| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/07 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Хохирогч: Ц.Бямбаа,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг,
Шинжээч эмч: Г.Ханхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овогт Мөнхбаатарын Мд холбогдох 1929002360107 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь Өмнөговь аймгийн Манлай сумын Өгөөмөр багийн нутагт 2019 оны 08 дугаар сарын 10-ны орой тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БНХАУ-д үйлдвэрлэсэн “Чансаа” нэртэй улсын бүртгэл, дугааргүй мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ц.Нямсүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь мэдүүлэхдээ: “...Хөдөө байж байсан чинь талийгаач 2 уулаа сум яваад ирье гээд гуйгаад байхаар нь би мотоциклын дугуй янзалж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ дугуйгаа янзалж байсан чинь 1 цагийн үед надруу залгаад “гялз сум яваад ирье” гэсэн. Тэгээд гэрт нь очоод сундлаад бид 2 сум явсан. 2 цаг өнгөрч байхад сум руу орсон. Суманд ороод мотоциклын сэлбэг авсан, хүнсний дэлгүүр ороод талийгаач 4 лааз пиво аваад талийгаачийн хадмын гэрт очсон. Тэнд байхад Даваабал утсаар “ хүлээж байгааараа” гэж ярьсан, тэндээ Даваабалыг хүлээгээд 4 лааз пиво уусан. Тэгээд Даваабал ирээд бид 3 хөдөө явсан. Замд Даваабалын мотоциклын дугуй хагараад нөхөөд цааш явсан тэгээд осол болсон. Ухаан алдаад сэргэхэд Даваабал дуудаж байсан, босож ирсэн чинь талийгаачийн чихнээс цус гарч байсан. Би Даваабалыг түргэн дууд гээд сүлжээнд явуулсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд сум орсон“ гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-16-р хуудас/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан “1.32 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-21-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаагийн өгсөн: “Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтэнд мотоциклийн жолооч Мгийн олон буруутай үйлдэл тасгагдсан байна. Осол энэ хүнийг буруутай гэдэгт санал нийлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаагийн дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/
М.Мгийн гэрчээр өгсөн: “...сумын төв дээр ирээд сэлбэг авчихаад хүнсний дэлгүүр орж хүнсний ногоо, талх, чихэр, HITE нэртэй 0,5 грамм 4 лааз пиво аваад сумын төвд байдаг Сугир эмээгийн гэрт ороод Нямсүрэн ах бид хоёр пивонуудаа уугаад байж байтал найз Даваабал ирээд бид гурав хоёр мотоцикльтой Өгөөмөр багийн Хонхот гэх газарт байх хөдөө гэрлүү 19 цагийн үед хөдөлцгөөсөн. Тухайн үед би Нямсүрэнг сундлаад Даваабал өөрийнхөө мотоциклийг унаад явсан. Сумаас гарч яваад Даваабал 3 лааз пиво авсан байсныг нэг нэгээр нь уучихаад цаашаа хөдлөөд явсан. Сумын төвөөс 30 гаран километрт явж байтал замын эргэлттэй хэсэг дээр шарвалт өгөөд онхолдсон. Нэг мэдэхэд Даваабал намайг дуудаж байсан. Босоод ирсэн чинь Нямсүрэнгийн чихнээс цус гоожчихсон ухаангүй хэвтэж байсан ... Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Согтуурал шалгах багаж үлээхэд 1.32% гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36, 37-39-р хуудас/
Гэрч Б.Даваабалын өгсөн: “М осолд орох үедээ өөрөө мотоциклоо унаж, түүний араар Нямсүрэн ах сундалдаж явсан ... М, Нямсүрэн хоёртой сумын төв дээр уулзахад нүд ам нь сонин болчихсон, уусан шинжтэй пиво үнэртэж байсан ... Нямаа ах унаж тустлаа согтоогүй байсан. Ардуур нь сундалдаж явахдаа ямар нэгэн гуйвсан дайвсан үйлдэл гаргалгүй зүгээр л сууж байсан. Би тэдний араас 80 км/ц хурдтай явахад надад гүйцэгдэлгүй хоорондын зай ойртож өгөхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41, 42-45-р хуудас/
Гэрч Ц.Нармандахын өгсөн: “Тэр гурав 2 мотоцикльтой явсан. Даваабал, М хоёр жолоодож явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/
Гэрч А.Сугирсүрэнгийн өгсөн: “Намайг анх очиход архи согтууруулах ундаа үнэртэж байсан. Би тэр хэдээс архи согтууруулах ундаа уусан юм уу гэхэд М пиво уусан гэж байсан. Хэн нь жолоо барьж явсан талаар асуухад М мотоцикль жолоодож явсан. Ард нь Нямсүрэн сундалж явсан. Даваабал ганцаараа ардаас нь мотоцикльтой явж байсан гэж хариулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/
Гэрч Ц.Сугирын өгсөн: “Намайг гэрт очиход ууж идсэн пивоны сав нь ил байгаагүй. Гэрийн үүдэнд цаасан хайрцаганд лаазтай пивоны 2 сав байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,
Гэрч Н.Өнөржаргалын өгсөн: “Тэр өдөр 21 цаг дөхөж байхад Даваабал утсаар яриад М, Нямсүрэн хоёр миний урд явж байгаад онхолдчихлоо. М ухаан ороод Нямаа ах ухаан орохгүй, дүнгэнэтэл хурхираад байна гэж хэлээд утсаа тасалсан ... Тэр мотоцикль Мгийн өөрийнх нь мотоцикль. Хөдөө гэрээс явахдаа М тэр хоёр хоёулахнаа явсан. Тэгэхэд М жолоодоод манай хүн сундалдаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас/,
Гэрч Б.Энхбаярын өгсөн: “Тэр хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож хөдөө гэрлүүгээ харих гэж яваад онхолдсон гэдгээ өөрсдөө ч хэлж байсан. Мөн тэр газарт мотоциклийн шарвасан, онхолдож унасан байдалтай ул мөр нь тодорхой харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаартай: “Талийгаач нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэх дүгнэлт /хх-ийн 61-63-р хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай: “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.5б, 3.7а дахь заалтыг зөрчсөн Мөнхбаатар овогтой Мгийн үйлдэл нь тухайн зам тааврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/,
М.Мгийн яллагдагчаар өгсөн: “Даваабалын сумаас авсан 3 лааз пивийг нэг нэгээр нь уусан. Харуй бүрий болгоод цааш хөдлөөд явж байхад зам тохойрдог хэсэг дээр шарваад онхолдсон ... Би 70-80 км/ц хурдтай явж байсан байх. 3 лааз пиво уусан байсан. Цагдаа шалгахад 1.32% согтолттой байсан. Надад жолооны үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/
Мөрдөгчийн “М.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг шалгасан” тэмдэглэл /хх-ийн 83-р хуудас/,
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 88-108-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч М.М нь “Чансаа” нэртэй улсын бүртгэл, дугааргүй мотоцикль жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараахь зүйлийг хориглоно, тухайн тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн зохих буруутай байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Ц.Нямсүрэнийн амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Шүүгдэгч М.Мгийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдэлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч М.Мг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбаа нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд зардлын талаар баримт ирүүлээгүй болно. Харин шүүгдэгчтэй 7 сая төгрөгийг нөхөн төлөх эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлснийг дурьдах зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон учраас гэм хор бол арилахгүй. Үүн дээр харамсаж байгаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь гэм буруутай үйлдэл байгаа боловч шүүгдэгч өөрийн биедээ гэмтэл авсан зэргийг харгалзан үзнэ гэсэн дүгнэлийг
- шүүгдэгч М.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж , түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан ялын доод хэмжээгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу М.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохыг тогтоолд тусгаж өгөх нь зүйтэй.
Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 7000000 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дархчууд овогт Мөнхбаатарын Мг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч М.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мгийн жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
6. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч М.М, хохирогч Ц.Бямбаа нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА