Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 115

 

2020        02          03                                   2020/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

  шүүгдэгч С.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Онолт овгийн С.Б д холбогдох эрүүгийн 2011001830061 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Онолт овгийн С.Б , 1988 оны 06 дугаар 28-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10-р багийн 5 дугаар хороолол 3 дугаар байрны 138 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю мүүн” цамхгийн 8 давхарт байрлах зочид буудлын 801 тоот өрөөнд З.Хандмаатай маргалдан түлхэж унаган “тархи доргилт, баруун даланд зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хохирогч Н.Энхтайванг “чи болиочээ яаж байгаа юм бэ” гэж өөрт нь хандаж хэлснээс болж түүн рүү архины шилний хагархай шидэж “уруулд оёдол тавигдсан шарх, духанд шалбаралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулж энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Хохирогч Н.Энхтайван нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тус буудалд байсан нэг залуу нь манай найз Хандаатай их ширүүн харьцаж байснаа Хандаагийн үснээс зулгааж байгаад толгойгоор нь газар шал мөргүүлсэн тэгэхээр нь би босоод хүүе ээ чи одоо яаж байгаа юм бэ болиочээ гэсэн чинь чи дуугүй бай гэж хэлээд ширээн дээрээс архины шил авч хагалж байгаад над руу чиглүүлээд шидсэн тэгээд нөгөө хагархай шил миний уруул хэсэг рүү ирж уруул сэтлээд маш их цус гарсан тул манай найз охидууд цагдаа болон эмнэлэг дуудаж өгсөн юм. удалгүй цагдаа ирээд миний уруулыг шилээр сэтэлсэн залууг аваад эрүүлжүүлэх газар руу аваад явсан би 2 найз охины хамтаар гэмлтийн эмнэлэг дээр очиж урууландаа оёдол тавиулчихаад ирж байна. ...Баярмагнай гэх залуу над руу шилний хагархайг шидэж уруулд шарх гэмтлийг надад учруулсан. ...Надаа ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Надаас уучлалт гуйн надад учирсан хохирол болох 2 сая төгрөгийг өгсөн өөр нэхэмжпэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 8-9,11/,

Хохирогч З.Хандмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Үүрийн 04-05 цагийн орчим явъя гээд босох үед Баярмагнай дагаж босч ирээд миний толгойны араас хүчтэй түлхсэн би тэр түлхэлтийн хүчээр толгойгоороо шал мөргөж баруун талаараа унасан тэгсэн манай найз Энхтайван хүүе юу болж байнаа гээд босоод иртэл Баярмагнай архины шил ширээнд цохиж хагалаад Энхтайван луу шидээд түүний уруулыг зүссэн тэгээд бид нар цагдаа дуудаж Баярмагнайг өгч явуулаад Энхтайван, Тунгалаг нарын хамт гэмтлийн эмнэлэг орсон...Баярмагнай миний толгой руу хүчтэй түлхэж энэ эрчинд нь би толгойгоороо шал мөргөж унасан мөн унахдаа баруун далаараа унасан бөгөөд баруун далан дээрээ зулгалсан...дээрх гэмтлийг Баярмагнай надад учруулсан...надад ямар нэг гомдол санал байхгүй. Би эмнэлэгт үзүүлээд 120,000 төгрөгийн зардал гарсан .Тэрийгээ авч байгаа өөр нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Ч.Энхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...зочид буудалд хүрээд очиход тэнд 4 эмэгтэй , Баярмагнай, Эрдэнэжав нар архи ууцгаагаад сууж байсан тэгээд нэлээн сууж байгаад шөнийн 02-03 цагийн үед Тайвнаа /Энхтайван/, Гантуяа нар юунаас болсныг мэдэхгүй маргаж эхэлсэн тэгсэн Хандмаа нь тухайн хэрүүлд оролцож Энхтайван Хандмаа хоёр нь Гантуяа гэх хүүхэн лүү амаар дайрч барилцан үс гэзэгнээсээ зулгаалцсан нэлээн юм болсон энэ хугацаанд хэрүүл нь намжаад дахин эхлээд байсан тэгээд сүүлдээ хэрүүл нь арай гайгүй болж босч суунгаа хэрүүлийн чанартай үгнүүд нэг нэгэндээ хэлээд байх үед Баярмагнай болиоч гэж хэлээд тэнд байсан архины шилийг авч ширээн дээр цохиж хагалаад хажууд байсан Хандмаа гэх хүүхнийг түлхэж унагаан, гарт байсан шилээ өөдөөс нь харж байсан Энхтайван гэх хүүхэн лүү шидчихсэн тэгсэн нөгөө шил нь Энхтайван гэх хүүхний уруул дээр онож түүний уруулаас цус гарч эхэлсэн бөгөөд тэнд байсан хүмүүсийн нэг нь цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирж тэнд байсан хүмүүсийг авч явсан өөр болсон зүйлгүй. ...Намайг нэг харахад Хандмаа шалан дээр дээшээ хараад уначихсан толгойгоо бариад Баярмагнай түлхээд унагачихлаа гэж хэлээд хэвтэж байсан...харин Энхтайваны уруул нь Баярмагнайгийн шидсэн шилэнд зүсэгдэж цус гарч байсан өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /хх 25/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1389 дугаартай дүгнэлтэд: “...Н.Энхтайваны биед уруулд оёдол тавигдсан шарх, духанд шалбаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 31-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1390 дугаартай дүгнэлтэд: “...З.Хандмаагийн биед тархи доргилт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх 34-35/,

Шүүгдэгч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 сарын 09-ний орой 10 жилд цуг сурч байсан найз нартайгаа Чингэлтэй дүүрэгт байрлах зочид буудалд уулзан архи, пиво зэрэг согтууруулах ундаа ууцгааж байхад тэнд байсан Хандмаа, Энхтайван хоёр Гантуяатай хэрүүл маргаан хийгээд болихгүй байхаар нь салгах санаатай  больцгоо гэж хэлэн  Хандмааг түлхтэл тэр газар уначихсан тэр үед ширээний хажууд архины шил харагдахаар нь авч ширээн дээр цохиж хагалаад баруун гарт үлдсэн хэсгийг нь шидтэл Энхтайваныг очоод оночихсон энэ үед түүний уруулаас цус гарч байгаа харагдсан бөгөөд тэнд байсан хүмүүсийн нэг нь цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 56/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 55, 57/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны  өдрийн 20 дугаар  тогтоол /хх 98/, шүүгдэгч С.Б гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 57/, хохирогч Н.Энхтайван, З.Хандмаа нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 64-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Блю мүүн” цамхгийн 8 давхарт байрлах зочид буудлын 801 тоот өрөөнд З.Хандмаатай маргалдан түлхэж унаган “тархи доргилт, баруун даланд зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, улмаар хохирогч Н.Энхтайванг “чи болиочээ яаж байгаа юм бэ” гэж өөрт нь хандаж хэлснээс болж түүн рүү архины шилний хагархай шидэж “уруулд оёдол тавигдсан шарх, духанд шалбаралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулж энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч Н.Энхтайвангийн “...Надаа ямар нэгэн гомдол санал байхгүй. ...Надаас уучлалт гуйн надад учирсан хохирол болох 2 сая төгрөгийг өгсөн өөр нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 8-9,11/, хохирогч З.Хандмаагийн “...Баярмагнай миний толгой руу хүчтэй түлхэж энэ эрчинд нь би толгойгоороо шал мөргөж унасан мөн унахдаа баруун далаараа унасан бөгөөд баруун далан дээрээ зулгалсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч Ч.Энхбаярын “...Намайг нэг харахад Хандмаа шалан дээр дээшээ хараад уначихсан толгойгоо бариад Баярмагнай түлхээд унагачихлаа гэж хэлээд хэвтэж байсан...харин Энхтайвангийн уруул нь Баярмагнайгийн шидсэн шилэнд зүсэгдэж цус гарч байсан өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг /хх 25/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1389 дугаартай дүгнэлт /хх 31-32/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №1390 дугаартай дүгнэлт /хх 34-35/, шүүгдэгч С.Б гийн “...Хандмааг түлхтэл тэр газар уначихсан тэр үед ширээний хажууд архины шил харагдахаар нь авч ширээн дээр цохиж хагалаад баруун гарт үлдсэн хэсгийг нь шидтэл Энхтайванг очоод оночихсон энэ үед түүний уруулаас цус гарч байгаа харагдсан бөгөөд тэнд байсан хүмүүсийн нэг нь цагдаа дуудаж удалгүй цагдаа нар ирж намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хх 45-46/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч З.Хандмаа, Н.Энхтайван нар нь “...надад гомдол, санал, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч С.Б  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч С.Б г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч С.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онолт овгийн С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч С.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН