Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/23

 

            Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга: Н.Ням

            Улсын яллагч: Д.Бат-Өлзий

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд

            Шүүгдэгч: М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн М-ын Б-ад холбогдох эрүүгийн 18270001180014 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн,  30 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух, Б овгийн М-ын Б- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Ц-ийн 7 тооны ямаа өөрийнх нь малд нийлсэн байсныг Ц.Ц-ийн ямаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: 

Шүүгдэгч М.Б- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Эхлээд 2017 онд 3 ямаа ирсэн. Борооноор манай хонь уруудаад 3 айлын хонь нийлчихсэн байсан. Тэгээд тус тус малаа ялгаад авсан. Тухайн үед нь би хэний мал вэ гэдгийг нь сайн мэдээгүй. Би тухайн үед айлуудаас асууж сураагүй юм. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 17, 18-ны үед манай эхнэр төрөх гээд Өвөрхангай аймгийн Хужирт сум руу явсан. Тэгээд эхнэрээ хүргэж өгчихөөд гэртээ ирэхэд манай хонь Ц.Ц- гуайн хоньтой дахиад нийлчихсэн байсан. Тэр үед 3, 4 ямаа үлдчихсэн байсан. Ямааг нь ялгаж өгөх гэж байгаад болиод аавынд хонь аваачиж өгөх болчихоод ямааг нь өөрийн тэмдгээр тэмдэглээд аавындаа аваачаад үлдээчихсэн. Тэгээд сарын дараа Ц.Ц- гуай ямаагаа мэдээд авсан. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр хонь, ямаагаа бүртгэхэд манай хонь, ямаа бүрэн байсан. Би 2018 оны 06 дугаар сар гарсан байхад хэдний өдрийг нь санахгүй байна самнасан ямаануудаа бэлчээрт яваа хонь ямаатайгаа нийлүүлэх гээд тууж явсан чинь Б-ын эм ямаанууд бэлчээртээ явж байсан. Тэдний ямаанд манай нэг тооны охин хар ямаа явсан. Би ямаагаа Б-ын ямаанаас ялгаж өөрийнхөө ямаануудтай нийлүүлсэн. Манай ямаа ишиглэсэн ямаа байсан. Тухайн үед нь би хамт мал дээрээ байсан ач хүү болох И-ыг Б-ынхаас очоод хар ямааныхаа ишгийг аваад ир тэгэхдээ хонь, ямаанд нь өөрийнхөө хонь ямаанаас байна уу шүүчихээд ир гээд явуулсан. Манай ач хүү И- явчихаад ирэхдээ Б-ын гэрт очоод хар ямааны ишгийг асуусан чинь эхнэр нь үхчихсэн гэж хэлсэн байсан. Манай хүү И- Б-ын хонь, ямааг нь шүүсэн чинь тэдний малд манай 6 тооны ямаа байсан гэсэн. Б- манай 6 тооны ямааны эвэр дээрх улаан өнгийн будган дээр нь өөрийнхөө ямааг тэмдэглэсэн байсан ногоон енгийн будгаар давхарлаж будаад манай ямаануудын баруун талын чихэнд цоолж уясан байсан улаан даавуун ээмгийг авчихсан цоолсон нүх нь байсан. И- Б-ын малаас ямаагаа ялгаж ирэхдээ 6-аас 5-г нь авчирсан. Нэг хув хар зүстэй эр ямаа нь ялгаж хашихаар гаргах гээд байж байхад хашаанаас харайж гараад Б-ын хонь, ямаанд нийлчихлээ гэж хэлсэн. ... И- ямаагаа Б-ын малаас ялгаж ирэхдээ тэдний хонь ямаанд манай хониноос байхгүй байна гэж ирсэн. Тэгэхээр Б-ын малд манай 7 тооны ямаа байсан гэсэн үг. Манай хонь ямаанаас 2017 онд 3 ямаа алдагдаагүй. Хэрэв тухайн үед манай хоёрын хонь ямаа нийлээд манай 3 тооны ямаа тэдний малд үлдсэн бол бүтэн жилийн хугацаанд манай хоёрын мал зөндөө нийлсэн тэр үед бид нар малаа ялгаж авахдаа 3 ямаагаа Б-ын малд байсан бол бүтэн жил болгохгүй буцаагаад ялгаад авах байсан. 2018 оны 06 дугаар сард Б-ын малд байсан манай 7 тооны ямаанууд намайг 2018 оны 04 дүгээр сард малаа тоолоход бүрэн байсан. 2018 оны 06 дугаар сард тэдний малд очсон байсан. Манай хоёрын мал бэлчээр нэгтэй болохоор 2018 оны 05-06 дугаар сарын үеэр нийлэхэд л Б- малтайгаа хамт ялгаж авсан уу, эсвэл нийлчээд салахдаа тэдний малд үлдсэн байхад нь Б- өөрийнхөө ямааны ногоон өнгийн будгаар манай 7 тооны ямааны эврийг будсан байх. Б-ын малд байсан манай ямаанууд бүгд бага ямаанууд байсан учраас би ноолуурыг нь самнаагүй байсан. Б- манай ямаануудын ноолуурыг самнаад ногоон өнгийн будгаар эврийг нь будсан байсан. Манай 7 тооны ямаанууд нас ойролцоо бага ямаанууд учраас би доод тал нь нэгээс нь 300 грамм ноолуур гарна гэж үзэж 2100 грамм ноолуурыг тухайн үеийн ноолуурын ханшаар үнэлгээний компаниар үнэлүүлнэ. Би ямаануудынхаа ноолуурын мөнгө болон үлдсэн нэг тооны ямаагаа нэхэмжилнэ. Б- 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хув хар зүстэй эр ямааг маань авчирч өгсөн. Мөн 03 сарын 04-ний өдөр миний ХААН банкны ___ гэх дансанд Б- 200.000 төгрөг хийсэн байсан. Уг мөнгө нь манай 7 ямааны ноолуурны мөнгө гэж надад өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29,30 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Г.И-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын дундуур эмээгийндээ малыг нь харж өгч байсан. Тэгсэн манай эмээгийнхтэй саахалт байдаг Б- гэж айлын ямаа бэлчээрлэж яваад эмээгийн гэрийн ойролцоо ирсэн. Тэдний ямаан дунд манай эмээгийн 1 тооны хар зүстэй эм ямаа явж байсан. Түүнийг Б-ын ямаанаас салгаж авсан. Түүний дараа эмээ намайг Б-ын малд очоод ямааныхаа ишгийг аваад ир гэсэн би тэдний гэрт очоод хар ямааныхаа ишгийг авъя гэсэн нь эхнэр нь ишиг нь үхчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ын хонь, ямаанд нь эмээгийнхээ малаас байгаа эсэхийг шалгаж үзсэн чинь 6 тооны ямаа байсан. Тэгэхээр нь би тухайн 6 тооны ямаагаа ялгаж хашаанд хийгээд байж байхад Б- мал дээрээ ирээд миний ялгасан эмээгийн 6 тооны ямааг манай тавиул мал байгаа юм манай аавынх гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-ад манай эмээгийн ямаа байна аа худлаа гэвэл чихнийх нь эмийг хар гээд ямаануудынхаа цоолсон чихийг нь харуулсан чинь Б- ах юм ярихгүй улайгаад байсан. Тэгэж байтал Б- ах хашчихсан байсан өөрийнхөө малыг хашаанаас гаргасан чинь миний ялгасан эмээгийн 6 тооны ямаанаас 1 тооны хар зүстэй ямаа хашаан дээгүүр харайж гараад Б- ахын малтай буцаад нийлсэн. Тэгээд би үлдсэн 5 тооны ямаагаа аваад эмээгийнхээ малд аваачиж нийлүүлсэн. Б- ах манай эмээгийн нийт 7 тооны ямааны чихийг нь цоолоод хийчихсэн байсан ээмэгийг нь авчихсан. Мөн манай эмээгийнх ямааныхаа эвэрийг улаан өнгийн будгаар будсан байсныг өөрийнхөө малтай ижил ногоон өнгийн будгаар будсан байсан. Б- малд манай эмээгийн 7 тооны ямаа байсан гэсэн үг. Малыг нь шүүж үзэхэд манай эмээгийн хониноос Б-ын малд байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Гэрч Б.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б- надаас малд нь танихгүй айлын мал байна танай мал мөн үү гэж нэг ч удаа асууж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

Гэрч  Г.Г-гийн “Хадам ээж Улаанбаатар хотоос ирсэнийхээ дараа хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна.  Малаас хэдэн тооны мал дутаад байна гэж байсан. Хэдэн хонь, хэдэн ямаа гэж нарийн яриагүй. Сүүлд нь саахалт нутагладаг Б- гэж айлын малаас дутаад байсан ямаануудаа олж авсан гэж  хэлсэн . Тэр   Б- гэж  хүн манай хадам ээжийн ямаануудыг өөрийнхөө малд өөрийнхөө малыг тэмдэглэсэн байсан будгаар эврийг нь тэмдэглээд тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 7-10 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13 дугаар хуудас/,

Шүүгдэгч М.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 72 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Ц-ийн 7 тооны ямаа өөрийнх нь малд нийлсэн байсныг Ц.Ц-ийн ямаа гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 390.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Иймд шүүгдэгч М.Б-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч М.Б-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч М.Б-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,

шүүгдэгч М.Б-ын хувьд ногдох хөрөнгөөс 700.000 төгрөгийн үнэ бүхий морийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн М-ын Б-ыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б овгийн М-ын Б-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

            5. Шүүгдэгч М.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ын эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий морийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №09 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН