Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00894

 

Б.Лгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

          2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Л

          Хариуцагч: Н.Ж, Г.Б, П.Ц, “И” ХХК нарт холбогдох

          34.319.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Н.Ж болон хариуцагч П.Цын төлөөлөгч Н.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ц.Д, П.Цын төлөөлөгч Н.А нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-01-19-ний өдөр Г.Б, Н.Ж нарт 15 Хятад иргэний паспорт визний мөнгийг авчирч өгсөн. Г.Б “...хөдөлмөрийн виз гаргах гэсэн юм гэсэн та хятад иргэд олж өгөөч...” гэсэн. Тэр үед манайд Хятад иргэд визний хугацаа сунгуулах хэрэгтэй байна гэж байсан. Би үүнийг Г.Бд хэлсэн. Г.Б манайх Бундбэйс ХХК дээр хөдөлмөрийн виз гаргасан та мөнгийг нь авчих гэсэн. Хятад ажилтан ажиллуулдаг н.Баатар гэх хүнээс мөнгө авч өгсөн. Эхний удаа 1.600.000 төгрөг өгсөн. 2015.01.18-нд Улаанбаатарт ирээд Г.Б, Н.Ж нар 2 хүүхэдтэйгээ намайг тосч аваад буудалд хүргэж өгсөн. Бүх бичиг баримтаа гаргаж өгөөд мөнгөө өгчих гэсэн. Хаан банкнаас аваад Н.Жгийн эмээгийнд 23.500.000 төгрөг тоолж өгсөн, тэгээд сар болсон. Би сарын дараа залгаад мөнгөө буцааж өг гэсэн. Бундбэйс гэдэг компаний бичиг баримт гаргаж өгсөн. Энэ компани дээр гаргаж өгөх гэж байгаа гэсэн. Нилээд хэд хоногийн дараа “И” ХХК дээр гаргахаар болсон гэж хэлсэн. П.Цын таньдаг хүнд өгсөн байгаа гэсэн. Би хүнд худлаа яриад тэр хүнээс нь очиж гадаад иргэдийн паспортыг авсан. Тэр хүн наад хүмүүс чинь худлаа хэлж байна даа гэдгийг хэлсэн. Намайг мөнгөө яасан бэ гэхээр н.Рэнцэнханд гэх хүнд өгсөн байгаа нөхөр нь хөдөлмөрийн яаманд ажилладаг асуудалгүй гэсэн. Би н.Рэнцэнхандын гэрт нь очиж гуйсан тэр үед хятад иргэд хугацаа хэтрэлтийн торгуульд орсон байсан. Сүүлдээ Н.Ж надад хамаагүй танихгүй гэдэг. 2015.03.27-нд н.Рэнцэнханд нөхөр н.Эрхэмбаяраар хөөцөлдөж байж гаргуулж өгсөн. Нөхөр маань хүний барьцаанд үүнээс болж 3 сар хоригдож байсан. Хятад иргэдийг мөнгөөр гаргадаг виз биш байсан. 10 хоногийн дараа н.Рэнцэнханд бичиг хийж өгсөн. 2015.05.12-нд бичиг хийлгүүлж авсан. Буцааж авсан 8 сая төгрөг хаанаа ч хүрээгүй эхний ээлжинд 1-2 хятад иргэнийг гаргаж байсан. Үлдэгдэл мөнгийг жолооч хийдэг н.Батмэнд гэдэг хүнээс 10 хувийн хүүтэй 14сая төгрөгийг 2 хувааж зээлж авсан. Энэ мөнгийг бүгдийг төлсөн. Миний 3 хүүхэд хятад руу явж чадахаа больсон. Өөрийнхөө гараар н.Батмэндийг дагуулж яваад бүх мөнгийг тушаасан. 3 хүний орж гарах визний 576.000 төгрөг Гашуунсухайтад тушаасан, буудлын мөнгө, н.Батмэндээс авсан мөнгө, нийт 34.319.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагч Н.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Анх Б.Л  “хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгөх шийдвэртэй хүн байна уу. Компани байна уу олж өгч туслаач...” гэж гуйсан тул би “Индралхур арвин” ХХК-ийн захирал П.Цд, мөн нягтлан н.Рэнцэнхандтай холбож өгсөн. Хэрвээ намайг Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгдөг хүмүүстэй зуучилж өгвөл 1 хүний 1000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 төгрөг, нийт 13 хүн 4 550 000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцсон. Миний бие энэхүү тохиролцсон ёсоор хүлээсэн үүргээ биелүүлж “И” ХХК-ийн нягтлан бодогч н.Рэнцэнханд эгчийг Б.Лтэй холбож танилцуулж өгсөн. Ингээд энэ хоёр хүнийг танилцуулж бид гурав сар гаран энэ ажлыг нь хөөцөлдөж явсны эцэст хөдөлмөрийн яаманд бичиг баримт материалыг бүрдүүлж өгсөн. Үүний дараа Б.Л, н.Рэнцэнханд, миний бие бид гурав уулзаж цаашид Б.Л, н.Рэнцэнханд нар виз бичиг баримтаа хөөцөлдөхөөр болж миний бие нялх хүүхэдтэй байсан тул Эрдэнэт рүү гэр лүүгээ явсан. Тухайн үед Б.Л эгч хүртэл зөвшөөрсөн. Визний зарцуулалтын мөнгө Б.Л өөрөө хүссэний дагуу надад 23 500 000 төгрөг өгснийг И ХХК-ийн захирал П.Цын данс руу 14 976 000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс буцаагаад миний данс руу 8 сая төгрөг П.Ц шилжүүлсэн. Яагаад буцаасан гэхээр Б.Лгийн данс руу буцаагаад шилжүүл гээд мөн Б.Л мөнгө авна гээд шилжүүлсэн. н.Рэнцэнханд эгч хятад ажилчдын нийгмийн даатгалын мөнгө гэж 2 500 000 төгрөг бэлнээр авсан. Мөн 2 сая төгрөг дансаар шилжүүлж, бичиг баримтын зардал, орчуулгын хөлс гэж 1 500 000 төгрөгийг авсан. н.Рэнцэнханд нийт 6 сая төгрөг авсан. Мөн н.Рэнцэнханд өөрөө хүлээн зөвшөөрдөг. Дээрх авсан 23 500 000 төгрөг надад 2 500 000 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг намайг Б.Л зуучлалын хөлсөнд ав гээд би авсан. Үлдэгдэл виз зуучлалын хөлсөнд надад өгөх 2 050 000 төгрөгийг Хятад ажилчдын визны зөвшөөрөл гарсны дараа өгнө гэж хэлсэн. Ажилчдын хөдөлмөрийн виз 2015.03.16-ны өдөр гарсан боловч үлдэгдэл мөнгөө одоог хүртэл өгөөгүй харин ч надаас мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн 13 Хятад иргэн нь н.Баатар гэх Өвөрмонгол иргэний захиалгаар Монголд орж ирж 6 сарын хугацаатай хөдөлмөр эрхэлж ашиг олж буцсан. Миний бие Б.Лгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж гадаадаас ажилчид оруулж ирэх зөвшөөрөлтэй И ХХК-ийг зуучилж өгсөн тул Б.Лд ямар нэгэн мөнгө төлөх үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч Г.Бгийн төлөөлөгч М.Мэндбаяр хариу тайлбартаа: Б.Лгийн хүсэлтийн дагуу Н.Жг холбож өгсөн, Н.Ж үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч тайлбартаа Н.Жг сайн танихгүй гэсэн танихгүй хүнд мөнгө өгнө гэж байхгүй. Зуучлаад зохих ёсоор Н.Ж 2 500 000 төгрөг зуулчлаын хөлс авсан. 13 иргэн ажиллаад буцаад гарсан. ...Б.Лгээр дамжуулаад орж ирсэн. Буудалд яагаад байгаад байсан бэ, үйл баримттай хэрхэн холбогдоод байна вэ, буудалд байсан мөнгийг төлнө гэж хэлээгүй байдаг. Г.Б энэ хэрэгт Н.Жтай уулзуулж өгсөн гэжээ.

       Хариуцагч П.Ц болон “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтангэрэл хариу тайлбартаа: н.Рэнцэнхандаар дамжаад визний асуудал орж ирсэн байсан. И ХХК тухайн үед гаднаас 30 иргэн ажиллах хүч захиалчхаад яаман дээр судлагдах шатандаа явж байсан. Энэ асуудалд 15 000 000 орчим төгрөгийн зардал гарсан байсан. Энэ асуудлыг судлаад яамнаас, Засгийн газраас квот тогтоосны үндсэн дээр шийдвэрлэдэг. Хүсэлт гаргасан аж ахуйн нэгжээс хамаардаггүй, Б.Л хугацаагаа буруу тооцоолсон юм. Эрүүгийн хэрэгт нэхэмжлэгчийн тайлбарт нэг хүнээс 200 000 төгрөгийн ашиг харж байгаа гэсэн тайлбар байсан нь эдийн засгийн ашиг сонирхолтой байсан гэдгээ ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагад байгаа зүйл нь энэ бүхэн визтэй холбоотой гарсан мөнгө байсан хэмээн үзэж байна. Визний бус мөнгө нь зочид буудлын төлбөр байсан. 7 000 000 төгрөгийн асуудал И гэх компанид гадаадын иргэн оруулж ирэх асуудал зөвхөн аж ахуйн нэгжид олгодогт л байсан. Өөрийнх нь гаргаж өгсөн мэдүүлгээр ашиг харж байгаа нь харагддаг. Энэ олон зуучлагч ашиг олоод байгаа бол оруулах эрхийг авч өгч байгаа компани яагаад тэндээс ашиг авахгүй байх ёстой вэ. 15 хүний 400 000 төгрөг н.Рэнцэнхандруу шилжүүлсэн. Гадаад ажилчдын Хятад үнэмлэхийг орчуулах шаардлагатай болсон гэж тайлбарладаг. 1 сая төгрөгийг н.Рэнцэнхандад Хятад ажилчдын орчуулгад зарцуулсан, 6 000 000 төгрөгийг бол квот ашиглуулсны хөлс хэмээн ойлгож байна. Одоо бүх үйл явдал өрнөөд дууссаны дараа хүмүүс нь манай компаниар дамжиж гарчхаад дараа нь П.Цоос нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

         Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан И ХХК-с 976 000 төгрөг,  Н.Жгаас 4 024 000 төгрөг гаргуулан Б.Лд олгож, нэхэмжлэлээс үлдэх 29 319 000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 239 545 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-с 27 974 төгрөг, хариуцагч Н.Жгаас 79 334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож шийдвэрлэсэн байна.

         Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан П.Цоос 6.976.000 төгрөг, Н.Жгаас 8.024.000 төгрөг гаргуулж Б.Лд олгож, нэхэмжлэлээс 19.319.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтанд “Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Г.Б, “И” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтанд “...хариуцагч И ХХК-с 27.974 төгрөг, хариуцагч Н.Жгаас 79.334 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож...” гэснийг “...хариуцагч Н.Жгаас 143.334 төгрөг, П.Цоос 126.566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Лд олгож...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч Н.Ж хяналтын гомдолдоо: Б.Л намайг “... Хятад улсын иргэдийн хөдөлмөрийн визийг гаргаж өгдөг найдвартай компани, хүн байна уу олж өгөөч найдвартай компани зуучлаад өгвөл 1 хүний 1000 юань буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар 350 000 төгрөг нийт 13 хүний 4 550 000 төгрөгийг өгье...” гэсэн юм. Энэхүү саналыг миний бие хүлээн авч найдвартай компани олж өгөхөөр болсон. Ийнхүү тохиролцооны дагуу би И ХХК-ийн нягтлан бодогч н.Рэнцэнханд эгчийг холбож танилцуулж өгсөн. Ингээд “И” ХХК дээр хөдөлмөрийн виз гаргах асуудлыг н.Рэнцэнханд, Б.Л миний бие гурвуулаа сар гаран хөөцөлдөж Хөдөлмөрийн яаманд бичиг баримтуудаа бүрдүүлж өгсөн. Ийнхүү бичиг баримтуудыг бүрдүүлж яаманд өгсний дараа бид гурав уулзаж ярилцаад би нялх хүүхэдтэй байсан тул Орхон аймаг руу гэрлүүгээ явах талаар ярилцахад Б.Л, Ц.Рэнцэнханд нар үлдсэн асуудлыг бид хөөцөлдөнө чи яв гэсэн. Визний асуудлыг хөөцөлдөхөд зарцуулах мөнгө болох 23 500 000 төгрөгийг Б.Л өөрөө хүссэний дагуу надад өгсөн. Энэхүү 23 500 000 төгрөгнөөс 14 976 000 төгрөгийг “И” ХХК-ийн тухайн үеийн захирал П.Цэрэнсономын дансруу шилжүүлсэн /хавтаст хэргийн 158 дахь талд авагдсан/, Ц.Рэнцэнханд 2 500 000 төгрөгийг Хятад ажилчдын нийгмийн даатгалын мөнгө төлнө гэж бэлнээр авсан, мөн 2сая төгрөгийг Ц.Рэнцэнхандын хаан банкны 5011242908 тоот дансаар 2013-02- 13-ны өдөр шилжүүлэн өгсөн /хавтаст хэргийн 158 дахь тал, хавтаст хэргийн 232 дахь талд Ц.Рэнцэнхандын мэдүүлэг/, 1 500 000 төгрөгийг хятад ажилчдын бичиг баримтын орчуулгын зардалд хэрэглэх зорилгоор Ц.Рэнцэнханд /хавтаст хэргийн 232 дахь талд авагдсан Ц.Рэнцэнхандын мэдүүлэг/ тус тус надаас авсан. Гэтэл шүүх гэрч Ц.Рэнцэнхандын мэдүүлэг болон бусад холбогдох нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэрлэсэн. Б.Л нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа надаас 10сая төгрөгийг буцаан авсан талаар нэхэмжлэл болон хавтаст хэргийн 263-267 дахь талд авагдсан хохирогчийг байцаасан тэмдэглэл, хавтаст хэргийн 33 дахь талд авагдсан Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал, зэрэг баримтуудад дурдагдсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ 23 500 000 төгрөгнөөс П.Цэрэнсономын дансруу миний шилжүүлсэн 14 976 000 төгрөгийг хасч тооцон үлдсэн мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал, 23 500 000 төгрөгөөс 14 976 000 төгрөгийг П.Цын дансруу шилжүүлж надад 8 524 000 төгрөг үлдсэнээс би П.Цоос буцаж шилжин ирсэн 8 000 000 төгрөг дээр надад үлдсэн 8 524 000 төгрөгийн 2 000 000 төгрөгийг нэмж 10 000 000 болгон Б.Лд өгсөн. /хавтаст хэргийн 1-4 дэх талд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хавтаст хэргийн 201-205 дахь тал хохирогчоор өгсөн мэдүүлэг зэрэгт тодорхой байгаа болно/. Нэхэмжлэгч талаас хамтран хариуцагчаар “И” ХХК-ийн захирал П.Цыг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг шүүх хүлээн авч 2016-12- 08-ны өдөр 6526 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 69-70 дахь хуудас/. Энэхүү захирамжийн дагуу И ХХК буюу түүний гүйцэтгэх захирал С.Адъяасүрэн итгэмжлэл олгосоны дагуу хариуцагчийн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Гэтэл иргэн П.Цэрэнсономыг хариуцагчаар оролцуулах хүсэлт болон шүүгчийн захирамж гараагүй байхад шүүхээс иргэн П.Цэрэнсономыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь буруу байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх тэгш эрхийн зарчмыг алдагдуулж шүүх хэт нэг талыг буюу нэхэмжлэгч талд ашигтай шийдвэр гаргахад хүргэсэн. Харин Ц.Рэнцэнханд нь уг үйл явдалд давамгайлан оролцсон бөгөөд зарим мөнгийг авч өөрөө хэрэглэсэн байтал шүүхээс Ц.Рэнцэнхандыг хариуцагчаар оролцуулаагүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч хэдий Н.Ж бид хоёрын хооронд тохиролцоо байхгүй гэж худал тайлбарладаг боловч хэргийн бодит байдлаас нэхэмжлэгч Б.Л бид хоёр визний зөвшөөрөл гаргаж өгөх найдвартай компанийг зуучилж өгвөл нэг хүний 1 000 юань буюу тухайн үеийн ханшаар 350 000 төгрөг надад өгөхөөр тохиролцсон байдлыг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн зохицуулалтыг баримтлан надаас 8 024 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие нэхэмжлэгч Б.Лгийн мөнгийг үндэслэлгүйгээр авч өөрөө хэрэглэсэн зүйл байхгүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхээс хэт нэг талыг барьж нэхэмжлэгч талд шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

        Хариуцагч П.Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хариуцагч Н.Жгийн тайлбар, гэрч Ц.Рэнцэнхандын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр БНХАУ-ын нэг иргэнийг Монголд ажиллуулах виз гаргасны хөлсөнд 400.000 төгрөг, нийт 15 хүний тооцоогоор 6.000.000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх зөв үнэлж шийдвэрлэсэн. Б.Л нь “Хятад иргэдийн амь нас, аюулгүй байдлыг бүрэн хариуцна” гэсэн бичгэн тодорхойлолтыг П.Цд хийж өгсөн, 1 хүний 400,000 төгрөг, 15 хүний 6,000,000 төгрөгийг квот ашигласны төлбөрт өгнө гэж П.Цтой амаар тохирсны үндсэн дээр “И” ХХК-ийн гадаадаас ажиллах хүч оруулж ирэх квотыг ашигласан байдаг. Нэхэмжлэгч Б.Л нь зуучлапын хөлс төлөхөөр амаар тохирсныг Н.Ж, Ц.Рэнцэнханд нар нотолдог, харин Б.Лхавацэрэн нь нэхэмжилсэн мөнгөө бүрэн олж авахын тулд зориудаар үүнийг үгүйсгэсэн байдаг. Нэхэмжлэгч Б.Л нь “И” ХХК-ийн квотыг ашиглан 15 хятад иргэнийг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэн гаргасан нь өөрийнх нь тайлбар, бусад нотлох баримтаар нотлогддог бөгөөд П.Ц нь Б.Лтэй тохирсны дагуу үүргээ бүрэн биелүүлсний үндсэн дээр 6,000,000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж байна. П.Ц нь 976,000 төгрөгийг өөрийн нягтлан бодогч Ц.Рэнцэнхандаар дамжуулан Хятад иргэдийн визний материал бүрдүүлэх ажилд зарцуулсан учир П.Цын 6,976,000 төгрөгийг Б.Лд төлөх шийдвэр нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалаар Д.Цэрэнсодномоос 6,976,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.  

ХЯНАВАЛ :

         Б.Л 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргаж “...2015-01-19-ний өдрөөс 2016-05-16-ны хооронд гарсан зочид буудлын зардал нийт 4.175.000 төгрөг, 2015-05-14-ний өдөр байгуулсан 5,000,000 төгрөг болон 2015-05-22-ны өдөр байгуулсан 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээний алданги 16,800,000 төгрөг, хүү 2,800,000 төгрөг, 23,500,000 төгрөгийн үлдэгдэл мөнгө, 14 хятад иргэний визны хугацаа хэтэрсний торгууль 3,264,000 төгрөг, гадаад иргэний хаяг солиулсан зардал 280,000 төгрөг, зочид буудалд байрласан зардал 5,095,000 төгрөг, хятад ажилчид гэр буудалд байрласан зардал 2,380,000 төгрөгийг гаргуулна...” гэсэн үндэслэлээр хариуцагч нараас нийт 34,319,000 төгрөг шаардсан байна. /хх 1-ийн 1, 64/

        Хариуцагч Баярдалай, Жаргалмаа нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... нэхэмжлэгчийн хүсэлтээр 23,500,000 төгрөг авч хятад улсаас ажиллах хүч оруулж ирэх зөвшөөрөл бүхий “И” ХХК-д 14,970,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 8,000,000 төгрөгийг өөрт нь буцааж өгсөн...Хятад улсын 13 иргэн ирж Монгол улсад ажилласан...И ХХК-ийн нэр дээр ирсэн нь тогтоогдсон... Б.Л нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш...” гэж маргажээ. /хх 1-н 27/

        Хариуцагч Ц.Цэрэнсодном хариу тайлбартаа “...Б.Лгийн хүсэлтээр манай  байгууллагын нэр дээр 14 хятад ажилчид орж ирж ажил хийгээд буцасан ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэсэн байна. /хх 1-н 130/

        Хариуцагч И” ХХК тайлбартаа “... П.Цоос энэ компанийг  2016 оны 10 дугаар сард худалдан авсан...ямар нэг төлбөргүй гэж байсан...авсан мөнгөө буцааж өгснөөс гадна тохирсон ёсоор Хятад улсаас ажилчид оруулж ирж, ажил хийлгээд гаргасан байна...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ. /хх 2- 32/

      Анхан шатны шүүх И ХХК-с 976,000 төгрөг, Н.Жгаас 4,024,000 төгрөг гаргуулан Б.Лд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг мөн Г.Б, П.Ц нарыг хариуцагчаар татсаныг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байна.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, П.Цоос 6.976.000 төгрөг, Н.Жгаас 8.024.000 төгрөг гаргуулж Б.Лд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг Г.Б, “И” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгожээ.

     Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарыг гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Хоёр шатны шүүх Б.Лгийн нэхэмжлэлээс зочид буудлын зардал нийт 4.175.000 төгрөг, 2015-05-14-ний өдөр байгуулсан 5,000,000 төгрөг болон 2015-05-22-ны өдөр байгуулсан 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээний алданги 16,800,000 төгрөг, хүү 2,800,000 төгрөг, 14 хятад иргэний визны хугацаа хэтэрсний торгууль 3,264,000 төгрөг,  гадаад иргэний хаяг солиулсан зардал 280,000 төгрөг, зочид буудалд байрласан зардал  5,095,000 төгрөг, хятад ажилчид гэр буудалд байрласан зардал 2,380,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тус шүүхэд гомдол гаргаагүй байна.

        Иймд давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэл буюу үндсэн төлбөрийн үлдэгдэл 15.000.000 төгрөгийн хэмжээнд хариуцагч нарын гомдлын талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т нийцнэ.     

        2. Б.Л нь Н.Ж, Г.Б нараар зуучлуулан П.Ц захиралтай “И” ХХК-ийн нэр дээр БНХАУ-с ажилчид авч Монгол Улсад оруулахаар тохиролцсон гэх бөгөөд уг хэлцэл хүчин төгөлдөр тохиолдолд гэрээний үүргийн биелэлт, биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зохигчийн хэн аль нь шаардах эрхтэй юм.

        Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9.1 дэх хэсэгт зааснаар гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлнэ.    

        Хууль зөрчиж хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

        Н.Ж, Г.Б, П.Ц, “И” ХХК нь Хятад ажилчдын виз, ажиллах зөвшөөрөл зэргийг тохирсон ёсоор хугацаандаа гаргаж өгөөгүй талаар нэхэмжлэгч маргах боловч хариуцагч нар гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар иргэдэд зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон тул талуудын хоорондох хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

        Зохигчдын хоорондын хэлцэл хүчин төгөлдөр бус тул гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

        3. Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцэх боловч  “....нэхэмжлэгчээс олгосон мөнгийг БНХАУ-с ажилчид оруулж ирэхэд зарцуулсан... ажилчид И ХХК-ийн нэр дээр орж ирж Монгол улсад ажил хийгээд буцаад явсан...” гэх агуулгатай хариуцагч нарын тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Ж, Г.Б, П.Ц, “И” ХХК-с нийт 34,319,000 төгрөг гаргуулах тухай Б.Лгийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгов. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/01237 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Ж, Г.Б, П.Ц, “И” ХХК нараас 34,319,000 төгрөг гаргуулах тухай Б.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Н.Жгаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 143.400 төгрөг, хариуцагч П.Цоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 126.600 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ