Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 843

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б , Х.Б ,

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Яамны бүтэц орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж чөлөөлөх тухай” Б/04 дугаар тушаалын 2 дахь заалтын өөрсдөд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, урд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , Х.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б , Х.Б  нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлдээ: “Балжиржанцан овогтой Б  нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр, Хөхөө овогтой Б  нь 2015 оны 2 дугаар сарын 2-нд гэрээт ажилтнаар, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б/32 тушаалаар Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр тус тус томилогдон 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй, төрийн захиргааны албан хаагчийн үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ тогтмол үнэлүүлэн ажиллаж байсан билээ.

2016 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар Хууль зүйн яамыг Хууль зүй, дотоод хэргийн яам болгон өөрчилсөн ба үүнтэй холбоотойгоор Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Б/4 “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар яамны нийт албан хаагчдыг чөлөөлсөн ба 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын “Яамны бүтэц орон тоог шинэчлэн баталж, хаагчдыг томилж чөлөөлөх тухай” Б/04 дугаар тушаал гарган нийт албан хаагчдыг эргүүлэн томилсон.

Энэ тушаалын 2 дахь хэсэгт “Гуравдугаар хавсралтад нэр дурдагдсан алба хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын нөөцөд байгаад тооцож, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг “Төрийн захиргааны удирдлагын газрын даргад үүрэг болгосугай” гэх заалтын хүрээнд нэхэмжлэл гаргагч Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Б , Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Х.Б  нарыг хуульд заасан үндэслэлгүй, ажлаас чөлөөлөгдөж буй шалтгаан нь тодорхойгүй байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын нөөцөд гэх нэртэйгээр үүрэгт ажлаас чөлөөлөн улмаар ямар нэгэн ажилд томилолгүй өнөөдрийг хүртэл хохироож байна.

Уг тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтууд нь Б.Б , Х.Б  нарыг захиргааны санаачлагчаар чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Учир нь Б.Б  нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Б/04 “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалд Б.Б гийн эрхэлж байсан ажил Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүрэгт хэвээр батлагдсан ба тус газрын мэргэжилтний орон тоог 2 байсныг 3 болгон нэмэгдүүлснээс харахад түүнийг дээрхи заалтуудын хүрээнд үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Х.Б  нь Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Б/04 “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж, албан, хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалд Х.Б ын эрхэлж байсан ажил Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн чиг үүрэгт хэвээр батлагдсан ба тус газарт 6 мэргэжилтэн ажиллаж байсныг 11 болгон нэмэгдүүлсэн байтал үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэл гаргагч бидний хувьд хуульд заасан ажлаас чөлөөлөх, халахаар заагдсан ямар нэгэн алдаа дутагдал болон өөр нөхцөл байдал үүсгээгүй бөгөөд төрийн албанд ажиллах хугацаандаа нэг ч удаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болно. 

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх тухай”, 24 дүгээр зүйлд “Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх тухай”, 25 дугаар зүйлд “Төрийн албан хаагчийг ажлаас халах тухай”, 26 дугаар зүйлд “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах тухай” тодорхой хуульчилж өгсөн. 

Б/04 тушаалын үндэслэх хэсэгт дурдагдсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалт зэргээс харахад Б.Б , Х.Б  нарыг ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, Захиргааны ерөхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэх заалтын нөхцөл байдал үүссэн болох нь харагдаж байна.

Мэргэжилтэн Б.Б г 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/501 тоот албан бичгээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн ба тус байгууллага нь ямар нэгэн ажлын байранд томилоогүй бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр утсаар хувийн хэрэг болон бусад материалыг Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд буцаан шилжүүлсэн талаар мэдэгдсэн, үүнээс хойш ямар нэгэн ажилд томилолгүй, бичгээр ямар нэгэн хариу өгөлгүй өнөөдрийг хүрлээ.

Мөн мэргэжилтэн Х.Б ыг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 519 дугаар албан бичгээр Хууль сахиулахын их сургуулийн мэдэлд шилжүүлсэн бөгөөд тус байгууллагаас ажлын байранд одоог хүртэл томилоогүй, Хууль зүй, дотоод хэргийн яам болохоор Хууль сахиулахын их сургууль ажилд томилно гэх байдлаар бичгээр ямар нэгэн хариу өгөлгүй чирэгдүүлсээр өдийг хүрлээ.

Нэхэмжлэгч Б. Б , X. Б  нар нь Хууль зүй дотоод хэргийн яамны нөөцөд байгаа гэсэн хууль зүйн ямар ч үндэслэлгүй зүйлээр биднийг өдийг хүртэл хохироож Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ямарч боломжгүй болгож ажилгүй өдийг хүртэл маш их хохироож байна.

Иймд 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын “Яамны бүтэц орон тоог шинэчлэн баталж, албан хаагчдыг томилж чөлөөлөх” тухай Б/04 дугаар тушаалын 2 дахь заалтын өөрсдөд холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх заалт, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна" гэх заалт, 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэх заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “3ахиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэх заалтуудыг тус тус үндэслэн “илт хууль бус акт” болохыг тогтоож, иргэн Б.Б , Х.Б  нарын урьд эрхэлж байсан албан тущаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А  шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ:

 “Нэхэмжлэгч Б.Б  нь Хууль зүйн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/43 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар бүтэц, орон тооны өөрчлөлтөөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

 Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, 2014 оны 382 дугаар тогтоолын дагуу Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/213 дугаар тушаалаар тус яамны орон тоог шинэчлэн баталсан. Уг тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын орон тоог 12 албан хаагчийн орон тоотойгоор баталсан.

Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар тус яамны орон тоог шинэчлэн баталснаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын орон тоо цөөрч 10 орон тоотойгоор батлагдсан. 

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим албан хаагчдыг төрийн албаны нөөцөд байгаад тооцож, ажлын байраар хангахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад даалгасан. 

Төрийн захиргааны удирдлагын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1-4/501 тоот албан бичгээр Б.Б г ажилд томилуулах тухай бичгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргалд хүргүүлсэн. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01/4098 тоот бичгээр Б.Б г Говь-Аптай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны даргаар томилуулахаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, тус хүрээлэнгийн захирлын зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны хуралд оруулахаар Б.Б д мэдэгдсэн боловч өөрийн хүсэлтээр уг албан тушаалд томилогдохоос татгалзсан болох нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 01/4225 тоот албан бичгээс харагдаж байна.

Иймд тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын орон тоо хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн Б.Б г ажлаас чөлөөлж, урд авч байсан цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр албан тушаалд томилох шийдвэрээс Б.Б  өөрөө татгалзсан. 

 Нэхэмжлэгч Х.Б  нь Хууль зүйн яамны /хуучин нэрээр/ Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөөлөгдсөн. Х.Б  нь Төрийн захиргааны удирдлагын газарт хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал дээр ажиллаж байсан бөгөөд тэрээр “улс төр судлал”-ын мэргэжилтэй тул батлагдсан ажлын байранд тавигдсан шаардлагыг хангахгүй байгаа талаар 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Х.Б той уулзаж, сонсгол хийсэн тэмдэглэлд тодорхой дурдсан.

 Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан дотоод сургалт, олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад нийгмийн ажилтан, эрх зүйч мэргэжилтэй байх шаардлагыг тавьсан болно.

Иймд Б.Б , Х.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Х.Б  би 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тус яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 311 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 05/2402 тоот албан бичгийг тус тус үндэслэн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/32 дугаар тушаалаар Хууль зүйн яамны Төрийн захиргаа удирдлагын газарт “мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байсан. Х.Батгогтох би ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан дараахь чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байсан. Үүнд:

1.1 Сургалт, мэдээллийн цагийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулан батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2.1 Харьяа агентлагуудаас эрхлэх асуудал, чиг үүргийн дагуу явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар мэдээлэл бэлтгэх ажпыг сайдын хэвлэлийн төлөөлөгчтэй хамтарч зохион байгуулах;

2.2 Харьяа агентлаг байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан албан хаагч нарт зориулсан шат дараатай сургалтыг хөтөлбөр боловсруулж зохион байгуулах;

3.1 Яамны бодлого, үйл ажиллагааны талаар сонирхогч иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг аль болох боломжтой хэлбэрээр өгөх;

3.2 Тухайн асуудал хариуцсан ажилтан, албан хаагчтай иргэд, хуулийн этгээдийн төлөөллийг шуурхай холбож өгөх;

4.1 Мэдээллийн ил тод байдлыг хангах, хууль, тогтоомжоор нууцад хамааруулснаас бусад асуудлаарх яамны нээлттэй, бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;

4.2 Яамны цахим хуудаст тавих мэдээллийг газар, хэлтэс албанаас гаргуулан авах, авсан мэдээллийг хянаж, боловсруулалт хийн, яамны цахим хуудсанд хариуцах мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;

4.3 Яамны цахим хуудсанд цаг үеийн мэдээ, мэдээллийг тогтмол оруулах, иргэд олон нийтийг яамны түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцах боломжоор хангах;

5.1 Сонин хэвлэл телевиз, радио болон хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр яамны бодлого, үйл ажиллагааны талаарх шинэ мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлэх;

6.1 Яамны веб сайтад цаг үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй шинэчилж оруулах;

7.1 Интернет вэб сайт, “social media” хэрэгслүүдэд яамны үйл ажиллагааны талаарх гарсан мэдээлэлд анализ хийн тухай бур удирдлагад танилцуулах;

8.1 Сайд, дэд сайд, газар, хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэх;

9.1 Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Хөдөлмөрийн тухай, Боловсролын багц хуулиуд, Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудыг эрхэлсэн ажилдаа чанд мөрдөн ажиллах;

10.2 Байгууллагын дотоод журам болон Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж ажлын байранд архи, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;

10.3 Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар, байгууллагын архивын ажлын үндсэн зааврын хэрэгжилтийг хангах.

 Х.Б  нь Хууль зүйн яаманд ажиллах хугацаандаа олон нийттэй харилцах стратегийг боловсруулж, Хууль зүйн яамны харьяа агентлаг байгууллагуудын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан газар, албан хаагч, мэргэжилтнүүдтэй маш сайн хамтран ажиллаж хууль зүйн салбарын мэдээ мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд ойлгомжтой, ил тод хүргэхэд   түлхүү  ажиллаж,  мөн  тэдгээрт  хэрэгцээтэй  байгаа  сургалт  хөтөлбөр 

мэргэжилтэнгийн албан тушаалд зохион байгуулж байв. 

Иймд өөрийн мэргэшсэн Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэнгийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, эсвэл Хууль зүйн дотоод хэргийн яамны үндсэн бүтцийн газар нэгжид үүнтэй дүйхүйц орон тоонд урд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэв, цалин хөлсийг дордуулахгүйгээр томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б  тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Б.Б  би 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/43 дугаар тушаалаар Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт “мэргэжилтэн” -ээр томилогдон ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг албан тушаал дээр ажиллаж байсан.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар нь “Ахлах мэргэжилтэн”, “Мэргэжилтэн”, “Дотоод аудитын ахлах мэргэжилтэн”, “Дотоод аудитын мэргэжилтэн” гэх албан тушаалуудаас бүрддэг.

 Үүнээс “мэргэжилтэн” гэх албан тушаалд ажиллаж буй нийт ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт нь ижил байхаар батлагдсан. Б.Б  би ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан дараахь чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байсан. Үүнд: 1. Салбарын хууль тогтоомжийн үр нөлөөнд үнэлгээ хийх, бодлого, хөтөлбөр, төсөл, Сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд системд үнэлгээ хийх;

1.1 Үнэлгээ хийх шаардлагатай, зорилго нь тодорхой аливаа арга хэмжээний хэрэгжилтэд зохих судалгааг хийх, шалгуур үзүүлэлтийг тооцох;

1.2 Сонгосон хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл, агентлаг байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийг боловсруулах;

1.3 Үнэлгээний үр дүнг газрын дарга болон яамны удирдлага, холбогдох этгээдэд танилцуулах, үр нөлөөнд дүн шинжилгээ хийх, үнэлэх, тэдгээрийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах. Сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр, төсөл, Аймаг, нийслэлийн Засаг даргын Хууль зүй, эргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх;

 2.1 Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх шаардлагатай агентлаг, байгууллагын үйл ажиллагааны талаар зохих судалгаа, шинжилгээ хийх;

2.2 Сонгосон агентлаг, байгууллагыг судлан үзэж үйл ажиллагааг нь хэрхэн 

үнэлгээ шалгаж үнэлгээ өгөх талаар санал боловсруулах;

2.3 Тухайн агентлаг, байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх;

2.4 Тухайн мониторингийн үр дүнг газар, яамны удирдлага, холбогдох этгээдэд танилцуулах;

3. Салбарын хууль тогтоомж, бодлого, холбогдох агентлаг, байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилт, үр дагаварт үнэлгээ болон хяналт шинжилгээ хийж, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа бүх байгууллага, тэдгээрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн зөвлөгөө, дэмжлэг, арга зүйн туслалцаа үзүүлэх, зохицуулах;

3.1 Холбогдох этгээдэд тухайн чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт хийх;

4. Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, лавлагаа өгөх;

4.1 Салбарын үйл ажиллагааны статистик мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, хэрэглэгчдийг үнэн зөв мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх;

5. Эрхэлсэн асуудал, хариуцсан ажлын хүрээнд мөрдөгдөх хууль тогтоомжийг хэрэгжүүлж, сахилга дэг журмыг хэрэгжүүлж ажиллаж, Авлига, түүний хор уршгийн талаар мэдээ, мэдээлэл олж авах, өөрийгөө болон бусад албан хаагчийг авлигад өртөхөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд, үнэн зөв гаргаж өгөх;

5.1 Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол улсын Засгийн газрын тухай, Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Байгууллагын нууцын тухай хуулиудыг эрхэлсэн ажилдаа чанд мөрдөн ажиллах;

5.2 Байгууллагын дотоод журам болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэмжээг чанд сахиж, ажлын байранд архи, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй байх;

6. Хууль зүй, дотоод хэргийн сайдын дэргэдэх Дотоод аудитын хорооны нарийн бичгийн даргын хувьд ээлжит болон ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах, гарсан шийдвэрийг албажуулах, бүртгэл хөтлөх, архив хөтлөх зэрэг нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “мэргэжилтэн"-ийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байранд тавигдах шаардлагад “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдсан байх” гэсэн тусгай шаардлагыг тавьдаг.

Б.Б  би 2014 оноос 2016 оны хооронд Сангийн яам, Дэлхийн банк, IRIM Mongolia судалгааны хүрээлэн зэрэг байгууллагуудаас явуулсан “Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг дээшлүүлэх” сургалтад хамрагдан амжилттай төгсөж сертификат авсан, Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний яам, агентлаг, байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба хаагчдыг чадваржуулах” анхан болон дунд шатны багц сургалтад хамрагдан гэрчилгээ авсан, Германы хамтын ажиллагаа, Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Хуулийн төслийн үр нөлөөг урьдчилан тандан судлах”, “Хуулийн төслийн үр нөлөөг тооцох”, “Хуулийн хэрэгжилтийн үр нөлөөнд үнэлгээ хийх”, “Хуулийн төслийн зардлыг тооцох" багц сургалтад хамрагдан гэрчилгээг тус тус авсан.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн цөөн мэргэжилтэнгийн нэг бөгөөд тус Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт ажлын байрны тодорхойлолтод тусгасан тусгай шаардлага болох “Хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлийн мэргэшлийн сургалтад хамрагдсан байх” гэснийг хангаагүй албан хаагчид ажиллаж байх тул өөрийн мэргэшсэн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэнгийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн бүтцийн газар нэгжид дүйхүйц орон тоонд урд эрхэлж байсан албан тушаалын зэрэг дэв, цалин дордуулахгүйгээр томилуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж байна” гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.А  нэхэмжлэгч нарын тодруулсан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын орон тоо цөөрсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийг үндэслэн тус газрын ажилтнуудын улсад ажилласан жил, яаманд ажилласан жилийг харгалзан Б.Б г ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч Х.Б  нь Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/05 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заагдсан “дотоод сургалт, олон нийттэй харилцах асуудал” хариуцан ажиллаж байсан. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/10 дугаар тушаалаар олон нийттэй харилцах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт болгон шинэчлэн баталсан. Өмнө нь хариуцаж байсан дотоод сургалтыг Төрийн захиргааны удирдлагын газрын дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод нэмж тусгасан байсан.

Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор тус яамны бүтэц орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Стратеги, бодлого төлөвлөлтийн газар шинээр байгуулагдсан. Энэ тогтоолыг үндэслэн Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн А/53 дугаар тушаалаар тус яамны орон тоог шинэчлэн баталж, олон нийттэй харилцах асуудал Стратеги, бодлого төлөвлөлтийн газарт шилжсэн. Мөн дотоод сургалт хариуцаж байсан мэргэжилтэн тус газарт шилжин орсон тул хариуцаж байсан дотоод сургалтын асуудлыг хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хариуцахаар болсон.

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцах чиг үүрэгтэйгээр 5 албан хаагч ажиллаж байсан. Ахлах мэргэжилтэн Ц.Нугармаа, ахлах мэргэжилтэн Д.Отгончимэг, мэргэжилтэн Л.Баттулга, мэргэжилтэн Б.Батсайхан, мэргэжилтэн Б.Б  дараахь ажлыг хариуцан гүйцэтгэж байсан. Үүнд: Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр, төсөл, аймаг, нийслэлийн Засаг даргын Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх, Архивын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, Салбарын статистик мэдээллийн санг бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, лавлагаа өгөх, харьяа агентлаг, байгууллага, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, аймаг, нийслэлийн Засаг даргын сайдтай байгуулсан гэрээг албан хаагчдад тэнцүү хуваарилан гүйцэтгэж байсан. 

Өнөөдрийн байдлаар тус газарт хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан 4 орон тоонд Ц.Нугармаа, Ц.Цэнгэлмаа, Б.Даваасүрэн, Л.Баттулга нар ажиллаж байна.

Мэргэжилтэн М.Батсайхан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөр ажилд шилжих болсон тул ажлаас чөлөөлөгдсөн.

Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/04 дүгээр тушаалаар тус газрын орон тоо цөөрсөн тул Б.Б гийн хариуцаж байсан Архивын ерөнхий газрыг Б.Даваасүрэн, Хил хамгаалах ерөнхий газрыг Ц.Цэнгэлмаа, салбарын статистик мэдээллийн сан бүрдүүлэх, эрхлэн хөтлөх, лавлагаа өгөх чиг үүргийг Л.Баттулга нар хариуцан гүйцэтгэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэлийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Б.Баасансүрэн, Х.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Баасансүрэн, Х.Б  нар тус шүүхэд хандаж “Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалын 2 дахь заалтын өөрсдөд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан “урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах” тухай шаардлагаа Б.Б  нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт мэргэжилтний албан тушаалд, Х.Б  нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтний албан тушаалд томилуулах гэж тус тус тодруулсан болно.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бидний эрхэлж байсан ажлын чиг үүрэг хэвээр байгаа...мэргэжилтний орон тоог хасах биш харин нэмэгдүүлсэн” гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...ажлын байр нь үгүй болсон...цалин хөлс бууруулахгүй өөр ажлаар хангасан...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдийн Б/43 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Б  нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт мэргэжилтнээр, Х.Б  нь 2015 оны 02 дугаар сарын 02-нд гэрээт ажилтнаар, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар бүхий “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4, Төсвийн тухай хуулийн 16.5.3, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9, 9.8, Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралтаар шинэчлэн баталж, газар, хэлтсийн албан хаагчдыг 2 дугаар хавсралтаар 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн томилж, 3 дугаар хавсралтанд дурдсан албан хаагчдыг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын нөөцөд байгаад тооцож, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад үүрэг болгосны дотор нэхэмжлэгч Б.Б , Х.Б  нар орсон ба бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн 4 дүгээр хавсралтанд дурдсан албан тушаалтнуудад албан тушаалын 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор тус тус шийдвэрлэсэн байна. 

Хариуцагч захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч нарын албан тушаалын чиг үүрэг нь хэвээр үлдсэн хэдий ч ажлын байр нь үгүй болсон тул чөлөөлсөн” гэж тайлбарлаж байх боловч захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтын аль алиныг баримталсан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч нарыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарлаж баримтаар нотлоогүй болно. 

Түүнчлэн нэхэмжлэгч нар нь ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаж байгаагүй, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний биелэлтээ “хангалттай” үнэлгээтэйгээр дүгнүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, талууд энэ талаар маргахгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж, мөн зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Б/4 дугаар бүхий тушаалаар яамны нийт ажилтнуудыг шинэ бүтэцтэй холбогдуулан чөлөөлөх үед Төрийн захиргааны удирдлагын газар нь 6, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газар нь 2 мэргэжилтэнтэйгэээр ажиллаж байсан, харин 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дүгээр тушаалаар батлагдсан шинэ бүтцээр Төрийн захиргааны удирдлагын газарт 11, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт 3 мэргэжилтэн ажиллуулахаар тогтоосон, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар Төрийн захиргааны удирдлагын газарт 7, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт 4 мэргэжилтэнг томилон ажиллуулсан нь тогтоогдож байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын ажиллаж байсан мэргэжилтний орон тоог хасагдсан гэж үзэхээргүй байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын албан тушаалын орон тоо хасагдаагүй, харин байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөнөөр мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн хэдий ч нэхэмжлэгч нарын гүйцэтгэж байсан ажил үүргийг бусад мэргэжилтнүүдэд хуваарилан үлдээснийг “орон тоо нь хасагдсан” гэж буруу тайлбарлаж, улмаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарыг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус, энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулж авах ёстой байжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч нарт “өөр ажлын байр санал болгосон” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч нарыг чөлөөлсөн тушаалд тэднийг Хууль зүй, дотоод хэргийн яамны албан хаагчдын нөөцөд байгаад тооцож, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад үүрэг болгосон нь мөн дээрхи хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “энэ зүйлийн 23.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно” гэж заасантай зөрчилдөж байна.

Өөрөөр хэлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яаманд албан хаагчдыг нөөцөд авах, ийнхүү нөөцөд авсан тохиолдолд тэдний цалин хөлс, нийгмийн даатгалыг хэрхэн тооцох талаар тусгайлсан журам байхгүй, нэхэмжлэгч нар нь уг хуулийн 23.3, 23.4-т заасан үндэслэлүүдээр чөлөөлөгдөөгүй байхад тэднийг нөөцөд байгаад тооцож, ажлын байраар хангах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын даргад үүрэг болгосон, нэхэмжлэгч нарт өөр ажлын байр санал болгосон нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт болсон байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нарыг “санал болгосон ажлын байранд очиж ажиллаагүй” гэж буруутгах боломжгүй, анхнаасаа өөр ажлын байр санал болгох хуульд заасан нөхцөл бүрдээгүй байх бөгөөд энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль бус юм.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” тул Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар бүхий “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгч Б.Б , Х.Б  нарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Ингэснээр нэхэмжлэгч нарын өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн ур чадварын үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан нэхэмжлэгч Б.Б г Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт мэргэжилтнээр, Х.Б ыг мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр томилох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

Түүнчлэн нэхэмжлэгч нарт ажлаас халагдсанаас хойш энэхүү шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин, олговрыг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих ёсоор тооцсоны үндсэн дээр олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б , Х.Б  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Үнэнбатын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/04 дугаар бүхий “Яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталж албан хаагчдыг томилж, чөлөөлөх тухай” тушаалын нэхэмжлэгч Б.Б , Х.Б  нарт холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.Б г Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитийн газарт мэргэжилтнээр, Х.Б ыг мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтнээр томилох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Б , Х.Б  нарын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ДУЛАМСҮРЭН