Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2083

 

         “Сигма-Отис” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00986 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Сигма-Отис” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-д холбогдох

           

Түрээсийн төлбөрт 14 567 572 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэлийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Сигма-Отис” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр БНСУ-ын иргэн Чой Юү Сэн нь “Ай Ти партнерс” ХХК-тай 5 дугаар “Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ”-г 2 жилийн хугацаатай байгуулсан. “Ай Ти партнерс” ХХК-тай байгуулсан уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж 42 тоот 480 м.кв талбайтай, сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2204014930 дугаартай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох 104 тоот өрөөг сарын 300 ам.долларын ханшаар тооцож, түрээслүүлсэн байна. Үүнээс хойш “Сигма-Отис” ХХК нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Б.Доржийн гудамж 42 тоот 480 м.кв талбайтай сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг БНСУ-ын иргэн Чой Юү Сэнээс 2013 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ”-гээр шилжүүлэн авсан. “Сигма-Отис” ХХК нь “Ай Ти партнерс” ХХК болон Чой Юү Сэн нарын хооронд байгуулсан “Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ”-г үргэлжлүүлж, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 42 тоот, 480 м.кв талбайтай, сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох 104 дугаартай өрөөг гэрээнд заасны дагуу 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг дуустал “Ай Ти партнерс” ХХК-д түрээслүүлсэн. “Ай Ти партнерс” ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэрээний хугацаа дуусч, талууд цаашид түрээсийн харилцаа явуулах боломжгүй болоход түрээсийн төлбөрөө огт төлөөгүй байна. Иймд “Ай Ти партнерс” ХХК-иас гэрээний 5.1, 5.5-д заасны дагуу түрээсийн төлбөр 7 200 ам.доллар буюу 13 243 248 төгрөг, алданги 720 ам.доллар буюу 1 324 324 төгрөг нийт 14 567 572 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч БНСУ-ын Пак Ху Соны үүсгэн байгуулсан “Сигма Монголиа” ХХК-тай өмнө нь түрээсийн гэрээг аман хэлбэрээр байгуулсан байсан ба түрээсийн төлбөрийг мөнгөөр биш ажил үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон байсан. Гэвч хариуцагч компанийн захирал нь гадаадын иргэн тул жил бүр Монгол Улсад оршин суух эрхээ сунгуулах шаардлагатай байдаг ба Монгол Улсын төрийн захиргааны холбогдох байгууллагаас гадаадын иргэний оршин суух эрхийг сунгаж өгөхийн тулд Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримтын нэг болгон түрээсийн бичгээр байгуулсан гэрээг шаарддаг. Энэхүү шаардлагыг хангах үүднээс БНСУ-ын иргэн Пак Ху Сонтой байгуулсан аман гэрээг бичгэн хэлбэрт оруулсан ба зөвхөн монгол хэл дээр хийгдсэн. БНСУ-ын иргэн Пак Ху Сон нь хариуцагч компанийн захирлын монгол хэлний мэдлэггүйг далимдуулан түрээсийн төлбөрт сар бүр 300 ам.доллар авахаар харилцан тохиролцсон мэтээр гэрээг үйлдсэн. Хариуцагч компанийн захирал нь нутаг нэгт ахдаа итгэн, тухайн гэрээний орчуулгыг шалгалгүйгээр шууд гарын үсэг зурснаас үүдэн ийм асуудал үүссэн байх тул энэхүү байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 297 дугаар зүйлийн 297.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-иас 14 567 572 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сигма-Отис” ХХК-д олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь анх 2014 оны 4 дүгээр сард тухайн үеийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд "Түрээсийн төлбөрт 14 567 572 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэг нь Улсын дээд шүүхээс 2 удаа буцаагдсан.

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн гэрээ БНСУ-ын иргэн Чой Юү Сэн болон “Ай Ти партнерс” ХХК-ийн хооронд байгуулагдсан ба гэрээнд гарын үсэг зурсан БНСУ-ын 2 иргэн Чой Юү Сэн, Юнь Чун Чан нар монгол хэл дээрх гэрээг хэрхэн ойлгож баталгаажуулсан нь тодорхойгүй, хэрэгт гэрээний солонгос хэл дээрх хувь авагдаагүй, монгол хэл дээрхи хувилбар гэрээний орчуулга бус харин эх хувь байгаа зэргээс гэрээний оролцогч талууд гэрээний агуулга, нөхцлийг бүрэн ойлгож, хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэж дүгнэх учир дутагдалтай гэж дүгнэсэн байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх энэ талаар дүгнээгүй.

2. БНСУ-ын иргэн Чой Юү Сэн нь БНСУ-ын иргэн Пак Ху Сонд маргааны зүйл болж буй ажлын байрыг бусдад түрээслүүлэх, түрээслүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, цуцлах, хугацааг сунгах, түрээсийн төлбөрийг хүлээн авах эрх бүхий итгэмжлэлийг 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон баримт хэрэгт авагджээ. Энэхүү итгэмжлэл монгол хэл дээрх хийгдсэн байх ба хэрэгт итгэмжлэл Солонгос хэл дээр байхгүй, нэхэмжлэгч итгэмжлэлийн агуулгыг ойлгосон эсэх, түүний хүсэл зоригийн илэрхийлэлд нийцсэн эсэх нь мөн тодорхойгүй. Иргэний хуулийн 67 дугаар зүйлд заасан төлөөлөл өөрчлөгдөх, дуусгавар болох зохицуулалт дээрх үйл баримтад хамааралтай эсэхийг дүгнэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс дээр дурдсан итгэмжлэлийн итгэмжлэгдэгч этгээд болох БНСУ-ын иргэн Пак Ху Соноос гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ба шүүх энэхүү хүсэлтийг ханган шийдвэрлэсэн. Гэтэл гэрч Пак Ху Сон нь гэрчийн мэдүүлэгтээ "Итгэмжлэл байгаагүй ээ. Эхнэр, нөхөр байсан учраас гарын үсэг зурсан" гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүх "...2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх тухай Чой Юү Сэн болон “Ай ти партнерс” ХХК-ийн хооронд монгол хэлээр гэрээ байгуулсан байх ба гэрээнд Чой Юү Сэнээс 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлд үндэслэн Пак Ху Сон гарын үсэг зурсан..." гэж дүгнэсэн байдаг. Түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан гэрч нь "итгэмжлэл анхнаасаа байгаагүй, хийгдээгүй, учир нь би үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй эхнэр, нөхрийн харьцаатай тул итгэмжлэл байх шаардлагагүй" гэж мэдүүлсэн байхад шүүхээс итгэмжлэлийн үндсэн дээр гэрээнд гарын үсэг зурсан гэж дүгнэсэн ба шүүх хэт нэг талыг барьж, хуурамч баримт бичигт тулгуурлан шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Сигма-Отис” ХХК нь шаардах эрхийг шилжүүлж авсантай холбоотойгоор 24 сарын түрээсийн гэрээний төлбөр, алдангийн хамт нийт 14 567 572 төгрөгийг хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-иас нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн түрээсийн төлбөрийг ажил үйлчилгээгээр төлөхөөр тохиролцсон гэж маргажээ.

 

БНСУ-ын иргэн Чой Юү Сэн, хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-ийн хооронд 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх тухай”  монгол хэлээр байгуулагдсан бичгийн баримт /хх-8-11/ хэрэгт авагдсан байна.

 

БНСУ-ын иргэн Чой Юү Сэн нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээ /хх-15/-гээр ажлын байрны зориулалттаар ашиглаж буй өрөөний түрээсийн төлбөрийг шаардах эрхээ “Сигма-Отис” ХХК-д шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох 480 м.кв талбай бүхий орон сууцны зорилалттай үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг болох 104 тоот өрөөг 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1 сарын түрээсийн төлбөрийг 300 ам.доллараар тодорхойлж, хугацааг 2 жилээр тогтоожээ.

 

Энэ гэрээг байгуулсан талууд өөрөөр хэлбэл, түрээслэгч компанийн төлөөлөгч болон  түрээслүүлэгч иргэн нь БНСУ-ын иргэд бөгөөд монгол хэл мэдэхгүй гэх тайлбар үндэслэлтэй учир тэдгээр БНСУ-ын иргэдийн хооронд монгол хэл дээр байгуулагдсан түрээсийн гэрээг бичгээр байгуулсанд тооцох боломжгүй байна.

 

Иймд талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг бичгээр байгуулах тухай шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Хүчин төгөлдөр бус гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй боловч Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.1-т зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчийн хөрөнгийг ашиглаж байсан улмаар тэрээр 1 сарын түрээсийн төлбөр 300 ам.доллар байсан гэх тайлбарыг үгүйсгээгүй тул түүний үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмжээг энэ үнээр тодорхойлох боломжтой.

 

Хариуцагч “Ай Ти партнерс” ХХК нь түрээсийн төлбөрийг ажил үйлчилгээгээр төлж байсан, ажил үйлчилгээ үзүүлж байсан гэж маргасан боловч энэхүү ажил үйлчилгээг хэрхэн үзүүлж байсан байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-иас нийт 7200 ам.доллар /24 сар*300 ам.доллар/-ыг нэхэмжлэгчийн талаас гаргасан баримт болох 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Монгол банкны лавлагааг үндэслэж 1 ам.доллар ханш болох 1834,34 төгрөгт харьцуулан тооцож, 13 243 248 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдаагүй гэж үзэх учир нэхэмжлэгч нь мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхгүй. Иймд  холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

          Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2016/00986 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

      1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Ай Ти партнерс” ХХК-иас 13 243 248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Сигма-Отис” ХХК-д олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 1 324 324 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, 

 2 дахь заалтад “хариуцагчаас 230 790 төгрөг” гэснийг “хариуцагчаас 224 166 төгрөг” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ     

 

                                                                                               Д.БАЙГАЛМАА