| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0103/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрдалай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 121
2020 02 06 2020/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч Б.Дэлгэрдалай,
өсвөр насны шүүгдэгч Н.М , түүний хууль ёсны төлөөлөгч М.Нармандах, тэдгээрийн өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Н.М д холбогдох эрүүгийн 2011001280041 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Халх овгийн Н.М , 2002 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, сургуульд сурдаггүй, ам бүл 5, эмээ, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо булгийн 19-1205 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Өсвөр насны шүүгдэгч Н.М нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 138 дугаар сургуулийн орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас насанд хүрээгүй хохирогч О.Оюунбатын хамран тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өсвөр насны шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 09 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр орж нэгж аваад найз нар дээрээ очоод сууж байтал Номуунзаяа намайг танихгүй юм байна гээд байсан. Оюунбат дээр очоод намайг танихгүй байна уу гэж асуухад танихгүй гэхээр нь чи би толгой руу нь 2 удаа зөөлөн тогшоод байж байхад Номуунзаяа та хоёр ингэж байхаар зодолдооч гэсэн...” гэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Нармандах нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.М гийн 2 дүү нь бага, миний бие тааруу байсан учраас сургуулиас нь чөлөө авсан. Цаашид сургуульд нь суралцуулна. Би ийм зүйлд холбогдож болохгүй талаар сайн хэлж ойлгуулсан. Цаашид анхаарал халамж тавьж, хүмүүжүүлж чадна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Насанд хүрээгүй хохирогч О.Оюунбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би орой 18 цагийн орчимд найзуудынхаа хамтаар 138 дугаар сургууль дээр зааланд тоглох гэж Баяржавхлан, Мөнхбаяр, Алтай нарын хамтаар зааланд очиж тоглочхоод орой 20 цагийн орчимд заалнаас гараад сургуулийн ард талд байх сааданд Ишдорж ...нарын хамтаар сууж байтал Мөнхнаран ганцаараа алхаад ирсэн. Ирээд Намуунзаяатай маргалдаад байсан бөгөөд Ууганзаяагийн гэр рүүгээ авч явж байсан түлшний модноос Намуунзаяа 1 ширхэг мод автал Мөнхнаран зугтаасан юм. Мөнхнаран зугтаагаад гүйхээр нь Намуунзаяа эргүүлээд модоо уутанд хийтэл Мөнхнаран эргэж ирээд дахиж хэрэлдсэн бөгөөд Намуунзаяа Мөнхнаранг танихгүй хүмүүсийн дэргэд юу хийгээд байгаа юм яваач гэж хэлтэл Мөнхнаран шуудайнаас 1 ширхэг мод аваад надад хандаад “чи намайг таних уу гэхэд нь би танихгүй” гэж хэлсэн тэлтэл чи яахаараа намайг таньдаггүй юм гээд авсан модоороо миний толгой руу 2 удаа цохисон. Ингээд байж байтал хажуугаас Номуун та 2 ингэж байхаар зодолдооч гэж хэлсэн бөгөөд бид 2 зодолдохоор болоод Мөнхнаран хувцсаа тайлаад би чихэн дэх ээмгээ тайлах гээд сандал дээр сууж байхад Мөнхнаран ирээд миний хамар хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би хамраа дараад доошоо тонгойтол миний малгайтай цамцнаас татаад унагаасан ба Намуунзаяа салгах гэж байгаад миний дээрээс унатал Ишдорж голоор ороод салгасан. ...Өмнө нь нэг сургуульд манай дээд ангид сурдаг хүүхэд байгаа юм хааяа нэг тааралддаг. ...гомдол санал байхгүй. Толгойны зураг авхуулах 130.000 төгрөгийг 2020 оны 01 сарын 09-ний орой Мөнхнарангийн ээж, эгч нар нь өгсөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12/,
Насанд хүрээгүй гэрч О.Номуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхнаран нь Намуунзаяагийн гэр рүүгээ явж байсан түлшний модноос нэгийг аваад Оюунбатын гар, толгой руу нь зөөлөн цохиод байсан ба маргалдаад байхаар нь Мөнхнаранг та 2 ингэж байхаар зодолдчих гэж хэлтэл хоёулаа тэгье гэж хэлсэн бөгөөд Оюунбат ээмгээ тайлаад саадны сандал дээр сууж байхад нь Мөнхнаран Оюунбатын хамар руу нь нэг удаа цохисон. ...Мөнхнаран гэр рүүгээ яваад бид нар хамраас гарсан цусыг нь арчиж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх 16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн №1228 дугаартай дүгнэлтэд: “...О.Оюунбатын биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх 19/,
Өсвөр насны шүүгдэгч Н.М нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчимд гэрээсээ ганцаараа гараад 138 дугаар сургууль дээр хүүхдүүдтэй уулзах гэж очсон. Тэнд байсан хүүхдүүд манай гэртэй ойрхон гэртэй хүүхдүүд бөгөөд бид нар юм ярьж байгаад Намуунзаяатай ноцолдоод тоглож байтал Намуунзаяа нэг мод авахаар нь би зугтаагаад эргэж очоод би мод аваад Оюунбаттай тоглож байгаад Оюунбатын толгой нь 2 удаа зөөлөн тогшсон бөгөөд Номуун гэх хүүхэд хажуугаас та 2 ингэж байхаар зодолдчихооч гэхээр нь би Оюунбатыг сууж байхад очоод хамар руу нь нэг удаа цохисон. Тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 26/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 27-28/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 32/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 31/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Өсвөр насны шүүгдэгч Н.М нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 138 дугаар сургуулийн орчим насанд хүрээгүй хохирогч О.Оюунбаттай маргалдан хамран тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, насанд хүрээгүй хохирогч О.Оюунбатын “...Мөнхнаран хувцсаа тайлаад би чихэн дэх ээмгээ тайлах гээд сандал дээр сууж байхад Мөнхнаран ирээд миний хамар хэсэгт 1 удаа гараараа цохисон. Би хамраа дараад доошоо тонгойтол миний малгайтай цамцнаас татаад унагаасан ба Намуунзаяа салгах гэж байгаад миний дээрээс унатал Ишдорж голоор ороод салгасан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12/, насанд хүрээгүй гэрч О.Номууны “...Мөнхнаран нь Намуунзаяагийн гэр рүүгээ явж байсан түлшний модноос нэгийг аваад Оюунбатын гар, толгой руу нь зөөлөн цохиод байсан ба маргалдаад байхаар нь Мөнхнаранг та 2 ингэж байхаар зодолдчих гэж хэлтэл хоёулаа тэгье гэж хэлсэн бөгөөд Оюунбат ээмгээ тайлаад саадны сандал дээр сууж байхад нь Мөнхнаран Оюунбатын хамар руу нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 16/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн №1228 дугаартай дүгнэлт /хх 19/, өсвөр насны шүүгдэгч Н.М гийн “...Оюунбатын толгой нь 2 удаа зөөлөн тогшсон бөгөөд Номуун гэх хүүхэд хажуугаас та 2 ингэж байхаар зодолдчихооч гэхээр нь би Оюунбатыг сууж байхад очоод хамар руу нь нэг удаа цохисон. Тэгээд би яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 24-25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Н.М г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар түүнд ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх М.Нармандахад даалгаж шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчид 130.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, өсвөр насны хохирогч О.Оюунбат нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Халх овгийн Н.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Өсвөр насны шүүгдэгч Н.М д ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.М г тэнссэн хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн эх М.Нармандахад үүрэг болгосугай.
4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН