Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00891

 

Л.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02291 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 313 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.Б

          Хариуцагч: Ж.Чд холбогдох

          202,606.85 ам.доллар буюу 449,716,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Ж.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагч Ж.Ч, түүний өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэрэл холдинг” ХХК нь 2006-02-01-ний өдөр “Т” ХК-иас хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллахыг хүссэн албан бичиг ирүүлсэн тул гэрээ байгуулах, банкнаас их хэмжээний зээл авах “Энэрэл холдинг” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийх асуудлыг Компанийн тухай хуулийн 85.1, Компанийн дүрмийн 7.3.4, хөдөлмөр менежментийн гэрээний 8.4-т зааснаар төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-р  хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах шаардлагатай байсан.Гэвч ямар нэг зөвшөөрөл аваагүй, шийдвэр гаргуулаагүй байж дур мэдэн дээрх гэрээг байгуулж, хууль болон гэрээний заалтыг ноцтой зөрчсөн.Иймд хөдөлмөрлөх үедээ байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж учирсан хохирлоо Ж.Чгээс гаргуулахаар нэхэмжилсэн.  Ж.Чтэй байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 8.3-т “ТУЗ-өөс тухай бүр олгодог их хэмжээний хэлцлээс бусад хэлцлийг бие дааж хийнэ” гэснийг мэдсээр байж их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-өөс зөвшөөрөл аваагүй учир түүний энэ үйлдлийг санаатай үйлдэл гэж үзэж байна. Иймд хэлцлээс үүдэн гарсан үр дагаврыг хариуцан арилгах ёстой. Хөдөлмөр менежментийн гэрээний дагуу “Т” ХК-ийн өмнө хариуцлага хүлээж, “Энэрэл холдинг” ХХК-иас өөрт учирсан хохирлоо нэхэмжлэн авах нь шударга ёсонд нийцнэ. Хариуцагч гэрээ байгуулахдаа эдийн засгийн үр ашгийг тооцож, тооцоо судалгаа хийгээгүй, байдалтай байсан. Энэ нь түүний асуудалд ямар байдалтай хандсаныг харуулж байгаа бөгөөд ямар ч удирдах албан тушаалтан байгууллага алдагдалд оруулах гэрээ хийдэггүй. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас байгууллагад учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа бөгөөд их хэмжээний хэлцлийг хууль, гэрээний заалт зөрчиж хийсэн хариуцлага хүлээх нь зүйтэй. Ж.Ч “Т” ХК-ийн хооронд үүссэн асуудал нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаагаар зохицуулагдсан болно. Тухайн үед “Хас банк” ХХК-иас 158,000 ам.долларын зээл авахдаа барьцаанд тавьсан компанийн үл хөдлөх эд хөрөнгө буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбийн гудамж 22-2 тоотын дэлгүүр засварын зориулалттай барилгын үнэ 254сая төгрөг байсан. Барьцаанд тавьсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн “Т” ХК-ийн нийт хөрөнгийн 32,3%  эзэлж байсан нь “Инстар аудит” ХХК-ийн 2013-06-03-ны өдрийн 01 тоот дүгнэлтээр “...их хэмжээний хэлцэл...” болох нь тогтоогдож байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахдаа “Т” ХК-ийн ТУЗ-өөс зөвшөөрөл авах шаардлагатай байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу санхүүгийн тайлан 2012-12-31-ний өдрөөр тасалбар болдог. Түүнээс 2008, 2009, 2010 оных биш, 2007 оны тайлан баланс яригдана. Гэрээ хийхдээ тухайн үед үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу жилийн тайлан баланс 12 дугаар сарын 31-ний өдрөөр, болон улирлаар гардаг байсан. Үүнийг шүүх анхаарах хэрэгтэй. Ингээд асуудлыг хэлцэл хийх сүүлийн активын нийт дүнг тогтоодог. Активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө орж байгаа. Хариуцагч баланс тогтоосон дүн дээр маргадаг. Зах зээлийн үнийн дүн хэзээ тодорхойлогддог бэ? гэхээр аудитын тайлан болон мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байсан тайлан балансаар тодорхой зааж өгсөн. Балансан дээр анх худалдаж авсан үнийн дүн, элэгдэж хорогдсон үнийн дүнг хассан дүн байдаг. Ийм учраас гарцаагүй барьцаалсан болон зээлийн үйл ажиллагаа нь нотлох баримтуудаар 25 хувиас дээш байна гэдгийг тогтоосон. Үүнийг мэргэжлийн хяналт болон шинжээчийн дүгнэлтүүдийг хариуцагч няцааж чадаагүй. Аудитын тухай хууль болон шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ 25 хувиас хэтэрсэн гэдэг нь тодорхойлогдож байгаа. Ж.Ч гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа гэрээ буюу зээлийг авахдаа бүх эрх мэдлийг ашиглаад ТУЗ-д мэдэгдэхгүйгээр их хэмжээний хэлцэл хийсэн нь шинжээчийн дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1 дэх хэсэгт “байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд хөдөлмөрийн, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага оногдуулна” гэж заасан. Мөн хуулийн 135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан. Хөдөлмөрийн тухай  135.4-т ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгөтэй байгуулсан  бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй гэж заасан. Гүйцэтгэх захиралтай байгуулсан хөдөлмөр менежментийн гэрээний 9.10-д захирал өөрийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас компанид эд хөрөнгийн хохирол учруулсан бол учруулсан хохирлын хэмжээгээр компанийн өмнө өөрийн эд хөрөнгөөр хариуцлага хүлээнэ. Мөн гэрээний 9.12-т “захирал Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болно” гэж заасан. Ийм учраас гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ёстой гэж заасан учир хариуцлагаа хүлээх ёстой. Компанийн тухай хуулийн 81.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн хууль бус үйл ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг хариуцна гэж заасан тул хариуцагч Ж.Ч дээрх компанид учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн  135.1.2-р хариуцан арилгах ёстой. Дээрх зүйлээс үндэслэн Ж.Ч “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн ТУЗ-өөс зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл байгуулж, компанид их хэмжээний хохирол учруулсан бөгөөд уг хохирлыг “Т” ХК бүрэн төлж барагдуулсан нь “Хас банк” ХХК-ийн 2010-08-18-ны өдрийн 41511 дүгээр албан бичгээр нотлогдож байгаа. Нэхэмжлэлийн хувьд хариуцагч Ж.Ч “Т” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа учруулсан “Хас банк” ХХК-тай байгуулсан 2007-03-15-ны өдрийн 2300178 дугаар зээлийн гэрээний төлбөрт “Т” ХК-иас төлсөн 202,606.84 ам.долларыг 2016-09-01-ний өдрийн Монголбанкны ханшаар тооцож 449,716,295 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч болон түүний өмгөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 150,000 ам.долларын зээлийг миний бие гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулж, “Хас банк” ХХК-иас авч, тухайн компанид олгосон. Нэхэмжлэлийн үндэслэл нь намайг эрх хэмжээгээ хэтрүүлж, их хэмжээний үнийн дүнтэй хэлцэл байгуулсан гэж байна. Гэтэл Компанийн тухай хуулийн 84.1 дэх хэсэгт “их хэмжээний хэлцэл” гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Мөн хуулийн 87.1.1-д “их хэмжээний хэлцэл гэдэг нь өмнөх сүүлчийн балансын актив хөрөнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, худалдан авах захиран зарцуулах болон түүнийг барьцаалахтай холбогдсон хэлцлийг их хэмжээний хэлцэл” гэж тодорхойлсон. “Энэрэл холдинг” ХХК тухайн үед Гаалийн ерөнхий газраас татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл авсан. Хамтран ажиллах хүсэлтийг 2006-12-01-ний өдөр гаргасан. Энэхүү саналыг үндэслэн 2007-02- 27-ны өдөр “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу “Энэрэл холдинг” ХХК татваргүй барааны дагуу бараагаа татан авч, зээлийн хүү эрсдэлээ компанид бүрэн төлж барагдуулна, төлүүлсэн ашгаа хуваана гэж тохирсон. “Т” ХК, “Энэрэл холдинг” ХХК-тай гэрээ байгуулсан учраас 2007-03-15-ны өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн шугамын болон барьцааны гэрээ байгуулан 150,000 ам.доллар авсан. 2007-04-13-ны өдрийн 47 тоот төлбөрийн даалгавраар “Энэрэл холдинг” ХХК-д шилжүүлсэн. “Хас банк” ХХК-иас зээл авахдаа “Т” ХК-ийн 147,496.3 төгрөгийн үнэтэй дэлгүүрийн цехийн барилгыг барьцаалсан. Дээрх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2003-08-25-ны өдөр НИММ-Аудит ХХК нь зах зээлийн хандлагын аргаар 127,587.6 төгрөг, зардлын хандлагын аргаар 120,708.4 төгрөг, орлогын хандлагын аргаар 151,842.5 төгрөг гэж тогтоож, “Т” ХК-ийн электрон барааны дэлгүүрийн барилгын зах зээлийн өртгийг зардлын хандлагаар 120,708.4 төгрөг гэж тогтоосон. Уг үнэлгээг үндэслэн “Т” ХК тайлан баланст бүртгэсэн. “Т” ХК-ийн өмнөх тайлан баланс нь 2006-12- 31-ний өдрөөр гарсан. Тухайн тайлан балансад аудитын үнэлгээ хийж баталгаажуулсан. Санхүүгийн болон татварын байгууллагуудаар хянуулж баталгаажуулж, уг тайлан балансад компанийн нийт актив хөрөнгийн хэмжээ 756,707 төгрөг гэдгийг тогтоосон. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд компанийн үндсэн хөрөнгө багтдаг. Актив хөрөнгийн бүрэлдэхүүнд миний гэрээ байгуулахдаа барьцаалсан 147,496.3 төгрөгийн зах зээлийн үнээр бүртгэгдсэн. 147,496.3 төгрөгийг байгуулахад барьцаалсан хөрөнгө нь нийт активын 19,5 хувийг эзэлж байсан тул тухайн гүйцэтгэх захирал эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж болох хэлцэл байсан. Хөдөлмөрийн менежментийн гэрээнд энэ талаар тодорхой заасан. Мөн тухайн үед банктай байгуулсан гэрээ хэлцэл, авсан зээлийн хэмжээ бүртгэлд бүртгэгдэхдээ санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн тайлан балансад 174,700,000 төгрөг гэж тодорхойлсон. Зээлийг нэг жилийн хугацаатай авсан учир татварын барааны дэлгүүр Ховд аймгийн Яргайтын боомт дээр байрлах улирлын үйл ажиллагаатай байсан учраас борлуулалт эрсдэл орсон жилийн дотор зээлээ төлөөгүй нь үнэн. Зээлийг төлөөгүй учир банк нь “Т” ХК-иар зээлийг төлүүлж авсан байдаг. “Энэрэл холдинг” ХХК-тай акт баримт үйлдэж авсан. Төлүүлэх талаар шаардлага тавьж ажиллаж байгаад “Энэрэл холдинг” ХХК-ийн захиралд 2009-03- 15-нд ТУЗ-д хандаж зээлийнхээ төлбөрийг сунгуулах тухай хүсэлт тавьж байсан. Тухайн үед хүлээж аваад шийдвэр гарч байсан. Энэ хугацаанд төлбөрөө төлүүлэх боломжгүй, би тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2010-03-05-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд “Энэрэл холдинг” ХХК-тай холбогдуулан өр төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байсан. 2013-05-дугаар сард эрүүгийн журмаар энэ асуудлыг шалгуулахад биечлэн оролцож байсан. 2010-05-13-ны өдөр намайг гүйцэтгэх захирлын албан тушаалаас үндэслэлгүй халсан. Энэ үеэс хойш зээлийн төлбөрийн тухай холбогдсон материалыг авч үзэх, эрх зүйн харилцаа үүсэх боломжгүй болсон. Миний дараагаар Л.Бын төрсөн эгч Л.Энхнасан гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тухайн хүн нь ямар үйл ажиллагаа явуулж байгаа, зээлийг хөөцөлдсөн талаар ямар ч мэдээлэл надад байхгүй. Л.Б тухайн үед “Т” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Зээлийг сунгах хүсэлтийг хүлээн авч, ТУЗ-өөр хэлэлцүүлэхийг мэдэж байна. 2011-07- 10-ны өдөр ТУЗ-ын хурал хийгээд намайг ажлаас түдгэлзүүлж байхдаа ярьсан зүйл байгаа. Зээл авахдаа эрх хэмжээгээ хэтрүүлээгүй боловч гол нь ашиг олох ёстой байтал компанид үргүй зардал гаргасан байна гэж тодорхойлсон хурлын протоколд тусгасан. Эрх хэмжээгээ хэтрүүлээгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байсан. “Хас банк” ХХК зээл олгохдоо барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 140 сая төгрөг гэж үнэлсэн баримтууд байдаг. Л.Б нь 2012 оноос 2016 он хүртэл Компанийн тухай хууль зөрчиж их хэмжээний хэлцэл байгуулж, хохирол учруулсан гэх асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн 4 жил шалгуулсан. Энэ үед прокурорын байгууллагаас удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон тэмдэглэлдээ Компанийн тухай хуулийн 87.1.1 дэх заалтыг зөрчөөгүй их хэмжээний хохирол гэж үзэхгүй гэсэн. Нэхэмжлэгч 2006 онд дэлгүүрийн барилгын үнийг үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан. Энэ журмын дагуу хөндлөнгийн аудитын газраар үнэлгээ хийлгэсэн. 245 сая төгрөгийн үнэлгээтэй гэж дүгнэсэн. Энэ үнэлгээг үндэслэж намайг их хэмжээний хэлцэл байгуулсан байна гэж буруутгаж байгаа. Хэрвээ хөрөнгийн үнэлгээ 245 сая төгрөг байсан бол уг үнэлгээг үндэслэн “Т” ХК-ийн тайлан балансыг өөрчлөх шаардлагатай болно. Хэрвээ бүх үнэлгээг өөрчлөх гэж байгаа бол компанийнхаа бүх тайлан балансыг өөрчилж засвар хийх асуудлыг тавих байх. Гэвч тайлан балансыг өөрчлөх боломжгүй. 2006 оны тайлан баланс тухайн үедээ хийгдээд, аудитын байгууллагаар баталгаажиж, үнэлэлт дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд их хэмжээний хохирол учруулсан байна гэсэн үг өгүүлбэр байхгүй. 2007 оны хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооноос ирэхэд байгаагүй. 2008 оны 3 дугаар сард гүйцэтгэх захирлын ажлыг жил бүр дүгнэдэг. Тухайн үед миний ажлыг дүгнээд их хэмжээний хэлцэлтэй холбоотой ямар ч зүйл яригдаагүй. 2006 оны тайлан балансын дүнгээр хувь нийлүүлэгчдийн хурал хийдэг. Хурлаар хувьцаа эзэмшигчдэд нийлүүлдэг хувьцаа яригддаг. Ашгаа Л.Б авсан, мөн би ч авсан байгаа. Тайлан балансыг өөрчлөх нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ийм учраас “Энэрэл холдинг” ХХК-тай эрх зүйн харилцаанд орж гэрээ хэлцэл хийхдээ Компанийн тухай хуулийг зөрчөөгүй. Миний эрх хэмжээний хүрээнд хийгдсэн хэлцэл байгаа. Нөгөө талаар намайг их хэмжээний өр төлбөрт оруулж, миний хувьцаанаас битүүмжилсэн. Миний хувьцаанаас авах зорилго байгаа гэж үзэж байна. Нэхэмжлэгч их хэмжээний хэлцэл мөн гэдгийг нотлох аудитын тогтоол, эрүүгийн тогтоолоор буруутай мөн хөөн хэлэлцэх хугацаа дуусан учир энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Их хэмжээний хэлцэл хийгээд компанид хохирол учирсан гэж үзэж байгаа бол хуульд зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон байх ёстой. Гэтэл шүүхийн шийдвэрээр гэм буруутай асуудал шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэр тогтоол хэрэгт байхгүй. Ийм учраас прокурорын тогтоолоор буруутгах нь үндэслэлгүй. Их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байгаа шалтгаан нь Компанийн тухай хуулийн 84.2 дахь хэсэгт их хэмжээний хэлцлийн эд хөрөнгийн зах зээлийн үнийг ТУЗ энэ хуульд заасны дагуу тогтооно. Гэтэл нэхэмжлэгч аудитын дүгнэлтээр тогтоосон гэж ярьж байна. Асуулт хариултад хэлцэл хийх гэж байгаа хөрөнгийг үнэлсэн зах зээлийн үнийг тогтоосон ТУЗ-ын шийдвэр гараагүй нь тодорхой болсон. Компанийн тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зах зээлийн үнийг ТУЗ тогтооно гэж заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагадаа аудитын дүгнэлт яриад байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэгэнт ийм баримт хэрэгт байхгүй байгаа тохиолдолд балансын үнэд харьцуулсан үнэлгээг 25 хувиас дээш, доош байсныг хэрэгт байгаа тайлан балансын үнэлгээгээр тогтоохоос өөр арга байхгүй. 2003 оноос хойш энэ үнэлгээнд өөрчлөлт оруулсан ТУЗ-ын шийдвэр гараагүй. Нөгөө талаар энэ хөрөнгийн зах зээлийн үнэлгээг банк үнэлсэн байгаа. Хэрэв их хэмжээний хэлцэл гэж үзэж байгаа бол балансад байгаа бүх хөрөнгийг үнэлээд харьцуулбал 17,5 сая төгрөг гарахаар байгаа. Ийм учраас их хэмжээний хэлцэл биш гэж үзэж байна. Гүйцэтгэх удирдлагын хууль бус ажиллагааны улмаас компанид учирсан хохирлыг төлүүлэх гэж байгаа бол ажлын биелэлтийг дүгнэх ёстой. Тухайн жилд дүгнэсэн ТУЗ-ийн тогтоолд эрх хэмжээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Өөрийн үйл ажиллагаанаас хууль бус ажиллагаа хийсэн байна гэдгийг тогтоож, Ж.Чд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 135.2 дахь хэсэгт зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д 2009 онд төлбөрөө төлж барагдуулж дуусгасан. Иймд Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзнэ үү. “Т” ХК, “Энэрэл холдинг” ХХК нар хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний үүрэг биелэгдсэн үү гэхээр “Энэрэл холдинг” ХХК, “Тахько” ХК-д хохирол төлбөрөө төлсөн талаар баримт гараагүй учир мэдэхгүй байна. Хохирол төлбөр удсантай холбоотой гэрээний үүрэг төлөгдөөгүй, гэрээний эрх зүйн хариуцлагын дараа Ж.Ч хэлцэл байгуулснаар компани хэрхэн яаж хохирсон талаар ялгаа заагтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, “Энэрэл холдинг” ХХК-иас авах ёстой төлбөрөө хариуцах ёсгүй этгээд Ж.Чгээс нэхэж байна. Хэрэв хохирол гэж байгаа бол “Энэрэл холдинг” ХХК-тай учирсан хохирлыг Ж.Чгээс шаардаж болох юм. Энэ нөхцөл байдал тодорхой биш байгаа. Тийм учир их хэмжээний хэлцэл болохыг тодорхойлсон ТУЗ-ийн шийдвэр байхгүй, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байхад хувьцаа эзэмшигчийнхээ хувьд энэ хохирлыг компанид төлүүлэхээр гаргаж байгаа нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Харин “Энэрэл холдинг” ХХК-иар төлүүлж, хохирлоо барагдуулах боломж “Т” ХК-д бүрэн бий гэж үзэж байна гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02291 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан  Ж.Чгээс 449,716,295 төгрөг гаргуулан “Т” ХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,395,733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,406,531 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 313 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02291 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

   Хариуцагч, түүний өмгөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч, хууль буруу хэрэглэснээс гаргасан шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116.2-т нийцээгүй гэж үзэж байна. Тодруулбал: анхан шатны шүүх “...Тахько ХК болон Хас банкны хооронд 2017-03-15-ны өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээ нь Компанийн тухай хуулийн /1999 оны/ 84.1.1-д заасан “Их хэмжээний хэлцэл” мөн гэж дүгнээд гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ж.Ч их хэмжээний хэлцлийг байгуулахдаа компанийн ТУЗ-с  зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон, Ж.Ч хөдөлмөрлөх үедээ өөрийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад хохирол учруулсан.” гэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан  хүсэлтийг тодруулалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ...” гэж  хэргийг буцаасан. Шийдвэр, магадлал үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх “Тахько” ХК болон Хас банкны хооронд 2017-03-15-ны өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээг Их хэмжээний хэлцэл мөн эсэхийг дүгнэхдээ Тахько ХК-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг балансын үнэлгээгээр бус хэлцэл хийгдсэнээс хойш 7-оос 10 жилийн дараа хийгдсэн шинжээчийн дүгнэлт, аудитын тайлан зэрэг баримтуудад үндэслэн дүгнэлт хийсэн. Мөн эдгээр баримтууд нь хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн талаар зах зээлийн үнэлгээ гаргаагүй зөвхөн барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2007 оны байдлаар гаргаж, балансад бүртгэлтэй бусад хөрөнгийн нийт дүнг 2003 онд хийгдсэн үнэлгээ балансын дүнтэй харицуулж гаргасан байсныг 2 шатны шүүх анхаарч бодит дүгнэлт өгөөгүй юм. Түүнчлэн, тухайн хэлцэл хийгдсэн 2007 оны Тахько ХК-ийн санхүүгийн үйл ажиллагаанд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2008 онд дүгнэлт өгч, гүйцэтгэх захирлын үйл ажиллагааг дүгнэхдээ хууль зөрчөөгүй гэж дүгнэлт өгсөн байгааг шүүх өгт дүгнэж үнэлсэнгүй. Компанийн тухай хуулиар “Их хэмжээний хэлцэл” мөн эсэхийг тодорхойлохдоо хэлцэл хийхийн өмнөх балансын актив хөрөнгийн үнэлгээг баримтлах учиртай. Балансын актив хөрөнгийн зах зээлийн үнэлгээг зөвхөн тухайн компанийн Төлөөлөн удирдах зөвлөл тогтоохоор хуульчилсан байхад шүүх шинжээчийн дүгнэлт, аудитын тайланд үндэслэн Их хэмжээний хэлцэл мөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх ч энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүй. Анхан шатны шүүх хариуцагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан “Эд хөрөнгийн хариуцлага” хүлээлгэсэн нь үндэслэлгүй. Учир нь: Тахько ХК /Гүйцэтгэх захирал Ж.Ч/-ийн зүгээс 2010-03-05-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд “Энэрэл холдинг” ХХК-с зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж нэхэмжлэл гаргаж улмаар шүүхээс тус компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан байдаг. Мөн 2010 оны 5-р сард Энэрэл холдинг ХХК-ийн удирдлагыг эрүүгийн шугамаар шалгуулахад төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байгаа. Тахько ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан Ж.Чд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг түүнтэй гэрээ байгуулсан этгээд буюу тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл шийдвэрлэж шийдвэр гаргах учиртай. Гэтэл шүүх Тахько ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагын тухайн жилийн үйл ажиллагаанд зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн шийдвэр байсаар байхад зөвхөн сонирхлын зөрчил бүхий нэг хувьцаа эзэмшигчийн шаардлага, нэхэмжлэлээр Ж.Чд эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Аливаа нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө тодорхойлж нотлох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийнх нь хүрээнд шийдвэрлэх учиртай атал давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн...” гэж анхан шатны шүүхийг буруутгаж хэргийн анхан шатны шүүхэд буцаасан нь ИХШХШТХ-ийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 2 шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан гэрээ хэлцэл нь их хэмжээний хэлцэл мөн эсэх, Ж.Чд Хөдөлмөрийн тухай хуульд заасан “Эд хөрөнгийн хариуцлага” хүлээлгэх үндэслэлтэй эсэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий бодит дүгнэлт өгсөн бол нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

          Л.Б 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Ж.Чгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсний улмаас компанид учирсан хохиролд 202,606.85 ам.доллар буюу 449,716,295 төгрөг шаарджээ. /хх 1-н 1-2, 186-189/ Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна. /хх 1-н 56, 109-110/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Ж.Ч “Тахько” ХК-ийн өмчлөлийн барилгыг барьцаанд тавьсан, их хэмжээний хэлцэл хийхдээ Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй нь...” нотлогдсон гэж үзсэн байв.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “... “Т” ХК болон “Энэрэл холдинг” ХХК-ийн байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хүчинтэй байх бөгөөд уг гэрээгээр “Т” ХК нь ямар хэмжээний ашиг олсон, эсхүл ямар хэмжээний алдагдал хүлээсэн эсэх, “Энэрэл холдинг” ХХК “Т” ХК-д төлбөрийг буцаан төлсөн зэрэг үйл баримт тодорхойгүй байна... нотлох баримт гаргуулах тухай хариуцагч талын хүсэлтийг тодруулаагүй нь хууль зөрчсөн...” гэсэн дүгнэлт хийжээ.

Шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч “...их хэмжээний хэлцэл хийсэн...” гэж үзсэн нь баримтад үндэслэгдээгүй байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв байна.   

        Нэхэмжлэгч хариуцагчаас 202,606.85 ам. доллар буюу 449,716,295 төгрөг шаардсан  гэх боловч хохирол тооцсон үндэслэл тодорхой бус байгаагаас нэхэмжлэлийн талаар болон шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

        Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хүсэлтийг тодруулаагүйгээс  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрдүүлээгүй байна.

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 313 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 2.406.531 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ