Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0027

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Хохирогч П.Б

Шүүгдэгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суудаг шийтгэлгүй, Б.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед иргэн П.Б-ын нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 11 сарын 13-ны орой 16 цагийн орчимд ажил хийж дуусгаад  гэртээ харьсан. Хонь аваад эгчийнд очиж хонио гаргасан. Б багшийг эхнэртэй нь дуудаад хонины гэдэс ид гэсэн. 750 граммын архи 2 шилийг уусан. Б түүний эхнэр О хүүхдээ аваад гэртээ харьчихсан байсан. Би Б-тэй гарч тамхи татчихаад орж ирээд эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд Б-н эрүүг өшиглөсөн гэсэн мэдүүлэг,

-Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ... 2019 оны 11 сарын 13-ны орой 21 цагийн  үед намайг гэртээ байж байтал хамт ажилладаг Г багш манайх эгчийн гэрт хонь гаргаж байгаа хамт очиж гэдэс идье гээд намайг дагуулаад явсан. Би эхнэр О хамт А эгчийн гэрт очсон. Намайг А эгчийн гэрт очиход Г багшийн нөхөр Б болон А эгч нар мах шөлөө янзлаад байж байсан. Бид нар гэдэс идэж 2 шил архи тавуулаа хувааж уусан. Манай эхнэр О хүүхэд халуурч байгаа гээд 23 цагийн үед гэр рүүгээ явсан. Намайг явах гэтэл Б байж бай гээд байсан. Б, А багшийн гэрт байхдаа эхнэр Г руугаа уурлаад байхаар нь яагаад эхнэртээ уурлаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Гэтэл Б эхнэр Г надтай хардан та хоёр ямар холбоотой болчихсон юм бэ? гэж хэлээд миний нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би газар хэвтэж байсан. А эгч Б-г надаас холдуулан цагдаа дуудсан. Эмнэлэгт үзүүлтэл доод үүдэн 1 шүд хугарсан байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэн эрүүний зургаа авахуулахад миний эрүү 2 хугарсан байна гэсэн. Улаанбаатар хотод эрүүгээ хадуулсан. Б буруугаа хүлээн надад учирсан хохирол болох эмчилгээний зардал 1.600.000 төгрөг, 2019 оны 11 сарын 14-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 1.500.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Одоо 4 сард хагалгаа хийлгэнэ, нэг шүдээ хийлгэнэ.  Ямар зардал гарахыг асуутал гадны нөлөөтэй тул өндөр зардал гарна гэж хэлсэн. Эхэлж хагалгаанд орсонтой адилхан зардал гарна гэсэн. Иймд цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилнэ 2 сар гаран ажилгүй байсан хугацаа амралтын мөнгөнд ч бас нөлөөлдөг юм билээ гэв.

-Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 11 сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад хамт ажилладаг багш Г манайх орой хонь гаргана. Орой ирж гэдэс идээрэй гэсэн. 21 цаг болж байхад би нөхөр Б-н хамт гэдэс идэхээр А эгчийнд очсон. Г багш хонио гэр хороололд А багшийн гэрт гаргасан юм. Б бид 2 охиноо дагуулж очсон. А багшийн гэрт очоод бид нар 1 шил архи, 1 пиво хувааж уусан. Би охиноо унтуулах гээд 23 цаг болж байхад гэртээ харьсан. Б-г хамт явъя гэхэд араас чинь очьё гээд А багшийн гэрт үлдсэн. Гэртээ хариад унтаж байтал манай нөхөр Б үүрээр 04 цагийн үед гэртээ ганцаараа орж ирсэн. Б-н ам уруул цус болсон байсан. Юм ярихдаа их сонин яриад байсан. Би тухайн үед унтаж байсан болохоор чи яасан юм бэ? гэхэд манай нөхөр миний шүд хугарсан Б намайг өшиглөсөн гэж байсан. Бид нар унтаад маргааш өглөө нь би ажилдаа явсан. 12 цаг болж байхад цайны цагаараа гэртээ иртэл нөхөр маань орноосоо босоогүй хэвтэж байсан. Тэгэхээр нь чи яасан юм бэ? гээд нүүр амыг нь үзтэл манай нөхрийн доод эрүү салчихсан юм шиг сонин харагдаж байсан. Мөн доод үүдэн шүд нь унасан байсан. Маргааш нь эмчид үзүүлтэл эрүүний яс нь хугарсан байна, хурдан Улаанбаатар хот явж хагалгаа хийлгэх хэрэгтэй гэж хэлсэн. 2019 оны 11 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод очиж 1 дүгээр эмнэлэгт үзүүлж хагалгаанд орсон. Зардал мөнгийг нь Б өөрөө хамт явж гаргасан юм гэсэн мэдүүлэг /хх 17-18 хуудас/

Гэрч Ш.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Орой 23 цаг болж байхад О багш хүүхдээ дагуулаад гэртээ харьлаа гээд явсан. Б багшийг хамт явъя гэхэд явахгүй гээд манайд үлдсэн. Орой 00 цаг болж байхад би Г, Б, Ба нарт ор засаж өгөөд байж байтал Б, нь Б-г гарч тамхи татъя гээд хамт гарсан. Орж ирсэн хойноо Б эхнэр Г маргаад байсан, Б багш Б-г яагаад эхнэртэйгээ маргаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Пид пад хийх чимээ гарахаар нь очтол Б багш манай байшингийн гал тогооны үүдэнд хэвтэж байсан. Б намайг өшиглөсөн гэж хэлсэн. Б багшийн амнаас цус гарсан ёолоод байхаар нь би цагдаа дуудсан гэсэн мэдүүлэг /хх 19-20 хуудас/

2019 оны 12 сарын 12-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээч эмчийн гаргасан 19 дугаартай: хохирогчийн биед доод эрүүний ясны ооч болон зүүн салаа хэсгээр хоёрлосон зөрөөтэй далд хугарал, нэг шүд унасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Эрүүний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Нэг шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 5% байна. Гэмтэл нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр үүссэн байж болно гэх дүгнэлт /хх 24 хуудас/

-Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 11 сарын 13-ны өдөр би  ажил хийж байгаад ажлаа дуусгаад гэртээ 16 цагийн үед ирсэн. Би гэртээ ирэхдээ 1 хонь авч очсон. Манайх орон сууцанд байдаг болохоор хойд хороололд А эгчийн гэрт хонио гаргасан. Хонио гаргаад гэдсийг нь чанаж байтал манай эхнэр хамт ажилладаг Б багшийг гэдэс ид гэж дуудсан. Б багш эхнэр О-ийн хамт ирсэн. Бид нар чанасан гэдсээ идээд 2 шил архи хувааж уусан. Их согтсон байсан. Нэг мэдсэн О багш гэртээ харьсан байсан. Би эхнэр Г-той бага зэрэг маргасан. Б багш Б-аа чи яагаад эхнэртэйгээ маргаад байгаа юм бэ? гэж хэлсэн. Би чамд ямар хамаатай юм бэ? манай эхнэр та 2 яасан юм гэж хэлээд А эгчийн орны урд талд хэвтэж байсан Б багшийн нүүрэн тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохиролд нийт 3.100.000 төгрөг төлсөн  гэсэн мэдүүлэг /хх 21-22, 31-32 хуудас/,

            -Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол / хх 3 хуудас/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 49 хуудас/

-Б.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-22, 31-32 хуудас/ зэрэг болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 сарын 14-ний өдөр иргэн П.Б-тай маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Хохиролд 3.100.000 төгрөг төлсөн, хэрэгт бичиг баримт дагалдаж ирээгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 01 цагийн үед иргэн П.Б нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Б-тэй гарч тамхи татчихаад орж ирээд эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд Б-н эрүүг өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Б-н “...Б миний нүүрэн тус газар гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тухайн үед би газар хэвтэж байсан. А эгч Б-ыг надаас холдуулан цагдаа дуудсан. Эмнэлэгт үзүүлтэл доод үүдэн 1 шүд хугарсан байсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэн эрүүний зургаа авахуулахад миний эрүү 2 хугарсан байна гэсэн” /хх 12-13, 14 хуудас/ мэдүүлэг, гэрч Д.О-ийн /хх 17-18 хуудас/, Ш.А-ын / хх 19-20 хуудас/ мэдүүлэг, хохирогчийн биед нэг шүд унасан, доод эрүүний ясны ооч болон зүүн салаа хэсгээр хоёрлосон зөрөөтэй далд хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл үүссэнийг тогтоосон 19 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Б.Б гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.100.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

             Харин хохирогч П.Б нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ 2020 оны 04 сард хадаасаа авахуулах хагалгаа хйилгэнэ гэж байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрллээ.

  

        Шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  6 /зургаа/ сарын хугацаанд сард 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.