Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгч: Э.З /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхтайваны Зт холбогдох 1929002980138 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Манлай сум явдаг авто замын 32 дахь километрт 73-04 УБЯ улсын дугаартай “Грандбирд” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ц.Эрдэнэтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.З мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12-21-р хуудаст/,

Хохирогч Ц.Эрдэнэтуяагийн: “...Дундговь аймаг дээр хоолонд орчихоод тэндээсээ хөдөлж шороон замаар Манлай сумруу 03 цаг өнгөрч байхад орж хүн буулгачихаад тэндээсээ Ханбогд сумруу хөдөлсөн. Би Манлай сумаас гараад унтаж яваад осол болох үед урд суудалруу шидэгдээд сандал дээр элгээрээ тохож ойчсон. Тухайн үед би амьсгалж чадахгүй өнхөрч, хөдөлж чадахгүй болохоор нь байрнаасаа хөдлөлгүй байж байтал эмнэлгийн машин ирж намайг аваад Ханбогд сумын эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 32-р хуудаст/,

Хохирогчийн Х.Ууганбатын: “2019 оны 09 дүгээр сарын 30-ны өглөө 07 цагийн үед унтаагүй зам хараад явж байсан чинь автобус зүүн тийш шарвах шиг болсон. Замаар урд хойноос машин, мал амьтан байгаагүй. Жолооч зүүрмэглээд замын хажуу талруу орчих шиг болсон. Уг тээврийн хэрэгслийн жолооч Манлай сумын цаана Дундговь аймгаас гараад явж байгаад замын донсолгоо гаргасан уу яасан ганц хоёр удаа шарвах шиг болсон. Би хөөе яаж байна гэж хэлсэн чинь зүгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлээд байсан. Би 7 дугаар суудал дээр сууж явсан. Би осол болсны дараа автобусанд зорчин явсан нэг хүний машинд суун Ханбогд сумруу орж ирээд эмнэлэгт үзүүлсэн чинь тархины доргилт гэсэн оноштойгоор эмнэлэгт 4 хоног хэвтсэн.” гэх мэдүүлэг \хх-ийн 38-р хуудаст\ ”

Хохирогч О.Болдбаатарын: “Тухай өдөр би хот хоорондын нийтийн тээврийн автобусаар ажлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумруу явсан. Улаанбаатар хотоос гараад шөнө 23 цагийн орчим Дундговь аймагт ирсэн. Тэгээд шөнөжин яваад үүр цайж байхад 07 цагийн орчим Өмнөговь аймаг Оюутолгойн уурхайруу дөхөж яваад Ханбогд сумын нутаг дэвсгэрт автобус осолдсон” гэх мэдүүлэг \хх-ийн 45-р хуудаст\

 Гэрч  С.Аззаяагийн: :Уг жолооч хотоос гараад осол гарсан газар хүртэл ганцаараа тээврийн хэрэгслийг бариад явж байсан.” гэх мэдүүлэг \хх-ийн 59-р хуудаст\

Гэрч Д.Наранцэцэгийн: “Уг жолооч хотоос гараад Манлай сум  осол болсон газар хүртэл жолоо солигдоогүй, ээлжийн жолооч байхгүй, байн, байн зогсож яваад байсан.” гэх мэдүүлэг \хх-ийн 61-р хуудаст\

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12047 дугаартай “Х.Ууганбатын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 68-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12165 дугаартай “Э.Батбаатарын биед тархи доргилт, духанд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 71-р хуудаст/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12048 дугаартай “Ц.Эрдэнэтуяагийн биед баруун 4-7 дугаар хавирганы хугарал, тархи доргилт, хоёр бугалга, хэвлий, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Ц.Эрдэнэтуяа нь 2012 онд умай хүзүүний хорт хавдар оношоор умайн хүзүүг тайрах мэс засал хийгдсэн байх ба зам тээврийн осолтой холбоотой нөлөөлсөн гэх өөрчлөлт тогтоогдохгүй байна.” гэх дүгнэлт /хх-н 75-р хуудаст/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт /хх-н 81-р хуудаст/,

Шүүгдэгч Э.Зын хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 103-112, 177-183-р хуудаст/,

Э.Зын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 143-175-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.З нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн нутаг Манлай сум явдаг авто замын 32 дахь километрт 73-04 УБЯ улсын дугаартай “Грандбирд” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “Ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Ц.Эрдэнэтуяагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна  гэж үзэв. .

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Э.Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

2.Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хүндэвтэр гэмтэл авсан хохирогч  Ц.Эрдэнэтуяа, Х.Ууганбат нар нь хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлсэн. Хохирогч  О.Болдбаатар нь ямар нэгэн баримтгүйгээр  шүүгдэгч Э.Заас 2,000,000 /хоёр сая/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх зүйтэй гэж үзэв.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж,  600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтайваны Зыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Зт 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хохирогч О.Болдбаатарын нэхэмжилсэн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг  нь нээлттэй үлдээсүгэй.

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Зын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.БАТТУЛГА