Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2020/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Э.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Эрдэнэбаатарын Аид холбогдох 1929001320063 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 5-165 тоот дахь иргэн Б.Тулгын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Мд агсам тавьж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хохирогч Э.Мгийн: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нөхрийн найз Тулгын гэрт очсон. Тэгсэн манай нөхөр А, Тулга, Төрөө 3 жоохон пиво уусан байсан. Тэгээд миний машины ард байсан пивоноос гаргаж өгсөн. Тэгсэн Тулгаагийн гэрт пиво ууж сууж байгаад бид хэд Тулгаагийн дүү охины талаар яриад сууж байхаар нь “за та нар тэрийг энд яриад яадгийн” гэсэн чинь манай нөхөр босож ирээд намайг үсдэж аваад дараад толгойруу гараараа цохиод байсан. тэгсэн хажууд сууж байсан Төрөө салгах гэсэн чинь ”энэ миний амьдрал та нарт хамаагүй” гэх зэргээр хэлж Төрөөг цааш нь болгосон. Тэгээд би босож ирээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байхаар нь би эвтэйхэн байж байгаад тэр орой гараад буудалд очиж хоносон юм. Тэгээд би маргааш нь Тулгаагийн гэрт яваад очсон чинь Аийн архи нь гараагүй намайг элдэв үгээр хэлээд “чи хаана хоносон” гэх зэргээр миний хөл гуяруу өшиглөөд байсан. Тэгээд би гайгүй аргадаж байгаад архийг нь гаргаад орой “Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас ачааг нь ачуулаад би хотруу явсан. Тэгээд хотоос Дорнод аймаг ороод Цагдаагийн газар хандсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудаст/,

Гэрч Б.Мөнхдолгорын: “...Би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчим Чойбалсан суманд гэртээ байж байхад манай охин Энхтуул надруу утастаж “эгч сая хотоос манайд ирлээ, нөхөртөө зодуулчихсан байна” гэхээр нь би охин Мтай утсаар ярихад миний бие өвдөөд байна, Лхагва хотруу ярьсан. Тэгэхээр нь би яасан талаар асуухад “өвдөхгүй юм алга, толгой тархи өвдөөд байна” гэж хэлсэн. Тухайн үедээ нөхөртөө зодуулсан талаараа надад юм хэлээгүй. Тэгэхээр нь би санаа зовоод охин Энхтуулаас асуухад “би хүзүү нь нилээд олон газартаа хөхөрчихсөн байна, би усанд орж байхад нь харчихаад асууж шалгаасаар байгаад яриулсан” гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудаст/,

Гэрч У.Энхтөрийн: “...М хотоос ирсэн гээд орж ирж байсан юм. тэгсэн нэг мэдсэн би тасраад унтаад өгсөн А, М хоёр маргалдаж байх шиг санагдсан миний ухаан санаа орж гараад байсан юм тэгсэн А Мг үстэж авахаар нь би “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй” гэж хэлж байсан тэгээд би тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй маргааш өглөө машиндаа засвар хийх байсан болохоор яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх-н 30-р хуудаст/,

Гэрч Э.Энхтуулын: “...Манай эгч, ах хоёр Дорнод аймагт ажиллаж амьдарч байсан сүүлийн нэг жилийн хооронд А ах Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байгаа гэсэн 2019 оны 04 дүгээр сард манай эгч нөхөр дээрээ очоод ирэхэд манай эгч А намайг зодсон гэж байсан”, манай эгчийн дух шалбарсан байсан, зүүн нүд, шанаа нь гэмтсэн, хөл гар нь хөдөлж чадахгүй хөндүүрлэж байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудаст/,

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 280 дугаартай “Э.Мгийн биед духны зулгаралт, шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаанд шанааны цус хуралт, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно.дээрх гэмтлүүдийн духны няцарсан шарх нь дангаараа, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 40-р хуудаст/,

            Шүүгдэгч Э.Аийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 51, 57-р хуудас/,

Э.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 52-р  хуудас/

Э.Аийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 53-55-р хуудас/

Хохирогч Э.М нь Э.Аоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэм хүсэлт /хх-н 56-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Уурхайчин хорооллын 5-165 тоот дахь иргэн Б.Тулгын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э.Мд агсам тавьж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Аийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож , ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Э.М нь шүүгдэгч Э.Аоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч Э.Аид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас гаргасан  саналын хүрээнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт Эрдэнэбаатарын Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хоирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Аид 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Э.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Аид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.БАТТУЛГА