| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0081/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/86 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/86
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгч өмгөөлөгч Г.Гандөш,
Шүүгдэгч М.О-, Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн М-ын О-, Х- овгийн Ц-гийн Б- нарт холбогдох эрүүгийн 1827000770075 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ___ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, Х- овгийн Ц-гийн Б- /РД:___/
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын ___ гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн М-ын О- /РД:___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-аас 24-ны шилжих шөнө 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх Г.Ц-ын хашааны үүднээс С.М-н эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн “Даюун” мотоцикл, мотоциклд ганзгалсан байсан ууттай эд зүйлийн хамт хулгайлж, хохирогч С.М-д 1.043.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 20-ны үед М.О-ын гэрийг нүүлгэж өгч байсан. Тэгээд бид 2-ыг гэр бариад дуусч байхад М-, Б- нар ирсэн. Тэгээд гэрээ барьж дуусчихаад Бат-Өлзий сум руу мотоциклийн юм авахаар явна гэсэн. Тэгээд би М.О-ыг хамт явах уу гээд хамт явсан. Замдаа “___” дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэгээд тэрийгээ уучхаад цааш явсан. Бат-Өлзий сум ороод мотоциклийн дэлгүүрээс ойр зуурын юм авсан. Тэгээд дэлгүүрээс 2 шил архи аваад тэрийгээ гол дээр уусан. Гэтэл М- мотоцикл хулгайлах санал гаргасан. Тэр саналыг нь би дэмжсэн. Бид 2 ярилцаад тэр 2-т мэдэгдээд яах юм гэж байтал М.О- сонсчихоод тийм юм байхгүй шүү гэсэн. Тэгээд М-, Б- 2 түрүүлээд явсан. М.О- бид 2 араас нь яваад дэлгүүр дээр нилээн хүлээсэн. Тэгээд би М.О-ыг чи яв яв би найзтайгаа уулзчихаад явна гээд дэлгүүрээс нэг пиво авсан. Тэгээд айлын үүдэнд нэг мотоцикл байхаар нь харанхуй болтол гол дээр хүлээж, гэгээ тасартал гол дагаж алхсан. Тэгээд харанхуй болохоор нь мотоцикл дээр очиход хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би мотоциклийг түрээд хашаанаас нь холдуулж байгаад аваад явсан. Мотоциклио унаад Бат-Өлзий сумаас хойш гараад Шийртийн давааны тэнд М.О-тай таарсан. Мотоциклийнх нь дугуй хагарчихсан байсан. Тэгээд мотоциклийнх нь дугуйг янзалчихаад байж байтал М-, Б- 2 нэг нэг мотоцикл уначихсан араас давхиж ирсэн. Тэгээд миний унаж байсан мотоциклийн ганзаганд байсан зүйлийг ухсан чинь архи, пиво гарч ирсэн. Тэрийг уучхаад гэр гэр рүүгээ хөдөлсөн” гэв.
Шүүгдэгч М.О- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ц.Б- бид 2 манай гэрийг нүүлгээд дуусч байхад М-, Б- 2 ирээд Бат-Өлзий сум орох гэж байгаа гэж байсан. Ц.Б- хоёулаа хамт Бат-Өлзий сум орох уу гээд хамт явсан. Тэгээд замдаа “___” гэдэг дэлгүүрээс 1 шил Ерөөл нэртэй архи авсан. Тэрийгээ даваан дээр уусан. Бат-Өлзий сум ороод мотоциклийн юм аваад дараа нь хүнсний дэлгүүр орж 2 шил архи аваад тэрийгээ гол дээр очиж хувааж уусан. Гэтэл М- мотоцикл хулгай хийх санааг гаргасан. Тэгээд Ц.Б- М- тэгж хэлсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Ц.Б-ыг яах гээд байгаа юм тийм зүйл байхгүй шүү, тэгвэл би явлаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал М-, Б- тэр 2 давхиад араас нь бид 2 явсан. Гэтэл тэр 2 нэг гудамж тойроод алга болсон. Тэгээд нэг дэлгүүрийн үүдэнд очсон чинь Ц.Б- би найзындаа орлоо чи яв гэсэн. Тэгээд би явлаа шүү гээд явсан. Цаашаа явж байтал гэрийн наад талын давааны тэнд миний урд дугуй хагараад нөхөж байсан чинь Ц.Б- араас ирсэн. Тэгээд дугуйгаа нөхөж дуусаад явах гэж байтал М-, Б- 2 ирсэн” гэв.
Хохирогч С.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт оршин суух Г.Ц-ын хашааны үүднээс өөрийн эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад...... миний мотоцикл дээр шуудайнд хийгээд тохсон 0.5 летрийн 1 хараа архи, 2.5 летрийн сэнгүр пиво 1 ширхэг, хонь хяргах хайч авсан 2 ширхэг, ЛД тамхи 2 хайрцаг,2 кг том чихэр байсан... би мотоциклио 1.750.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэг шил архиа 8000 төгрөг, пиво 6500 төгрөг, ЛД тамхи нэг бүр нь 2800 нийт 5600 төгрөг, хайч нэг бүр нь 3500 нийт 7000 төгрөг, 2 кг чихэр нэг бүр нь 6500 нийт 13000 төгрөг болж байна. Нийт 1.784.000 төгрөг болж байна..... би хохирлын 1.800.000 төгрөг нэхэмжилж, Б-, О- нараас авсан. Хохирлын тооцоо байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өгсөн”..... би дүгнэлтүүдтэй танилцлаа..... миний мотоциклийг арай л бууруулж үнэлж. Би мотоциклио 2017 оны өвөл 1.750.000 төгрөгөөр шинээр нь худалдаж авсан. Гэхдээ хохирлоо барагдуулаад авчихсан учир дахиж мотоциклио үнэлүүлэх шаардлагагүй юм. Бусад ганзгалгаанд байсан эд зүйлүүдийн үнэлгээ зах зээлийн ханшинд нийцсэн байна” гэсэн мэдүүлэг /хх-31-35 дугаар хуудас/
Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Манай хашааны үүдэнд байсан гэсэн би нүдээр хараагүй...... мотоцикл унаж ирсэн. Ирэхэд нь манай эхнэр Д.Э- мотоцикльтой хүн ирлээ гэж хэлж байсан. ”гэсэн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/
Гэрч Д.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ Харин замдаа архи уучихаад мотоцикль хулгайлгах санааг би гаргаад Б- дэмжиж О-, Б- хоёр за ч гээгүй, үгүй ч гээгүй өөрсдөө мэд гэсэн. Тэгээд сумын төв орж би Б- ахтай, харин Б-, О-тай хоёр хоёроороо салж явцгаасан... Б-, О- хоёр улбар шар өнгөтэй Даюун маркийн мотоциклийг хулгайлсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Гэрч Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “О-, Б- хоёр улбар шар өнгөтэй Даюун маркийн мотоциклийг тус тус хулгайлсан” гэсэн мэдүүлэг / хх 36-37 дугаар хуудас/
“Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 1-3, 6-8 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 27 дугаар хуудас/,
Яллагдагч М.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх ногоон өнгийн улсын дугааргүй Даюун эко маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээ /хх 28-30, 79-81 дүгээр хуудас/
Яллагдагч М.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-70 дугаар хуудас/
Хохирогч С.М-д учирсан хохирлыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ий үнэлгээ/ хх-ийн 71-78 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 23-аас 24-ны шилжих шөнө 20 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар багт байх Г.Ц-ын хашааны үүднээс С.М-н эзэмшлийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн “Даюун” мотоцикл, мотоцикльд ганзгалсан байсан ууттай эд зүйлийн хамт хулгайлж, хохирогч С.М-д 1.043.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч С.М-н мэдүүлэг /хх 31-35/, Гэрч Г.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.....Манай хашааны үүдэнд байсан гэсэн би нүдээр хараагүй...... мотоцикл унаж ирсэн. Ирэхэд нь манай эхнэр Д.Э- мотоцикльтой хүн ирлээ гэж хэлж байсан. ” гэсэн мэдүүлэг /хх 37 дугаар хуудас/, гэрч Г.Ц-, Д.М-, Б-, /хх-ийн 36-37, 42-43 дугаар хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх 1-3, 6-8 дугаар хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 27 дугаар хуудас/, шүүгдэгч М.О-ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан гэх ногоон өнгийн улсын дугааргүй Даюун эко маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээ /хх 28-30, 79-81 дүгээр хуудас/, шүүгдэгч М.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 66-70 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ий үнэлгээ/ хх-ийн 71-78 дугаар хуудас/, шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ц.Б-, М.О- нарын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ц.Б-, М.О- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь 14 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
шүүгдэгч Ц.Б-, М.О- нарын тус тус цагдан хоригдсон 14 хоногийг буюу 112 цагыг шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 320 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 208 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч М.О-д оногдуулсан 260 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 148 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож,
шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-аас 500.000 төгрөг, шүүгдэгч М.О-аас 500.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгож,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч нарыг суллаж, шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овгийн Ц-гийн Б-, Б- овгийн М-ын О- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овгийн Ц-гийн Б-ыг 320 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч Б- овгийн М-ын О-ыг 260 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ц.Б-, М.О- нар нь 14 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-, М.О- нарын тус тус цагдан хоригдсон 14 хоногийг буюу 112 цагийг шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 320 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 208 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
шүүгдэгч М.О-д оногдуулсан 260 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 148 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б-аас 500.000 төгрөг, шүүгдэгч М.О-аас 500.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дугээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүгдэгч нарыг суллаж, шүүгдэгч Ц.Б-, М.О- нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хургуулснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч
Ц.Б-, М.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН