| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0004/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/08 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч М.Л,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Мөнхсайжрахын Лд холбогдох эрүүгийн 1929002110124 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Л нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Ухаа худаг” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 114 дэх километрт 94-43 ӨМҮ улсын дугаартай Рав 4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Амин-Эрдэнэ, Ц.Долгормаа нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Л мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даншиг болсон. Ханбогд сумаас гэр бүлээрээ аймаг явсан. Бүгдээрээ наадам үзчихээд Ханбогд сум руу гарсан. Цогтцэций суманд очоод эхнэрийн найзынд нь байж байгаад Ханбогд сум руу гарсан боловч цагдаа зогсоосон учир буцаж Цогтцэций сум орсон. Тэр айлд хонохдоо 2 ширхэг пиво ууж хоносон. Би хөдөө гэр лүүгээ ярьж дуусаад оройны 11 цагт унтсан. Өглөө манай эхнэр намайг маш эрт сэрээсэн боловч би уурлаад буцаад унтлаа гэж бодсон. Тэр айлын хашаанаас машинаа яаж барьснаа мэдэхгүй нэг мэдэхэд 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод нэг орон дээр сэрээд миний хажууд байсан хүнээс хаана байгаа талаараа асуухад миний хажууд байсан манай дүү та осолд орсон эхнэр хүүхдээ алдсан гэсэн мэдээлэл хэлсэн. Намайг ухаан ороход бүх ажил явдал болсон байсан. Эхнэр хүүхдээ ярихад уйлчих гээд тайван байж чаддаггүй уучлаарай. Маш их харамсаж байна...” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-26-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Будсүрэнгийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өглөө Даланзадгад суманд манайд байж байгаад Ханбогд сум орох гээд явсан. Өнөөдөр өглөө Лын утасруу залгахад осол гарсан талаар хэлсэн. Ц.Долгормаа, М.Л хоёулаа жолооны үнэхлэх байхгүй. Нөхөр Л нь байнга жолооддог. Манай эгч огт машин жолооддоггүй ... Бидний хувьд 2 хүнээ алдсан хэцүү л байгаа. Гомдолтой байна “ гэх мэдүүлэг /хх-ийн 55-57, 58-59-р хуудас/
Гэрч Г.Ган-Эрдэний өгсөн: “...Тэр машин яг онхолдох үед араас нь харахад шон мөргөж шарваад эмэгтэй хүн цонхоороо шидэгдээд агаарт 2-3 эргээд газар унаж байгаа харагдсан ... Ямар нэгэн огцом хөдөлгөөн хийж шарваагүй. Жигд хурдаар явж байгаад замын хажууруу орж шон мөргөөд онхолдсон ... нэг нялх хүүхэд дээшээ хараад, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн доошоо харсан байдалтай хөдлөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-р хуудас/
Гэрч Х.Лхамсүрэнгийн өгсөн: “...манай машин араас нь явж байхад тэр Рав 4 гэнэт замын хажууруу ороод замын барууун талд байсан замын хязгаарлах шонг мөргөөд онхолдсон ... машинаас урагш эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шидэгдсэн байдалтай, хойд талд нь эмэгтэй нялх хүүхэд нүцгэн дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
Гэрч Н.Өлзийсайханы өгсөн: “...дуудлаганд очиход суудлын жижиг автомашин замын хажууруу уначихсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн осолд орсон байдалтай 2 тийшээ хараад хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №95, 96, 97 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 93-94, 95х, 96/
Зам тээврийн осол дээр тогтоососн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн:
Зам тээврийн осол дээр тогтоососн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 515 дугаартай дүгнэлт /хх-ийн 112-113-р хуудас/
Сэтгэцийн Эрүүл мэндийн төвийн шинжээчийн багийн 1170, 1339 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 121-123, 127-130-р хуудас/
Шүүгдэгч М.Лын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Лын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146-р хуудас/
Шүүгдэгч М.Лын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 142-146-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч М.Л нь 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Ухаа худаг” уурхайгаас “Гашуун сухайт” хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 114 дэх километрт 94-43 ӨМҮ улсын дугаартай Рав 4 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох тул хохирогч Д.Амин-Эрдэнэ, Ц.Долгормаа нарын амь нас хохирсныг гэмт хэргийн хохиролд, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч 2 хүний амь нас хохирсон үйл баримт нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд дээрх болгоомжгүй үйлдэл, хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүх шүүгдэгч М.Лт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос зохих хувийг нөхөн төлснийг, хохирлоос үлдэх хувийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, оногдуулсан хорих ялыг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан, мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Харин шүүх …энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч М.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх ба энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба 5 /таван/ жилийн хугацаагаар эрх хасаж, эрх хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Будсүрэнгийн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгахтай холбогдон цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийдвэрт дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Л иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Мөнхсайжрахын Лыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар М.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ламжавт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ламжавт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг уг ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай
5. Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Будсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгахтай холбогдон цаашид гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч М.Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Шүүгдэгч М.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Лын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА