Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 96

 

2020        01          29                                   2020/ШЦТ/96

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, 

улсын яллагч Ц.Хулан,

  шүүгдэгч Д.О  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шатар овгийн Д.О ад холбогдох эрүүгийн 1911028111310 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шатар овгийн Д.О , 1993 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Сауд Гэт ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, малчны 1-10 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.О  нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Автобаазын ойролцоо 70-54 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 439896 дугаартай жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Гэрч С.Алтан-Эрдэнэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр автобааз /Гахайн байр/-ны орчим албан үүрэг гүйцэтгэх хугацаандаа 70-54 УНХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Д.О  нь Монгол Улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн В, С, Е, М гэсэн ангилалтай, үнэмлэхийн дугаар 439896 жолоочийн үнэмлэхээр шалгуулсан бөгөөд уг үнэмлэхийг нь шалгах багаж ашиглан цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас шүүж үзэхэд Д.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөн жолоочийн үнэмлэхийг хуурамчаар хийж ашиглаж явсан болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх 4/,

            Гэрч Л.Батсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэр замын цагдаа Отгонбатыг хуурамч жолооны үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодож байна гэж хэлээд чиний үнэмлэх яагаад хуурамч байгаа юм бэ гэж асуусан чинь 2018 онд ангилал даруулах хэрэгтэй болоод хүнээр жолооны үнэмлэх гаргуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/,

              Гэрч Н.Хүрлээбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...би өнгөрсөн жилийн 4 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна, нэг залууд жолооны үнэмлэхийг хуурамчаар үйлдэн гаргаж өгсөн. ...Д.О  гэх залуу өөрөө надаас гуйж ирсэн болохоор л би жолоочийн эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж гаргаж өгсөн, юунд ашиглах гэж байгааг нь бол би тухайн үед асууж байгаагүй ээ, хуурамч бичиг баримт үйлдэх нь хууль бус гэдгийг мэдэж байсан...” /хх 9/,

              Гэрч Ж.Энхтайван нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Батсүх нь тус хэлтэст мэдүүлсэн тайлбартаа ...Д.О ыг хуурамч жолоочийн эрхийн үнэмлэх ашиглаж байсныг мэдээгүй байсан гэж мэдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох үндэслэлгүй тул Батсүхэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцоогүй...” гэх мэдүүлэг /хх 11/,

 

              Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20/1675 дугаартай албан бичиг /хх 21/,

              Шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №5221 дугаартай дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн Дашзэвэг овогтой Отгонбатын “№439896” дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Дашзэвэг овогтой Отгонбатын “№439896” дугаартай жолоочийн үнэмлэх гэх зүйл нь хуурамч. Шинжилгээнд ирүүлсэн хуурамч “№439896” дугаартай жолоочийн үнэмлэхийг бүхэлд нь inkjet төрлийн ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий өөр нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх 60-61/,

              Шүүгдэгч Д.О  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн найз Л.Батсүхийн эзэмшлийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Автобус баазын буудлаас ертөнцийн зүгээр дээш өгсөж замын хөдөлгөөнд оролцоод явж байхад замын цагдаагийн алба хаагч саатуулж миний бичиг баримтыг шалгаж үзээд намайг эрхийн үнэмлэхгүй юм байна мөн цагдаад шалгуулсан №439896 дугаартай жолоочийн эрхийн үнэмлэхийг хуурамч байна гэж хэлсэн, тэгээд намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст авчирч өгсөн, би 2018 оны 04 сард №439896 дугаартай “В”, “С”, “Е”, “М” ангилалтай жолоочийн эрхийн үнэмлэхийг фейсбүүк зар дээрээс жолооны үнэмлэх ангилал дарж гаргаж өгнө гэсэн зарын дагуу Хүрлээбаатар гэдэг хүнтэй холбогдож 750.000 төгрөгийг бэлнээр 2 хувааж өгч жолооны үнэмлэх гаргуулсан, би урьд нь жолооны курст огт сууж байгаагүй, энэ жолооны үнэмлэхийг бол хууль бусаар гаргуулсан, тэгэхдээ бүр хуурамч байсан талаар бол огт мэдээгүй, би 2018 оны 04 сард жолооны үнэмлэхээ авчхаад хаяа нэг машин барьж байсан, цагдаад хэд хэдэн удаа шалгуулж байхад надад хуурамч жолооны үнэмлэх байна гэж хэлж байгаагүй болохоор нээх юм бодоогүй...” гэх мэдүүлэг /хх 70-71/,

              Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 27/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 28/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 58/, шүүгдэгч Д.О ын хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 75-78/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

              Шүүгдэгч Д.О  нь 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Автобаазын ойролцоо 70-54 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 439896 дугаартай жолоочийн үнэмлэхийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, гэрч С.Алтан-Эрдэнийн “...Д.О  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөн жолоочийн үнэмлэхийг хуурамчаар хийж ашиглаж явсан болох нь тогтоогдсон...” гэх мэдүүлэг /хх 4/, гэрч Л.Батсүхийн “...2018 онд ангилал даруулах хэрэгтэй болоод хүнээр жолооны үнэмлэх гаргуулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 7-8/, гэрч Н.Хүрлээбаатарын “...Д.О  гэх залуу өөрөө надаас гуйж ирсэн болохоор л би жолоочийн эрхийн үнэмлэхийг хуурамчаар үйлдэж гаргаж өгсөн, юунд ашиглах гэж байгааг нь бол би тухайн үед асууж байгаагүй ээ, хуурамч бичиг баримт үйлдэх нь хууль бус гэдгийг мэдэж байсан...” /хх 9/, гэрч Ж.Энхтайвангийн “...Д.О ыг хуурамч жолоочийн эрхийн үнэмлэх ашиглаж байсныг мэдээгүй байсан гэж мэдүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох үндэслэлгүй тул Батсүхэд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцоогүй...” гэх мэдүүлэг /хх 11/, цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20/1675 дугаартай албан бичиг /хх 21/, шүүхийн шинжээчийн үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №5221 дугаартай дүгнэлт /хх 60-61/, шүүгдэгч Д.О ын “...Хүрлээбаатар гэдэг хүнтэй холбогдож 750.000 төгрөгийг бэлнээр 2 хувааж өгч жолооны үнэмлэх гаргуулсан, би урьд нь жолооны курст огт сууж байгаагүй, энэ жолооны үнэмлэхийг бол хууль бусаар гаргуулсан...” гэх мэдүүлэг /хх 70-71/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.О ыг жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.О ын “В, С, Е, М” ангиллын №439896  дугаартай жолоодох эрхийн хуурамч үнэмлэхийн хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шатар овгийн Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолоодох эрхийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй  болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Д.О ын “В, С, Е, М” ангиллын №439896  дугаартай жолоодох эрхийн хуурамч үнэмлэхийн хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН