Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 106

 

2020        01          31                                   2020/ШЦТ/106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч А.Нямсүрэн,

  шүүгдэгч Б.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Б.Э өд холбогдох эрүүгийн 1911032260030 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Э , 1978 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэшсэн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо сургуулийн 25-140-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-140-8 тоот, гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч П.Цэцэгмаатай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Хохирогч П.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Эрдэнэтөгс нь архи уугаад явчихсан болохоор нь би уурлаад залгахад миний дугаарыг танихгүй битгий залга гэх мэтээр яриад 19 цагийн үед таксины 7000 төгрөг бэлдээд байж бай гээд залгахаар нь би мөнгө байхгүй олж өгч чадахгүй гээд уурласан юм. Тэгээд Эрдэнэтөгс өөрөө аргалаад гэртээ ирсэн бөгөөд согтуу ирчхээд дахиад гарч явах гээд найзуудтайгаа утсаар яриад байсан ба утасны цэнэг нь дуусаад унтрахаар нь би ашгүй дээ гээд хэлчихсэн чинь гэнэт уурлаад зурагт руугаа утсаа шидчихээд орон дээр байсан утсыг аваад хүнтэй ярих гэхээр нь би утсаа авах гээд Эрдэнэтөгс дээр очиход Эрдэнэтөгстэй зууралдаад бид 2 гэрийн хаалгаар гадагшаа унасан бөгөөд Эрдэнэтөгс босож ирээд хөлөөрөө миний нүүр орчимд нэг удаа өшиглөөд Эрдэнэтөгс нь миний дээр унасан байхдаа миний утсаар миний нүүрний баруун шанаа орчимд нэг удаа цохиод авсан ингээд босоод гэртээ ороход Нансалмаа эгч орж ирсэн бөгөөд Нансалмаа эгчийг орж ирэхэд нь миний үснээс зулгаасан юм ингээд миний нүүрийг гэрэлд харсныхаа дараа гараад яваад өгсөн юм. 2016 оноос эхлэн Б.Э тэй хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэд байхгүй юм. Тухайн үед Эрдэнэтөгс нь согтуу байсан бөгөөд би согтуу байхад нь хүнтэй утсаар ярьж байхаар нь ашгүй дээ гэж хэлснээс болоод Б.Э  уурлах болсон юм. Ингээд уурласандаа гар утсаа зурагт руугаа шидсэн ба дахиад утсаар ярих гээд миний утсыг авах үед нь би утсаа авах гээд л бид 2 хаалгаар гадагшаа унах үед намайг цохиод энэ явдал болсон юм. Миний биед учирсан баруун шанаа, зовхи, дух, хамрын нуруу, доод уруулын гэмтлийг миний биед гар утсаар цохиж болон миний нүүр рүү нэг удаа өшиглөж учруулсан гэмтэл бөгөөд харин бусад шуу, баруун зүүн бугалганы цус хуралт, шилбэний зулгаралт гэмтлүүд нь Эрдэнэтөгстэй хамт зууралдаад хаалгаар үүдний хэсэгт унах үед үүссэн гэмтэл юм...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Н.Нансалмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би П.Цэцэгмаатай худ ургийн харилцаатай юм. 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хүү Сүхбатын хүүхдийг харахаар Улаанбаатар хотод ирсэн юм. Манай хүү Сүхбатын хашаанд хадам ээж нь болох П.Цэцэгмаа нь нөхөр Эрдэнэтөгсийн хамт гэр барин амьдардаг юм. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хүүгийнхээ гэрт ачаа хараад 22 цагаас гардаг олон ангит Гүнжийн домог нэртэй киног үзээд сууж байтал хашаанд юм шидээд байгаа юм шиг эсвэл хүн орилох шиг чимээ гарсан юм. Учир нь манай худ Цэцэгмаа нь надад манай нөхөр Төгсөө архи уух гээд гарлаа гэж хэлсэн байсан болохоор би өөрөө эмэгтэй хүн болохоор орой ирээд янз бүр болж магад гээд сэрэмжтэй байсан юм. Ингээд би гэрээсээ гараад хартал хэн ч байхгүй байсан ба би Цэцэгмаагийн гэрт ороход Цэцэгмаагийн үс нь сэгсийсэн, нүүр нь шалбарч, улайж чинэрсэн байсан ба нөхөр болох Эрдэнэтөгс нь Цэцэгмааг чам шиг юмыг алчихсан ч яадаг юм гэж хэлээд үснээс нь зулгаагаад газарт түлхэж унагасан юм тэгээд намайг зайл гэж хэлсэн, удалгүй Эрдэнэтөгс гараад явчихсан юм. Нөхөр болох Эрдэнэтөгс нь согтуу байсан юм...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №375 дугаар дүгнэлтэд: “ ..П.Цэцэгмаагийн биед баруун шанаа, зовхи, шуу, баруун, зүүн бугалганы цус хуралт, дух, хамрын нуруу, доод уруул, шилбэний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 20- 27/,

Шинжээч эмч Ж.Ганцэнгэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...П.Цэцэгмаагийн биед баруун шанаа, зовхи, шуу, баруун, зүүн бугалганы цус хуралт, дух, хамрын нуруу, доод уруул, шилбэний арьсны зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 22/,

Шүүгдэгч Б.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би П.Цэцэгмаагийн биед тохиолдлоор анх удаа эдгээр гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дахиад ийм зүйл болохгүй...” гэх мэдүүлэг /хх 28/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны  өдрийн 28 дугаар  тогтоол /хх 98/, шүүгдэгч Б.Э ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 57/, хохирогч П.Цэцэгмаагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 56/, шүүгдэгчБ.Э ийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх 47-53/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25-140-8 тоот, гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч П.Цэцэгмаатай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирогч П.Цэцэгмаагийн  “...Эрдэнэтөгс нь миний дээр унасан байхдаа миний утсаар миний нүүрний баруун шанаа орчимд нэг удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 11-12/, гэрч Н.Нансалмаагийн “...Эрдэнэтөгс нь Цэцэгмааг чам шиг юмыг алчихсан ч яадаг юм гэж хэлээд үснээс нь зулгаагаад газарт түлхэж унагасан юм тэгээд намайг зайл гэж хэлсэн, удалгүй Эрдэнэтөгс гараад явчихсан юм. Нөхөр болох Эрдэнэтөгс нь согтуу байсан юм...” гэх мэдүүлэг /хх 15-16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №375 дугаар дүгнэлт /хх 20- 27/, шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн “...П.Цэцэгмаагийн биед баруун шанаа, зовхи, шуу, баруун, зүүн бугалганы цус хуралт, дух, хамрын нуруу, доод уруул, шилбэний арьсны зулгаралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх 22/, шүүгдэгч Б.Э ийн “...Би П.Цэцэгмаагийн биед тохиолдлоор анх удаа эдгээр гэмтлүүдийг учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд дахиад ийм зүйл болохгүй...” гэх мэдүүлэг /хх 28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч П.Цэцэгмаа нь “...надад гомдол, санал, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э өд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э өд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ХАЛИУН