Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/043

 

Я.Э, Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Цогжавхлан

Шүүгдэгч Я.Э

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мэндээ

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Я.Эын гаргасан давж заалдах гомдлоор Я.Э, Л.Б нарт холбогдох эрүүгийн 201705000125 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Жаа овогт Я.Э, ..... .. ................ яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 3 дугаар сарын 17-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан

2. Монгол Улсын иргэн, Их санги овогт Л.Б, .................... эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Я.Э нь ялтай байхдаа шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Л.Бтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах . тоот хашааны үүдэнд байсан................. иргэн *******ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Л.Б нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор Я.Этай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 24 тоот хашааны үүдэнд байсан иргэн *******ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Я.Э, Л.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Жаа овогт Я.Э, Их санги овогт Л.Б нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Эыг 6 сар хорих ялаар шийтгэж, шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Эын Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шинэ Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Эад оногдуулсан 2 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Быг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, шинэ Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Эын Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 46 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 2 сар хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял дээр шинэ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ялын нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шинэ Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Я.Э 28 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийн түлхүүр нэг ширхэгийг устгуулхаар зохих байгууллага болох Шүүхийн тамгын газарт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан хоёр хос пүүзийг хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Бд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар Я.Э, Л.Б нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Я.Эын өмчлөлийн 12 инчийн 12 вольтын цахилгаанаар ажилладаг зурагтыг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Л.Бын эзэмшлийн кингдом 175 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, эд зүйлсийг эзэмшигч Л.Б, Я.Э нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Я.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Я.Э гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие хийсэн хэргээ бүрэн хүлээж, хохирол гэм хорыг бүрэн арилгасан билээ. Одоо хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж, дахин хэзээ ч гэмт хэрэг, зөрчилд орохгүй гэж өөртөө андгай тангараг тавьж байна. Миний бие 2017 оны 3 дугаар сарын 17-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, өмнөх ял шийтгэлийн үлдсэн 1 жил 8 сар дээр дараагийн ял шийтгэл нэмэгдсэн.

Миний хүсэх зүйл нь 2017 оны 3 дугаар сард ял шийтгэгдсэн байдлыг шинэ эрүүгийн хуулийн тэгшитгэлд оруулан, ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Би ам бүл 5, өндөр настай ээж, эгч, дүү нарын хамт 30 гаран тооны мал маллаж амьдардаг, надаас өөр эр хүн байхгүй, би орон гэрээ авч явдаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Я.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Я.Э, Л.Б нарын өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Я.Эын 2017 оны 3 дугаар сард шийтгүүлсэн ялыг хуульд нийцүүлж өгнө үү гэв.

Оролцсон прокуророос: Шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

            ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Я.Э, Л.Б нар нь бүлэглэн, шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 2 дугаар гудамжны 24 тоот хашааны үүдэнд байсан иргэн *******ийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлан бусдад бага бус хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч ******* “...гадаа мотоцикль асаад явчихаар нь би чамайг мотоциклоороо явчихлаа гэж бодлоо ш дээ, мотоцикль асаагаад явчихлаа ш дээ гэхээр нь гүйж гарч ирээд харсан чинь миний мотоцикль алга болчихсон байсан...” /хх-ийн 49-50-р тал/,

Гэрч ******* “...хашааны гадаа байсан *******ийн мотоцикль нь асаад яваад өгөхөөр нь би Нямдоржийг л мотоциклоо унаад яваад өгч байгаа юм байхдаа эргээд ирэх юм байна хаачих гэж байгаа юм болдоо гэж бодчихоод бие засч дуусчихаад эргээд тэр айлд орсон чинь ******* гэрт нь байж байсан, тэгэхээр нь би чи чинь яваагүй юм уу гэсэн чинь тэр яваагүй гэхээр нь мотоциклийг чинь хүн унаад явчихлаа ш дээ гэсэн чинь хэн унаж явдаг юм гээд бид нар бүгдээрээ гараад ирсэн чинь *******ийн мотоцикль алга болчихсон байсан...” /хх-ийн 57-58-р тал/

******* “...******* манай гэрээс гараад манай хашаанд байдаг жорлонд бие засчихаад орж ирэхдээ мотоцикль асаад явчихлаа чи яваагүй байсан юм уу гэж *******ид хандаж хэлэхээр нь Нямдорж бид хоёр цуг гарч харсан чинь *******ийн мотоцикль нь алга болчихсон байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн ...” /хх-ийн 59-60-р тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №046 тоот “...хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гутлын ул мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ, сэжигтэн Л.Баас хураан авч ирүүлсэн 2 хос гутлын улны хээгээр үүсгэгдсэн мөр байна, энэ нь хээний ерөнхий хэмжээ болон хувийн онцлог шинж тэмдгүүд болох элэгдлүүд зэргээрээ тохирч байна, хэрэг учрал болсон гэх газраас шинжээчийн илрүүлж, бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-80-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10-р тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 23-р тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-26, 33-38-р тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-р тал/, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 71-72-р тал/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон анхан, давж заалдах шатны шүүх хуралдаанд үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан хэргийг зөв зүйлчилсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ...” хэмээн заасны дагуу Я.Э, Л.Б нарт холбогдох хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийж 2015 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтуудыг утга агуулгын хувьд ойлгомжгүй бичсэн, үг, үсгийн алдаа гаргасан байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй байна.

Үүнд: 1. 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан “Ялтай байдал” байхгүй болсон байхад Я.Эыг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 2 жил 2 сар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил хянан харгалзсаныг /шийтгэх тогтоолын хуулбар хх-ийн 131-137-р тал/ 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр түүнд холбогдох Л.Бтай бүлэглэн *******ийн мотоциклийг хулгайлсан хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэж шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн шийдвэрлэхдээ уг хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, энэ тухай шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсэгт утга агуулгын хувьд давхардсан хоёр өөр заалт болгон оруулсан нь буруу болжээ.

Иймд энэ талаар бичсэн шүүгдэгч Я.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгч Я.Э, Л.Б нарт Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэснийг үндэслэн хэргийн зүйлчлэлийн уг хуульд нийцүүлэн өөрчлөн шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлэлгүй орхигдуулжээ.

3. Шийтгэх тогтоолын 6 дахь заалтад “...тэссэн...” гэж үгийн алдаа гаргасан, 8 дахь заалтад хуулийн үг хэллэгийг буруу хэрэглэсэн, 13 дахь заалтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн зэрэг болно.

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Эын 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохироогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн нөхцөл байдал, зүйлчлэл өөрчлөгдөхөөргүй байх тул давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүндрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2,

39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх

хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

1 дүгээр заалт болгон “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн прокурорын газраас Я.Э, Л.Б нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт болгон өөрчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Я.Эыг зургаан сарын хугацаагаар хорих...” гэснийг “...Я.Эыг 1 /нэг/ жил хорих...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 7 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...хоёр жил дөрвөн сарын...” гэснийг “...1 /нэг/ жилийн...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Л.Быг тэссэн...” гэснийг “...Л.Быг тэнссэн...” гэж, “...санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн...” гэсний дараа “...шийдвэрийг...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Я.Эын 28 хоногийн цагдан хоригдсон хугацааг эдлэх хугацаанд оруулан...” гэснийг “...Я.Эын 28 хоногийн цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 13 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-д...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг 1-16 гэж дугаарласныг 1-15 гэж дугаарлан бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                        В.ЦЭЦЭНБИЛЭГ