Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/06

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр

Шүүгдэгч: Ш.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Шагдарын Эд холбогдох 1929000000142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ш.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Говь түрүү” ХХК-ийн кемпийн гэрт 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Баярсайхантай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж улмаар зодож тархины доргилт, эрүүний хоёролсон далд хугарал, 11-р хавирганы далд хугарал, хүзүү, зүүн бөөрний бүрхүүл доорх цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Э мэдүүлэхдээ: “Цогтцэций сумын “Говь түрүү” ХХК-ны байранд 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой ажлаасаа бууж ирээд амарч байсан чинь урд гэрт дуудаад ороход төрсөн өдөр гээд нэг шил  архи ууж байсан. Намайг архи уу гэхээр нь би уудаггүй гээд хэлээд буцааж өгөөд зугтан барин гэртээ орж ирээд унтаж байсан чинь 22 цагийн үед орж ирж сэрээгээд гутлаа шидээд “бос ундаа хийж өг” гээд байсан учраас маргалдаад гэнэт уур хүрээд очиж цохисон” гэв.

Хохирогч Б.Баярсайханы өгсөн: “...Тэгээд хэсэг хугацааны дараа бид нар унтах гээд ор орондоо орсон тэгсэн намайг хэвтэж байхад Э миний нүүрлүү цохисон. Тэгэхэд миний эрүүний хэсэг эвгүй болчихсон миний хавирга хэсэгрүү өвдгөлсөн”  гэх мэдүүлэг /хх-ийн 68-р хуудас/

Гэрч Зоригтбаатарын өгсөн: “...Э Баярсайхан руу очоод нүүрлүү нь гараараа 2 удаа цохиод авсан тэгэхэд нь би очоод салгасан.”  гэх мэдүүлэг  /хх-ийн 70-72-р хуудас/

Гэрч Болд-Эрдэнийн өгсөн: “...Тэр архийг нь Баярсайхан, Зоригтбаатар бид 3 хувааж уусан, архи ууж байхад Баярсайхан Эг хэвтэж байхад нь “ундаа аяганд хийж өг”, Зоригтбаатарыг “тамхи асааж өг” гээд байсан тэгээд хэсэг маргалдаж байгаад Баярсайханыг орон дээр байхад нь Э очоод нүүрлүү гараараа 2 удаа цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №630 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78-р хуудас/

Яллагдагч Ш.Эгийн өгсөн мэдүүлэг /хх-н 84-87-р хуудас/

         Шүүгдэгч Ш.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/,

Шүүгдэгч Ш.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хуулийн эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 9-14-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Хохирогч Б.Баярсайханы биед “тархины доргилт, эрүүний хоёролсон далд хугарал, 11-р хавирганы далд хугарал, хүзүү, зүүн бөөрний бүрхүүл доорх цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан шүүгдэгч Ш.Эгийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгч Ш.Энх-Амгалаг нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ш.Эгийн  бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Баярсайхан  мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ: “… намайг эрүүл болгохыг хүсч байна” гэх хүсэлт /хх-ийн 69 тал/, мөн шүүхээс шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “ шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гээд хохиролын талаар 2 сарын цалин 2.4 сая төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 10 сая төгрөг гаргуулж өгнө үү гэсэн хэдий боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.  Шүүгдэгчийн зүгээс  “… Би эхлээд би 130000 төгрөг бэлэн өгсөн. Дараа нь манай эхнэр дагуулж яваад бүх төлбөрийг нь төлсөн. Ингээд хохирогч Б.Баярсайханд нийт 1455760 төгрөг өгсөн” гэснийг  дурьдах зүйтэй. Хохирогч Б.Баярсайханы зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд баримт ирүүлээгүй болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: -улсын яллагчаас шүүгдэгч Ш.Эг г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 600.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүгдэгч Ш.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ш.Эг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ш.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 36.8 , 36,10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Шагдарын Эг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эгаас 1 157 760 төгрөг гаргуулж хохирогч Б.Баярсайханд олгосугай.

4. Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА