Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00892

 

Р.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах,  Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Р.Ц

          Хариуцагч: Г.Ст холбогдох

          46,686,000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Ш.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Ц, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016-03-15-ны өдөр 60 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Мөнгийг хүү Золбоо авч Г.Ст өгсөн. Би хүүхдээрээ мөнгө дамжуулж өгөхөд Г.С өөрөө аваагүй, харин түүний ээж, дүү хамт ирээд авсан гэсэн. Мөнгө зээлснээс хойш Ц.Сансарчимэг мөнгөө өгөхгүй байсан тул гэрээг нөхөн хийж, нотариатаар баталгаажуулсан. Иймд зээлийн гэрээний дагуу 64.950.000 төгрөгийг Г.Сээс  шаардсан боловч багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл 31.686.000 төгрөг, алдангид 15.000.000 төгрөг, нийт 46.686.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

    Хариуцагч тал хариу тайлбартаа: 2015-03-15-ны өдөр Хонконгод байхдаа найз н.Золбоогоос тусламж хүссэний дагуу 60 сая төгрөг барааны төлбөрт шилжүүлсэн. Бараа зарагдмагц мөнгөө өгөхөөр тохиролцсон ч зарагдахгүй байсан учир мөнгийг нь өгөлгүй удсан. Тухайн үед н.Золбоо миний өгсөн мөнгө манай ээжийн мөнгө байсан, тийм учраас манай ээж чамтай уулзья гэж байна гэхэд нь н.Золбоогийн ээжтэй уулзсан. Мөнгөө өгөхгүй удсан учраас би чамаас хүү, алдангитай нь авна гэсэн учраас зээлийн гэрээг байгуулсан.  Мөнгийг анх шилжүүлэхдээ хүү, алдангийн талаар яриагүй. Найзууд хоорондоо бие биенийхээ бизнесийг дэмжиж мөнгө зээлдүүлсэн учраас Р.Ц уг мөнгийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Миний хувьд 28 214 000 төгрөгийг төлсөн учир 31 686 000 төгрөгийг төлөх ёстой гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-г баримтлан Г.Сээс 46 686 000 төгрөг гаргуулан  Р.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 391 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч анх 2016-03-15-ны өдөр Хонконг улсад явж байхдаа найз Золбоогоос туслалцаа хүсч “Изабель гарсия” брендийн барааны үнэд 60 сая төгрөг төлж өгөх, барааг зарагдмагц буцаан төлөх нөхцөлтэй харилцан тохирч, улмаар худалдааны компанид барааны үнэд төлөх 60сая төгрөгийг н.Золбоогоос авсан. Сансарчимэг, Золбоо нарын хооронд барьцаа, хүү, алданги яригдаагүй бөгөөд мөнгө буцааж төлөх баталгаа гаргуулна гэж дуудан Р.Ц гэж хүнтэй 2016.05.13-ны өдөр уулзуулсан, 60сая төгрөг миний мөнгө биш манай ээжийн мөнгө юм гэж тайлбарлан нөхөж зээлийн гэрээ байгуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээг мөнгө шилжүүлснээс хойш 2 сарын дараа байгуулсан байна гэж дүгнэсэн атал 60сая төгрөгт алданги тооцож нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж алданги 15.000.000 төгрөгийг хасч өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Р.Ц 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г.Ст холбогдуулан нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 31.686.000 төгрөг, алдангид 15.000.000 төгрөг, нийт 46.686.000 төгрөг шаарджээ.

      Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, харин түүний хүү Золбоогоос 60,000,000 төгрөг авч, бараа зарагдахаар буцааж өгөхөөр тохирсон гэж маргасан байна.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Г.С нь Р.Цгээс хүү Золбоогоор нь дамжуулан 60 сая төгрөг зээлсэн үйл баримтыг үгүйсгэж чадаагүй бөгөөд мөнгө хүлээн авснаас хойш амаар байгуулсан гэрээг бичгийн хэлбэрт оруулж, уг мөнгийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон нь зээлийн гэрээ, зээлийн төлөлт хийсэн баримтаар нотлогдож  байна.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзсэн нь зөв байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 232 дугаар зүйлд зааснаар бичгээр тохиролцсон тохиолдолд алданги шаардах эрх үүснэ.

       60.000.000 төгрөгөөс хариуцагч 28.214.000 төгрөг төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 31.686.000 төгрөгийг алданги 15.000.000 төгрөгийн хамт Г.С нэхэмжлэгчид  төлөх үүрэгтэй байна.

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв .

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/03371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 548 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 232.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                                                                                                                      

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.ЗОЛЗАЯА

                                  ШҮҮГЧ                                                Б.УНДРАХ