Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/12

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Хохирогч: М.Бархас,

               Шүүгдэгч: Ч.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сэргэлэн овогт Чулуунчимэгийн Эд холбогдох эрүүгийн 1929000000162 дугаартай  хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Ч.Э нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Бархастай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Э нь мэдүүлэхдээ: “Тухайн үед хамт олноороо 10 гаруй хүн байсан. Бүгд тодорхой хэмжээнд архи хэргэлсэн байсан бөгөөд Бархас бидний дундаас арай илүү согтсон байсан. Тэр өдөр Бархас ажлаа жинхэлсэн байсан бөгөөд бүгдээрээ караокед сууж байгаа Бархас дахин нэг шил архи аваад нэг айлд очсон. Тухайн үед бас бүгдээрээ байсан.  “Би архи уухаараа агсам тавиад тавьтаргүй болдог” гэж Бархас өөрөө хэлсэн. Тэр үгийг хэлээд дууссаны дараа би тэгвэл чамд өгөхгүй тойруулаад дуусгая чи нэг удаа уухгүй өнжчих гэж хэлсэн. Архи өгөхгүй нэг алгасаны төлөө намайг шилээр цохисон. Дараа нь би 2 алгадаад суулгасан. Тухайн үед суугаад зүгээр байж байгаад шилээ хагалж над руу дайрсан. Би бие хамгаалах зорилгоор Бархасыг цохисон” гэв.

М.Бархасын гэрч, хохирогчоор өгсөн: “...Э бид хоёр шинэ, хуучин гэх шалтгаанаар маргалдсан. Тэгсэн Э намайг хоёр алгадаад, дараа нь миний хамарлуу цохисон. Тэр үед би архи уусан байсан болохоор манаараад юу болсныг санахгүй байна. Гэхдээ намайг Э зодож байсныг сайн санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 24-25-р хуудас/,

Ч.Эын яллагдагчаар өгсөн: “Бархас намайг архи өгсөнгүй гэх шалтгаанаар миний далруу пивоны шилээр цохисон. Тэгэхээр нь би 2 удаа алгадсан. Дахиад шил барьж дайрахаар нь нүүрлүү нь 1 удаа цохиод татаад унагаахад босго мөргөж унаад босож иртэл уруулнаас нь цус гарсан байсан...Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

Ч.Эын гэрчээр өгсөн: “Би Бархасыг агсам тавиад байхаар нь эхлээд зүүн шанааруу нь хоёр удаа алгадсан. Мөн гараа атгаж байгаад хамарлуу нь нэг удаа цохисон. Мөн Бархасыг газар унагаасан. Тэгэхэд Бархас босго мөргөөд унаад босоод ирсэн чинь уруул нь сэтэрчихсэн байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Мөнхтулгын өгсөн: “Э Бархасыг эхлээд шанааруу нь хоёр удаа алгадсан. Хамар хэсэгт нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Дараа нь газар унагаасан. Бархас босоод ирэхэд уруул нь сэтэрчихсэн, хамар нь халцарчихсан цус гарсан байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэний өгсөн: “Э архи тойруулж байхдаа Бархасыг алгасаад дараагийн хүнд өгөхөд Бархас уурлаад пивоны шил аваад Эруу дайрсан. Тэгэхэд Э Бархасын нүүрлүү 2 алгадсан. Бархас дахиад шил аваад дайрахад Э нүүрлүү нь гараа атгаж байгаад 1 удаа цохисон” гэх  мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 720 дугаартай:

  1. М.Бархасын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамар, дээд уруул,

эрүү, баруун сүвээ, ташааны зулгаралт, дээд уруулын салстын язрал, 2 нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалганы цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

  1.  Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн

үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

  1. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.
  2. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг

түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Эын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Ч.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/,

            Шүүгдэгч Ч.Эын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42-48-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч М.Бархасын биед “ баруун нүдний доргилт, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний гадна хэсгийн зулгаралт”  зэрэг гэмтэл учруулсан Ч.Эын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч М.Бархасын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Ч.Э  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирогч М.Бархас нь шүүхэд мэдүүлэхдээ Ч.Эаас  3 000 000 төгрөг нэхэмжилсэн ба баримт ирүүлээгүй тул шүүгдэгч Ч.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Ч.Эыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Ч.Эыг  тохиодолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсөн хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сэргэлэн овогт Чулуунчимэгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 500 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА