Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг

Шүүгдэгч: Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Гомбосүрэнгийн Мд холбогдох 1929003220157 дугаартай эрүүгийн

Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Г.М нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт “Цагаан хад” гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 06-ны шөнө Б.Баярсайхантай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, баруун хөлрүү нь 2-3 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М нь мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын  06-ны өдөр хохирогчтой маргалдаж 2-3 удаа хөшиглөж биед нь хүнд гэмтэл учруулсан. Найзынхаа биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Баярсайхан бид 2 нэг нутгийн хамт цэрэгт явж байсан. Миний буруутай үйлдлээс болж найзыгаа гэмтээсэндээ гэмшиж байна. Манай эхнэр олон жил өвчтэй байгаа учир эм тарианы мөнгө олохын тулд энд ирж ажил хийсэн.” гэв.

Хохирогч Б.Баярсайханы өгсөн “...Би нүүрс тээврийн машины ард орон дээр хэвтэж байтал М миний дээрээс урдаа төмөртэй септэй гутлаараа миний хөлөн дээр дэвсээд “би чамаас машинаа авна” гээд орилоод, өшиглөөд эхэлсэн. Маас арай хийж зугтаад нүүрс тээврийн машинаасаа буугаад хөл дээрээ гишгэтэл миний хөл газарт гишгэж болохгүй байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

Г.Мын гэрчээр өгсөн: “...Баярсайхан бид хоёр маргалдаж, муудалцаад би Баярсайханыг өмсөж явсан төмөр септэй гутлаараа хөлрүү нь 2-3 удаа өшиглөсөн”  гэх мэдүүлэг  /хх-ийн 18-р хуудас/

Гэрч Б.Мөнхсайханы өгсөн: “...Бор гэх хочтой М гэдэг хүн манай аавын машин дотор маргаж байгаад уурхайн даацын хатуу төмөр ултай гутлаараа 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн гэж надад хэлсэн”  гэх мэдүүлэг  /хх-ийн 20-21, 22-23-р хуудас/

Г.Мын яллагдагчаар өгсөн: “...би септэй төмөр ажлын гутлаараа Б.Баярсайханы хөлрүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхэд Б.Баярсайхан машинаасаа буугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 28-р хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13934 дугаартай:

  1. Б.Баярсайханы биед баруун дунд чөмөгний битүү хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3.   Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/

              Шүүгдэгч Г.Мын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Г.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгч Г.Мын иргэний гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39-42-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Г.Мын биед “ баруун дунд чөмөгний битүү хугарал”  гэмтэл учруулсан Г.Мын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу /удаан/” мөн журмын 2.3.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Баярсайханы биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Шүүгдэгч Г.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос  зүйлчилж  ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Хохирогч Б.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргасан хүсэлтээр Г.М нь 2 000 000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 124-р тал/ мөрдөн байцаалтын шатанд төлсөн тул түүний төлөх төлбөргүй гэж үзэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

-улсын яллагчаас Г.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.

Шүүх шүүгдэгч Г.Мыг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хариад овогт Гомбосүрэнгийн М хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.БАТТУЛГА