| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0006/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/11 |
| Огноо | 2020-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Хохирогч: Б.Чулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашням овогт Мөнхжаргалын Сд холбогдох эрүүгийн 1929003350156 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч М.С Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах “Оюу толгой” ХК-ийн уурхайн ажилчдын байранд 2019 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд иргэн Б.Чулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С нь мэдүүлэхдээ: “ 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Чулуун нь манай нөхөр Дэмчиггаравтай бичсэн мессэжээ надруу явуулсан. Тэгээд би яах гэж ийм мессэж бичсэн бэ? гэж асуух гэж учраа олох гэж очсон. Тэрийг 11 сарын 13-нд олж уншсан. Тэгээд амрах байранд нь очоод уулзах гэсэн боловч М.Чулуун гарч ирэхгүй байсан. Улмаар маргалдсан” гэв.
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/,
Б.Чулууны гэрч, хохирогчоор өгсөн: “С миний утсыг булаах гэж дайрахдаа баруун нүдний доод зовхин дээр хөмсөгний хажууд хумсаараа самардсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-14-р хуудас/,
М.Сувд-Эрдэний гэрчээр өгсөн: “...гар утсыг нь булааж авах гэж байгаад баруун нүдний доод хэсэгт нь самардсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Б.Наранхишигийн өгсөн: “...би сэрээд 00-ын өрөөнд орж бие засах гээд орсон чинь Чулуун “яаая” гэж хашгирах шиг болсон. Гараад ирсэн чинь Чулуун “миний нүүрийг маажчихлаа” гээд Оюу толгойн утасруу залгачихсан орон дотроо хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №682 дугаартай шинжээчийн:
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №712 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,
М.Сувд-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “Б.Чулуун нь урьд өмнө хамт амьдарч байсан Э.Дэмчиггаравтай мессэж бичээд байхаар нь би Б.Чулуунтай учраа олох гээд очсон. Тэрнээс болоод хэрүүл маргаан болоод би Б.Чулууны бие эрх чөлөөнд халдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/,
Шүүгдэгч М.Сувд-Эрдэнийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42-46-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Б.Чулууны биед “ баруун нүдний доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн зулгаралт” зэрэг гэмтэл учруулсан М.Сувд-Эрдэнийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Чулууны биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч М.С нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Хохирогч Б.Чулуун мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтдээ “...М.Сэс 6 хоног ажил хийгээгүй өдрийн цалин буюу 1 хоногийн 34 000 төгрөг, нийт 280000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 63-р тал/ мөрдөн байцаалтын шатанд төлсөн тул түүний төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагчаас М.Сувд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч М.Сувд-Эрдэнийг тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дашням овогт Мөнхжаргалын Сувд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сувд-Эрдэнийг 500 / таван зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Чулуунд хохирол төлбөрт 280,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА