| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0111/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 127
2020 02 07 2020/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч О.Ө /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Таяа овгийн О.Ө т холбогдох эрүүгийн 1903014170027 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Таяа овгийн О.Ө , 1987 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эрдэм-Транс ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 53/7 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зоос гоёл” ХХК-ны баруун талын замд “Эрдэм транс” ХХК-ны 05-49 УБЗ улсын дугаартай “Хьюндай Айро Сити” маркийн автобусыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэнэт зогсож Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэснийг зөрчсөний улмаас зорчигч 38 настай, эмэгтэй Б.Энх-Учрал нь унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,
Зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-12/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13/,
Хохирогч Б.Энх-Учрал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 1 дүгээр дэлгүүрийн зүүн талын автобусны буудал дээрээс ажил руугаа явахаар Зайсан Дэнжийн 1000 чиглэлийн нийтийн тээврийн том автобусанд суугаад дунд хаалганы хойд талд очиж бариулаас барьж зогсож автобус ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт жолооч тоормос гишгэж би урагшаа автобусны шалан дээр унасан. Тэгээд босох гэтэл баруун гар, баруун хөлөө хөдөлгөж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №538 дугаар дүгнэлтэд: “...Б.Энх-Учралын биед баруун мөрний жийргэвчийн дээд хэсгийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 43-44/,
Техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаар дүгнэлтэд: “...“Hyundai-Aero City” маркийн 05-49 УБЗ улсын дугаартай автобусыг жолоодож явсан жолооч Очбайдар овогтой Өлзийбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан ...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Зорчигч Бямбасүрэн овогтой Энх-Учрал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх 58-59/,
Шүүгдэгч О.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд сонсгож буй Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож буй зүйл ангитай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 67-68/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 71/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 74/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 72/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 76/, хохирогч Б.Энх-Учралын гаргаж өгсөн хохирлын баримт /хх 87-89/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15 дугаар тогтоол /хх 96/, шүүгдэгч О.Ө ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 94/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энх-Учралын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 95/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Ө нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зоос гоёл” ХХК-ны баруун талын замд “Эрдэм транс” ХХК-ны 05-49 УБЗ улсын дугаартай “Хьюндай Айро Сити” маркийн автобусыг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа гэнэт зогсож Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэснийг зөрчсөний улмаас зорчигч 38 настай, эмэгтэй Б.Энх-Учрал нь унаж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, зам тээвэр осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-12/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 13/, хохирогч Б.Энх-Учралын “...автобусанд суугаад дунд хаалганы хойд талд очиж бариулаас барьж зогсож автобус ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй явж байтал гэнэт жолооч тоормос гишгэж би урагшаа автобусны шалан дээр унасан. Тэгээд босох гэтэл баруун гар, баруун хөлөө хөдөлгөж болохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 22-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №538 дугаар дүгнэлт /хх 43-44/, техникийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 94 дугаар дүгнэлт /хх 58-59/, шүүгдэгч О.Ө ын “...Миний хувьд сонсгож буй Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Сонсгож буй зүйл ангитай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх 67-68/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Ө нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан түүнд торгох ял шийтгэв.
Шүүгдэгч О.Ө т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Б.Энх-Учрал нь эмчилгээний зардалд 1.014.000 төгрөг авсан, гомдолгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таяа овгийн О.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө т 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Ө нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ө т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН