Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/13

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өндөр овогт Гантулгын Ад холбогдох эрүүгийн 1929003230154 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт хилийн боомтоор “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 87-12 ӨМА улсын дугаартай автомашины 95-71 АЧ улсын дугаартай чиргүүлд 4 боодолтой 92.4 кг малын махыг нууж Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А нь мэдүүлэхдээ: “2019 оны 11 сарын 01-ний Гашуун Сухайт хилийн боомтоор 92 кг хонины махыг 87-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд авч гарах гэж байгаад хилийн цэргийн ахлах ахлагч Бямбадорж гэдэг хүнд баригдсан. Гэм буруугаа хүлээж байна” гэв.

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-18-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Э.Батбаярын өгсөн: “БНХАУ-ын хорио цээрийн байгууллага мэргэжлийн хяналтын ерөнхий газрын протоколыг үндэслэж хорио цээрийн байгууллагаас чанар стандартын шаардлага хангасан байгууллага аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосноор нэвтрүүлдэг. Гашуун сухайт хилийн боомтоор мал амьтны гаралтай түүхий эдийг боловсруулсан тохиолдолд гаргахыг зөвшөөрдөг. Мөн мэргэжлийн хяналтын газраас малын гарал үүслийн гэрчилгээг үндэслэж гаргаж болно” гэх мэдүүлэг  /хх-ийн 34-р хуудас/

Гэрч О.Түмэнцогтын өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Гашуун сухайт хилийн боомт дээр ажил үүргээ гүйцэтгэж ажиллаж байхад Гашуун сухайт хилийн боомтын тээврийн хэрэгсэл шалгагч ажилтай ахлах ахлагч Б.Бямбадорж үүрэг гүйцэтгэх явцдаа 87-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.А нь нүүрс тээврийн машины чиргүүлийн дээд хэсэгт 4 ширхэг хар гялгар уутанд ороосон мах илрүүлсэн тухайгаа надад мэдэгдэж тухайн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж тухайн мах юуны мах болох талаар шалгаж цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан” гэх мэдүүлэг  /хх-ийн 38-р хуудас/

Гэрч О.Бямбадоржийн өгсөн: “2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Гашуун сухайт хилийн боомтоор 87-12 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.А нь нүүрс тээврийн машины чиргүүлийн дээд хэсэгт 4 ширхэг хар гялгар уутанд ороосон нүүрсэн доор хийж хилээр гарах гэж байсныг илрүүлж мах ачиж гаргаж гэж байсан талаар Гашуун сухайт хилийн боомтын шалган нэвтрүүлэх албаны ажилтан ахмад О.Түмэнцогтод мэдэгдэж тухайн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж, тухайн мах юуны мах болох талаар шалгаж цагдаагийн байгууллагад шилжүүлж ажилласан” гэх мэдүүлэг  /хх-ийн 40-р хуудас/

Шинжээчийн “Махны төрөл тодорхойлсон тухай” дүгнэлт  /хх-ийн 42-р хуудас/

Яллагдагч Г.Аийн мэдүүлэг  /хх-ийн 53-р хуудас/

Шүүгдэгч Г.Аийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Г.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/,

            Шүүгдэгч Г.Аийн жолоочийн лавлагаа мэдээлэл, оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70-72-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Шүүгдэгч Г.А нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун Сухайт хилийн боомтоор “Милпорт” ХХК-ийн эзэмшлийн “Нордбенз” маркийн 87-12 ӨМА улсын дугаартай автомашины 95-71 АЧ улсын дугаартай чиргүүлд 4 боодолтой 92.4 кг малын махыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн байх ба түүний үйлдэл гаалийн үзлэг шалгалтаар илэрчээ.

Малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг хангасан байхаас гадна мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасан “тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн нь амьтны гоц халдварт өвчин гараагүй, ургамлын хорио цээртэй зүйл тархаагүй тайван улс, бүсээс гаралтай байх”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан “ импортлогч улстай тохиролцсон хорио цээрийн нөхцөл, эсхүл цээрийн талаархи Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенци, олон улсын байгууллагаас гаргасан стандарт, удирдамж, зөвлөмжид нийцсэн байх, 11.1.2-д “ экспортын шаардлага хангаж буйг эрх бүхий байгууллагаас гэрчилгээ олгосон байх” гэсэн шаардлагыг хангасан байхыг шаарддаг байна.

Гэтэл шүүгдэгч  Г.А нь 92.4 кг малын махыг  улсын хилээр нэвтрүүлэхдээ дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д заасан гэм буруутай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хуульд зааснаар хязгаарлалт тогтоосон барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайн гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-18/, гэрч Э.Батбаяр, О.Түмэнцогт, О.Бямбадорж нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 28-30/ , 4 боодол 92.4 кг махыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл / хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь  сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Г.Ад  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтийн талаар: Энэ хэрэгт 92.4 кг малын махыг хурааж , эд мөрийн баримтаар тооцсон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Өмнөговь  аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 13 -ны өдрийн 2019/ШЗ/205 дугаартай  шүүгчийн захирамжаар устгаж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өндөр овогт Гантулгын Аийг улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийг 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА