. Гэвч цаг хугацаа давчуу байсан учраас сарын тооллогын үеэр миний хариуцсан тасгаас материал дутаж байгаа нь тогтоогдсон учир намайг ажлаас халсан юм. Харин хамгийн сүүлд тус дэлгүүрт нэвтрэн орохдоо Д.Б  бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Д.Б ийн хариуцсан гэр ахуйн барааны тасгийн кассаас мөнгө авах гэж орсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/,

            Шүүгдэгч Д.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар  мэдүүлэхдээ: “...Тухайн үед А.М ы барааг тоолоход дутаж байсан болохоор А.М  нь надад манай дэлгүүрт зардаг нүүрний маскийг бусад дэлгүүрээс арай үнэтэй зардаг талаар хэлээд эндээс тэр нүүрний маскийг нь аваад хүмүүст арай үнэтэй зарж мөнгө олоод дараа нь бөөний хямд үнээр нь мөнгийг нь тушааж болох талаар мэдээд орой ажил тараад дэлгүүр хаах үед буцаж орж ирээхээр болсон. Тийм учраас л шөнийн цагаар дэлгүүрт нэвтэрч бараа авсан ба дараагийн удаа ч мөн адил ингэж л бодож орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 172-173/,  

              Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69, 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67, 70/, төлбөр барагдуулах гэрээ /хх 134-135/, сиди нь үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 179-186/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

              Шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нарын гэм бурууг дараах байдлаар тодорхойлов.

              Чингэлтэй дүүргийн прокуророос “Д.Б , А.М  нарыг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож ирүүлжээ.

              Шүүгдэгч Д.Б  нь тухайн “Корео Март” дэлгүүрт хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдагчаар ажилладаг байсан бөгөөд эд зүйл, бараа материалыг албан ёсоор хариуцдаг, түүнд тухайн дэлгүүрийн барааг хадгалах өрөөний түлхүүрийг албан ёсоор дэлгүүрийн эзэд хүлээлгэн өгсөн, өөрөөр хэлбэл тухайн дэлгүүрийн бараа болон эд зүйлийг хариуцан ажилдаг болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг “итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэхэд А.М ыг бүлэглэж оролцсон” гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тэдгээрт Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Д.Б  нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл завших гэмт хэргийг А.М тай бүлэглэн үйлдсэн,

              шүүгдэгч А.М  нь 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Корео Март” дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан Д.Б тэй бүлэглэн итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнээс бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл зэргийг завшсан,

              мөн “ЭММЭ” ХХК-нд худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 ооны 01 дүгээр сарын 4-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 9/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 11-16/, мөнгө, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 18/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-22-23/, хохирогч Д.Энхцэцэгийн “...Мөнхсайханы хариуцан авсан тасгаас хэд хэдэн удаа дутагдал гарсан. Мөнхсайхан нь дутагдлаа хүлээн зөвшөөрч удахгүй өгнө гэж хэлээд өгч байсан. Гэхдээ удаа дараа дутагдал гаргасан болохоор 2018 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр Мөнхсайханыг ажлаас нь халсан...” гэх мэдүүлэг /1-р хх-26, 110-111/, гэрч Б.Чимэгээгийн “...манай ажил дээд, доод давхартаа тасагтай. Барааны тасаг 2 давхарт байдаг. Миний ажиллагдаг хүнсний тасаг нь гаднаа хаалгатай. Болорцэцэгт гаднах хаалганы түлхүүр байдаг байсан. Ажилдаа ирэх үедээ Болорцэцэгийг ирэхийг хүлээж байж байгаад ажил руугаа ордог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 37-38/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №195, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаар  дүгнэлтүүд /1-р хх 50-53, 144-156/, гэрч Г.Магнайжавын “...Тухайн бичлэгт Д.Б  нь манай эхнэр Д.Энхцэцэг нь А.М ыг бараа  материал завшсан гэж ажлаас халж цагдаагийн байгууллагаар шалгуулах үед А.М ы ээж нь түүнээс хэдэн ширхэг бараа гаргаж өгөөч, нүүрний маск, вакус 3 боодол зэргийг авч гаргасан талаар хэлсэн. Тухайн барааг нь А.М ы ээж нь Тэсо төв дээр зарж байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хх 121/, шүүгдэгч А.М ы “...Харин хамгийн сүүлд тус дэлгүүрт нэвтрэн орохдоо Д.Б  бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Д.Б ийн хариуцсан гэр ахуйн барааны тасгийн кассаас мөнгө авах гэж орсон юм...” гэх мэдүүлэг /1-р хх 170-171/, шүүгдэгч Д.Б ийн “...Тийм учраас л шөнийн цагаар дэлгүүрт нэвтэрч бараа авсан ба дараагийн удаа ч мөн адил ингэж л бодож орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 172-173/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

              Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ тэдний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчид учирсан хохирол төлбөрт нийт 14.168.260 төгрөг төлсөн, үлдэх хохирогчийн нэхэмжилсэн хохирлыг төлөхөө илэрхийлснийг дурдав. Мөн Д.Б  нь 6 сартай нярай хүүхэдтэй бөгөөд 3 настай, 8 настай бага насны хүүхдүүдтэй, шүүгдэгч А.М  нь өрх толгойлсон эмэгтэй бөгөөд 8 сартай жирэмсэн, 2-4 насны 2 хүүхдийн хамт амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Хохирогч Д.Энхцэцэг нь “...шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 22.158.895 төгрөг нэхэмжилснээс 14.168.260 төгрөг авсан, одоо үлдэх 7.990.635 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна...” гэх бөгөөд дээрх нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүгдэгч нар нь дээрх хохирлыг хүлээн зөвшөөрч, төлөхөө илэрхийлсэн тул хохирогчийн нэхэмжилсэн 7.990.635 төгрөгийг Д.Б , А.М  нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч Д.Энхцэцэгт олгох нь зүйтэй байна. Дээрх хохирлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-т зааснаар 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэв.

Шүүгдэгч А.М , Д.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах, 1 ширхэг түлхүүрийг устгах зэргийг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокуророос шүүгдэгч Д.Б , А.М  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч Хар бат овгийн Д.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

Хонгорынхон овгийн А.М  нь ганцаараа болон бусадтай бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б , А.М  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч А.М аас 3.012.865 төгрөгийг, шүүгдэгч Д.Б ээс 3.012.865 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Энхцэцэг /РД: ЧЕ66111123/-т олгосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , А.М  нарт 01/нэг/ жилийн хугацаанд хохирол төлбөрийг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

6. Шүүгдэгч Д.Б , А.М  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , А.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН