Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 105

 

 2020         01          30                                  2020/ШЦТ/105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч С.Энхтуул,

шүүгдэгч Ц.А  /өмгөөлөгчгүй оролцох  хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борнууд овгийн Ц.А т холбогдох эрүүгийн 1911030531321 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Борнууд овгийн Ц.А , 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Экологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, тахилтын 4 дүгээр гудамж /Иргэний үнэмлэхийн хаяг: Орхон, Баян-Өндөр, 4 дүгээр баг, Хүрэнбулаг, 4 дүгээр хороолол, 5 дугаар байр, 20 тоот/ оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.А   нь 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-30а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Даваасүрэнтэй маргалдаж улмаар түүний далны орчим газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь зүүн дал ясны хугарал, гуя, дал, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 9/, эд мөрийн хураан авсан тэмдэглэл /хх 10/,

Хохирогч Ц.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр найз Одбаярын гэрт байж байтал хамт ажилладаг Батбаатар Одбаяртай уулзах гээд орж ирээд хүлээж байхдаа бид хоёр нэг шил архи аваад ууж эхэлж байтал гаднаас Одбаяр эхнэрийн хамт орж ирэхдээ нэг том пиво авч орж ирээд Одбаяр, Батбаатар бид гурав уг архи пивонуудаа хувааж уучхаад Батбаатар хажууханд байх гэр лүгээ орохоор явсан. Би араас нь 22 цагийн орчим Батбаатарын гэр лүү нь ганцаараа орсон чинь Батбаатар, түүний ахын 2 найз нар болох Азбилэг болон нэг танихгүй залуу болон түүний найз гээд нэг эмэгтэй байсан. Батбаатар унтаж байхаар нь сэрээгээд байж байтал танихгүй залуу нэг шил архи гаргаад ирсэн. Уг архийг бид 5 хувааж ууж байгаад би нөгөө архи гаргаж ирсэн хүнд “архиа түрүүн гаргаад ирэхгүй”. Батбаатарыг сэрсний дараа гаргаж ирлээ гээд тоглоом шоглоомоор ярьж байгаад архиа хувааж ууж дуусгасан. Архиндаа согтож ухаангүй болчхоод нэг ухаан орсон чинь би Батбаатарын хашаан дотор Азбилэг болон нөгөө танихгүй залуу нартай маргалдаж байсан. Юунаас болж маргалдсан гэдгээ сайн мэдэхгүй байна. Би нэрийг нь мэдэхгүй залуутай барьцалдаж аваад ноцолдож байсан бөгөөд энэ үед бие биеэ цохиж зодоогүй. Гэтэл Азбилэг гэх залуу нь Батбаатарын гэр лүү нь буцаж ороод дотроос сүх бариад гарч ирээд миний зүүн дал руу, араас нэг удаа цохих үед би хажуугаараа унах үед Азбилэг гартаа барьсан сүхээрээ намайг цохиод байхаар нь би хөлөөрөө хаасан чинь хоёр хөлийн гуя луу цохиод байсан. Дараа нь гараараа хаах гэж оролдоход миний зүүн гарын шуу руу нэг удаа сүхээрээ цохиод үргэлжлүүлэн миний бие болон хөл рүү сүхээрээ нэлээн хэдэн удаа цохиж байгаад намайг гадаа газар хэвтсэн чигээр нь үлдээчхээд Батбаатарын гэрлүү яваад орсон. Би босож чадахгүй газар хэвтэж байтал Азбилэг нь буцаж гарч ирээд намайг “зайлаач муу гичий минь” гэхээр нь би “за за одоо явлаа” гээд босож арай гэж явсаар Одбаярын гэрт ороход Одбаяр, түүний эхнэр болон бага насны 3 хүүхдийн хамт унтаж байгаад сэрсэн. Тэгээд би тэндээ босож чадахгүй 2 хоног хэвтэж гайгүй болчих болов уу гэсэн чинь зүгээр болохгүй болохоор нь өөрийнхөө ээжид утсаар хэлээд хамтдаа гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 8-9/,

Гэрч Г.Бямбанаран нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Миний мэдэхээр Даваасүрэн над руу архиа гаргасангүй гэж үгээр өдөөд байх үед Азбилэг намайг өмөөрч түүнтэй маргалдаж муудалцаж байгаад улмаар хамтдаа гарсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

Гэрч Ш.Эрдэнэцогт нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Азбилэг Даваасүрэн нар хоорондоо маргалдаж зодож цохиж байсныг бол сайн санаад байна...” гэх мэдүүлэг /хх 30/,

Гэрч Ш.Батбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Даваасүрэн Азбилэг нар хоорондоо маргалдаж байгаад Даваасүрэнг зодож гэмтээсэн гэж өөрсдөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

Гэрч Н.Одбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Даваасүрэн нь манайд 11 дүгээр сараас хойш амьдарч байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 20-ны 21-22 цагийн орчимд Даваасүрэн манайхаас гарч Батбаатарын гэрлүү орчхоод ирье гээд гараад явсан. Тухайн үед би эхнэр хүүхдийн хамт гэртээ унтаад үлдсэн. Шөнө 03 цагийн орчим Даваасүрэн нэлээн согтуу орж ирээд “зүүн гараа даахгүй байна” гээд байхаар нь яасан талаар асуухад “Батбаатарын гэрт архи ууж байгаад Азаа гэх залуутай маргалдаж байгаад мөр рүүгээ сүхээр цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14132 дугаар дүгнэлтэд: “...Ц.Даваасүрэнгийн биед зүүн дал ясны хугарал, гуя, дал, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 30/,

Шүүгдэгч Ц.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр тахилт 4-30а тоотод байх найз Батбаатарын гэрт түүний хамт байж байтал гаднаас Даваасүрэн гэх залуу нэлээн согтуу ороод ирсэн. Энэ үед Батбаатар согтуу унтаж байсан юм. Бид 3 хамт байж байтал гаднаас Бямбанаран ах эхнэрийнхээ хамтаар орж ирээд Эрдэнэцогтыг асуугаад байсан. Удалгүй Батбаатарыг Даваасүрэн сэрээгээд байж байтал Бямбанаран ах нэг шил архи гаргаж ирээд хувааж ууж байтал Даваасүрэн архиа харамлалаа гэх шалтгаанаар Бямбанаран ах руу дайраад байхаар нь би Бямбанаранг өмөөрч Даваасүрэнтэй жаахан маргалдаж байгаад больсон. Батбаатар архи ууж чадахгүй байна гээд буцаад унтахаар хэвтсэн. Ингээд байж байтал гаднаас Эрдэнэцогт Төрөө гэх найзынхаа хамт орж ирээд гэрт согтуу олон хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна гээд дургүйцээд байсан. Тэгээд тамхи авахаар Төрөөгийн хамт буцаад гараад явсан. Төрөө Эрдэнэцогт нар тамхи авахаар гараад явсан хойгуур Даваасүрэн бид 2 дахин маргалдаж байгаад би түүнийг гадаа гараад учраа олъё гээд хамтдаа гэрээс гарсан. Гадаа гарч ирээд би түүнийг гараараа цохих гэтэл надаас бултаад намайг тэвэрч аваад газар унагахаар нь уур хүрээд босож ирээд гэрийн хажууд байсан модон иштэй сүхийг аваад Даваасүрэнг айлгаж явуулах гээд хөөсөн чинь хөгшин банди минь гэх мэтээр доромжлоод байхаар нь гартаа байсан сүхний арын хэсгээр нь түүний зүүн далны орчим нэг удаа цохисон чинь газар унаад эргэж босож ирээд миний хөлөөс зуурах гээд оролдоод байхаар нь түүний бөгсөн бие рүү дахин нэг удаа сүхний мөрөөр цохисон. Сүхний толгой нь сугараад унахаар нь сүхний модон ишээр түүний хөл орчим нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 44-45/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 47/, , хохирогч Ц.Даваасүрэнгийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 13/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.А   нь 2019 оны 11 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилт 4-30а тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Даваасүрэнтэй маргалдаж улмаар түүний далны орчим газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь зүүн дал ясны хугарал, гуя, дал, шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 9/, эд мөрийн хураан авсан тэмдэглэл /хх 10/, хохирогч Ц.Даваасүрэнгийн “...Азбилэг гартаа барьсан сүхээрээ намайг цохиод байхаар нь би хөлөөрөө хаасан чинь хоёр хөлийн гуя луу цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх 8-9/, гэрч Г.Бямбанарангийн “...Миний мэдэхээр Даваасүрэн над руу архиа гаргасангүй гэж үгээр өдөөд байх үед Азбилэг намайг өмөөрч түүнтэй маргалдаж муудалцаж байгаад улмаар хамтдаа гарсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/, гэрч Ш.Эрдэнэцогтын “...Азбилэг Даваасүрэн нар хоорондоо маргалдаж зодож цохиж байсныг бол сайн санаад байна...” гэх мэдүүлэг /хх 30/, гэрч Ш.Батбаатарын “...Даваасүрэн Азбилэг нар хоорондоо маргалдаж байгаад Даваасүрэнг зодож гэмтээсэн гэж өөрсдөө надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32/, гэрч Н.Одбаярын “...“Батбаатарын гэрт архи ууж байгаад Азаа гэх залуутай маргалдаж байгаад мөр рүүгээ сүхээр цохиулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 25-26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14132 дугаар дүгнэлт /хх 30/, шүүгдэгч Ц.А ийн “...Даваасүрэнг айлгаж явуулах гээд хөөсөн чинь хөгшин банди минь гэх мэтээр доромжлоод байхаар нь гартаа байсан сүхний арын хэсгээр нь түүний зүүн далны орчим нэг удаа цохисон чинь газар унаад эргэж босож ирээд миний хөлөөс зуурах гээд оролдоод байхаар нь түүний бөгсөн бие рүү дахин нэг удаа сүхний мөрөөр цохисон. Сүхний толгой нь сугараад унахаар нь сүхний модон ишээр түүний хөл орчим нь 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 44-45/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.А ийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Хохирогч Ц.Даваасүрэн нь эмчилгээний зардалд баримтаар 85.400 төгрөгийг нэхэмжилж байх тул шүүгдэгч Ц.А ээс гаргуулан олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58 см урт модон иштэй, 14*10 см хэмжээтэй зэвэрсэн төмөр ажлын хэсэгтэй, ишний дээд 3/1 хэсэгт хаймраар боож дээгүүр нь төмөр утсаар даруулан боосон 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Борнууд овгийн Ц.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А т 360 /гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ээс 85.400 төгрөгийг гаргуулж хохирогч Цогтсайханы Даваасүрэн /рд: ДК86121517/-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 58 см урт модон иштэй, 14*10 см хэмжээтэй зэвэрсэн төмөр ажлын хэсэгтэй, ишний дээд 3/1 хэсэгт хаймраар боож дээгүүр нь төмөр утсаар даруулан боосон 1 ширхэг сүхний шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ХАЛИУН