| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2020/0031/э |
| Дугаар | 0041 |
| Огноо | 2020-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 0041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж
Улсын яллагч Б.О
Шүүгдэгч Ж.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1964 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл-6, эхнэр, хүүхдүүд, ач охины хамт оршин суудаг урьд ял шийтгэлгүй, Ж.Б.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр С.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эхнэр намайг заазуураа аваад зайлаарай гэхээр нь эхнэр рүүгээ заазуураа шидтэл хөл рүү нь оносон миний буруу. Тэгээд эрүүлжүүлэгдсэн, бид хоёр 33 жил хамт амьдарч байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нөхөртэйгөө гэртээ байж байтал манай найз Т 1 шил архи аваад орж ирсэн. Бид 3 тэр 1 шил архиа хувааж уугаад Б дахиж 1 шил архи авч хувааж уусан. Тэгээд Т харьлаа гээд гараад явсан. Б дахиад архи ууя гэхээр нь би одоо болно, хүүхдүүд ирнэ гэж хэлсэн чинь уурлаад намайг хараагаад байсан. Б миний толгой шалбарсан байна гээд уурлаад миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Гал тогооны шургуулганаас өөрийн хийж байсан том заазуураа аваад энэ миний хийсэн заазуур гээд байхаар нь наадахаа аваад зайл гэж хэлсэн чинь заазуураа миний баруун хөл рүү шидэж заазуурын иртэй хэсэг нь миний баруун хөлийн үен дээр унаж зүсэгдсэн. Б хувцасаа өмсөөд гараад явсан. Би гарахад нь ядаж эмнэлэг дуудаад өгөөч гэсэн чинь уурлаад гараад явсан. Хэн цагдаа дуудсныг нь мэдэхгүй, нэг мэдсэн чинь эмнэлэгт очсон хөлийг маань оёж байсан. Б нэмж архи ууя гэхээр нь үгүй гэсэн чинь уурлаад байсан. Бид 2 хааяа, хааяа нэг жижиг шилтэй архи хуваагаад уучихдаг юм. 2019 оны 11 сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Эдгээр гэмтлийг Б надад учруулсан. Тухайн үед гараараа нүүр рүү цохисон, заазуур авч шидэж хөл зүссэн. Би хөлдөө 12 оёдол тавиулсан. Одоо бие зүгээр байна. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг /хх 8-9 хуудас/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 11 сарын 07-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Эмнэлгээс над руу ээжийгээ ирж аваарай гэж залгасан. Эмнэлэг дээр очоод ээжээс асуухад аав чинь заазуур шидсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/,
-Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 11 сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад ирэхэд ээж хөлөө боосон байдалтай байсан. Миний мэдэхээр аав, ээжийг ерөөсөө зодож цохиж байгаагүй гэсэн мэдүүлэг /хх 13 хуудас/
- ШША-ны ахлах зэргийн шинжээч эмчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 746 дугаартай: С.Н-н биед баруун өвдгөн дээр гүн зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Зүсэгдсэн шарх нь хурц үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 15 хуудас/,
Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 11 сарын 07-ны өдөр эхнэрийн хамт гэртээ байж байтал манай байранд байдаг байсан Т гаднаас 1 шил архитай манайд орж ирсэн. Тэгээд бид гурав 2 шил архи хувааж уусан. Т явлаа гээд манай гэрээс гараад явсан. Н бид 2 юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Миний толгой шалбарсан байсан. Тэгээд би эхнэр Н-д уурласан. Бид 2 гал тогооны өрөөнд сууж байсан. Би шургуулганаас том заазуураа аваад Н-н хөл рүү шидсэн чинь хөлийг нь эртэй талаараа онож зүссэн байсан гэсэн мэдүүлэг /хх 35-36 хуудас/
-Ж.Б-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-35, 37-38 хуудас/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.Б үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эхнэр С.Н-н хөл рүү заазуур шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Эхнэр рүүгээ заазуур аваад шидтэл хөл рүү нь оносон миний буруу” гэсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг /хх 12, 13 хуудас /, хохирогч С.Н-н биед баруун өвдгөн дээр гүн зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд сард 112.500 /нэг зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.Э.