Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 118

 

2020        02          04                                   2020/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

  шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Д.Б  д холбогдох эрүүгийн 2011000830073 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.Б  , 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээний ажил эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27-32 тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 1 сар 1 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.Б   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28-290а тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын гэрт түүнтэй маргаж, улмаар Д.Баяртогтохыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Б   нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг түр хураан авсан тэмдэглэл /хх 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14/,

Хохирогч Д.Баяртогтох нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд би гэртээ Батсайхан, Цэрэнбанди нарын хамтаар нэг шил архи хувааж уугаад он гарах үед оргилуун дарс задлаад Цэрэнбанди гэр рүүгээ явлаа гээд явсан. Батсайхан бид 2 амарчхаад 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө босоод би галаа түлчхээд байж байтал Батсайхан сэрээд цайгаа уучхаад Цэрэнбанди хаана байгаа юм бол гээд залгатал усаа авч байна гэж хэлсэн ба усаа гэртээ оруулчхаад танайд яваад очъё гэж хэлсэн. Тэгээд миний төрсөн өдрөөр авсан байсан архинаас 2 шил архи үлдсэн байсан бөгөөд Цэрэнбандийг гэрт орж ирсний дараа бид нар архиа задлаад хуваагаад уусан. Би эхний шил архи дуусаад унтаад өгсөн ба хэсэг унтаж байгаад сэрээд бие засаад эргэж орж ирээд галаа түлж байтал Батсайхан, Цэрэнбанди 2 дараагийн архиа уугаад бараг дуусаж байсан. Би зуухны хажууд сууж байтал Батсайхан намайг “юундаа муухай хараад байгаа юм” гэж хэлсэн бөгөөд “би чам руу юу гэж муухай хардаг юм, галаа түлэх гэж байна” гэж хэлсэн. Тэгтэл Батсайхан над руу дайраад байсан бөгөөд Цэрэнбанди салгаад голоор яваад байсан ба би унтаж байсан орон дээрээ ороод хэвтэх гэтэл Батсайхан ардаас татаад автал Цэрэнбанди гүйгээд гараад явж байсан. Намайг ардаас татаад миний дал хэсэгт 1 удаа хутгалаад би Батсайханд хандаад чи намайг дүрчихлээ гэж хэлтэл над руу дайраад миний зүүн мөр булчин хэсэгт 1 удаа, зүүн хонго хэсэгт 1 удаа хутгалсан. Цэрэнбанди цонхоор хараад байсан ба цагдаагийн хамтаар орж ирсэн. Орж ирээд Батсайханыг авч яваад надад түргэн дуудаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч А.Цэрэнбанди нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө 10 цагийн үед намайг гэртээ байтал Баяртогтох ах өөрийн 99777783 дугаараас залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь Чингэлтэй дүүргийн сурагчийн 28-290а тоотод иртэл Баяртогтох, Батсайхан хоёр байсан. Тэгээд нэг шил Монголстандарт гэх нэртэй 0.5 л савлагаатай архи юм ярингаа ууж дуустал. Өдөр 15 цагийн үед Батсайхан дахиад нэг шил Монголстандарт гэх нэртэй 0.75л савлагаатай архи гаргаж ирээд хувааж уусан. Баяртогтох жоохон унтаж байгаад 17 цагийн үед сэрээд байшингаас бие засаад орж ирээд зууханд түлш хийж байтал Батсайхан Баяртогтохыг “чи яагаад над руу муухай хараад байгаан” гээд уурлаад байсан Баяртогтох “би чам руу муухай хараагүй гэтэл” Батсайхан “чи яагаад муухай хараад томроод байгаан” гээд маргалдаад байсан. Батсайхан эхлээд Баяртогтохын нүүр лүү нь нэг удаа цохиод автал Баяртогтох “чи яагаад намайг дээрэлхээд байгаа юм чи зайл гэрлүүгээ яв” гэтэл Батсайхан “чи намайг хөөдөг хэн бэ, хүүхэн шиг зан гаргаад байгаарай” гээд ширээн дээр байсан заазуур аваад босоод ирэхээр нь би заазуурыг аваад нуучихсан юм. Батсайхан цаашаа эргээд шар иштэй жижиг хутга аваад том өрөөнд ороод ирсэн тэгээд Баяртогтох руу би чамайг одоо ална, харин чи одоо эндээс гар” гээд над руу хутгаараа заасан тэгэхээр нь би айгаад байшингаас гараад цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 21-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1113 дугаарт дүгнэлтэд: “...Д.Баяртогтохын биед цээжний урд өвчүүний хэсэгт, зүүн тохой, баруун дал, баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 28-29/,

Шүүгдэгч Д.Б   нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12-р сарын 31-ний өдөр манай найз Баяртогтохын төрсөн өдөр болоод зүс таних дүү Цэрэнбанди бид 3 дэлгүүр ороод 3 шил архи аваад оргилуун дарс, мөн идэх зүйлс аваад Баяртогтохын гэрт нь орсон. Гэрт нь ороод нэг шил архийг, оргилуун дарсны хамтаар бид 3 хувааж уучхаад Цэрэнбанди гэр рүүгээ яваад бид 2 унтаж амарсан. Өглөө Баяртогтох Цэрэнбанди руу залгаад хаана байгаа талаар асуухад ус авч байна гэж хэлсэн гэсэн бөгөөд бууз жигнэчхээд байж байтал гаднаас Цэрэнбанди ороод ирсэн. Бид 3 хоолоо идчихээд үлдсэн 2 шил архины нэгийг гаргаж ирээд уусан бөгөөд дараагийн шил архийг тал хүртэл нь уучхаад Баяртогтох унтаад өгсөн. Цэрэнбанди бид 2 үлдсэн архийг ууж байтал Баяртогтох босоод бие засаад галдаа нүүрс хийчхээд байж байхад би Баяртогтохыг яагаад муухай хараад байна гэж хэлэхэд Баяртогтох муухай хараагүй шүү дээ манайхаас зайл цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэр үед нь би яасан гэж цагдаа дуудаж байгаа юм гэж уурлаад гал тогооноос жижиг хутга аваад айлгах гээд куртикнээс нь татаад нуруу руу хий дүрэх шиг болтол дал хэсэгт нь дүрсэн юм. Тэгээд хутгаа булаацалдаж байгаад зүүн гарын булчинг нь зүссэн мөн хонго хэсэгт нь нэг удаа хутгалсан. Удалгүй гаднаас цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх 36-37/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 45/, шүүгдэгч Д.Б  д холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 41-42/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол /хх 70/, шүүгдэгч Д.Б  ы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 67/, хохирогч Д.Баяртогтохын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 68/, хохирогч Д.Баяртогтохын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 60, 63/, шүүгдэгч Д.Б  ы ажлын газрын тодорхойлолт /хх 62/, хохирогч Д.Баяртогтоход хохирлын мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх 64-65/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Б   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28-290а тоотод оршин суух иргэн Д.Баяртогтохын гэрт түүнтэй маргаж, улмаар Д.Баяртогтохыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-10/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хутгыг түр хураан авсан тэмдэглэл /хх 11/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 14/, хохирогч Д.Баяртогтохын “...Батсайхан над руу дайраад байсан бөгөөд Цэрэнбанди салгаад голоор яваад байсан ба би унтаж байсан орон дээрээ ороод хэвтэх гэтэл Батсайхан ардаас татаад автал Цэрэнбанди гүйгээд гараад явж байсан. Намайг ардаас татаад миний дал хэсэгт 1 удаа хутгалаад би Батсайханд хандаад чи намайг дүрчихлээ гэж хэлтэл над руу дайраад миний зүүн мөр булчин хэсэгт 1 удаа, зүүн хонго хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч А.Цэрэнбандийн “...Батсайхан цаашаа эргээд шар иштэй жижиг хутга аваад том өрөөнд ороод ирсэн тэгээд Баяртогтох руу би чамайг одоо ална, харин чи одоо эндээс гар” гээд над руу хутгаараа заасан тэгэхээр нь би айгаад байшингаас гараад цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх 21-22/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №1113 дугаарт дүгнэлт /хх 28-29/, шүүгдэгч Д.Б  ы “...Тэр үед нь би яасан гэж цагдаа дуудаж байгаа юм гэж уурлаад гал тогооноос жижиг хутга аваад айлгах гээд куртикнээс нь татаад нуруу руу хий дүрэх шиг болтол дал хэсэгт нь дүрсэн юм. Тэгээд хутгаа булаацалдаж байгаад зүүн гарын булчинг нь зүссэн мөн хонго хэсэгт нь нэг удаа хутгалсан. Удалгүй гаднаас цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх 36-37/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Д.Баяртогтох нь “...хохирол барагдуулсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Д.Б   нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Б  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисс-т даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б  д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б   нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Б   нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б  д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН